Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2016/0004/З |
Дугаар | 126/ШШ2016/0011 |
Огноо | 2016-04-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 126/ШШ2016/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж************* , татварын улсын ахлах байцаагч Б.М************* нарт холбогдох "Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай актаар тавигдсан үндэслэл муутай татварууд болох 2 220 100 төгрөгийн акт, 4 551 191,20 төгрөгийн татварын өр, нийт 6 771 291,20 төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгох, мөн шүүхийн шийдвэргүйгээр татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсан 1 255 000 төгрөгийг буцаан олгохыг аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Б************* , хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Б.М************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; ... Манай байгууллагын 2010 оноос хойшхи татварын тайланг аймгийн Татварын хэлтсээс шалгаж 2012 оны 11 дүгээр сарын 29-нөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэг өдрийн хугацаанд шалгалт хийж үл хөдлөх хөрөнгийн татварыг цаг хугацаанд нь төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн элэгдлийн зардлыг өсгөсөн, урсгал засврын зардлыг хэтрүүлсэн гэх мэтийн зөрчлийг нэрлэн дээрх зөрчлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн албан татвар мөн үүнтэй зэрэгцүүлэн торгууль алдангийг он дараалан зэрэгцүүлэн тооцсон нь үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэж байна.
Энэ үл хөдлөх хөрөнгө болох конторын барилга нь 1954 онд аж ахуйн аргаар агуулахын /склад/ зориулалттайгаар барьсан чулуун барилга бөгөөд сүүлд нь 1970-аад онд мөн аж ахуйн аргаар дотрыг нь банз, прусс ашиглаж өрөө тасалгаа гарган контор болгон ашиглаж ирсэн байдаг. Тэгэхдээ пийшин барьж галлаж иржээ. Үүнээс хойш цөөхөн жил нэгдсэн шугаманд холбосон ба 1990-ээд оны үеэс нэгдсэн шугамаас нь салгаж бага оврын халаалтын зуух галлаж дулааныхаа асуудлыг шийдвэрлэж байсан.
Сүүлийн 10-аад жил огт галлагаагүй конторын зориулалтаар ашиглаж болохгүй моралын элэгдэлд орж, дээврээс нь нэвт ус гоожиж хана туурга тааз нь гэмтсэнээс болж дунд өрөөндөө өвөлдөө зуух тавин галлах байдлаар амиа аргацааж ирсэн бөгөөд одоо 60 гаруй жил болж, ашиглалтын хугацаа дуусч балансын үнэ 3090649 төгрөгөөр хэмжигдэж байгаа энэ барилгыг үзэж хараагүй, үнэлэлт дүгнэлт гаргаагүй, хаа хаанаа анхаарал хайхрамж муутай хандаж зөвхөн татвар ногдуулах гэсэн муйхар бодлоор үндэслэл муутай татвар ногдуулсан бөгөөд энэ үеэр тухайн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Б************* гарын үсэг зурж албажуулаагүй, байгууллагын тамга дарагдаагүй байхад татварын улсын байцаагч Ч.Ж************* өөрийн үзэмжээр шинээр нябо болсон Х.А*************-г шахаж шаардаж дарамтлах маяг гаргаж санхүүгийнх нь тамгыг даруулж гарын үсэг зуруулсан байгаа юм.
Энэ байдал үргэлжилсээр 2013 оны хавар болж намайг 6 дугаар сард ажил авсны дараа хэдэн сар манай байгууллагын дансыг хааж баахан шахалт үзүүлсэн. Энэ үед татварын өр 4 551 191,20 төгрөг, татварын акт хүү, алданги 2 220 100 төгрөгт хүрч, нийт6771291,20 төгрөгийн өр төлбөр, хүү, алданги байгааг дуулгасан.
Үүнээс хойш аймгийн Татварын хэлтсийн холбогдох улсуудтай хэд хэдэн удаа уулзаж байгууллагынхаа нөхцөл байдлыг танилцуулж Татварын хэлтсийн удирдлагад албан бичиг хүргүүлж ажилласан боловч шийдэгдэлгүй байсаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ХХААЯ-ын Удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болж ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сараас ХХААЯ-ны сайдын А/52 тоот тушаалаар аж ахуйн тооцоон дээр бие даан ажиллах болсноор дахин энэ асуудал хөндөгдөж аймгийн Мэргэжлийн хяналтын албанд хандаж конторын барилгын чанар байдал, ашиглалтанд Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулж, аймгийн маргаан таслах зөвлөлд албан тоот, мөн дагалдах өргөдөл хүсэлтийг маш дэлгэрэнгүй байдлаар бичиж, барилга хариуцсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хавсарган хүргүүлсэн боловч асуудал шийдэгдээгүй.
Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэж зөвлөлөө. Үүний дагуу танай байгууллагад хандаж байна.
Манай байгууллага нь аж ахуйн тооцоон дээр ажилладаг, малын түүхий эд бүтээгдэхүүн болох ноос, ноолуур, хээлтүүлэгч малын борлуулалт зэрэг өөрийн орлогоор улирлын чанартай санхүүждэг. Эдгээр орлого хаанаа ч хүрдэггүй, үйл ажиллагааныхаа зардлыг нөхөж чаддаггүй, ажилчдын үндсэн цалин хөлсийг санхүүгийн нөхцөл боломжоос шалтгаалан сүүлийн 2 жил 50 хувь орчим хасч тооцон өгч байгаа нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээгээ зөрчихөд хүрч байна. Ингэж ажиллаад ч санхүүгийн хувьд маш их хүндрэлтэй явж ирсэн.
Улсаас төсөв өгдөггүй 2013 оны 6 дугаар сард ажил авахдаа дансанд 150000 төгрөгийн үлдэгдэлтэй, их хэмжээний өглөгтэй ажил авсан. Үүнээс хойш дансаа хаалгаж ажиллаж байх хугацаанд гүйлгээ хийх эрхгүй, орлого ч олигтой оролгүй байж байгаад 2014 оны 4 дүгээр сараас УСҮТөвийн салбар болж орлогоо ХХААЯ-ны УСҮТөвд төвлөрүүлэх болсон. Ингээд ч байдал дээрдсэнгүй бие дааж ажиллах болсноос хойш өр төлбөр нэмэгдэж, зээлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж энэ оны 3 дугаар улирлаар 2015 оны 3 дугаар улирлын тайланг гаргаж үзэхэд 2013 он, 2014 он, 2015 оны 10 дугаар сарын 01 хүртэлх НДШ, ХАОТ, ажилчдын цалин хөлс, малын өвс тэжээл, эм тариа, тарилга туулга, угаалга, ажлын хөлс, бензин шатахуун, шуудан холбоо болон бусад өр төлбөр нэмэгдсээр өр төлбөрийн нийт хэмжээ 32,2 саяд хүрсэн байна.
Харин 2015 оны 11 дүгээр сард 2014, 2015 оны хээлтүүлэгч малын борлуулалтын мөнгийг нэг мөсөн гадаадын төслийн байгууллагаас өгсөнтэй холбогдуулж сүүлийн 3 жилийн төлбөрийн ихэнхийг барагдуулж, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн тайлангаа гаргаж, өр төлбөрийн хэмжээ үлэмж багасаж байгаа ч цаашдаа орлогоороо зарлагаа нөхөж ажиллах боломж бүр ч хомсдож мал болон малын түүхий эд бүтээгдэхүүний үнэ эрс буурч байгаа энэ нөхцөлд бид дараах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
1. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай үндэслэл муутай тавьсан татварууд болох 4551191,20 төгрөгийн өр, 2220100 төгрөгийн акт, нийт 6771291,20 төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгох,
2. Мөн ХХААЯ-ны сайдын шийдвэрээр манай байгууллагад Удмын сангийн үндэсний төвөөр дамжуулж үржлийн мал ангилалтын ажлын хөлс, үржлийн малын ээмэг болон ээмэгжүүлэлтийн ажлын хөлс болох 1255000 төгрөгийн зориулалтын дагуух үйл ажиллагаанд зориулалтын дагуу манай дансанд шилжүүлэх ажлыг саатуулж УСҮТ-ийн дансыг хааж, шүүхийн шийдвэр гараагүй байхад 1255000 төгрөгийг УСҮТ-ын ня-бод шахалт үзүүлэх замаар Татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсныг буцаан олгох асуудлыг аймгийн Татварын хэлтэст даалгах.
Манай байгууллага нь ХХААЯ-ны сайдын 2015 оны А/52 тоот тушаалаар бие дааж ажиллах шийдвэр гарч 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр аймгийнхаа Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авч ХААН банкинд данс нээн аймгийн НДХ, аймгийн Татварын хэлтэст тус тус бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байтал манайхаас тусдаа байгууллага болох УСҮТөвийн дансыг хааж манай дансанд шилжиж ирэх мөнгийг замаас нь авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. Бид 2013, 2014, 2015 оны НДШ, ХАОАТ, суутганы татварыг ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн 2015 оны 11, 12 дугаар сард бүрэн төлж барагдуулснаас гадна 2015 оны 4 дүгээр сараас хойшхи зохих хувь алдангийг холбогдох заавар журмын дагуу төлж аймгийн НДХэлтэс болон аймгийн Татварын хэлтэстэй тооцоог дуусгасан болно гэжээ.
Нэхэмжлэгч Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Г.Б************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нар ... улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй гэдэг үндэслэлээр акт тогтоосон байдаг. Төрийн болон төрийн өмчит орон нутгийн хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Манай байгуулагын хөрөнгө төрийн өмчийн хороонд бүртгэлтэй байсан. 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйл ажиллагаа явуулж байна. ...Манай байгууллагыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүл гэсэн сайдын албан ёсны бичиг ирсэн. Тэгээд сайдын тушаалын дагуу, нийгмийн даатгал, улсын бүртгэлд бүртгүүлж, ХААН банкинд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр данс нээлгэсэн. Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст 2015 оны 6 дугаар сард бүртгүүлсэн. Татварын албанаас 2015 оны 11 дүгээр сард Малын удмын сангийн үндэсний төв рүү бичиг явуулаад дансыг нь хаасан байсан. Малын удмын сангийн үндэсний төвийн нягтлан бодогч Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс рүү мөнгө шилжүүлэхгүй бол болохгүй юм байна. Мөнгө шилжүүлчихсэн шүү гэж хэлсэн. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар хөдөө орон нутгийн Цөм сүргийн үржлийн төвүүдэд үйл ажиллагааны зардал шилжүүлсэн байхад Татварын алба шууд дундаас нь хурааж авна гэдэг нь хууль бус үйлдэл юм. ... манай байгууллага удмын сангаас тусдаа байгууллага болоод үйл ажиллагаа явуулаад 6-7 сар л болж байсан. Манай байгууллагын нягтлан бодогчийг актанд гарын үсэг зур гэж шахалт үзүүлж байсан. Актанд гарын үсэг зурахдаа манай байгууллага үүнийг төлж чадахгүй гэдгээ хэлсэн байдаг.
Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч мөн. Гэхдээ манай байгууллага татвар төлөхөөр үл хөдлөх хөрөнгө байхгүй. Манай байгууллагын барилга 1954 онд ашиглалтанд орсон. 60 жилээс дээш ашигласан чулуун барилга.
Элэгдлийг нь хасч тооцохгүйгээр татвар ногдуулсан нь буруу. 104,0 сая төгрөгөөс элэгдийг хасч тооцоод 10,0 сая төгрөгөөр үнэлэгдэх байшин байгаа. 10,0 сая төгрөгөөс тооцож татвар ногдуулахгүй 104,0 сая төгрөгөөр тооцож татварын акт ногдуулсан байсан. Элэгдэлд нь тааруулж акт тогтоох ёстой байсан байх. Үүнийг зохицуулсан журам байдаг. Нарийн зохицуулалтыг нь сайн мэдэхгүй байна.
... Нэхэмжлэлийн шаардлагаасаа 4 551 191.2 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгуулах гэсэн хэсгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж байна. Өөрөөр хэлбэл одоо үл хөдлөх хөрөнгийн нөхөн татвар, торгууль, алданги нийт 2 220 100 төгрөгийн төлбөр тогтоосон актыг хүчингүй болгуулах, 1 255 000 төгрөгийг буцаан олгохыг даалгах гэсэн хоёр шаардлагаа дэмжиж байна. ...Гэхдээ Татварын хэлтэст шилжүүлсэн үнийн дүнгээр нь буюу 1 254 000 төгрөгийг буцаан олгохыг Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст даалгахаар нэхэмжилж байна.
... 2 220 100 төгрөгийг төлөх акт гарлаа гэхэд манай байгууллагад төлөх боломж байхгүй. Дээд байгууллагаас ямар ч санхүүжилт орж ирдэггүй. Би өөрөө сард 900 000 төгрөгийн цалин авах ёстой байтал өөрийнхөө цалинг бууруулж байгууллагын өр төлбөрийг барагдуулж байгаа ... гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж*************шүүхэд болон 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Татварын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газраас батлан ирүүлсэн хуваарийн хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Б.М************* гаас дугаар (17/12/0223) томилолт аван Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 4123077 татвар төлөгчийн дугаартай Ц************* ТӨААТҮГазрын санхүүгийн баримт материалд 2010.01.01-2011.12.31-ний өдрийг хамруулан татварын хяналт шалгалтыг Татварын улсын байцаагч Ч.Ж************* , Б.М************* нар хийж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 170690 тоот актыг тогтоож, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ц*************-ийн нягтлан бодогч Х.Анхзаяад танилцуулж гардуулсан байна.
Татварын хяналт шалгалтаар 236776800 төгрөгийн зөрчилд 1420000 төгрөгийн нөхөн татвар, 426000 төгрөгийн торгууль, 374100 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 2220100 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.
... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл ... Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний лавлагаа, тодорхойлолтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1128 тоотоор авахад Ц************* ТӨААТҮГ-ын үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь тогтоогдсон. Иймд данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан. Конторын барилга 104170400 төгрөг, агуулах 4250400 төгрөг, агуулах 5667200 төгрөг, гараж 4250400 төгрөгийн данс бүртгэлийн үнэтэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ногдуулах, энэ хуулийн 8.1-д татвар төлөгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцож төлөх гэж заасныг зөрчсөн байна.
... Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл. ... Татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл 34.2-т Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт, шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д Татвар төлөгч нь акт дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ хуулийн 18.1.5-д заасны дагуу тайлбараа өгсөн эсэхээс хамааран тэдгээрийн татвар төлөгчид гардуулсан бол тэдгээрийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэх хүчин төгөлдөр болох бөгөөд татварын улсын байцаагч татвар төлөгчид акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагч акт гардуулсан тухай тэмдэглэлийг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөтөлснөөр уг акт хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна.
Мөн НББОУС, Нягтлан бодох бүртгэл тасралтгүй байх зарчмын хүрээнд 2012 онд Х.Анхзаяа нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд Татварын хяналт шалгалтанд хамаарах материалыг гаргаж хүлээлгэж өгсөн бөгөөд Ц************* ТӨААТҮГ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөөгүй, төлдөггүй болох нь нотлогдож Татварын улсын байцаагчийн 170690 тоот актыг тогтоож,
Х.Анхзаяад танилцуулж, гардуулсан хавсралт 3
Дарамталж гарын үсэг, санхүүгийн тэмдэг даруулаагүй гэдгийг баримтаар хавсаргав, хавсралт 4
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, 17.1.6-д Татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй гэж заасны дагуу эрхээ хуулийн хугацаанд эдлээгүй. Акт гардуулах явцад эрх, үүргийг нь танилцуулсныг нотлох баримт хавсралт 3
Татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 тоот актыг тухайн үеийн Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуйн захирал Г.Б************* хүлээн зөвшөөрч 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2/04 тоотоор сунгаж өгөх хүсэлтийг ирүүлсэн байна. Хавсралт 5
... Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд татварын улсын байцаагч Д.Догсом, Ц.Мөнгөнцацрал нар хяналт шалгалтын өр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэх хуудас гардуулж, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкин дахь дансыг нь хаах хүртэл ажиллагаа явуулж байсан. Хавсралт 6
Хөвсгөл аймгийн Ц************* нь 2014 оны 06 дугаар сарын 05-нд Малын удмын сангийн Хөвсгөл салбар нэртэйгээр нэрээ өөрчилж, өр нь шилжиж ирсэн. Хавсралт 7
2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Татварын улсын байцаагч Д.Догсом Хөвсгөл аймгийн Ц*************-ийн захирал Г.Баттулгатай ярилцлага хийхэд татварын хяналт шалгалтын дутууг Малын удмын сангийн үндэсний төв хариуцаж барагдуулна гэж ярилцлагадаа дурдсан байна. Хавсралт 8
Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйл. ... 63.1 Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна. 63.2 Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана гэж заасныг үндэслэн банкинд хүргүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. ХААН банкинд мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Хөвсгөл аймгийн Малын удмын сангийн үндэсний төв нь ХААН банкинд дансгүй байсан бөгөөд Малын удмын сангийн үндэсний төвдөө нэг данстай байсан тул Малын удмын сангийн үндэсний төвийн дансыг хааж 1 254 000 төгрөгийг татварын дансанд шилжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Хөвсгөл аймгийн Малын удмын сангийн үндэсний төвийн дээд шатны байгуулага болох Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Я.Батсүх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 233 дугаар тоотод дурдахдаа Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч татварын хяналт шалгалтын өрийг барагдуулах хуваарь ирүүлсэн байхад Г.Б************* нь эсэргүүцэж байгаа нь ойлгомжгүй байна. Хавсралт 10
Нэхэмжлэлийн 1-д дурдсан 4 551 191,2 төгрөгийн өр нь Ц*************-ийн тайлагнасан татварын өр болохыг дурдъя.
... үл хөдлөх эд хөрөнгийн элэгдэл тооцоход 60,0 сая төгрөгийн чулуун барилга байлаа гэхэд тухайн эд хөрөнгөө 60 жилээр элэгдүүлэх ёстой гэж байна. Манай татварын байгууллага элэгдлийг шулуун шугамын аргаар тооцдог. 60.0 сая төгрөгийн үнээс 60 жилдээ хувааж тооцдог. Тэгээд нэг жилд элэгдэх дүн гарч ирнэ. Тэр зардлаа аж ахуйн нэгж дээрээ зардал болгож хасах ёстой. Зардал болгоод хасчихсан учраас элэгдэл тооцоогүй үнээс татвар тооцдог. 60.0 сая төгрөгийн эд хөрөнгийг 60 жилд элэгдүүлнэ гэх юм бол жилд 1.0 сая төгрөгийн зардал гарна. Тиймээс аж ахуйн нэгжийн тайлангийн зардал дээр зардалаар нэмж тайлагнана. Тухайн үед ажлын байранд нь очиж үзэхэд тухайн барилгатаа үйл ажиллагаа явуулж байсан. Элэгдэл байгуулаад дууссан бол дахин үнэлэх эсвэл бүртгэлээс хассан акт гарах ёстой. ... Тухайн бүртгүүлэх үед 01 дүгээр сарын 15-ны үнэлгээ ямар байгаагаар үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулна. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыгулирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг өсгөж, бууруулаад байдаг учир тогтсон үнэлгээнээс татвар ногдуулъя гэдэг утгаар 1 сарын 15-ны өдрийн үнээр тооцохоор хуульчилсан байдаг. ... Хөвсгөл аймгийн Ц************* нь Малын удмын сангийн үндэсний төвтэй нэгдсэн. Малын удмын сангийн үндэсний төвийн Хөвсгөл салбар гэдэг болсон. Энэ байгууллагад төлбөрөө төл гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл энэ байгууллага дансгүй байсан. Малын удмын сангийн үндэсний төвтэйгээ хамт нэгдсэн нэг данстай байсан учир ХААН банкин дахь дансыг нь хаасан ... гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Б.М************* шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Б.М************* , татварын улсын байцаагч Ч.Ж*************нар шалгаж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 170690 тоот актыг тогтоож 2220,1 мянган төгрөгийн актыг тогтоосон.
Ц*************-ийн захирал Г.Батсуурийн нэхэмжлэлийг үндэслэл муутай гэж үзэж хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай үндэслэл муутай тавьсан татварууд болох 4551,1 мянган төгрөгийн өр, 2220,1 мянган төгрөгийн акт, нийт 6771,2 мянган төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгуулах гэжээ.
Ц************* нь ОНӨААТҮГазар юм. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж төлүүлэхээр 170690 тоот актыг тогтоосон.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасныг үндэслэн данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнд албан татварыг ногдуулсан.
Тухайн үед Ц*************-ийн ня-бо Х.Анхзаяа нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр акт юм.
Харин ТЕХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлнө гэж заасан байдаг. Тайлангаар ногдуулсан 4551,1 мянган төгрөгийн өрийг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй юм.
Хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ч.Ж*************-гня-бо Х.А*************-г шахаж шаардаж, дарамталж гарын үсэг зуруулсан гэж гүтгэсэн байна.
Мөн ХХААЯ-ны сайдын шийдвэрээр манай байгууллагад Удмын сангийн үндэсний төвөөр дамжуулж үржлийн мал ангилалтын ажлын хөлс, үржлийн малын ээмэг болон ээмэгжүүлэлтийн ажлын хөлс болох 1255,0 мянган төгрөгийг зориулалтын дагуу манай дансанд шилжүүлэх ажлыг саатуулсан тул 1255,0 мянган төгрөг буцаан олгох асуудлыг аймгийн Татварын хэлтэст даалгах гэжээ.
2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 тоот татварын улсын байцаагчийн актыг тухайн үеийн захирал, ня-бо нар нь хүлээн зөвшөөрсөн байсан. ТЕХ-ийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэж үздэг.
57 дугаар зүйлийн 57.1.2-т Хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт барагдуулах гэж заасан байдаг.
Цөм сүргийн үржлийн төвд удаа дараа мэдэгдэл албан шаардлагыг хүргүүлж байсан. Ингээд тайлангийн болон хяналт шалгалтын өрөө хуулийн хугацаанд төлөөгүй тул үл маргах журмаар гаргуулахаар татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс гаргуулахаар болсон.
Иймд Ц*************-ийн нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 220 100 төгрөгийн татварын актны 1 420 000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар. Үлдсэн 800 100 төгрөг нь хүү торгууль, алданги юм. Татварийн ерөнхий газраас татвар төлөгч нь нөхөн төлбөрөө төлсөн тохиолдолд хүү, торгууль, алдангийг Өршөөл тухай хууль-д хамруулж болох тухай зааварчилгаа байцаагч нарт ирсэн. Эдний байгууллага нь 2012 оны хүчин төгөлдөр актын талаар тухайн үед маргаан таслах албанд хандаагүй байдаг. Хариуцагч нь 1 420 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн нөхөн татвараас 1 254 000 төгрөгийн нөхөн төлбөрөө төлсөн дээр зөрүү 166 000 төгрөгөө төлөөд Өршөөлийн хууль-д хамрагдаж болох юм.
Танай байгууллагын дансыг хаасан үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан 170690 тоот татварын акт байсан юм. Энэхүү хяналт шалгалтын 2 220 100 төгрөгийн өрийг 1 254 000 төгрөгөөр барагдуулж хаасан. Тайлангийн өр 4 551 191.2 төгрөгөөс хасч тооцоогүй.
Акт нь 2012 оны 11 дүгээр сарын 29-нд гараад хууль ёсны төлөөлөгч нь зөвшөөрөөд Цөм сүргийн үржлийн төв-ийн захирал, нягтлан бодогч нь гарын үсгээ зурсан. Хэрвээ зөвшөөрөөгүй байсан бол Татварын ерөнхий хууль-д зааснаар татвар төлөгч нь 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд хандах ёстой байсан. Тухайн үед зөвшөөрсөн акт байсан учраас маргаан таслах зөвлөлд хандаагүй юм.
4 551 191,2 төгрөгийн татварын өрийг Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвөөр төлүүлж, татварын актаар тогтоосон 2 220 100 төгрөгийн төлбөрийг гаргуулж авах саналтай байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид Хөвсгөл аймгийн Ц************* гэв/ нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Б.М************* , татварын улсын байцаагч Ч.Ж*************нарт холбогдуулан "Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай актаар тавигдсан үндэслэл муутай татварууд болох 2 220 100 төгрөгийн акт, 4 551 191,20 төгрөгийн татварын өр, нийт 6 771 291,20 төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгох, мөн шүүхийн шийдвэргүйгээр татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсан 1 255 000 төгрөгийг буцаан олгохыг аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 2 220 100 төгрөг ногдуулсан актыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэргүйгээр татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсан 1254000 төгрөгийг буцаан олгохыг аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар
Хөвсгөл аймгийн Ц************* нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаар актыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан болох нь Татварын хяналт шалгалтын акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл[1], гэрч Г.Баттулгын Тухайн үед татварын улсын байцаагчийн акттай танилцаж байсан гэх мэдүүлэг[2], гэрч Х.А*************мэдүүлэг[3] зэргээр тогтоогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар татвар төлөгч нь татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий татварын улсын байцаагчийн 170690 дугаар актыг гардаж аваад хуульд заасан хугацаанд захиргааны болон шүүхийн журмаар гомдлоо гаргаагүй болох нь гэрч Г.Баттулга, Х.Анхзаяа нарын мэдүүлэг болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хандсаны хариуг Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга, татварын улсын байцаагч Э.Болормаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгөхдөө татварын улсын байцаагчийн актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дурдаагүй, ойлгомжгүй, эргэлзээтэй хариу өгсний улмаас нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байна.[4]
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.9-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан байна.
Үүрэг хүлээсэн этгээд буюу Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөл нь эрх бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Ц*************-ийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан хүсэлтэд татварын улсын байцаагчийн актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дурдаагүй, ойлгомжгүй, эргэлзээтэй хариу өгсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга, татварын улсын байцаагч Э.Б-с хариу авснаас хойш 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хоёр. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 2220100 төгрөг ногдуулсан актыг хүчингүй болгуулах шаардлагын талаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь ... 60 гаруй жил болж ашиглалтын хугацаа дуусч балансын үнэ 3 090 649 төгрөгөөр хэмжигдэж байгаа барилгыг үзэж хараагүй, үнэлэлт дүгнэлт гаргаагүй хаа хаанаа анхаарал хайхрамж муутай хандаж зөвхөн татвар ногдуулах гэсэн муйхар бодлоор үндэслэл муутай татвар ногдуулсан ... гэж маргажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байх бөгөөд Хөвсгөл аймгийн Ц************* төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч мөн байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлох бөгөөд Хөвсгөл аймгийн Ц*************-ийн үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэгдээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1128 тоот албан бичгээр[5]тус тус тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр тооцох ёстой байсан эсэх талаар маргаагүй байна.
Харин Хөвсгөл аймгийн Ц*************-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох конторын барилга 104170400, агуулах 4250400, агуулах 5667200, гараж 4250400 төгрөгийнүнэтэйгээр данс бүртгэлд бүртгэгдсэн болох нь 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл-ЦСҮАА ТӨУҮГ-ийн Үндсэн хөрөнгө гэх баримт[6], 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл-ЦСҮАА ТӨУҮГ-ийн Эд хөрөнгийн тооллогын бүртгэл гэх баримт[7] -аар тус тус нотлогдож байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна гэж заасан бөгөөд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2010, 2011 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах хувь хэмжээг тогтоож байгаагүй болох нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/137 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч Татварын улсын ахлах байцаагч Б.М************* , татварын улсын байцаагч Ч.Ж*************нар Хөвсгөл аймгийн Ц*************-ийн үл хөдлөх эд хөрөнгөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хамгийн бага хэмжээ буюу 0.6 хувиар тооцож ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Ц*************-ийн дээр дурдсан дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нийт 118 338 400 төгрөг болж байгаа ба 2010 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 710 000 төгрөгийн нөхөн татвар, 213 000 төгрөгийн торгууль, 245 300 төгрөгийн алданги, 2011 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 710 000 төгрөгийн нөхөн татвар, 213 000 төгрөгийн торгууль, 128 800 төгрөгийн алданги тус тус ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:
74.1.4. тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөхгэж заасан.
Хариуцагч татварын улсын ахлах байцаагч Б.М************* , татварын улсын байцаагч Ч.Ж*************нар үл хөдлөх эд хөрөнгийн элэгдлийн зардлыг өсгөх, урсгал засварын зардлыг хэтрүүлэн тооцсон зэрэг зөрчил гаргасан гэж үзээд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нөхөн төлүүлэх 710 000 төгрөгийн татварын 30 хувиар торгууль ногдуулсан байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн элэгдлийн зардлыг өсгөх, урсгал засварын зардлыг хэтрүүлэн тооцсон зөрчлийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Нэхэмжлэгч торгууль, алдангийг он дараалан зэрэгцүүлэн тооцсон нь үндэслэл муутай шийдвэр болсон гэж маргаж байгаа боловч Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар хуульчлан тогтоосон тул 2010, 2011 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд он дараалан татвар нөхөн ногдуулж, алданги, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй нь 104,0 сая төгрөгөөс элэгдийг хасч тооцоод 10,0 сая төгрөгөөр үнэлэгдэх байшин байгаа. 10,0 сая төгрөгөөс тооцож татвар ногдуулахгүй 104,0 сая төгрөгөөр тооцож татварын акт ногдуулсан байсан. Элэгдлийг нь хасч тооцохгүйгээр татвар ногдуулсан нь буруу гэж, хариуцагч Ч.Ж*************үл хөдлөх эд хөрөнгийн элэгдэл тооцоход 60,0 сая төгрөгийн чулуун барилга байлаа гэхэд тухайн эд хөрөнгөө 60 жилээр элэгдүүлэх ёстой гэж байна. Манай татварын байгууллага элэгдлийг шулуун шугамын аргаар тооцдог. 60.0 сая төгрөгийн үнээс 60 жилдээ хувааж тооцдог. Тэгээд нэг жилд элэгдэх дүн гарч ирнэ. Тэр зардлаа аж ахуйн нэгж дээрээ зардал болгож хасах ёстой. Зардал болгоод хасчихсан учраас элэгдэл тооцоогүй үнээс татвар тооцдог гэж тус тус маргаж байгаа ба Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор заасан.
Эндээс үзвэл данс бүртгэлд бүртгэгдсэн үнэ буюу элэгдэл тооцоогүй үнийн дүнгээс татвар ногдуулахаар байна. Харин элэгдэл тооцож хасаад гарч буй үлдэгдэл өртөгөөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах талаар хуульд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Харин Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус заасан байх тул татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасны дагуу нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан торгууль, алданги болох 800 100 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 2 220 100 төгрөг ногдуулсан актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг 800 100 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхийн шийдвэргүйгээр татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсан 1 254 000 төгрөгийг буцаан олгохыг аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлагын талаар
Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй төрийн өмчит үйлдвэрийн газрыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болгон захирал, ажилчдын хамт шилжүүлж, хаалтын баланс гарган баталгаажуулж, өр, авлагын тооцоо нийлж санхүүгийн тайландаа тусгахыг Малын удмын сангийн үндэсний төвийн захиралд даалгасан байна.[8]
Хөвсгөл аймгийн Ц************* нь Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болон шилжихдээ Малын удмын сангийн үндэсний төвд гаргаж өгсөн Санхүүгийн байдлын хаалтын тайлангаас үзэхэд 6 771 291,2 төгрөгийн татварын өртэй байсан ажээ.[9] Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна гээд мөн хуулийн 55.1.3-д татварын албаны хяналт, шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль гэж заасан. Харин Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг хийхдээ эхлээд үл маргах журмаар гаргуулах ба 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах ... зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулахаар хуульчилсан байна. Иймд татварын өрийг барагдуулахаар Малын удмын сангийн үндэсний төвийн зарлагын гүйлгээг зогсоож Хөвсгөл аймгийн Ц*************-ийн татварын өрөнд 1 254 000 төгрөг төлүүлсэнийг буруутгах боломжгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь Малын удмын сангийн үндэсний төвөөс тусдаа бие даан ажиллаж байгаа тул өөр байгууллагын дансыг хааж татварын өрийг барагдуулсан нь хууль бус гэж маргаж байгаа боловч Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 80 дугаар тогтоолоор нэхэмжлэгч байгууллагын өр, авлагыг Малын удмын сангийн үндэсний төвд шилжүүлсэн, Малын удмын сангийн үндэсний төв нь Хөвсгөл аймгийн Ц*************-ийн татварын өрийг төлөхийг зөвшөөрч[10] төлсөн байгаа зэргээс үзэхэд хариуцагчийн буруу биш байна.
Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай актаар тогтоосон татварын өрийг Малын удмын сангийн үндэсний төвөөс гаргуулан авсан нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэргүйгээр татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсан 1 254 000 төгрөгийг буцаан олгохыг аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* нь актын төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй учраас актыг хүчингүй болгож өгөхийг хүсч байгаа боловч төлбөрийн чадваргүй гэдэг нь татвар төлөхгүй байх хууль зүйн үндэслэл биш юм.
Төсвийн байгууллага гэдэг нь батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг байгууллагыг ойлгох ба нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсвийн байгууллага биш юм.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,1, 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170690 дугаартай актаар ногдуулсан 426,0 мянган төгрөгийн торгууль, 374,1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасган 1420,0 мянган төгрөг болгон тогтоож, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 62 дугаар зүйлийн 62.1.1, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэргүйгээр татварын хэлтсийн дансандаа шилжүүлэн авсан 1 254 000 төгрөгийг буцаан олгохыг аймгийн Татварын хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Ц************* төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ