Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 


                                                                                2022/ДШМ/13

          Ж.Ж, Э.Т нарт 
         холбогдох эрүүгийн хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                          Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Г.Э, М.А
Шүүгдэгч                                                          Ж.Ж, Э.Т
Нарийн бичгийн дарга                                     Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ж, Э.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарт холбогдох 2112............... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ц баг, ..................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овогт Жгийн Ж /РД:АС.........../

              Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ц багийн А  гэх газар оршин суух, Ө аймгийн Х сумын Э багийн Д тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Эийн Т /РД:АС/

          Шүүгдэгч Ж.Ж, Э.Т нар нь 2021 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ц багийн нутаг А гэх газраас 4 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ж.Пид 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

            Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Ж, Э.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Жгийн Ж, Б овогт Эийн Т нарыг бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож; Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Тыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Э.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ты 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 2 /хоёр/ хоног, шүүгдэгч Ж.Жы 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоног, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоног нийт 83 /наян гурав/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 89-26 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Д шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож; Шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 
 
              Шүүгдэгч Э.Ты гаргасан давж заалдах гомдолд: “А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор А аймгийн Х сумын Ц багийн Арал гэх газар оршин суух, одоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын Э багт түр оршин суух Б овогт Эийн Т намайг Ж.Жтай бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Ж.Жтай хамт бусдын олон тооны малыг хулгай хийх санаа зорилго байгаагүй. Архи ууж согтууран намайг машины жолооч залуутай хардаж, хэл амаар дарамталж, зөвхөн үгээр доромжлоод зогсохгүй хэд хэдэн удаа цохиж зодсон. Машин барьж яваа хэрнэ пиво саваар нь ууж, хүний машин унагачих гээд эвгүй яваад байхаар нь би бие засъя гээд буусан. Тэгээд би харганы цаана очиж нуугдсан. Тэр үеийн нөхцөл байдал нуугдахаас ч өөр аргагүй байсан. Тэгээд 5-10 минутын дараа намайг хайж гэрлээ ийш тийш тусгаж, надад сүүлдээ харагдахаа больсон. Би цааш гүйж даваад явсан. Дончин гэх газар гэрэл харагдаж би тийшээ явсан. Дөхөж очоод гэрэлд байгаа хүмүүсийг ажигласан бөгөөд хоёр машин байсан. 3-4 эрэгтэй хүмүүс, нэг машинаас эмэгтэй хүний дуу гарч байсан. Нэг очих гэснээ эрэгтэй голдуу хүмүүс байхаар нь бас яах ч юм билээ гээд айгаад очиж чадаагүй. Цаашаа харих гэхээр гэр 20 гаруй км бөгөөд явах унаа таарахгүй байсан. Тэгтэл төв арай ойр бөгөөд хамар замаас нийлсэн зам руу орчихвол унаа таарах нь их, машин явдаг зам руу нийлэхээр буцаж яг тэр замдаа нийлээд явж байтал араас нэг гэрэл гарч ирэхээр нь замаас жоохон гарч гараа өргөн зогссон. Тэгтэл манай нөхөр байсан. Ачсан байсан үхэр мал нь шууд харагдсан болохоор юун үхэр мал ачсан юм бэ?  гэж асуухад чамайг хайж яваад тэр дээр байгаа саравчинд байсан, өдийд үхрээ хашдаг айл байдаг юм байх даа гэж ярьсан. Намайг явъя гэхээр нь  би явахгүй гэхэд Жоотгыгоо дуудаа юу, ирж ав гэж яриа юу гэж үгээр доромжлон, гүтгэн дайрсан. Үгүй гэж хэлээд миний утсыг шалга гэхэд утас булаан авч гутлын түрүүндээ хийгээд, намайг цуг явъя, энэ үхрүүдийг Хд аваачиж өгөөд л буцаад ирнэ гэж намайг цамцнаас чирээд машиндаа суулгасан. Цагдаатай газар намайг машин бариарай, бас цагдаа таарвал олон юм битгий яриарай гэсэн. Тэр үеийн нөхцөл байдалд цуг явахаас өөр аргагүй болсон. Би их айсан, харанхуй шөнө ганцаараа зөндөө явж, дээрээс нь нөхөртөө дарамтлуулж, яг үнэндээ надад хамт явахаас өөр арга байгаагүй. Намайг суулгаад замтай, замгүй нэлээд явж, манай хүргэний үүдээр гарч явсан. Би гэр, хашаа хороог нь таньж би энд бууя гэхэд улам хар хурдаараа давхисан. Миний хувьд хулгайн үйлдэлд ямар ч хамаагүй бөгөөд тэр шөнө миний хувьд маш хүнд шөнө байсан. Би их айдастай, дарамт шахалттай байсан. Би Ж.Жыг үхрээ буулгахыг хүртэл гуйж шаардахад хүн муугаа үзэж ачиж ирж байхад юу хуцаад байгаа юм гээд үгэнд ороогүй. Замд цагдаа таараад зогсоовол би хэлнэ гэсэн. Тэгэхэд намайг цамцаар минь хоолой боож, ална гэхэд би худлаа ярьсан юм ханиа гэж уйлж гуйж тавиулсан. Хэрэг шалгагдаж байхад би хэлмээр л байсан ч намайг дахиад л зодох байх, хоёр бага хүүхдүүдийг минь яах ч юм билээ гэсэн айдсаасаа болоод яаж ч чаддаггүй байсан юм. Би хэрэг хийгээгүй байж ял шийтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Хэргийн үнэн зөвийг олж өгөхийг чинь сэтгэлээсээ гуйж байна. Би өөрийн гэсэн тов хийсэн малтай тул хулгай хийж амьдрах ямар ч шаардлага байхгүй. Намайг хулгай хийсэн бол гэм буруугаа хүлээгээд, бага ял авахыг бод гэж надад өмгөөлөгч хүртэл зөвлөж байсан. Би үнэндээ хулгай хийгээгүй учраас хэлсэн үгийг нь дагаагүй. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдон шалгагдаж үзээгүй учраас хүний хэлснийг нь хэлж байсандаа өнөөдөр хэрэгтэн боллоо гэж бодож байна. Хэргийн үнэн зөвийг олж, намайг цагаатгаж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй юм. Хүүхдүүдийг минь миний ээж л асарч байгаа гэж бодож байна. Ж.Жыг хоёр багад минь аав болж, надад хань бараа болно гэж ам өчгөө өгөөд байдаг болохоор нь би итгэсэн. Бас засрах байх гэж их боддог. Архинд хэт автсан хүн хүний үгэнд ордоггүй юм байна. Намайг барьж авч зоддог. Тэгээд салах гэхээр салахгүй, архиа гарахаар маргааш нь дахиж тэгэхгүй гээд л явдаггүй бөгөөд ийм л байдалтай байдаг. Бас олон удаа Хархорин, Хын цагдаад барьж өгсөн. Гомдол гаргахаар дахиж тэгэхгүй гэж гуйж байгаад гомдлыг буцаагаад авхуулчихна. Би хүүхдүүдээ орхиод хулгайн хэрэг хийгээд яваад байна гэж байхгүй. Тухайн үед үхрүүдийг ачиж ирэхдээ Ж.Ж ам хатаж үхлээ, нөгөө пиво алинд орлоо, уучих юм байхгүй юу хэмээн ирсэн бөгөөд үүнд би ямар ч оролцоогүй. Би тухайн үед 09 дүгээр сарын 01-ний өдөр 30 хонь, 1 үхэртэй, ахын эхнэр бас 30 хоньтой бид хоёр хот явсан. Би малаа зарчхаад 09 дүгээр сарын 05-нд гэртээ ирсэн байсан. Надад ямар ч хулгай хийгээд яваад байх тийм надад хэрэггүй. Ж.Ж ганцаараар үхэр ачихыг шалгахад Ж.Ж ганцаараар үхэр ачиж чадсан л байсан. Надад ярихдаа хаврын үхэр тамир муутай биеэ дийлэхгүй байна, намрынх бол амар байсан гэж хэлж байсан. Хуралд Ж.Жы талаар ярих гэхээр хурал тараад олон юм битгий яриад байгаарай гээд уурлаж байсан. Тэгээд л би сайн хэлж чадаагүй нь миний алдаа болжээ. 2022 оны 03 дугаар сарын 28-ны хуралд орохоос өмнө хохирогч гэх тэр ах намайг уулзъя гэж дуудаад надад чи нөхрийнхөө хохирлыг төл, тэгэхгүй бол чамайг бас энэ хэрэгт татна, хохирол өгвөл энэ нөхрийг чинь салгаж өгч бас чадна, надад танил тал байгаа гэж хэлж байсан. Миний хувьд хулгайн хэрэг үйлдээгүй учраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Т миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

                Шүүгдэгч Ж.Жы гаргасан давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Ж овогтой Ж миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би хохирогч н.Пийн үхрийг ганцаараа авсан. Энэ үйлдэлд Э.Т оролцоогүй. Би Хын төвөөс гарч яваад А гэх газар зогсоод пиво уусан чинь чи согтуу байна, пиво уулаа гэсэн. Тэгээд маргалдаж байснаа машинаас буухаар нь би бие засах гэж байгаа юм байх гэж бодсон. Тэгтэл буцаж суугаагүй. Тэгээд буугаад дуудсан чинь дугарахгүй болохоор нь би тэр хавиар хайгаад саравч дээр очсон чинь Хай үхэр байсан. Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй. Эзэнгүй газар Хай үхэр байхаар нь надад тийм санаа төрсөн. Би дөрвөн үхрийг ачсан. Тэгээд зам руу ороод явж байсан чинь Э.Т замаар алхаж байсан. Зогссон чинь юун үхэр ачсан юм гэхээр нь чамд хамаагүй, суу гэж загнаад суулгасан. Төвөөс хол болохоор аргагүйн эрхэнд суусан. Гурван булгийн замаар ороод явсан. Бууна гээд уурлаад байхаар нь зогсолгүй давхиад байсан. Хд очоод машинаас буугаагүй. Мөн хоёр үхрийг хийхэд гар бие оролцоогүй. Тэнд байсан хүмүүс гэрчилнэ. Хоёр үхрийг Х бид хоёр хийж, Х эхнэр, гэдэс авах гэж ирсэн эгч хоёр арилгаж байсан. Цагдаа ирэхэд ч машиндаа сууж байсан. Иймд Э.Тд өгсөн 2 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж эрхэм шүүгчээс гуйж байна. Мөн би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэдгээ амлаж байна. Мөн надад оногдуулсан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын ялаас багасгаж өгнө үү.” гэжээ. 

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор А аймгийн Х сумын Ц багийн А гэх газар оршин хаягтай, түр хугацаагаар Ө аймгийн Х сумын Э багийн Д тоотод оршин суух Эийн Тыг Жгийн Жтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар Э.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийг тал бүрээс нь шалгасан боловч Э.Тыг гэм буруутай байна гэж үзэх эргэлзээгүй байдлаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчиж, яллагдагч Э.Ты хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр түүнийг яллаж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байна гэж үзэж гомдол гаргаж байна. Яллагдагч Э.Ты мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах хүсэлттэй байгаа бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргалаа. Шүүх хуралд өмгөөлөгч миний бие заавал оролцоно.” гэжээ. 

               Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ж, Э.Т нар нь 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа талаар тайлбарладаг. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч нарыг хамтран үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хамт явсан гэдэг асуудлаар хүнийг яллана гэдэг нь учир дутагдалтай юм. Угаасаа хамт явсан гэдэг асуудал дээр маргадаггүй. Тэгэхээр хамт явсан гэдэг нь хүнийг  яллах үндэслэл болохгүй. Эдгээр хүмүүс нь 2018 оноос хойш нэг гэрт хамтран амьдарсан. Хэрэв хэргийн талаар хэлсэн байвал өөр асуудал үүсэх байсан. Үүнийг нарийн шалгаж үзээгүй болохоор тэдний гэр бүлийн асуудлыг ойлгохгүй байж магадгүй гэж бодлоо. Эдгээр хүмүүсийг үйлдлээрээ нэгдсэн гэдэг. Хэрэв үйлдлээрээ нэгдсэн бол тухайн асуудлыг нотлох ёстой. Санаа зорилго нь нэгдэж байж үйлдэл нь нэгдэнэ. Тэрийг бол нотолж чадаагүй гэж харж байгаа. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдлоо хангуулах хүсэлттэй байна. Э.Тыг үйлдэл холбогдлоороо Ж.Жтай нэгдсэн байна гэдгийг эргэлзээгүй байдлаар нотолж чадаагүй. Хэрэв эргэлзээтэй байдал байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байгаа. Тийм учраас хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Тыг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна. Иймээс энэ саналыг оруулж байна.” гэв. 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Жы гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэсэн өмнөх саналаа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хамтран хулгай хийсэн гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хоёр хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч эдгээр хүмүүсийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг нотолсон гэрч болон Э.Ты гутлын мөрийг нотолсон зэрэг нотлох баримтууд буюу шууд нотлох баримт хэрэгт байхгүй байхад зөвхөн хүмүүсийн яриануудад үндэслэн хамт явсан байна гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль зөрчиж гарсан байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Ж, Э.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.

           Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа яллагдагч нар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

        Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарыг бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд 2  жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Тд 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

          Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Э нар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй” гэсэн, 
шүүгдэгч Ж.Ж “Э.Т нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон хувийн байдлыг харгалзан үзэж өөрт оногдуулсан ялыг багасгуулах” гэсэн  үндэслэлээр тус тус давж заалдах гомдол гаргасан.

            Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2112................. дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч нарт энэ тогтоол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан байна. /1-р хх-ийн 60-62, 64-67, 70-73, 74-78-р тал/ 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Таас яллагдагчаар 1 удаа мэдүүлэг авсан ба тэрээр  яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө /1-р хх-ийн 77-78-р тал/ Ж.Жтай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ц багийн нутаг дэвсгэр А гэх газраас хохирогч Ж.Пийн эзэмшлийн 4 тооны үхрийг цэнхэр өнгийн Портер маркийн 89-26 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

    Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, шүүгдэгч Ж.Ж нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа, мөн шүүгдэгч Э.Т нь 4 тооны үхрийг хулгайлахад оролцоогүй болон Ж.Жы албадлага, эрхшээлд автаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар зөв дүгнэсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, оролцогчийн эрхийг зөрчөөгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Ж, Э.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

                Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ж, Э.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 
  
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ж.Ж, Э.Т нар нь тус бүр 67 хоног цагдан хоригдсон байх тул тэдний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй болно. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                      ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ж, Э.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарын цагдан хоригдсон 67 хоногийг тэдний  ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ
 
                                                             Н.ЭНХМАА