| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 101/2023/04048/И |
| Дугаар | 151/ШШ2024/00981 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00981
2024 12 03 151/ШШ2024/00981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банк ХК, гүйцэтгэх захирал .........,
Хариуцагч: ....... хот, ....... дүүрэг, ....... хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй /одоо ..... аймгийн ..... суманд байрлах ......./ С овогт Ц.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 74,699,883.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах
Нэхэмжлэлд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.А, П.Н
Хариуцагч: Ц.Э
Хариуцагчийн өмгөөлөгч: А.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ц.Э нь тус банктай 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр .......... тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г байгуулан 64,400,000 төгрөгийг, 300 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттайгаар зээлж авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр .......... тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ" байгуулан өөрийн өмчлөлийн .......... дүүрэг, ....... хороо, ....... гудамж ..... байр ..... тоот хаягт байршилтай ...... м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Ц.Э байгуулсан "Орон сууцны зээлийн гэрээ"-г цуцалж зээлийн үлдэгдэл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, зардал нийт 67,192,901 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд "Орон сууцны зээлийн гэрээ"-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
1.2.Нэхэмжлэгч Х банк ХК нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн мөнгөн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэн, үндсэн зээл 63,943,927.71 төгрөг, хүү 10,738,311.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,645.02 төгрөг, нийт 74,699,883.95 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
1.3.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 6 хувийн хүүтэй, ипотекийн гэрээг байгуулж, 64,400,000 төгрөгийг 300 сарын хугацаатай хариуцагчид зээлсэн. ....... хотын ...... дүүрэг, . хо....роо, ..... гудамж, ..... дугаар байрны ..... тоотод байрлах ..... м.кв орон сууцыг санхүүжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс төлбөрийн зөрчил гаргаж эхэлсэн. 2023 оны 5 дугаар сард нийт 67,192,901 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийг төлж барагдуулах хүртэл зээлийн хүүг тооцно гэж заасан. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 7,518,482.98 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 74,699,883.95 төгрөг гаргуулж, мөнгөн төлбөрийг төлөөгүй тохиолдолд........... дугаартай зээлийн гэрээнд барьцаалсан ........ улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ....... мк.в орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Хариуцагчтай аливаа нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхгүй гэжээ.
2.1.Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ........ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2.1 болон 17.4.2.2 дугаар зүйл ангиар 4 жилийн хорих ялаар шийтгүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ...... дугаар нээлттэй хорих ангид хоригдож байна. Миний бие Х банк ХК-д ахлах эдийн засагчаар ажиллах байх хугацаанд орон сууцны зээлд хамрагдсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдож шалгагдаж байх хугацаанд орлогогүй болсон тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болж зөрчил үүсгэж эхэлсэн. Х банк ХК-аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд өөрийн зүгээс маргах асуудалгүй болно. Тус зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хоригдож, ял эдэлж байгаа тул төлөлт хийх боломжгүй. Хорих ял дуусч суллагдсаны дараа боломжит байдлаар заавал төлж барагдуулах болно. Иймд нөхцөл байдлыг минь харгалзан үзэхийг хичээгүйлэн хүсье гэжээ.
2.2. Хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн мөнгөн шаардлагыг ямар ч дүнтэй байсан зөвшөөрч байна. 6 хувийн хүүг энгийн хүүд шилжүүлэн бодсон байсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцсан. Үнийн дүнд маргахгүй. 74,699,883.95 төгрөгийг төлөх хугацаа олгож өгнө үү. Би хорих ял эдэлж байхдаа тодорхой ажил хийж, их биш ч цалингийнхаа талыг өр төлбөрт шилжүүлж байгаа. Тухайн орон сууцанд манай гэр бүл амьдарч байгаа тул үргэлжлүүлээд төлөөд орон сууцаа үлдээх хүсэлтэй байна. Энэ боломжийг олгож өгөөч. Монгол улсад ковид тархсантай холбоотойгоор ипотекийн гэрээний эргэн төлөлтийг 2022 оныг дуустал хойшлуулсан учир эргэн төлөлт хийгээгүй байсан. Тухайн үед би хэвийн ажиллаж байсан тул тухайн үед төлөлт хийх боломжтой байсан. Эргэн төлөлтийг хийхгүй гэж төлбөр төлөөгүй гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэжээ.
3.Хариуцагчийн өмгөөлөгч А.Ц. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хорих ангид шилжсэнээс нь хойш үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж чадахгүй байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч байна. Гэрээгээ үргэлжлүүлээд төлөх саналтай байна гэж ойлголоо. Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сараас хариуцагчийн утасны дугаар, түүний өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч ирж уулзаагүй гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт баримт нь байхгүй. 1 мэдэгдлийг Ц.Э өгсөн гэх боловч авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Албан бичгийн агуулга нь нэхэмжлэлд дурдаад байгаа албан бичигтэй агуулгаараа зөрөөд байдаг. Нэхэмжлэлд дурдаад байгаа албан бичгийн агуулга нь 2022 оны 2 дугаар сараас гэрээг зөрчсөн гэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Ц.Э мөнгөө төлж барагдуулна гээд зөвшөөрөөд байгаа. Гэрээнээс татгалзах агуулгыг Иргэний хуульд нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Зөрчлөө арилгах тухай ямар нэгэн мэдэгдэл хүргэсэн, боломж олгосон зүйл байдаггүй. Зээлийн гэрээний үүрэг мөнгөөр шаардах байтал байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гээд байгаа нь үндэслэлгүй байна. Хугацаа, боломжийг олгоогүй байна. Шаардлагатай тохиолдолд дахиад мэдэгдээд, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд шүүхэд дахиад нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ.
4.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага (хх-1-3, 84-85), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-4, 27, 86), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-5-8, 49-50, 52, 135-137), зээлийн хүсэлт, орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээ, баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцаалбар (хх-9-18), мэдэгдэл (хх-19), нотариатын төлбөрийн баримт (хх-20), зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга (хх-21-26, 90)-ыг шүүхэд гаргасан.
5.Хариуцагчаас: итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт (хх-77), хариу тайлбар (хх-131)-ыг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.Э холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 6 хувийн хүүтэй, ипотекийн гэрээг байгуулсан. ...... хот ..... дүүрэг, 8 дугаар хороо, ..... гудамж, ...... дугаар байрны ...... тоотод байрлах ...... м.кв талбайтай, .... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг санхүүжүүлсэн. 64,400,000 төгрөгийг 300 сарын хугацаатай зээлсэн. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс төлбөрийн зөрчил гаргаж эхэлсэн. 2023 оны 5 дугаар сараас эхлэн зээлээ төлөөгүй үндэслэлээр 67,192,901 төгрөг нэхэмжилсэн. 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 74,699,883.95 төгрөг гаргуулна. Зээлдэгч нь мөнгөн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэжээ.
3.Хариуцагч Ц.Э нь Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 74,699,883.95 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрч байна. 6 хувийн хүүг энгийн хүүд шилжүүлэн бодсон байсан. Үнийн дүнд маргахгүй. Төлөх хугацаа олгож өгнө үү. Би хорих ял эдэлж байхдаа тодорхой ажил хийж, их биш ч цалингийнхаа талыг өр төлбөрт шилжүүлж байгаа. Тухайн орон сууцанд манай гэр бүл амьдарч байгаа тул үргэлжлүүлээд төлөөд орон сууцаа үлдээх хүсэлтэй байна. Энэ боломжийг олгож өгөөч. Монгол улсад ковид тархсантай холбоотойгоор ипотекийн гэрээний эргэн төлөлтийг 2022 оныг дуустал хойшлуулсан учир эргэн төлөлт хийгээгүй байсан. Тухайн үед би хэвийн ажиллаж байсан тул тухайн үед төлөлт хийх боломжтой байсан. Эргэн төлөлтийг хийхгүй гэж төлбөр төлөөгүй гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.
4.Хариуцагч Ц.Э өмгөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хорих ангид шилжсэнээс нь хойш үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж чадахгүй байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч байна. Гэрээгээ үргэлжлүүлээд төлөх саналтай байна гэж ойлголоо. Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сараас хариуцагчийн утасны дугаар, түүний өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч ирж уулзаагүй гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт баримт нь байхгүй. 1 мэдэгдлийг Ц.Э-т өгсөн гэх боловч авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Албан бичгийн агуулга нь нэхэмжлэлд дурдаад байгаа албан бичигтэй агуулгаараа зөрөөд байдаг. Нэхэмжлэлд дурдаад байгаа албан бичгийн агуулга нь 2022 оны 2 дугаар сараас гэрээг зөрчсөн гэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Ц.Э мөнгөө төлж барагдуулна гээд зөвшөөрөөд байгаа. Гэрээнээс татгалзах агуулгыг Иргэний хуульд нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Зөрчлөө арилгах тухай ямар нэгэн мэдэгдэл хүргэсэн, боломж олгосон зүйл байдаггүй. Зээлийн гэрээний үүрэг мөнгөөр шаардах байтал байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гээд байгаа нь үндэслэлгүй байна. Хугацаа, боломжийг олгоогүй байна. Шаардлагатай тохиолдолд дахиад мэдэгдээд, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд шүүхэд дахиад нэхэмжлэл гаргах эрхтэй гэв.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага (хх-1-3, 84-85), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-4, 27, 86), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-5-8, 49-50, 52, 135-137), зээлийн хүсэлт, орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээ, баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцаалбар (хх-9-18), мэдэгдэл (хх-19), нотариатын төлбөрийн баримт (хх-20), зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга (хх-21-26, 90), Ц.Э хариу тайлбар (хх-131) зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Х банк ХК /...... салбар . төв/-....д хандан Ц.Э нь Орон сууц худалдан авах зорилгоор 64,400,000 төгрөгийг 300 сарын хугацаатай олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна. (хх-9-10)
2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн зээлийн дэд хорооны хурлын .........тоот шийдвэрийг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ........ дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр Ц.Э жилийн 6 хувийн хүүтэй, гэрээний 2.8-2.15-д заасан тохиолдол үүссэн тохиолдолд зээлийн хүүг сарын 1,4 хувьд шилжүүлэх нөхцөлтэйгээр нийт 64,400,000 төгрөгийн зээлийг 25 жил буюу 300 сарын хугацаанд олгож, мөн өдөр ....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж ........ хот, ...... дүүрэг, ...... хороо, ...... гудам....ж . байр ..... тоот ..... өрөө .... м.кв байрыг барьцаалжээ. (хх-11-18)
Х банк ХК-ийн ...... салбараас 64,400,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ц.Э бэлэн бусаар түүний эзэмшлийн Х банк ХК дахь 499226619 тоот дансаар бэлэн бусаар шилжүүлэн олгосон нь орон сууцны зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байх ба хариуцагч Ц.Э тухайн үйл баримтад маргаагүй. (хх-11-13, 21)
7.Нэг талаас арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрх бүхий Х банк ХК, нөгөө талаас иргэн Ц.Э нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ..... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г авч үзвэл зохигч талууд нөхцлөө харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан, хуульд заасан хэлбэрийн болон бүртгэлийн шаардлага хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй. /хх-5-6, 11-18/
Нэхэмжлэгч Х банк ХК болон хариуцагч Ц.Э нарын хооронд байгуулагдсан 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ........ дугаартай зээлийн гэрээний хугацаа нь 2045 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн сүүлийн төлбөрийг хийснээр дуусахаар талууд тохиролцжээ. (хх-22)
Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн тооцооллын хүснэгтээр ....... нь үндсэн зээлээс 467,072.29 төгрөг, зээлийн хүүд 1,434,118.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,187.87 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд банкинд буцаан төлжээ. (хх-21)
8.Зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага
8.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд энэ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу зээлдэгч ........ нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч тал буюу банкинд үүснэ.
Хариуцагч ........ нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны ...... дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5-т заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2 Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө хэсэгчлэн болон бүрэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн, 9.2.5-д гэрээгээр хүлээсэн үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн тохиолдолд Банк нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлж болно гэж урьдчилан тохиролцсон байна.
Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар зээлийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх үүрэгтэй байхад хариуцагч ........ нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээл болон зээлийн хүүг төлөхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга болон бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хх-1-3, 21, 84-85, 90/.
8.2.Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч буюу зээлдэгчид хуульд заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдэл өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй атлаа гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй талаар маргасан.
Шүүх нэхэмжлэгч тус гэрээний эргэн төлөлтийн хугацааг Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хойшлуулсан ба тухайн хугацаа дууссанаас хойш ч хариуцагч огт төлөлт хийгээгүй, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.2.5-д заасан үндэслэл бий болсон гэж тайлбар нь үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.
Талуудын хэн аль нь гэрээний эргэн төлөлтийг хойшлуулсан нэмэлт гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй хэдий ч хавтаст хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь баримтад 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, зээлийн нийт төлбөр хэсэгт 00 гэсэн утгаар тэмдэглэгдсэнээс үзэхэд хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 01 дүгээр сараас анх гэрээгээр тохиролцсон хувь, хэмжээгээр хуваарийн дагуу төлөхөөр үүрэг хүлээсэн байсан гэж дүгнэв. /хх-25-ын ар тал/
Хариуцагч Ц.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Х банк ХК нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь 2023 оны 01, 02, 3, 4 дүгээр сард буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь Ц.Э мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийг бичгээр шүүхэд ирүүлсэн байх ба хариуцагч тал мэдэгдэл хүлээн аваагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
8.3.Зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс хойш 4 сарын дараа нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцжээ. /хх-1-3, 25-ын ар тал, 90/
Иймд нэхэмжлэгч Х банк ХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт хариуцагч Ц.Э-с үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлох эрхтэй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 63,943,927.71 төгрөг, хүү 3,233,285.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,187.97 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 67,192,901 төгрөг гэж тодорхойлж, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа /2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацааны/ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 7,518,482.98 төгрөгөөр ихэсгэж байгаа үндэслэлээр нийт 74,699,883.95 төгрөгийг хариуцагч Ц.Э-с шаардсан. (хх-1-2, 84-85)
Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч, хариуцагч хариу төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба зээлдэгч зээлийг ашигласан хугацаанд нэхэмжлэгчийн тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх мөнгөн төлбөрийн хэмжээгээр буюу нэхэмжлэгчийн шаардлагаа 7,518,482.98 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж тайлбарлан, нийт мөнгөн шаардлагын хэмжээг 74,699,883.95 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч Ц.Э тухайн шаардлагын хэмжээгээр маргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн тул шүүх дүгнэлт хийхгүй болно.
Хариуцагч Ц.Э нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.7, 2.16-т заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э-с зээлийн гэрээний үүрэгт 74,699,883.95 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгож шийдвэрлэлээ.
9.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд
Талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан ....... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ. /хх-13-18/
Тус гэрээний барьцааны зүйл нь ....... дүүргийн ......р хороо, ...... гудамж, 63 дугаар байрны 178 тоот хаягт байрлах ......м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ...... дугаартай үл хөдлөх хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барьцааны гэрээ, барьцаалбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж хуульчилсан.
Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч тал 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр барьцаалсан ...... улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч ...... нь талуудын хооронд байгуулагдсан ......дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн өр төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгийг хууль заасан журмаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ц.Э-с 601,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э-с зээлийн гэрээний үүрэгт 74,699,883.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Ц.Э-ын өмчлөлийн ....... дүүргийн .........гудамж, ....... байрны ..... хаягт байрлах .....м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ...... дугаартай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ц.Э-с 601,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба тухайн хугацаанд шийдвэрээ гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН