Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2024/00920

 

 

 

 

 

2024 11 18 151/ШШ2024/00920

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... аймаг, ..... сум, ....... тоотод оршин суух А овогт А.Д,

Хариуцагч: ..... аймаг, ......сум, ........багт оршин суух М овогт А.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 5,443,514 төгрөг гаргуулах.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.М

Хариуцагч: А.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Адъяасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,443,514 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

А.Днь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймаг явахдаа Төв аймгийн Баянцагаан сумын нутагт тэмдэг тэмдэглэгээ тавиагүй Хюьндэй портер маркын зам дээр орхин явсан машиныг араас нь мөргөсөн. Бид бие болоод сэтгэл санаагаар хохирсон. Дүү бид хоёрын хувьд осолд орсноос хойш ажлаа хийж чадахгүй өдий хүрч байна. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн орлогогүй болж эд хөрөнгөөрөө хохирсон. Хохирлын үнэлгээгээр 8,816,800 төгрөг гарснаас 5,000,000 төгрөгийг даатгалаас төлсөн. Үлдэх 3,816,800 төгрөг, үнэлгээний төлбөр, эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 5,443,514 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины зардлыг төлнө, эрүүл мэндийн зардлыг төлөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Хэн аль нь ярилцах боломжтой байсан. Машины төлбөрт 3,816,800 төгрөг нэхэмжилж байна. Хөнгөн зэргийн гэмтэл гараад 1,600,000 төгрөгийн зардал гарсан байна. Ослоос шалтгаалж эрүүл мэндийн зардал гарсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Үүнийг ойлгохгүй ийм зүйл яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

2.1.Хариуцагч А.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би энэ хүнд ямар нэгэн төлөх төлбөр тооцоо байхгүй. Тухайн зам тээврийн ослын үед гарсан хохирлыг тухайн үед нь төлж барагдуулсан. Нөгөө талаар энэ хүн надаас хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаараа тодорхой бичээгүй байна. Иймд энэ хүний гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.2.Хариуцагч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр машины 2 шпилк тасраад засмал зам дээр машины талыг шороон дээр машины тал нь байсан. Би хүн рүү шпилк асуугаад ирэхийн хооронд осол гарсан байсан. Уг нь ажлын хувцсаа цагаан юманд ороогоод машины ард тавиад явсан. Машин нь эргээд хойшоо харсан байсан. Энэ хүүхэд үнэндээ гүйцэж түрүүлж байгаад осол гаргасан байсан. 20 см-ийн зөрүү л гарсан байсан. Хүний амь эрсдээгүй байгаад нь би баярлаад өнгөрсөн. Машины хохирол 8,800,000 төгрөг гарсан. Даатгалаас 5,000,000 төгрөг гаргаад өгсөн. Энэ хүн надтай юу ч яриагүй шүүхэд өгсөн. Энэ хүн эр хүний жудаг гаргаагүй, миний машин ч бас эвдэрсэн. Би бас хохирсон хүн. Машины зардал 8,800,000 төгрөг гарсан байсан. 5,000,000 төгрөгийг даатгалаас аваад өгсөн. Зөрүү 3,800,000 төгрөгийг гаргаад өгч болно. Бусад нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-6), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-7), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-8, 49), хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-9-11), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №346, №345 (хх-12-13, 28-29), Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын дүгнэлт (хх-14-15), Шийтгэлийн хуудас (хх-16), Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-17-22), эмнэлгийн тусламж үйлчилгээний болон үнэлгээний баримт, дансны хуулга (хх-23-27, 31, 54) Вендо ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хохирлын үнэлгээ (хх-32-38)-ийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: хариу тайлбар (хх-48)-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч А.Н-с гэм хорын хохиролд 4,007,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,435,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Н-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймаг явахдаа Төв аймгийн Баянцагаан сумын нутагт тэмдэг тэмдэглэгээ тавиагүй Хюьндэй портер маркын зам дээр орхин явсан машиныг араас нь мөргөсөн. Хохирлын үнэлгээгээр 8,816,800 төгрөг гарснаас 5,000,000 төгрөгийг даатгалаас төлсөн. Үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,816,800 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 718,000 төгрөг, эмчилгээ оношилгооны зардал 488,713 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, 5,443,514 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулна гэжээ.

3. Хариуцагч А.Н нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан. Үүнд: 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зам тээврийн осол гарсанд маргаагүй бөгөөд машины хохирол 8,816,800 төгрөг гарснаас даатгалаас 5,000,000 төгрөгийг төлсөн. Миний машин ч бас эвдэрсэн, би бас хохирсон. Машины хохирлын үлдэгдэл зөрүү 3,816,800 төгрөгийг гаргаад өгч болно. Бусад нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-6), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-7), иргэний үнэмлэх (хх-8, 49), хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-9-11), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №346, №345 (хх-12-13, 28-29), Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын дүгнэлт (хх-14-15), Шийтгэлийн хуудас (хх-16), Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-17-22), эмнэлгийн тусламж үйлчилгээний болон үнэлгээний баримт, дансны хуулга (хх-23-27, 31, 54) Вендо ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хохирлын үнэлгээ (хх-32-38), хариуцагчийн хариу тайлбар (хх-48) зэрэг бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбарыг шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

5. Зам тээврийн осолд холбогдсон Хьюндей портер маркын 50-63ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагч А.Н Тоёота приус-20 маркын 4466УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь нэхэмжлэгч А.Д мөн болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байх ба энэ талаар зохигч талууд маргаагүй.

6. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А020 чиглэлийн 120 дахь километрт Хьюндей портер маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас Тоёота приус-20 маркын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн талаар, мөн тээврийн хэрэслийг жолоодож явсан этгээдийн талаар зохигч талууд маргаагүй.

7. Хьюндей портер маркын ...... улсын дугаартай автомашины жолооч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолоооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин дундах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна, мөн дүрмийн 14.10 Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг тус тс зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота приус-20 маркын 4466УБХ улсын дугаартай автомашины жолооч А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн дүгнэлт гэх бичгийн нотлох баримт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар хариуцагчийн гэм буруутай, болгоомжгүй үйлдлээс осол хэрэг гарсан болох нь нотлогдож байх ба энэ талаар шүүх хуралдаанд хариуцагч А.Н маргахгүй байна. /хх-17-22/

8. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ....... дугаартай Шийтгэлийн хуудсаар А.Н нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хьюндей портер маркын ....... улсын дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэгт заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан, тухайн шийдвэрт А.Н нь гомдол гаргаагүй, уг шийтгэл хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-16/

9. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Д-н автомашинд эрх бүхий албан тушаалтны томилсон Вендо ХХК-аас Автомашин техникийн үнэлгээний тайлан-г гаргасан байх ба уг баримтаар ...... улсын дугаартай Тоёота приус-20 маркын тээврийн хэрэгсэлд хийсэн хохирлын үнэлгээгээр шууд зардалд засварлах 1,015,000 төгрөг, солих зардал 6,155,000 төгрөг, шууд бус зардалд 1,646,800 төгрөг, нийт 8,816,800 төгрөгөөр тогтоосон байна. /хх-32-34/

Тус үнэлгээний тайланг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа боловч, хариуцагч тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

Хариуцагч А.Н нь жолоочийн хариуцлагын даатгалаас 5,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласныг хариуцагч А.Д хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг бусдад 1,300,000 төгрөгөөр худалдсан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан.

Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэх 3,826,800 төгрөгийг хариуцагч А.Н хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн.

10. А.Д биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр нотлогдон тогтоогдож байна. /хх-29/

А.Д нь эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гарсан бодит хохирлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.

Зохигчид гэм бурууд маргаагүй боловч хариуцагч хохирлын хэмжээг эс зөвшөөрч, гэм хорын хохирол хүлээх хариуцлагын хэмжээний асуудлаар маргаж байх учир маргаж буй нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт тус бүрээр шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч эмчилгээний зардалд хавтаст хэргийн 23-т 105,000 төгрөг, 24-т 240,000 төгрөг, 22,299 төгрөг, 54,000 төгрөг, 25-д 42,300 төгрөг, 2,264 төгрөг, 22,850 төгрөгийн баримтуудыг үндэслэн нийт 488,713 төгрөгийг нэхэмжилсэн.

Үүнээс нэхэмжлэгчид хамааралтай баримт нь хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан А.Д-н MRI шинжилгээний төлбөрийн 105,000 төгрөг, 25 дугаар хуудсанд авагдсан эмийн сангаас авсан эм тарианы 42,300 төгрөг, 2,264 төгрөг, 22,850 төгрөгийн, нийт 172,414 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэллээ.

Төлбөрийн баримт нь бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтаар борлуулагч, худалдан авагчийн таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, татварын дүнг тусгана. Төлбөрийн цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын QR кодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын стандарт MNS 6529:2015 татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлагад заасан загварын дагуу бүртгэлийн машинаар хоёр хувь үйлдэгдэнэ.

Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан 240,000 төгрөгийн орлогын баримт, 22,299 төгрөгийн и-баримт нь эм тарианы нэр тодорхой бус, 54,000 төгрөгийн и-баримтыг юуны төлбөр болох нь тодорхойгүй байна.

Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний 708,000 төгрөг /хх-26/, 10,000 төгрөг /хх-31/-ийн баримтыг төлбөрийн баримт гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч А.Д нь машин ачилтын төлбөрт 400,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилж, ....... эзэмшлийн ХААН банк ХК-ийн дипозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэгч А.Д-тай М.Х нь ямар хамааралтай бөгөөд төлбөрийг төлсөн, ямар машиныг хаанаас хэрхэн тээвэрлэсэн болох нь буюу хэрэгт хамааралтай болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч А.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Цэргийн төв эмнэлгээс авсан гэх и-баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тус баримтууд хамааралгүй байх тул хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан и-баримтуудад дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

Мөн хавтаст хэргийн 12-13 дугаар хуудаст авагдсан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №346 нь А.Б-х тул хэрэгт хамааралгүй болно.

Иймд эмчилгээний зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, эмчилгээний зардалд хамаарах и-баримтаар нотлогдож байгаа нийт бодит зардлыг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр хязгаарлан, нийт эмчилгээний зардалд 174,414 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч А.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох бармтыг шүүхэд гаргаж өгөх, хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй зааснаар нэхэмжлэгч А.Д нь шаардах эрхтэй, гэм хор учруулсны нөхөн төлбөрийг тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь хариуцан арилгах үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

Дүгнэвэл, Хьюндэй Портер маркын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч А.Н нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрсийн 9.5, 14.10-д заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгч А.Д-н жолоодож явсан Тоёото Приус-20 маркын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас эд хөрөнгөд 3,816,800 төгрөгийн, эрүүл мэндэд учирсан хохиролд 174,414 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 4,011,214 төгрөгийн бодит хохирол гаргсан гэж үзлээ.

Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,816,800 төгрөг, эмчилгээний зардалд 171,014 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 4,011,214 төгрөгийг хариуцагч А.Н-с нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдон тогтоогдоогүй 1,432,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-с 79,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 759.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч А.Н-с гэм хорын хохиролд 4,011,214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,432,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-с 79,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.МӨНХБҮРЭН