Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00891

 

 

 

 

 

 

2024 11 08 151/ШШ2024/00891

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ....... хот, .......... дүүрэг, ....... хороо,  Т банк ХК /захирал ............/,

Хариуцагч: ....... аймаг, ....... сум, ....... баг, ........ оршин суух Б овогт Ж.Ц

Хариуцагч: ............ хот, ........... дүүрэг, ............. хороо, ............ гудамж ..... тоот хаягт оршин суух И овогт Г.О,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,975,336.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Ж.Ц, Г.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Т банкны ..... салбараас 12,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 22 сарын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу (2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар) Ж.Ц, Г.О нараас зээлийн үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, зээлийн хүү 1,939,505.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.51 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 13,975,336.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ж.Ц, Г.О нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжилж байгаа 13,975,336.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 10,975,336.52 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), итгэмжлэл (хх-4-5), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (хх-6), багийн Засаг даргын тодорхойлолт (хх-6, 7, 13), нотариатын зардал (хх-8), барьцаат зээлийн гэрээ (хх-9-11), малчны зээлийн өргөдөл (хх-12), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-15), зээл шилжүүлсэн баримт (хх-16), зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-17-18), зээлийн эргэн төлөлтийн тооцоо, зээлийн гэрээ (хх-5, 8)-г, хариуцагчаас хариу тайлбар (хх-31)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Ж.Ц, Г.О нарт холбогдуулан гэрээний үүрэгт 13,975,336.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Т банкны ..... салбарт зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 22 сарын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу Ж.Ц, Г.О нараас зээлийн үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, зээлийн хүү 1,939,505.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.51 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 13,975,336.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Т банк ХК нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 49/395 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.А олгожээ. (хх-4)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Ж.Ц, Г.О нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 10,975,336.52 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-31)

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,826 төгрөгөөс 113,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 113,913 төгрөг, хариуцагч Ж.Ц, Г.О нараас 113,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ж.Ц, Г.О нар нэхэмжлэлийн шаардлага 13,975,336.52 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 10,975,336.52 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,826 төгрөгөөс 113,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 113,913 төгрөг, хариуцагч Ж.Ц, Г.О нараас 113,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН