Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2024/01039

 

 

 

 

 

 

2024 12 16 151/ШШ2024/01039

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... аймаг, .... сум, .... баг, .... гудамж, .... байрлах Н ХХК

Хариуцагч: .... аймаг, .... сум, .... гудамж, .... оршин суух, Б овогт Э.М

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,969,745.92 төгрөг гаргуулах,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М

Хариуцагч: Э.М

Хариуцагчийн өмгөөлөгч: О.О нэгдсэн бүртгэлийн дугаар /.../

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Э.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 101521165 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 332 гаруй хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж, мэдэгдэл өгсөн байна. Зээлийн гэрээний 8.2.1-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд Э.М-с зээлийн гэрээний үүрэгт нийт 20,969,745.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н-с 4 сая төгрөгийн зээл авсан. 6 саяын урьдчилгаа өгсөн. Н-ын захирал надтай ярихдаа Чамаас мөнгө авахгүй. Машинаа өгөөд болно. Урьдчилгаа 6 сая төгрөгөөр чинь янзлуулна. Чамаас нэхэмжлэх зүйл байхгүй гэхээр нь би машинаа өгч явуулсан. Хүсвэл бичиг хийж өгье гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралд биечлэн оролцоно гэжээ.

3.Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрэн хэлэлцэх хүсэлтдээ: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй гэрээний үүрэгт 20,969,745.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар эвлэрч байна.

Үүнд: Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 20,969,745,92 төгрөгийн 1,469,745,92 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19,500,000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхтөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн.

-       2025 оны 01 дүгээр сард 500,000 төгрөг,

-       2025 оны 02 дугаар сард 500,000 төгрөг ,

-       2025 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг,

-       2025 оны 4 дүгээр сард 1,000,000 төгрөг,

-       2025 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг,

-       2025 оны 6 дугаар сард 1,000,000 төгрөг,

-       2025 оны 7 дугаар сард 3,625,000 төгрөг,

-       2025 оны 8 дугаар сард 3,625,000 төгрөг,

-       2025 оны 9 дүгээр сард 3,625,000 төгрөг,

-       2025 оны 10 дугаар сард 3,625,000 төгрөгийг төлнө.

2.Мөн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.М-ийн эзэмшилд шилжүүлэхээр эвлэрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-2-3), итгэмжлэл (хх-3, 5, 57), салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-4, 56), зээлийн гэрээ (хх-6-8), зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-9), үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ (хх-10-11), Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж (хх-12-13), .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-14-17), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж (хх-18), хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл, зээл хүсэгчийн өргөдөл, зээлийн шийдвэр, зээл хүсэгчийн анкет (хх-18-22)г шүүхэд гаргасан.

4.Хариуцагчаас: хариу тайлбар (хх-35)-ыг шүүхэд гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Э.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 101521165 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 332 гаруй хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж, мэдэгдэл өгсөн байна. Зээлийн гэрээний 8.2.1-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд Э.М-с зээлийн гэрээний үүрэгт нийт 20,969,745.92 төгрөгийг гаргуулна гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, мөн зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.

Зохигчид хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэх санал гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагын 1,469,745,92 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.М нь 19,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2025 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах, нэхэмжлэгч нь Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.М-ийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

4.Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М-с 127,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

6.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Энэ захирамжийг хариуцагч заавал биелүүлэх үүрэгтэй ба сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг сануулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Н ХХК нэхэмжлэлийн шаардлагын 1,469,745,92 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.М нь 2025 оны 01 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 500,000 төгрөг , 2025 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сард 3,625,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 3,625,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 3,625,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 3,625,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК-д төлж барагдуулах, нэхэмжлэгч Н ХХК нь Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.М-ийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М-с 127,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.МӨНХБҮРЭН