Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2016/0015/З |
Дугаар | 126/ШШ2016/0012 |
Огноо | 2016-04-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 126/ШШ2016/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А*************хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж*************, татварын улсын ахлах байцаагч Г.М*************нарт холбогдох Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.М************* , Ч.Ж************* нарын 2014.11.20-ны өдрийн 170009078 дугаартай актаар ногдуулсан 38 616 430.8 /Гучин найман сая зургаан зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин төгрөг найман мөнгө/ төгрөгийн төлбөрөөс торгууль, хүү, алданги болох 9 912 701.7 /есөн сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг долоон мөнгө/ төгрөгийг өршөөлийн хуульд хамруулан төлбөрийн хэмжээг багасгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А*************ХХК-ийн захирал Г.У*************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*************, хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч А*************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; ... Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М************* , Ч.Ж************* нар тус компанийн санхүүгийн үйл ажиллагааны 2010-2013 оны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл шалгалт хийж дараахь актуудыг тавьсан юм.
Нийтдээ НӨАТ, цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө, ААНОАТ зэрэгт нийт 28 703 729,1 /Хорин найман сая долоон зуун гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийн нөхөн татвар тавьж, 8 611 118,7 /Найман сая зургаан зуун арван нэгэн мянга нэг зуун арван найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийн торгууль, 1 241 992,2 /Нэг сая хоёр зуун дөчин мянга есэн зуун ерэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн алданги, 59 590,8 /Тавин есэн мянга таван зуун ерэн төгрөг найман мөнгө/ төгрөгийн хүү бодож, нийтдээ 38 616 430,8 /Гучин найман сая зургаан зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин төгрөг найман мөнгө/ төгрөгийг төлүүлэхээр 170009078 тоот акт бичсэн юм. Уг актыг бид зөвшөөрөхгүй, тус хэлтсийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байсан боловч тус зөвлөл нь 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01 тоот тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу бид тус 170009078 тоот актаар тавьсан дүнгээс үндсэн татварын өр буюу нөхөн татвар болох 28 703 729,1 /Хорин найман сая долоон зуун гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно.
Харин уг актаас хүү, торгууль, алданги нийлээд 9 912 701,7 /Есөн сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төлөөгүй өдий хүрсэн болно. Үүнийг бид өршөөлийн хуульд хамруулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Иймд татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 тоот актаас 8 611 118,7 /Найман сая зургаан зуун арван нэгэн мянга нэг зуун арван найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийн торгууль, 1 241 992,2 /Нэг сая хоёр зуун дөчин нэгэн мянга есэн зуун ерэн хоёр төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн хүү, нийт 9 912 701,7 /есэн сая есэн зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хасуулахаар 2015 онд батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтыг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа билээ.
Иймд Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 тоот актаар тавигдсан 38 616 430,8 /Гучин найман сая зургаан зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин төгрөг найман мөнгө/ төгрөгийн төлбөрөөс хүү, торгууль, алдангийн нийлбэр болох 9 912 701,7 /есэн сая есэн зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг долоон мөнгө/ төгрөгийг багасгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А*************ХХК-ийн захирал Г.У*************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйлгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдаж нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Мөнхтулгын нэрийг Г.М************* гэж буруу бичсэн байна. Агар Эрдэнэс трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Эдийн засгийн ил тодбайдлын тухай хуульд хамрагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн хариуцагчаас татварын актыг хүлээн зөвшөөрч байна уу гэж асууж байна. Бидний зүгээс татварын актыг зөвшөөрөөд, төлбөрийг төлсөн гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж*************, Г.М*************нар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Татварын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газраас батлан ирүүлсэн хуваарийн хүрээнд /хөндлөнгийн мэдээллээр/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт үйл ажиллагаа явуулах 2109662 татвар төлөгчийн дугаартай А*************ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамруулан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалтыг Татварын улсын байцаагч Г.М************* , Ч.Ж************* нар хяналт шалгалт хийж 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 170009078 тоот акт тогтоосон.
Татварын хяналт шалгалтаар 28703729,1 төгрөгийн нөхөн татвар, 8611118,1 төгрөгийн торгууль, 1241992,2 төгрөгийн алданги, 59590,8 төгрөгийн хүү, нийт 38616430,8 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч Г.М*************2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А*************ХХК-ийн захирал Г.Уранбилэгт 170009078 дугаартай актыг гардуулж Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан эрхийг танилцуулж гардуулсан. А*************ХХК нь Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 170009078 дугаар актыг хуулийн үндэслэлтэй, хүчин төгөлдөр татварын улсын байцаагчийн акт байна гэсэн шийдвэр гаргасан байна. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг гардан авснаас хойш Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан эрхээ эдлээгүй байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасан тул уг шаардлагыг Г.Уранбилэг захиралтай А*************ХХК нь хангаж 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 170009078 дугаар актыг хүлээн зөвшөөрч нөхөн татвар болох 28703729,1 төгрөгийг төлсөн тул уг актаар тогтоогдсон 8611118,7 төгрөгийн торгууль, 1241992,2 төгрөгийн алданги, 59590,8 төгрөгийн хүү, нийт 9912701,7 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А*************хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр татварын акт тавьж, тус компани Маргаан таслах комисст хандаж, шүүхийн байгууллагад хандах хугацаа нь хэтэрсэн байдаг. Гэхдээ Агар Эрдэнэс трейд хязгаарлагдмал хариуцлагатай компани актын төлбөрийг төлсөн байдаг бөгөөд актын хүү, торгууль, алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж ажиллана гэж заасан байдаг. А*************хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгасан хугацаа нь 2014 он тул дээрх хуульд нийцэж байгаа бөгөөд Татварын Ерөнхий газрын дэд даргын чиглэл хүргүүлэх тухай албан тоотод тухайн захиргааны хариуцлага ногдуулсан татвар төлөгч нь татвараа бүрэн төлсөн бол актын хүү, алданги, торгуулийг өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй гэж заасан байгаа учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэхдээ шүүх мөн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байгаа эсэхийг тунгааж, хуульд нийцүүлэн шийдвэрлэх байх. Мөн нэхэмжлэлд Г.М************* , Ч.Ж************* нар шалгасан гэж бичсэн байдаг ба Г.М************* , Ч.Ж************* нар татварын хяналт, шалгалтыг явуулсан юм. А*************хязгаарлагдмал хариуцлагатай компанид тавьсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 тоот актыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн бөгөөд дээрх татварын актын торгууль, алданги нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа тул шүүх хуулийн хүрээнд хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
А*************ХХК нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М************* , Ч.Ж************* нарт холбогдуулан "Татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 дугаартай актаар ногдуулсан 38 616 430.8 төгрөгийн төлбөрөөс торгууль, хүү, алданги болох 9 912 701.7 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулан төлбөрийн хэмжээг багасгуулах шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар
А*************ХХК нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 дугаар актаар тавигдсан 28 703 729,1 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 8 611 118,7 төгрөгийн торгууль, 1 241 992,2 төгрөгийн алданги, 59 590,8 төгрөгийн хүүг буюу нийт 9 912 701,7 төгрөгийн хариуцлагыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүссэн өргөдөл Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст гаргасны хариуд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 51 тоот албан бичгээр шүүхэд хандахыг зөвлөсөн ажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн хуулийн 6.1-д ... холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргана гэж заасан боловч нэхэмжлэгч А*************ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Гэвч хариуцагч Ч.Ж************* А*************ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр татварын акт тавьж, тус компани Маргаан таслах комисст хандаж,шүүхийн байгууллагад хандах хугацаа нь хэтэрсэн байдаг. Гэхдээ Агар Эрдэнэс трейд ХХКактын төлбөрийг төлсөн байдаг бөгөөд актын хүү, торгууль, алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.9-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзлээ.
Хоёр. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 дугаартай актаар ногдуулсан 38 616 430.8 төгрөгийн төлбөрөөс торгууль, хүү, алданги болох 9 912 701.7 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулан төлбөрийн хэмжээг багасгуулах шаардлагын талаар
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчлан тогтоосон бөгөөд 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:
74.2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.
74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д ... хуулийн этгээд ... ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ:
17.1.1. нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх;
17.2.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
17.3.Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч түүнийг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч татварыг нь нөхөн төлүүлж, энэ хуулийн 17.1.1-д заасан хүү болон нөхөн төлбөл зохих татварын дүнгээс илүүгүй хэмжээний торгууль ногдуулна гэж тус тус заасан байх ба Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М************* , Ч.Ж************* нар А*************ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 565 726 191 төгрөгийн зөрчил илрүүлж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасныг баримтлан 28 703 729,1 төгрөгийн нөхөн татвар, 8 611 118,7 төгрөгийн торгууль, 1 241 992,2 төгрөгийн алданги, 59 590,8 төгрөгийн хүү, нийт 38 616 430,8 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.
Харин нэхэмжлэгч А*************ХХК актаар ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрч 28 703 729,1 төгрөгийн нөхөн татварыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А*************ХХК Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсоны үндсэн дээр хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хүрээнд ногдуулсан 8 611 118,7 төгрөгийн торгууль, 1 241 992,2 төгрөгийн алданги, 59 590,8 төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус заасныг баримтлан өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан "Татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 дугаартай актаар ногдуулсан 38 616 430.8 төгрөгийн төлбөрөөс торгууль, хүү, алданги болох 9 912 701.7 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулан төлбөрийн хэмжээг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг 9 912 701.7 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Г.М*************хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж оруулж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170009078 дугаартай актаар ногдуулсан 8 611 118,7 төгрөгийн торгууль, 1 241 992,2 төгрөгийн алданги, 59 590,8 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг 9 912 701,7 төгрөгөөр багасгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ