Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/340

 

      2023         03           29                                         2023/ДШМ/340

Т.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Ариунзориг,

хохирогч Д.Гийн өмгөөлөгч С.Уламбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206 01273 1138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Т-ийн Б, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Т.Б нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 34 дүгээр байрны 53 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Д.Гийг “айл руу хамт явсангүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, цээж хэсэгт нь хөлөөрөө 6-7 удаа, нуруу хэсэгт нь 3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь 2 удаа гараараа алгадаж, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн уушгины авчийлт, мөчдөд олон тооны цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э ургийн овогт Т-ийн Б-г “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж...” ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан... буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Эрдэнэ ургийн овогт Тогоочийн Бг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгийн урьдчилан цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Г нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Т.Бгөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон хохирогчид учруулсан хор уршигт чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Би эхнэр Л.Ихбаяртай 2007 оноос хамтран амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд амьдралын эх үүсвэр болсон малаа хөдөө орон нутагт маллан амьдарч байхдаа энэхүү гэмт хэрэгт холбогдсон. Тус гэмт хэрэгт холбогдсоноор миний эхнэр болон хүүхдүүдийн сэтгэл зүйд маш хүндээр тусаж, эхнэр Л.Ихбаярын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байнга эмнэлгийн байгууллагаар явах болсон. Мөн өсвөр насны хүүхдүүдийн маань сэтгэл зүйд хүндээр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлтэй тулгарч, сургууль завсардах нөхцөл байдал үүсээд байна. Миний бие бүтэн өнчин өссөн бөгөөд эхнэр хүүхдүүдийг маань надаас өөр харж халамжлах ах, дүү байхгүй. Би хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын шат болон анхан шатны шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээдэг. Би ажил хөдөлмөр эрхэлж түүний цалин болох 1.000.000 төгрөгийг хохирогч Д.Гийн дансанд хохирлын мөнгө болгон шилжүүлж байсан. Мөн 6 сая орчим төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг вакум цонхийг хохирол төлбөрт өгсөн. Хохирогчийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй гэх газар түүний барьж буй амралтын газарт 8 метрийн урттай, 1.5 метрийн өргөнтэй гүүр, 2.50х2.50 харьцаатай 2 ширхэг сүүдрэвчийг хөлс авахгүй барьж өгсөн. Эдгээрийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний бие айж сандарсны улмаас хэлж чадаагүй. Миний зүгээс дээрх төлбөр болон вакум цонх хийсэн ажлуудаа хохирол төлбөрийн оронд хийж гүйцэтгэж өгсөн. Дээрх нөхцөл байдлуудыг миний хуулийн мэдлэггүйгээсээ болж хавтаст хэрэгт нотлох баримтаар авхуулж чадаагүй. Иймд надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч Д.Гийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь Дундговь аймагт сувилалд байгаа тул шүүх хуралдаанд ирж амжаагүй. Шүүгдэгч Т.Б Өмнөговь аймагт ажил хийж байгаад цалингаа авч чадахгүй байгаа гэх шалтгаанаар Д.Гээс мөнгө зээлж авсан, уг өрөндөө амралтын газар нь ажилласан гэдэг. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо 6 сая орчим төгрөгийн үнэ бүхий вакум цонх, сүүдрэвч зэргийг барьж өгсөн гэсэн тул энэ талаар хохирогчоос тодруулахад “3 хоног ажилласан, идэж, уух нь дийлдэхгүй, 4 хонь идсэн. Баар саванд өр тавьж, идэж ууж байгаад л явсан” гэх тайлбарыг хэлсэн. Энэ хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байх үед Т.Б алга болж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Гийг дахин зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан. Улмаар тус хэрэгт Налайх дүүргийн шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан, одоо шалгах ажиллагаа явуулж байгаа.” гэв.

Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Д.Ариунзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед Өмнөговь аймаг руу ажил хийхээр явсан байсан. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баригдаж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Тухайн захирамжид шүүгдэгчийг цагдан хоригдсон талаарх мэдээллийг түүний ар гэр болон өмгөөлөгчид нь мэдэгдэхийг даалгасан бөгөөд ар гэрийнхэнд нь 6 цагийн дотор мэдэгдсэн байдаг боловч өмгөөлөгч надад огт мэдэгдээгүй. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 11-12 цагийн үед “Шүүгчийн туслах н.Өлзийтүвшин байна, таны үйлчлүүлэгч Т.Б гэх хүн цагдан хоригдоод сар болж байна. Шүүх хурал нь товлогдсон” гээд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хэрэв шүүх цагдан хоригдсон талаар надад мэдэгдсэн бол урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах, бусад ажиллагаанууд байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй. Т.Б ажил хийж яваад 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туулын шугуй” гэх газар хохирогч Д.Гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ нь Налайх дүүргийн шүүхэд хянагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Бгөөс хохирлын мөнгө болгож 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг хохирогч Д.Гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн баримтыг гаргаж өгч байна. Баянзүрх дүүрэг дэх хэргийн ажиллагаа явагдаж байх үед 2022 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт шалгагдаж байгаа хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байсан. Өмгөөлөгч нарын зүгээс уг тогтоолыг анхан шатны шүүх хуралдаанаас хойш мэдсэн. Т.Бгийн Налайх дүүрэгт хохирогчид барьж өгсөн сүүдрэвч, цонх, мөн 7 дугаар сард 1.000.000 төгрөг шилжүүлсэн зэргийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Учир нь, миний үйлчлүүлэгч хэдийгээр буруу зүйл хийж, хохирол учруулсан боловч өөрийн эдийн засгаар хохирол авсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаах, эсхүл буцаах боломжгүй бол шүүгдэгчийн гэмшсэн байдал, ар гэр, мөн 12 дугаар сараас хойш хаалттай хорих байгууллагад ял эдэлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Б нь Д.Гийг “айл руу хамт явсангүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт 2022 оны 5 дугаар сараас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгчийг олж, хэргийн сэргээн шүүхэд шилжүүлсэн. Прокуророос шүүгдэгчид 4 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан бөгөөд шүүх дээрх ялыг оногдуулсан. Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа оргон зайлсан, мөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгөөгүй, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул гэмшихгүй, ойлгож ухаарсан зүйлгүй, нийгмийн даатгал, банкны дансны хуулга зэргээр эрхэлсэн тодорхой ажилгүй, санхүүгийн эх үүсвэргүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгт тохирно гэж үзсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Т.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 34 дүгээр байрны 53 тоотод буюу гэртээ, хамтран амьдрагч Д.Гийг “айл руу хамт явсангүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, цээж хэсэгт нь хөлөөрөө 6-7 удаа, нуруу хэсэгт нь 3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь 2 удаа гараараа алгадаж, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн уушгины авчийлт, мөчдөд олон тооны цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Гийн “...2022 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад Б намайг “айл руу явъя” гээд, Бгийн хоёр найз нь бид хоёрыг авч явахаар манайд ирсэн бөгөөд “намайг явъя” гэхээр нь би “маргааш айлд ном унших ажилтай, гэртээ байж байя, чи яв” гэж хэлсэн чинь 2 найзаа “гарч бай” гэж хэлээд миний цээж рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж жийж унагаагаад, шалан дээр унахад миний цээж рүү 5-6 удаа өшиглөөд байсан. Тэрний дараа ар нуруу хэсэгт 3 удаа өшиглөсөн. Тэгээд хутга аваад намайг ална гээд миний дотуур хувцсыг хутгаар зүсэж ураад, би “яагаад байгаа юм бэ ханиа” гээд аргалах гэхэд “ална шүү, босоод суу” гэж хэлэхээр нь босоод орон дээр суусан чинь нүүр лүү 2 удаа алгадаад гэрээс гарсан. Гэрээс гарахаар нь би 102 руу дуудлага өгсөн чинь коридорт сонсчхоод гүйж орж ирээд, миний Самсунг А-52 загварын гар утсыг авч яваад 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 цагт юу ч болоогүй мэт гэрт орж ирээд гар утас өгөөд гэрт үлдсэн. ...” /хх 15-17/,

гэрч Л.Жавхлангийн “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөөний 09 цагт 89032770 дугаарын утаснаас “Ганаа эгч нь байна, хурдан залга” гэж мессеж ирсэн. Тэгээд би Ганаа эгч рүү залгахад “би утасгүй байна, хүний утсаар ярьж байна, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би Улаанхуаранд байдаг Ганаа эгчийн түрээсэлж байсан байранд очих гээд явж байтал 10 цагийн орчимд Ганаа эгч ахин залгаад хэлэхдээ “намайг авч явж ном уншуулах гэж байна” гэж хэлээрэй гэсэн. Ганаа эгч надтай хамт явж байхдаа манай хамтран амьдрагч Б намайг өнгөрсөн шөнө цээж рүү өшиглөөд, газар унахад дээрээс нь 4-5 удаа цээжин дээр нь дэвссэн талаар хэлсэн. Би ямар шалтгааны улмаас юу болсон талаар асуухад Бгийн найзууд гэрт нь ирээд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад дахин айлд очих талаар ярилцаж байхад Ганаа эгч бурхан номын хүн болохоор та нарын архи уух гэж байгаа газар очиж чадахгүй талаар хэлсэн чинь тэнд байсан хүмүүстэйгээ гадагш гарч буцаж орж ирээд дахин явах талаар надаас гуйгаад байсан, би зөвшөөрөхгүй орон дээр хэвтэж байхад Б зодсон талаар хэлсэн. ...” /хх 23/,

гэрч Л.Идэрцогтын “...2022 оны оны 02 дугаар сарын 12-ны өдөр Т.Б рүү Улаанбаатар хотод ирсэн талаараа ярьсан чинь “намайг ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Оюунчимэгийн хамтаар Т.Бгийн амьдарч байгаа гэрт ирсэн. Бид хоёрыг очиход эхнэртэйгээ хоёулаа байсан бөгөөд эхнэр нь орон дээрээ хэвтэж байсан. Миний харснаар бол жаахан уучихсан юм уу даа гэж харж байсан. Т.Б эхнэр бид хоёрт бууз жигнэж өгсөн. Хоолоо идчихээд нэг шил архи задалж өгсөн. Тэрнээс нь Б бид хоёр нэг, нэг татсан. Тэгээд манайх руу явахаар болоод Б эхнэр бид хоёрыг түрүүлээд гарч бай гэхээр нь бид хоёр түрүүлээд гараад явсан. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3147 дугаартай “...Д.Гийн биед цээжний зүүн талын олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн уушгины авчийлт, мөчдөд олон тооны цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Дээрх гэмтэл нь толгойгоор унах үед үүсэх боломжгүй. Гэмтлийг авсан даруйд энгийн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. ...” /хх 29-31/ гэх дүгнэлт,

дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 915 дугаартай хувцсанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 52-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Бгийн хамтран амьдрагч Д.Гийг “айл руу хамт явсангүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, цээж хэсэгт нь хөлөөрөө 6-7 удаа, нуруу хэсэгт нь 3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь 2 удаа гараараа алгадаж, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн уушгины авчийлт, мөчдөд олон тооны цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Б “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Бгийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний энэ өдрийг хүртэл 70 /дал/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 04 /Дөрөв/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ