| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04365/И |
| Дугаар | 182/ШШ2024/05339 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/05339
| 2024 12 10 | 182/ШШ2024/05339 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт М-н ******* /РД:******* /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 26 134 378 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-с гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь хариуцагч М.*******тай 2022.12.25-ны өдөр 2212-2116 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр 27 000 000 төгрөгийг сард 3,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч М.******* нь нэхэмжлэл гаргах өдөр хүртэл зээлээс 3 264 929 төгрөг, зээлийн үндсэн хүүд 5 953 248 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25 523 төгрөг төлсөн байдаг.
Зээлдэгч М.******* зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул манай байгууллагаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж, сануулсан. Гэвч дээрх төлөлтөөс өөрөөр ямар нэгэн төлбөр хийгээгүй тул 2212-2116 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д зааснаар зээлийн үлдэгдэл 23 735 070 төгрөг, зээлийн хүүд 2 389 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 392 төгрөг, нийт 26 134 378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч М.******* нь ******* ******* улсын дугаартай, Ford Mondeo CD391 автомашиныг Фидуцийн гэрээгээр манай байгууллагын нэр шилжүүлсэн боловч уг машинаа өөрөө унаж ашигладаг, одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.
Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул бид зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 26 134 378 төгрөгийг шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, 2022.12.25-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2212-2116 тоот Зээлийн гэрээ, ФГ/2212-2116 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, М.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Зээл төлөлтийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-14/ зэргийг гаргасан бөгөөд хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 26 134 378 төгрөгийг гаргуулахаар гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.1.-д заасны заасны дагуу 2024.06.18-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаагүй болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч М.******* зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 23 735 070 төгрөг, зээлийн хүүд 2 389 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 392 төгрөг, нийт 26 134 378 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. Нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч М.******* нар нь 2022.12.25-ны өдөр 2212-2116 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 27 000 000 төгрөгийг хариуцагчид олгох, хариуцагч нь уг зээлийг 36 сарын хугацаанд сарын 3,4 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний 2.4, 3.5-д зааснаар зээлдэгч нь Зээл, хүүний эргэн төлөх хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрэлт тооцон зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч М.******* нь ******* ******* улсын дугаартай, Ford Mondeo CD391 автомашиныг өөрөө эзэмших, ашиглах эрхтэйгээр ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэнтохиолдолд зээлдүүлэгч нь автомашины өмчлөх эрхийг зээлдэгчид буцаан шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.
Дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулсан 2022.12.25-ны өдрийн 2212-2116 тоот Зээлийн гэрээ, түүний хавсралт, ФГ/2212-2116 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1., 451.2., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 235 дугаар зүйлийн 235.1., 235.5.-д заасан шаардлагад нийцсэн байна.
2.2. Зохигчдын хооронд байгуулсан 2022.12.25-ны өдрийн 2212-2116 тоот Зээлийн гэрээ-ний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгч М.*******д 27 000 000 төгрөгийг олгосон байх бөгөөд М.******* зээл олгосноос хойш 2023.01.20-ноос 2023.08.07-ны өдрийн хооронд зээлд 3 264 929 төгрөг, зээлийн хүүд 5 953 248 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25 522.57 төгрөг тус тус төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар нотлогдсон байна.
3. Талуудын хооронд байгуулагдсан 2212-2116 тоот Зээлийн гэрээ-ний 2.6-д зааснаар зээлийг ашиглах хугацааг 2022.12.15-наас 2025.12.25-ныг хүртэл 36 сараар тодорхойлсноос үзэхэд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна.
Дээрх 2212-2116 тоот Зээлийн гэрээ-ний 7.2-т ББСБ нь дараахь нөхцөлд гэрээг хугацаанаас өмнө цуцална. 7.2.1 Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэж заасан байх бөгөөд хариуцагч М.******* нь хамгийн сүүлд 2023.08.07-нд зээлийн төлбөр төлснөөс хойш 2023.10.17-ныг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд зээлд 4 808 774.82 төгрөг төлөхөөс 3 264 929.40 төгрөг төлж, 1 543 845.42 төгрөг төлөөгүй, зээлийн хүүд 8 343 163.72 төгрөг төлөхөөс 5 953 248.03 төгрөг төлж, 2 389 915.69 төгрөгийг төлөөгүй зээл төлөх хуваарийг зөрчсөн байна.
Зээлдэгч банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгч М.*******д зээлийн төлбөр төлөхийг 2023.04.02-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан түүнчлэн утсаар байнга шаардаж байсан талаар тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3., 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.
4.Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь талуудын хооронд байгуулсан 2022.12.25-ны өдрийн 2212-2116 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., зээлийн гэрээний 2.3, 2.4, 3.3., 3.5-д зааснаар зээлдэгчийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн 2023.10.17-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 23 735 070.60 төгрөг, зээлийн хүүд тооцогдсон 2 389 915.69 төгрөг, зээл төлөх хуваарийг зөрчсөн гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 9 392 төгрөг, нийт 26 134 378.31 төгрөгийг хариуцагч М.*******гаас шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй болно.
5.Шүүхээс хариуцагч М.*******д 2024.06.18-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, эрх, үүргийг нь танилцуулан, 2024.07.02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч нь өөрийн тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч М.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3., 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэйг дурдав.
6. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч М.*******гаас нийт 26 134 378.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.
7.Хариуцагч М.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд болон хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заасны дагуу түүний шүүхэд мэдүүлсэн оршин суугаа газрын хаягаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өөрийн оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2024.12.10-ны өдрийн 182/ШЗ2024/21341 дугаартай захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 288 622 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч М.*******гаас 26 134 378.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 288 622 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА