| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0075/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Тенда трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намъяанжүнгийн гудамж Ногоон төгөл хотхоны 78 дугаар байр 57 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Дархан овогт Б.Г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709006340328 дугаар 185/2018/0075/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривер саунд” баарны гадна Л.Төмөрсүхийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Төмөрсүхийн: 2017 оы 8 дугаар сарын 4-ний орой 22 цагийн үед “Ривер саунд” бааранд өөрийн танилын хамт орсон. Орох үедээ халамцуу байсан ба текнээс нь 50 гр архи, 1 шил пиво авсан. Тэгж байтал зүс таних Гантулгатай таарч гадаа гарч тамхи татсан. Халамцуу байсан тул үзэл бодлын зөрчилдөөн үүсэж, тэр нь даамжираад чи, би дээрээ тулсан. Миний санаж байгаагаар хоёулаа хүн амьтнаас зайтай газар очиж үзэх үү гэсэн яриа болсон. Тэгээд Эрүүл мэндийн яамны үүдний наана очиж ярилцая гэсэн үүднээс биш зодолдоё гэсэн байдлаар тэнд очсон. Яриа болоогүй, шууд зодолдсон. Би согтолттой байсан тул миний хаана яаж цохисон талаар сайн мэдэхгүй байна. Хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол намайг нэг цохиод цохих үед нь урагшаа болоход өшиглөсөн. Өшиглөснөөс нь болж баруун нүдний зовхи сэтэрч тэндээс маш их хэмжээний цус гарсан. Үүний дараа цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд би Гантулгад нүд бүрэлзээд юм харахгүй байна болъё, надад түргэн дуудаад өгөөч гэхэд шууд яваад өгсөн. Би хэсэг гадаа байж байгаад 00 өрөө рүү нь орж нүүр гараа угаахад үйлчлэгч нь юу болсон юм бэ гээд алчуур авч өгсөн. Тэндээсээ найзтайгаа хамт гараад гэр рүүгээ очсон. Эхнэр маань харчихаад гэмтэл рүү явахгүй бол болохгүй нь гээд явсан. Гэмтэл очиход хүн зодсон юм уу гээд оёдол тавиулж мэдүүлэг өгсөн. Маргааш нь би Гантулгыг надаас уучлал гуйх байх гэж бодож байсан. Намайг их согтолттой байсныг мэдсээр байж мөн түргэн дуудаад өгөөч гэхэд гуйж байхад дуудаад өгсөн бол ийм байдалтай сууж байхгүй л байх. Байцаагч дуудахад л надаас уучлал гуйсан болохоор би гомдолтой байсан. Одоо Б.Гантулгад гаргах гомдолгүй, эмчилгээний зардал 420.750 төгрөгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг
хавтаст хэргээс, мөрдөн байцаалтад хохирогч Л.Төмөрсүхийн: ...2017 оны 08 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Д.Аззаяагийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ривер саунд бааранд орж 50 грамм цагаан архи, нэг шил пиво уугаад сууж байтал урьд танидаг байсан Гантулга гэх залуу таарч түүнтэй мэндийн зөрүүтэй уулзаж тухайн баарны гадна хамт тамхи татахаар болоод баарны гадна гарч юм яриад зогсож байсан. ...Гантулга миний нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиод өшиглөж байх шиг байсан. Миний баруун нүдний зовхи сэтэрч их хэмжээний цус гарсан. ...миний биед учирсан гэмтлийг Гантулга учруулсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
мөрдөн байцаалтад гэрчээр Б.Гантулгын: ...Ривер саунд баарнаас Төмөрсүх ах бид хоёр хоёулахнаа гарсан. ...Эрүүл мэндийн яамны ойролцоо очиход нөгөө л надтай яриад байсан зүйлээ яриад байхаар нь би тийм зүйл ярьмааргүй байна явъя гэхэд шууд миний хамар руу цохиход миний хамарнаас цус гараад тонгойход миний цамцнаас намайг боосон. ...би Төмөрсүхийг зүүн гараараа цамцнаас нь заамдаад татахад миний гарыг өчсөн. ...би Төмөрсүхийг гараараа хоёр удаа цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10017 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 113256 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Б.Гантулгын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-20/,
Хохирлын баримтууд /хх-13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-36/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-41/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-42/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45, 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Б.Г 2017 оны 8 сарын 5-ны өдөр хохирогч Л.Төмөрсүхийг зодож эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10017 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Төмөрсүхийн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч Б.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Төмөрсүх бие махбодидоо учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд 420750 төгрөгний зардал гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар /хх-13/ тогтоогдож байна.Иймд шүүгдэгч Б.Гантулгаас 420.750 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Төмөрсүхэд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.