Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,  

Шүүгдэгч П.О, Ж.М /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвийн Одгэрэл, Боржигон овогт Жамбалрагчаагийн Мөнхбадам нарт холбогдох эрүүгийн 1709021740281 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эмэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын 2-р баг Хөшөөт гэх газар оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 206 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  Боржигон овогт Пүрэвийн Одгэрэл, /РД: СВ74120508/

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Дэнжийн мянгад лангуу ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3-р баг Мөнхжаргалантын 15-р гудамж 5 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Төв аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний 169 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Боржигон овогт Жамбалрагчаагийн Мөнхбадам /РД: НП77010964/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.О, Ж.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лаурел” зочид буудлын 02 тоот өрөөнөөс иргэн Г.Доржцэрэнгийн цүнхэнд байсан 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Шүүгдэгч Ж.Мөнхбадам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

 

Эрүүгийн 1709021740281 дугаартай хэргээс:

Шүүгдэгч П.Одгэрэл нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Хөх нуруут” гэх нэртэй газар найз Мөнхбадамын хамт сууж байгаад миний зүс таних залуу Доржцэрэн гэх залуу нэг эрэгтэй хүний хамт гаднаас орж ирээд сууж байсан. Тэгээд Доржцэрэн над дээр ирээд бид нар танилцаад ойр зуур юм ярьж сууж байгаад тэр газраас гараад “Лаурек” гэх нэртэй буудалд ороод 0.5 литрийн Экс нэртэй архи 1 ширхэгийг, Улаанбаатар нэртэй архи 0.5 литрийн 1 ширхэгийг тус тус аваад ууж байх зуураа тахиа захиалж идээд байж байхад Доржцэрэн би алтанд явж байгаад ирсэн чи энэ 350.000 төгрөгийг хадгалж бай гээд надад өгсөн. Тэгээд дараа нь бэлэн мөнгө гаргаж ирээд энэ миний шоуны мөнгө би энэ мөнгөөр ууж идэж шоудна гээд гаргаж ирээд цацаад согтуурхаж байгаад Мөнхбадамд 350.000 төгрөг өгсөн. Тэгээд Доржцэрэнг согтуурхаад байхаар нь бид хоёр зочид буудлын жижүүрийг дуудаад 280.000 төгрөг, “Самсунг” маркийн гар утас зэргийг жижүүрт хүлээлгэж өгөөд жижиүүрийн дэвтэр дээр нь Доржцэрэнгээр өөрөөр нь 280.000 төгрөг, гар утас зэргийг хадгалуулсан гээд гарын үсгийг нь өрөөнд нь орж зуруулаад жижүүрт нь би утасныхаа дугаарыг үлдээгээд энэ хүнийг сэрэхээр нь надад хэлээрэй гээд Мөнхбадам бид хоёр гараад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Мөнхбадам нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Хөх нуруут гэх нэртэй ресторанд найз Одгэрэлтэй сууж байгаад үл таних хоёр залуутай танилцсан. Тэгээд тэнд бид 4 хүний 200, 200 грамм жанет нэртэй виски уугаад 2, 2 шил пиво уугаад гарах гэтэл Одгэрэлийн зүс таньдаг залуу Доржцэрэн нь үргэлжлүүлээд хөл хөдөлгөөн багатай газар сууя гэж хэлсэн тэгээд бид дөрөв дэлгүүрийн хажууд байдаг Лаурез нэртэй зочид буудалд ирээд экс архи 1 шил, улаанбаатар архи 1 шил аваад тахиа захиалж идээд сууцгаасан. Тэгээд архи дарс дуусч байтал Доржцэрэн Одгэрэлд 300.000 төгрөг би найздаа тус болж байгаа юм гээд өгсөн. Тэгээд надад 100.000 төгрөг өгөөд дараа нь бэлэн мөнгө гаргаж ирээд энэ миний шоуны мөнгө бүгдээрээ хамт ууж идэж үрнэ гээд байсан. Тэгээд согтуурхаж байгаад надад дахиж 200.000 төгрөг өгөөд Доржцэрэнтэй явж байсан залуу нь унтаад өгсөн. Доржцэрэн нь бид хоёр алтанд яваад ирлээ гээд цүнхнээсээ алт гаргаж харуулаад буцаагаад хийсэн. Одгэрэл бид хоёр явах болоод нөгөө цацаад байсан мөнгөнөөс нь 280.000 төгрөгийг, гар утасных нь хамт зочид буудлын жижүүрт үлдээгээд харин алтыг нь цүнхнийх нь ёроолд цаасанд боогоод хийсэн. Тэгээд Одгэрэл гар утасныхаа дугаарыг жижүүрт үлдээгээд сэрэхээр нь залга гэж хэлээрэй гээд бид хоёр явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Доржцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би “Хөх нуруут” гэх газар найзын хамт ороод сууж байгаад хажуу ширээн дээр хоёр эмэгтэй сууж байхаар нь очиж танилцаад тэндээсээ 22 цаг өнгөрч байхад гараад чимээ багатай газар ороод хамт сууя гэж ярилцаад зочид буудалд орцгоосон. Тэгээд тэндээ 0.5 литрийн Экс нэртэй архи, 0.5 литрийн Улаанбаатар нэртэй нэг шил архи, шарсан тахиа зэрэг зүйл захиалсан. Би эхний захиалсан нэг шил архийг уугаад согтсон учраас яг юу болсон талаар санахгүй байна. Намайг өглөө сэрэхэд нөгөө хоёр эмэгтэй яваад өгчихсөн байсан. Миний цүнхэн дотор байсан 1.700.000 төгрөг байхгүй байсан. Би тухайн буудлын ажилтанаас 260.000 төгрөгийг буцаан авсан дараа нь нэмж 40.000 төгрөгийг Д.Энхбаатарын Самсунг эс 3 маркийн гар утастай хамт авсан. Зүгээр тэр хоёр эмэгтэйтэй хамт өнөөдөр ууж идэе гэж ярисан. Миний санаж байгаагаар би мөнгө өгөөгүй архи ууж согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. Би шүүх хуралд оролцохгүй. Учир нь надад гомдол санал байхгүй. Хөвсгөл аймгийн Галт суманд гэртээ харих хэрэгтэй байна. Учир нь миний 12, 07 настай хоёр хүүхдийг 78 настай ээж маань асарч байгаа...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Нямцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 19-нд шөнө 00 цаг 5 минутын үед манай буудалд 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирээд хоногоор өрөө авсан. Манай 2 ортой өрөө 1 хоногийн 30.000 төгрөг байдаг. Орохдоо 2 бэлгэвч авч орсон. Би ороход тэдгээр хүмүүсийн бичиг баримтуудыг үзэж, биеийн байцаалтуудыг нь бичиж аваагүй. Тэгээд байж байтал нэг бүдүүн хүүхэн нь гарч ирээд надад 20.000 төгрөг өгөөд та дэлгүүрээс нэг архи, 2 ус аваад ирээч та хариулт мөнгийг нь ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад дэлгүүрээс нэг шил Экс архи, 2 том усны хамтаар аваад оруулж өгсөн. Тэгээд сууж байтал бүдүүн эмэгтэй нь ганцаараа гараад тахиа, пицца бариад орж ирсэн. Тэгээд надад пицца, тахиа өгсөн. Тэгээд байж байтал нэг бүдүүн эмэгтэй нь жижүүрээ гээд намайг дуудсан би тэгээд өрөөнд яваад ортол архи нь дуусчихсан харагдаж байсан. Намайг ороход нөгөө бүдүүн хүүхэн нь энэ 2 хүний мөнгийг нь утастай нь хадгалуулъя, бид 2 хоногийнхоо 100.000, 100.000 төгрөгийг авчихлаа гэж хэлээд надад 280.000 төгрөг, самсунг нөүт 3 маркийн гар утасны хамт өгсөн. Энэ үед нөгөө хоёр залуугийн нэг нь матрасан дээр унтаж байсан, нөгөөх нь сонсоод сууж байсан. Тэгээд тэр бүдүүн хүүхэн цүнхийг нь аваад чи энэ мөнгө, цүнхээ ресепшинд үлдээчих тэгээд өглөө ав гэж хэлээд цүнх мөнгийг нь булааж аваад надад өгсөн. Би дэвтэр дээрээ тэмдэглээд тэр залууг гарын үсгээ зур гэхэд зурахгүй байсан. Тэгтэл нөгөө бүдүүн эмэгтэй нь зуруулчаад араас чинь очоод юмаа өгье гэсэн. тэгээд удалгүй нөгөө 2 эмэгтэй гараад явчихсан. Би юмыг нь аваад шүүгээндээ цоожилсон. өглөө 6 цагийн үед намхан залуу нь гарч ирээд 2 янхан чинь хамаг юм сэгсрээд явчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд би юугаа алдчихсан юм вэ гэхэд мөнгө алга болчихсон байна гэсэн. тэгээд цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹03/484 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 2.5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  2. “5” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь MN005210000395, MN000710001372 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Жамбалрагчаа Мөнхбадамын зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.
  3. “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөрүүд нь санд бүртгэлтэй хүмүүсдийн дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна…” гэжээ /хх-ийн 25-26 дугаар хуудас/, 

 

Гэрч П.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Б.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, П.Одгэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, Ж.Мөнхбадамын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, Ж.Мөнхбадамын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, П.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-53 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.О, Ж.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лаурел” зочид буудлын 02 тоот өрөөнөөс иргэн Г.Доржцэрэнг согтуурч болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй байдлыг нь далимдуулан түүний дэргэд цүнхэнд нь байсан 1.420.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.О, Ж.М нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Доржцэрэнгийн мэдүүлэг, гэрч Н.Нямцэрэнгийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ШШҮХ-ийн ¹03/484 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 700.000 төгрөг гэж бичсэн байх боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлгээр 1.420.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэв.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.О, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүх шүүгдэгч П.О, Ж.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсаны улмаас 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу “хулгайлах” гэмт хэргийн зүйл заалтад бүлэглэх шинжийг тусгаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг прокурорын яллах дүгнэлтдээ журамлаагүйг цаашид анхаарч, үүнийг шүүх зөвтгөсөн болохыг тэмдэглэв.  

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийн хяналтаа алдсан байдал зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин П.Одгэрэлийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/ зэргийг, Ж.Мөнхбадамын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг тус тус   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.Доржцэрэнгээс мэдүүлсэн мэдүүлэгт “...гомдол саналгүй, би бүх хохирлоо барагдуулж авсан...” /хх 15/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...гомдол санал байхгүй...” /хх 67/ гэсэн нотлох баримтаар шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Прокуророос шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч П.Одгэрэлд 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Мөнхбадамд 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна...” гэсэн санал гаргажээ.

 

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ж.М нарт хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тус бүрийг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.О, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Боржигон овогт Пүрэвийн Одгэрэл, Боржигон овогт Жамбалрагчаагийн Мөнхбадам нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ж.М нарыг хорих ял оногдуулахгүйгээр 10 /арван/ сарын хугацаагаар тус бүрийг тэнссүгэй.

   3.  Шүүгдэгч П.О, Ж.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.О, Ж.М нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэхь хэсэгт зааснаар тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт  зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд  заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.О, Ж.М нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

                                                                                                                                                                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН