Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2016/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, шүүгч Т.Долгорсүрэн, шүүгч Ж.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай З.Н*************-ын  нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус XII хуралдааны Санал дэмжих тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н************* , хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У************* , гуравдагч этгээд Хатгал тосгоны захирагч Б.Г************* , иргэдийн төлөөлөгч Л.С************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, З.Н*************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Сумын ИТХ-ын хуралдаанаар Хатгал тосгоныг сум болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй байхад сумын хуралд олгосон бүрэн эрхийг зөрчиж аймгийн ИТХ-ын хуралдаанаас 06 дугаар тогтоолыг олонхоороо хүч түрэн баталж, хууль зөрчсөн тогтоол гаргасан. Уг тогтоол нь доорх хуулиудыг зөрчиж байгаа юм. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Их Хурал шийдвэрлэнэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Х/440 тоот албан бичигт: ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоныг сум болгох тухай асуудлыг юуны түрүүнд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Иймээс аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус XIIхуралдааны 06 дугаар тогтоолыг түдгэлзүүлэн шалгаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга З.Н************* ын нэхэмжлэлтэй хэргийн материалтай танилцлаа. Уг нэхэмжлэлд сумын ИТХ-ын хуралдаанаар Хатгал тосгоныг сум болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй байхад сумын Хуралд олгосон бүрэн эрхийг зөрчиж, аймгийн ИТХ-ын хуралдаанаас 06 дугаар тогтоолыг олонхоороо хүч түрэн баталж, хууль зөрчсөн тогтоол гаргасан. Иймээс аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус XIIхуралдааны 06 дугаар тогтоолыг түдгэлзүүлэн шалгаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Үүнд: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар Хатгал тосгоныг сум болгох асуудлаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус ажлын хэсгийн ахлагч М.О************* танилцуулга хийж аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна гэсэн санал тавьсны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар санал хураалт явуулж олонхын саналаар аймгийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон бие дааж сум болж хөгжих талаар сүүлийн 10 гаруй жил Хатгал тосгоны иргэд аймаг, орон нутгийн удирдлагад хүсэлтээ тавьж ирсэн. Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, аймгаас гурав, гурван төлөөлөл оруулж ажлын хэсэг байгуулагдсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Их Хурал шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.

Дээрх хуулийн заалтын дагуу тухайн нутаг дэвсгэрт буюу Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суугчдын саналыг нууцаар хурааж иргэдийн 99,8 хувь сум болох асуудлыг дэмжсэн саналыг өгсөн байдаг.

Аймгийн ИТХ-ын хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс ирсэн 22 буюу 53,6 хувийн ирцтэйгээр тус асуудлыг Хатгал тосгоныг сум болгох ажлын хэсгийн саналыг хэлэлцэж тогтоолын төслийн дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад тогтоолын төслийн 15 төлөөлөгч дэмжиж, 2 төлөөлөгч татгалзаж, хуралдааныг орхиж гарсан 5 төлөөлөгчийг дэгийн дагуу эсрэг санал өгсөнд тооцож, олонхийн саналаар тогтоолын төслийг баталсан.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан байдаг. Үүгээр засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж Хатгал тосгоныг сум болгох нь зүйтэй гэсэн тухайн нутаг дэвсгэрт оршин суугаар иргэдийн саналыг дэмжиж, саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилсан болно.

Иймд аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлдэгдсэн төлөөлөгч Т.У*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа бөгөөд нэмж хэлэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хатгал тосгоныг сум болгохасуудлыг Монгол улсын Засгийн газарт өргөн мэдүүлсэн байгаа. Мөн энэ шийдвэр нь хурлаас гарсан эцсийн шийдвэр биш гэж үзэж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс Хатгал тосгон хүн ам, нийгэм эдийн засгийн байдлаараа сум болж өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн холбогдох хүмүүсийн дүгнэлт, мэргэжлийн байгууллагуудын санал, ард иргэдийн санал зэргийг үндэслэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хатгал тосгоны сум болгох тухай асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдаж тус ажлын хэсэг нь судалж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаархэлэлцүүлэх нь зүйтэй байна гэсэн саналыг оруулж шийдвэрлэгдсэн байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төлөөлөгч нар нь бие дааж шийдвэр гаргах бүрэн эрхтэй байдаг. Энэ эрхийн дагуу төлөөлөгчдийн хариултыг сонсож, холбогдох мэргэжилтнүүдийн саналыг сонсож гарсан шийдвэрийг дээш нь уламжлах нь зүйтэй гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчдийн олонхын шийдвэрийн үндсэн дээр тогтоол хэлбэрээр Засгийн газар руу санал явсан байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Хатгал тосгоныг сум болгох асуудлыг уламжлахыг аймгийнЗасаг даргад дээрх тогтоолоор үүрэг болсон. Энэ талаар аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээш нь уламжилсан бичиг явуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ээлжит сонгуулийн жилтэй таарч, цаг хугацааны байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн тул тодорхой асуудал түр хугацаагаар хойшлогдсон гэж үзэж байна. Мөн энэ асуудал нь сонгуулийн жил дуусмагц дахин дээшээ Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу явах боломжтой гэж харж байгаа юм гэв.

Гуравдагч этгээд Хатгал тосгоны захирагч Б.Г*************  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн нь аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх боломжгүй байна. Тухайн нутгийн Хурал гэдэгт төлөөлөгчдийн гэсэн үг байхгүй байгаа нь орон нутгийн хурал буюу аймгийн, сумын, тосгоны аль ч хурал байх боломжтой байна. Иргэдийн санал гэж Хатгал тосгоны иргэдийн авсан сум болгох асуудлаар нууцаар хураасан санал гэж шууд үзэх үндэслэлтэй ойлгогдож байгаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутагт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Их Хурал шийдвэрлэнэ гэдэг нь тухайн нутагт оршин суугаар иргэд гэж тухайн Хатгал тосгондоо оршин суугаа 99.5 хувь саналаа өгсөн иргэд мөн гэж үзэж байна.

Мөн 4.1 заалтад ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг ... гэж заахдаа сум, аймаг гэсэн ямар ч үг, заалт оруулаагүй байгаа нь нутгийн аль ч хурлаас гарсан саналыг гэж үзэж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно гэсэн заалт нь сумын ИТХ-д олгосон эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Хатгал тосгоны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын байгууллага нь Хатгал тосгоны иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч, төлөөлөл байхгүй учир аймгийн ИТХ-ын шийдвэр нь сумын ИТХ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Дээрх тайлбаруудыг үндэслэн сумын ИТХ-ын дарга З.Н************* ын хүссэнээр аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тосгоны иргэд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байгааг харгалзан үзэж З.Н************* ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Л.С*************  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай З.Н*************  нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг сум болгох асуудлыг юуны түрүүнд Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Монгол Улсын Их Хурал шийдвэрлэхээр байна. Энэ талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, гарсан тогтоолыг Засгийн газарт хүргүүлэхийг аймгийн Засаг даргад даалгасан байх бөгөөд энэ дагуу аймгийн Засаг даргаас саналыг хүргүүлсэн боловч сонгуулийн жил учраас энэ талаар авч хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга ажилтай Загдсамбарын Ням-Очир нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус 12 дугаар хуралдааны Санал дэмжих тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаан дээр тэрээр уг тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн болно.

 

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус 12 дугаар хуралдааны Санал дэмжих тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыннэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгч З.Н************* ын шүүх хуралдаанд гаргасан ... Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний тэргүүлэгчид нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус 12 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргая гэсэн асуудлаар хэлэлцэн шийдвэрлэсэн зүйл байхгүй. Энэ асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл байхгүй. Харин төлөөлөгчид хоорондоо амаар ярилцаж байсан ... гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй, харин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга ажилтай, иргэн З.Н*************  нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасан ба Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж буй төрийн байгууллага болохынхоо хувьд тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэхээр заажээ.

Гэтэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Загдсамбарын Ням-Очир нь хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглээгүй шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байгаагаас үзэхэд түүнийг Хурлын даргын хувьд Хурлаа төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 19 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 06 тоот тогтоолын заалтаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн нэхэмжлэгчээр ИТХ-ын дарга Загдсамбар овогтой Ням-Очирыг томилсон тухай шийдвэрийг нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж ирүүлснийг үзэхэд З.Н************* оос тус шүүхэд нэхэмжлэл гаргах үед дээрхи шийдвэр гараагүй байсан байжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-т зааснаар тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөхэрхтэй боловч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс маргаан бүхий актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэн шийдвэрлэж байгаагүй тул Хурлын дарга нь тухайн асуудлаар хурлаа төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж заасан ба ...хурлын дарга ажилтай, иргэн З.Н************* ыг тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус XII хуралдааны Санал дэмжих тухай 06 дугаар тогтоолийн

1 дэх заалтаар: Засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж Хатгал тосгоныг сум болгох нь зүйтэй гэсэн тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг дэмжиж,

2 дах заалтаар: Хатгал тосгоны газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлсөн 1470 га газраар зааглаж баталж,

3 дах заалтаар: сум болгохтой холбоотой материалыг бүрдүүлж, санлын хамт Монгол Улсын Засгийн газарт уламжилахыг аймгийн Засаг даргад даалгажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Их Хурал шийдвэрлэнэ хэмээн заасан бөгөөд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дээрх тогтоолын 1 дэх заалт нь зөрчөөгүй, өөрөөр хэлбэл Засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж Хатгал тосгоныг сум болгох нь зүйтэй гэсэн тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг дэмжиж, саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус XII хуралдааны Санал дэмжих тухай 06 дугаар тогтоол дээрхи маргаан бүхий захиргааны актын улмаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.4-т заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Санал дэмжих тухай 06 дугаар тогтоолын 1 дэх заалтыгхүчингүй болгуулах шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай З.Н************* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН

ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧ Т.ДОЛГОРСҮРЭН