Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/341

 

      2023         03           29                                         2023/ДШМ/341

Т.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209 02144 1833 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Т-ийн М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .... дугаар хороо, ... гадна тойруу ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД..../;

 

Т.М нь 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн В.Аийн “ТҮЦ-нд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний “Смарт” гэх нэртэй түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар тухайн өдрийн орлого болох 533.100 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Т-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан торгох ялыг 11 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Маас 533.100 төгрөгийг гаргуулж хохирогч В.Ат олгож, давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн нийтийн байранд эмээгийн хамт амьдарч байгаа билээ. Миний бие М нь одоогоор хөл хүнд бие давхар болохоор ажил хийх боломжгүй байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс энэ ялыг хөнгөлж, тэнсэн харгалзах ял оноож өөрчилж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Л.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд 22 долоо хоногтой жирэмсэн, мөн оршин суух хаягийн тодорхойлолт нь баримтаар авагдсан тул шүүх бүрэлдэхүүн боломжтой бол Т.Мыг ялаас чөлөөлөх, хэрэв боломжгүй гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэлх хугацаагаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 11 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлд хэрэглэж болохоор заагдсан. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрөө хэзээ төлөх нь тодорхойгүй, орлого, мөнгөгүй болох нь түүний өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Т.Мын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Т.М нь 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн В.Аийн “ТҮЦ-нд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний “Смарт” гэх нэртэй түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар тухайн өдрийн орлого болох 533.100 төгрөгийг захиран зарцуулж завшсаны улмаас иргэн В.Ат 533.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч В.Аийн “...Манай ТҮЦ-нд 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 06 цагийн үед шинээр худалдагчаар ажилд орохоор нэг охин ирсэн. Тэгээд тэр охиныг би уул нь авахгүй гэж байсан боловч намайг ТҮЦ-нд ирэх үед тэр охин хүлээгээд сууж байсан. Тэгээд тухайн өдөр гарах худалдагч ирээгүй байсан болохоор тус охиныг суулгах болсон. Бүх бараагаа тоолж өгөөд тус охин бас хажууд хамт тоолоод хүлээгээд авсан. Тэгтэл орой 22 цаг 45 минутад миний дугаар луу манай ТҮЦ-нд сууж байсан охин залгаад “автобусны карт цэнэглэсэн бэлэн мөнгийг карт руугаа хийх үү” гэж асуухаар нь “нэг мөсөн өглөө хий” гэж хэлэхэд “та одоо амрах гэж байна уу” гэхээр нь “одоо амрах гэж байна” гэж хэлтэл “аан за” гээд шууд утсаа салгахаар нь би ТҮЦ-нийхээ хяналтын камерыг гар утастайгаа холбосон байдаг учраас камер луугаа ороод хартал лангууны цаанаас тойрч ирээд хяналтын камерыг салгасан. Тэгэхээр нь би яваад очтол нөгөө охин ТҮЦ-ийн хаалгыг түгжээд яваад өгсөн байсан. ТҮЦ-рүү ороод нийт бараагаа тоолоход бараа зарсан 153.000 төгрөг, автобусны карт цэнэглэсэн 300.000 төгрөг, автобусны карт зарсан 60.800 төгрөг, мөнгөний хайрцагт байсан задгай мөнгө 20.000 төгрөг байсан. Энэ бүгд нийлээд 533.100 төгрөг байхгүй байсан. ...Худалдагч авах талаар ТҮЦ-ийнхээ хаалган дээр зар тавьсан байсан. Т.Мыг ажилд авахдаа ямар нэгэн анкет бөглүүлж хөдөлмөрийн гэрээ хийсэн, тушаал гарсан зүйл байхгүй. ...Би 12:00-14:00 цагийн хооронд очиж Т.Мтай уулзахад “бичиг баримтаа удахгүй аваад ирнэ, утасны дугаар байхгүй” гээд байсан. ...” /хх 9-13/,

шүүгдэгч Т.Мын яллагдагчаар өгсөн “...энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн урд талд байх автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа “ТҮЦ-нд худалдагч авна” гэх зар наасан байсныг харсан. Тэгээд би тэр зарыг харчихаад маргааш өглөө нь шууд тэр ТҮЦ-нд очиход махлагдуу 40-50 орчим настай эмэгтэй ТҮЦ-нд сууж байсан бөгөөд би ажил хийхээр ирсэн талаар хэлэхэд “би эзэнтэй нь яриадахъя” гээд утсаар ярьсан. Тэгээд тэр өдрийнхөө 09 цагт бараагаа хүлээлцээд би ажилдаа орсон. Бараагаа тоолж авчхаад худалдагчийнхаа ажлыг хийж байгаад бэлэн мөнгөнүүдийг нь аваад 22:30 цагийн үед ТҮЦ-ийг нь цоожлоод явлаа гэдгээ хэлэлгүй яваад өгсөн. ТҮЦ-ийн түлхүүрийг Дэнжийн 1000 орчим явж байгаад газар хаясан. Би ажилд орохдоо ямар нэгэн анкет бөглөөгүй, ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. ...Ойролцоогоор 500.000 орчим төгрөг байсан, энэ мөнгийг би өөрийнхөө хоол хүнсний хэрэглээнд хэрэглэсэн. ...” /хх 34-35/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Т.Мыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.М нь иргэн В.Аийн “ТҮЦ-нд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний “Смарт” гэх нэртэй түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар тухайн өдрийн орлого болох 533.100 төгрөгийг захиран зарцуулж завшсаны улмаас иргэн В.Ат 533.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Т.М “...Миний бие М нь одоогоор хөл хүнд бие давхар болохоор ажил хийх боломжгүй байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс энэ ялыг хөнгөлж, тэнсэн харгалзах ял оноож өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Т.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг өөрчлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Т.Мын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Т.Мд оногдуулсан торгуулийн ял нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хөнгөн төрлийн ял бөгөөд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөг нь тухайн зүйл ангид заасан ялын хамгийн доод хэмжээ байгааг дурдах нь зүйтэй.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Мын 22-23 долоо хоногтой жирэмсэн, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялыг биелүүлэх 11 сарын хугацааг 24 сарын хугацаа болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “...шүүгдэгч Т.Мд оногдуулсан торгох ялыг 11 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ...” гэснийг “...шүүгдэгч Т.Мд оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР        

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ