Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00995

 

 

 

 

 

 

 

2024 12 05 151/ШШ2024/00995

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ....... хот, ...... дүүрэг, ..... хороо, өөрийн байранд байрлах Т банк ХК /гүйцэтгэх захирал ......./,

Хариуцагч: ....... хот, ....... дүүрэг, ...... хороо, .... тоотод оршин суух Э овогт Н.А,

Хариуцагч: ....... хот, ...... дүүрэг, ..... хороо, ...... тоотод оршин суух Бовогт Б.А,

Гэрээний үүрэгт 13,952,801.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т банк ХК нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Н.А, Б.А нар нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн гэрээний дагуу (2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар) үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,447,123.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,178.08 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 13,952,801.26 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Банкны шаардсан 13,952,801.26 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бид зээлээ хуваан төлөх байсан. Б.А өөрт ногдох 10,000,000 төгрөгийг өдийг хүртэл төлөөгүй байна. Б.А-тэй холбоо тасарсан. Мөнгө авсан нь үнэн тул 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 7,952,801.26 төгрөг, нийт 13,952,801.26 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

3.Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Амгаланбаяр төлөлт хийхээр болсон. Бидний дунд энэ төлөлтөөс болж ямар нэг маргаан байхгүй. Хоорондоо ярилцаад тохирсон гэжээ.

4.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-3), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл (хх-4-6), зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-7-18); хариуцагч Н.А, Б.А нараас: хариу тайлбар (хх-26)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Н.А, Б.А нар нь 30,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар авсан. Нийт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,447,123.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,178.08 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг 13,952,801.26 төгрөгийг гаргуулна гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Т банк ХК нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 49/389-дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.А-д олгожээ. (хх-4)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй бөгөөд хариуцагч Н.А төлнө гэснийг хариуцагч Н.А хүлээн зөвшөөрсөн, төлбөрийг бүрэн хариуцан төлж барагдуулахаа илэрхийлсэн. /хх-30/

Хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 7,952,801.26 төгрөг, нийт 13,952,801.26 төгрөгийг Т банк ХК-д төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-26/

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, төрийн сангаас 123,107 төгрөг, хариуцагч нараас 123,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Н.А, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Н.А нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сар бүрийн 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 7,952,801.26 төгрөг, нийт 13,952,801.26 төгрөгийг нэхэмжлэгч Т банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,214 төгрөгөөс 123,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 123,107 төгрөг, хариуцагч Н.А, Б.А нараас 123,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН