| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00898/И |
| Дугаар | 151/ШШ2024/00991 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00991
2024 12 04 151/ШШ2024/00991
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Т, шүүгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... хот, ...... дүүрэг, . хороо, ...... гудамж, ..... оршин суух Б овогт Т.Б
Хариуцагч: ...... аймаг, ...... сум, ...... багт оршин суух Б овогт О.С,
Гэм хорын хохиролд 7,063,120 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.П
Хариуцагч: О.С
Иргэдийн төлөөлөгч: Р.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.П, Т.Б нар нь хариуцагч О.С холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот руу нөхрийн хамт Тоёото ланд крүйзер 200 маркийн ..... улсын дугаартай автомашинаар Төв аймгийн Эрдэнэ сумын төвд зорчиж явахад замын баруун талаас О.С нь морьтой хурдтайгаар давхин ирж мөргөсний улмаас автомашины баруун талын хаалга зэрэгт эвдрэл гарсан. Иймд хариуцагч О.С гэм хорын хохиролд 7,063,120 төгрөг гаргуулаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Сшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.П нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 692,600 төгрөгийг төлөх боломжгүй. Өндөр настай ээжийгээ асарч байдаг тул ажил хийх боломж байхгүй. Хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6,370,520 төгрөгийг 3 хувааж төлөх хүсэлтэй байна. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,130,000 төгрөг, 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 2,130,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,110,520 төгрөгөөр төлнө гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-2-3), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4), Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл (хх-5-20), Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан (хх-21-24), Цагаан шонхорын жигүүр үнэлгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт (хх-26-28), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-29-31), орлого, зарлагын баримт (хх-32), зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас (хх-33)-ыг шүүхэд гаргасан.
4.Хариуцагчаас: хариу тайлбар (хх-96)-ыг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх бүрэлдэхүүн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т.Б, Ц.П нар нь хариуцагч О.С холбгдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот руу нөхрийн хамт Тоёото ланд крүйзер 200 маркийн ..... улсын дугаартай автомашинаар Төв аймгийн Эрдэнэ сумын төвд зорчиж явахад замын баруун талаас О.С нь морьтой хурдтайгаар давхин ирж мөргөсний улмаас автомашины баруун талын хаалга зэрэгт эвдрэл гарсан. Иймд хариуцагч О.С-с машинд учирсан эвдрэлийн хохиролд 6,370,520 төгрөг, бусад хохиролд 692,600 төгрөг, нийт 7,063,120 төгрөг гаргуулна гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, мөн зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх санал гаргах эрхтэй ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нь нэхэмжлэлийн шаардлагын 692,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.С 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 2,170,520 төгрөг, нийт 6,370,520 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.Иргэдийн төлөөлөгч Р.Э Хүний эд хөрөнгийг хохиролгүй болгох нь зөв. Гэм буруутай юм байна. Ажилгүй, ээжтэйгээ хоёулаа амьдардаг тул төлбөрөө хувааж төлөх нь зөв. Хоорондоо эвлэрээд тохирсон нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
5.Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараааас 58,439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
8.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
9.Энэ тогтоолыг хариуцагч заавал биелүүлэх үүрэгтэй ба сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг сануулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын 692,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.С нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 2,170,520 төгрөг, нийт 6,370,520 төгрөгийг нэхэмжлэгч Ц.П, Т.Б нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай..
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С 58,439 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.П, Т.Б нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН