| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01049/И |
| Дугаар | 151/ШШ2024/00976 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00976
2024 12 03 151/ШШ2024/00976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..... аймаг, ..... сум, ..... баг.......тоот хаягт оршин суух Х овогт Ч.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд гаргасан хүсэлт, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ч.Н нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 9 дүгээр сараас эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Үүнээс өмнө 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг дахь улсын даатгалын салбарт үйлчлэгчээр ажилласан. Гэтэл нэгдсэн эмнэлэгт ажилд орсон тушаал нь олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байх тул тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-1-2), Төв аймгийн нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3) Төв аймгийн Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, Төв аймгийн Нэгдсэн больницын даргын тушаал, цалингийн тооцооны карт (хх-4-23), итгэмжлэл (хх-24), Төв аймаг дахь улсын даатгалын салбарын даргын тушаал (хх-27-28) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс: Ч.Н, түүнд хамаарах иргэний бүртгэлийн баримтууд (хх-32-41), ажиллаж байсан байдлыг нотлох тушаал (хх-42-57), цалингийн баримт (хх-58-64), ыг нотлох баримтаар бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх Х.Б, Ц.М нарыг гэрчээр асуув.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ч.Н нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: Ч.Н нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 9 дүгээр сараас эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Үүнээс өмнө 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг дахь улсын даатгалын салбарт үйлчлэгчээр ажилласан. Гэтэл нэгдсэн эмнэлэгт ажилд орсон тушаал нь олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байх тул тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаас 1987 онд мэс заслын тасагт асрагчаар авсан тушаал архиваас гарахгүй байгаа тул 1987-1994 онд мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох гэх Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зөвлөмж (хх-3), Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1988-1989 оны тушаалд ажилд томилсон тушаал гараагүй тул Ч.Н-д лавлагаа олгох боломжгүй гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа (хх-4)-аар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-1-2), Төв аймгийн нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3), итгэмжлэл (хх-24), Төв аймаг дахь улсын даатгалын салбарын даргын тушаал (хх-27-28), иргэний бүртгэлийн баримт (хх-32-41, 74-75), холбогдох тушаал шийдвэр (хх-4-23, 42-57), цалингийн тооцооны карт (хх-58-64) зэрэг хянагдсан байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-Ч.Н, 1969 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, Аймгийн даатгалын хэлтэст 1988 онд ажилд орсон үйлчлэгч гэж 1988 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №200, Ч.Н, ТМС-д сурагч гэж 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус тус бүртгэсэн Хаягийн хуудас, бусад иргэний бүртгэлийн баримтууд (хх-33-38),
-эх Ч.Н нэгдсэн эмнэлэгт асрагч гэж 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Н.Х-н төрснийг бүртгэх анкет №100 (хх-31),
-Төв аймаг дахь улсын даатгалын салбарын конторын үйлчлэгчээр Ч.Н-г 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай гэх Төв аймаг дахь улсын даатгалын салбарын даргын 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажилд авах тухай 75 дугаартай тушаал (хх-27),
-Н.Н-г 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн даатгалын салбарын үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэх Төв аймаг дахь улсын даатгалын салбарын даргын 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас халах, ажилд авах тухай 69 дугаартай тушаал (хх-28),
-Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох ажилчдыг хавсралтаар баталсугай... 21.Мэс засал, асрагч Н гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1989 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай 77 дугаартай тушаал (хх-43-45),
-Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох ажилчдыг 1 хавсралтаар баталсугай... 1.Мэс засал, асрагч Н гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай 56 дугаартай тушаал (хх-46-47),
-Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох ажилчдыг хавсралтаар баталсугай. ...8.Мэс засал-асрагч Н гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1991 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай 69 дугаартай тушаал (хх-48-50),
-Мэс заслын асрагч Н-д 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 6 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай Б/5 дугаартай тушаал (хх-51),
-Мэс заслын асрагч Ч.Н-г 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 24 хоног ...амруулсугай гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Ажилд томилох болон ээлжийн амралт олгох тухай Б/53 дугаартай тушаал (хх-52),
-Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчдын ээлжийн амралтыг ...баталсугай. ...44.Н гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/19 дугаартай тушаал (хх-53),
-Бүтцийн өөрчлөлт хийх, орон тоо цомхотгож байгаатай холбогдуулан Тушаах нь: ...асрагч Ч.Н-г 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны амралт, нэмэгдэл олгохыг зөвшөөрсүгэй гэх Төв аймгийн нэгдсэн больницын даргын 1995 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны амралт олгох, ажлаас халагдсаны тэтгэмж олгох, ажил хүлээлцэх тухай Б/24 дугаартай тушаал (хх-55-57),
-Мэс заслын тасаг, асрагч ажилтай Н-н 1989-1994 оны цалингийн тооцооны карт (хх-58, 64),
-гэрч Х.Б-н Ч.Н-тэй 1991 он хүртэл ажиллаад эхийн чөлөөгөө бид хоёр зэрэг аваад төрж байсан. Н хүүхдээ төрүүлчхээд буцаад мэс заслын тасагтаа асрагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд (хх-65-71),
-гэрч Ц.М-н ...Би 1989 онд эргээд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагтаа ажиллаж эхэлсэн. 1989 онд ажилдаа эргэн ороход мэс заслын тасагт Ч.Н асрагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд (хх-72-78),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Ч.Н 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг дахь улсын даатгалын салбарын конторын үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан бичгийн баримтаар 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилд орсон үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Ч.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэгч Ч.Н-н 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг дахь улсын даатгалын салбарын конторын үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Н-н 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Ч.Н (РД:.........)-н 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг дахь улсын даатгалын салбарын конторын үйлчлэгчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Н-н 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Н-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН