Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2016/0008/З |
Дугаар | 126/ШШ2016/0015 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 126/ШШ2016/0015
2016 оны 5 сарын 11 өдөр | Дугаар 126/ШШ2016/0015 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргад холбогдох "Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Б************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга Н.Батбаяр, гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх, гэрч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Б.Э************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Тус сумын Засаг дарга нь 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжаараа шинээр байгуулагдаж буй Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байр барих, хашаа хатгах газрыг олгохдоо Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчиж, тус сумын иргэдийн нийтийн эрх ашгийг хохироосон, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа билээ.
Энэ тухай удаа дараа мэдэгдсэн боловч гаргасан шийдвэртээ дүгнэлт хийж эргэж харахгүй явсаар өдийг хүргэв.
Гэтэл энэхүү шийдвэр нь сумын тухайн жилүүдийн /2012, 2013/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмших тухай гэрээ байгуулж гарын үсэг зураагүй, авто зам, улсын баяр наадмын хурдан морины уралдаан олон жил уламжлал болон гүйж ирсэн замд саад болохуйцаар зарим хэсгийг хаасан, сумын төвийн өнгө үзэмж, эмх цэгцэд сөргөөр нөлөөлөх, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болжээ гэж үзээд Төгөл багийн иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг үндэслэн гарсан шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилснаас хойш 2 жил болж, мөн аймгийн Засаг даргад албан тоот хүргүүлэн шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч нааштай шийдэлд хүрсэнгүй өдий хүрлээ.
Иймд хууль бус шийдвэр болох У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгон шийдвэрлэж, эрх ашиг нь зөрчигдөж буй Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, гомдлыг барагдуулна уу. Мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсэв гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Б************* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн У************* сумын Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан бөгөөд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа баригдсанаар хэдэн зуун жилийн турш хурдан морьд уралдаж байсан, машин явдаг, хуучин онгоц хүртэл бууж байсан газар маань хаагдах нь гэж иргэдээс санал гарч энэ саналыг хурлын тогтоолын хамт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд явуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурал гэдэг нь иргэдийн саналыг дээд шатны байгууллагад уламжилдаг, эрх хэмжээнийхээ дагуу тогтоол гаргадаг байгууллага. ... Гэтэл Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа баригдсан. ... Тэр газар нь У************* сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Засаг даргын шийдвэрээр олгогдсон газар. Манай багийн иргэд улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Хурлаас гарсан саналын хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоол гарсан. Иргэдийн нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж манай сумын иргэд ярьдаг. Манайиргэдийн нийтийн Хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар байгаад 2-3 жил болж байна. Улсын тусгай хамгаалалттай газрын хашаатай зэрэгцүүлж айлууд хашаагаа барина гэж ярьдаг болсон. М.Батцогт Засаг даргын дараа Н.Батбаяр Засаг дарга болсон ба энэ хүн ч арга хэмжээ аваагүй. Засаг дарга нар өөрийн дураараа газар өгөөд байх юм бол манай сум ирээдүйд газаргүй болох юм болов уу. Газар авах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэдэг юм бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж байх хэрэгтэй юм уу. Нутгийн өөрөө удирдах ёсонд хамгийн анхны нэгжийн шийдвэрийг тулгуурлаж шийдвэр гарах ёстой байдаг. Харин манай сумын хувьд иргэдийн нийтийн Хурлын шийдвэр хэрэгждэггүй. Сумын Засаг дарга, газрын алба мөн хариуцлагагүй ажиллаж байна. Төрийн зүгээс манай нутгийн байгалийг хамгаалж тусгай хамгаалалтандаа авсныг, тухайн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь хууль бусаар Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд газар өгсөн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, эсвэл тухайн газрын хэмжээг багасгуулах саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай багийн иргэдийн Нийтийн Хурал Соёлын төвд хуралдсан. ... Даваахүү гэж хүн одоо хашаагаа Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаатай зэрэгцүүлж барина гэж ярьдаг. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаатай барьцаж иргэд хашаагаа томруулах талаар яригдах болсон.
Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааг багасгах, эсвэл өөр газар бариулах асуудлыг оруулаагүй боловч хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт иргэдээс ирсэн саналыг хэлэлцэнэ гэсний дагуу хурлаас тийм шийдвэр гарсан.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны хашаа бусдын эзэмшил газартай давхцаагүй, орц, гарцыг хаагаагүй.
Би Улаан тайгын улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааныхашааны хэмжээг сайн мэдэхгүй байна. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрынхамгаалалтын захиргааны хашаанаас 1-2 хавирга хас гэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бий. Нэгэнт баригдсан хашааг нурааж буулгахгүй харин газрын хэмжээг багасгаж болох юм.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа газар эзэмших гэрээ байгуулаагүй байсан. ...сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээндшийдвэр гаргаж иргэдийн эрхийг зөрчиж байна. Засаг дарга нийтийн эзэмшлийн талбайд захирамж гаргаж газар олгон иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 тоот захирамжийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1.1-д заасныг зөрчиж гаргасан байна гээд уг захирамжийг хүчингүй болгохоор Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тус сумын Төгөл багийн иргэд нийтийн Хурлын даргын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга болсон. Үүнээс өмнө Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тиймээс энэ газрын маргааныг би сайн мэдэж байгаа. Тухайн үеийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөрчиж газар олгосон. Засаг дарга захирамжиндаа Хилийн цэргийн хашаанаас урагш 150 метр гэж заасан байдаг. Гэтэл Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаань хашаагаа барихдаа газрын даамлын зааж өгсөн газраас илүү хэмжээтэй барьсан. Тиймээс хууль бус захирамж гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
...Оны эцсээр газрын даамал газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих ёстой. Сумын Засаг дарга хэмжээг нь баталж өгдөг. Газар эзэмшихийг хүсч байгаа иргэн, хуулийн этгээдийн зүгээс сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үзье гэж шаардах үүрэг байхгүй.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэг нь Засаг даргад бий. 2013 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан эзэмшүүлэх 50 000 га газар байгаагаас Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газар ороогүй байгаа юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэр зааж оруулсан байх ёстой. У************* сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэхэдтөлөвлөгөөнд оруулахаар саналаа оруулж ирэхгүй байсан. ... Манайх газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө аймгийн ИТХ-д явуулдаг учраас дахин баталдаггүй. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах нь сумын Засаг даргын чиг үүрэг мөн.
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаартай тогтоол гарч уг тогтоолыг гуравдагч этгээдэд хүргүүлсэн. Тэгэхэд Ж.Төмөрсүх ньхурлын төлөөлөгчид тэнгэрээс буусан илч биш, энэ шийдвэрээ эргэж хар гэж хэлсэн. Би тэгэхээр нь та тэгвэл хүсэлтээ гарга гэсэн чинь хүсэлтээ өгсөн бөгөөд 2015 оны 07 дугаарын сарын 04-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдаад 2013 оны 42 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь одоо болтол яагаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаартай хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ?
... Нэгэнт захиргааны албан тушаалтан захиргааны акт гаргасан байхад үүнийг бариад би хууль зөрчөөгүй гээд гуравдагч этгээдийн ярьж байгаа нь зүйн хэрэг юм. ... Миний 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/60 дугаартай захирамжийг Хөвсгөл аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. Би эрх үүргийнхээ дагуу газрын даамалд үүрэг өгсөн. Газрын даамал миний эрх хэмжээ хэтэрсэн гэж хэлсэн. Тэгээд байгаль орчны байцаагч 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан шаардлагыг гуравдагч этгээдэд хүргүүлсэн боловч энэ шаардлагыг хүлээж аваагүй. Үүний дагуу би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс газар чөлөөлүүлэхээр Засаг даргын захирамжаар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааны дээд талаас нь 2-3 нуруу хашаа буулгасан боловч эргүүлээд барьчихсан. Миний энэ захирамжийг аймгийн Засаг дарга яагаад хүчингүй болгосон бэ гэхээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дахь заалтыг зөрчсөн гэж захирамж гаргасан байсан боловч захирамж гаргахдаа 57.3.4 гэж бичилтийн алдаа гаргасан байсан. Тэгсэн Газрын тухай хуулийн 57.3.4 гэсэн заалт байхгүй гэж энэ захирамжийг хүчингүй болгосон. Би хууль бус зүйл хийгээгүй бичилтийн алдаанаас болж миний захирамж хүчингүй болсон. Үүний дагуу аймгийн Засаг дарга надад цалингийн хувиар 3 сарын арга хэмжээ авсан байдаг. ... Одоо У************* сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42, 38 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Газрын маргаан одоо таслагдаагүй байгаа. ... Манай суманд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар манай сумын иргэд алт ухаж мөнгө олж байсан нь зогссон. Алт ухахыг нь зогсооход маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Өнгөрсөн жил Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргаж татан буулгах талаар манай сумын 800 гаруй иргэдийн гарын үсэгтэй бичиг ирээд үүний дагуу бид УИХ-ын байнгын хороонд хандаж байнгын хороо холбогдох яаманд тус бичгийг хүргүүлснээр Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамнаас албан ёсоор тусгай хамгаалалтыг татан буулгах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байдаг. Энэ хариу ирсний дараа иргэд сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан ёсоор тайлбар хийхийг шаардсан. Сүүлд намайг Ж.Төмөрсүх дарга тус цуглааныг удирдсан гэж мэдэгдсэн байсан учир байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгасан. Тэгээд намайг энэ хэрэгт холбогдолгүй гэсэн тогтоол гарсан. Энэ жижиг маргаанаас болоод одоо нутгийн иргэдийг талцуулах хэмжээнд маргаан гарах гээд байна. ...Хэрвээ тийм зүйл байх юм бол иргэд болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хоорондох харилцаа улам муудаж, хоорондоо талцах болно. Би Засаг дарга болсноос хойш газар албадан чөлөөлөх 50 гаруй захирамж гаргасан.Маргаан гараагүй. Харин Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан Засаг дарга хувийн үзэмжээр энэ асуудлыг гаргасан гэж яриад байна. Ж.Төмөрсүх дарга өөрөө надтай харьцахдаа хувийн ашиг сонирхолтой байгаа нь харагдаж байна. Манай хүү өрх тусгаарлах гээд байшин барихаар хашаандаа мод буулгаад 5 сар болсны төлөө намайг эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Энэ хэрэг нь прокурорын шатанд ирээдхэрэгсэхгүй болсон. Мөн намайг тусгай хамгаалалттай газрын хашааг албадан буулгажэвдсэн гэж иргэний хэргийн шүүхэд хандаж байсан ч энэ хэрэг нь мөн хэрэгсэхгүй болж байсан. ...би төрийн үйл ажиллагааг хувийн сонирхлоор явуулдаггүй. Миний шийдвэрт энэ хүн өөрөө нөлөөлөх гэж үздэг хүн гэв.
Гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн У************* суманд байгуулагдаж 2012 оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа №1770002062 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй төрийн байгууллага юм.
Бид шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдсан тул газар эзэмших зөвшөөрөл авахын тулд газрын хуульд заасны дагуу дараах саналуудыг тавьж, хууль ёсны дагуу шийдвэр, гэрээ, гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1.У************* сумын Засаг дарга М.Батцогтод 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамгаалалтын захиргаанаас №03 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг гаргасан.
2.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжаар 1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр албан ёсоор гаргасан.
3.У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийн дагуу газрын даамал Б.Э************* газар дээр нь ирж солбицлыг хэмжсэн. 1. 50 67907, 99 23332, 2. 50 67873, 99 23405, 3. 50 67751, 99 23240, 4. 50 67797, 99 23187 ийм солбицолтой газрыг зааж өгч гэрчилгээ өгсөн. /Тухайн өдөр тэмдэглэлийн дэвтэрт бичсэн баримт/
4.Энэ заасан газрыг сумын газрын даамал Б.Э************* 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №000434052 тоот Төрийн байгууллагын газар эзэмших гэрээ, гэрчилгээ-г олгож, газар эзэмших тухай гэрээ байгуулж баталгаажуулсан. /Гэрчилгээг хавсаргав/
5.Байгууллагын хашаа нь морин уралдааны замд ямар ч хаалт хийгдээгүй, Хилийн цэргийн хашаанаас манай байгууллагын хашаа хүртэл 127 метр зайтай /зурагт харуулав/ энэ зайгаар ямар ч хэмжээний морин уралдаан явагдах бүрэн боломжтой. Урьд нь онгоцны буудлын хашаа байхад морин уралдааныг морь уралдахад зөвхөн хашааны хоёр үе буюу 8 метр өргөнтэй хашааг түр буулгаж морины уралдаан хийж байсан уламжлалтай. Тэгвэл одоо онгоцны буудлын хашаа байхгүй болсон бөгөөд энэ газарт 8 метр биш 127 метр чөлөөтэй газар болж өргөжсөн байна. Эндээс үзэхэд 8 метр газарт морь уралдаж болж байсан нь одоо болохоор 127 метр газар морь уралдахад хаалт болсон гэсэн гомдол нь ямар ч үндэслэлгүй гэдгийг шууд харуулж байна.
6.Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/251 тоот захирамжаар У************* сумын Засаг дарга Н.Батбаярын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/60 тоот захирамжийг хүчингүй болгосон.
7.У************* сумын Морин спорт, уячдын холбооноос тусгай хамгаалалттай газрын хашаа бол морь уралдахад зай хаасан зүйл огт байхгүй, саад болохгүй гэдгийг уяачид санал нэгтэйгээр тодорхойлж байгаа юм. Харин ч уяачдын зүгээс энэ хашаа баригдсанаар модон дотроос морь хөөх, морь хадуурч гарах, мотоциклиор дайрах, морь будлиантуулах, хүүхэд унахаас хамгаалсан сайн зүйл болсон гэж үзэж дэмжиж байгаа билээ. Цаашид хашааны чиглэлд үргэлжлүүлэн бусад модны захыг дээрх бэрхшээлээс хашиж хамгаалахыг хүсэж байдаг юм.
8.Бидний барьсан хашаа бол У************* сумын өнгө үзэмжийг муутгах биш хамгийн чанартай, материал хэмнэсэн, үлгэр жишээ болохуйц хашаа болсон гэж аймгийн удирдлагууд, орон нутгийн иргэд ярьж байдаг, үлгэр жишээ авдаг. Хашаандаа замын дагуу 108 мод, бут сөөгийг тарьж ургуулж өнгө үзэмж, ногоон байгууламжийг үлгэр жишээ хийж байгаа. Цаашид тус сумын замын дагуу ийм болгох бодлого барих хэрэгтэй юм.
9.У************* сумын Төгөл багийн иргэдийн нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хурал болоогүй ба энэ нь зохион байгуулалттай, хуурамч хурлын тэмдэглэл байна. Энэхүү тэмдэглэл нь хурлын тэмдэглэлийн стандарт байхгүй, хаана болсон, хэдэн хүн оролцсон нь тодорхойгүй, хэрхэн шийдвэрлэсэн зүйл байхгүй, хүчин төгөлдөр бус захиалгат зүйл болсон нь тодорхой байна. 10 дугаар сарын 05-ны өдөр бид захиргаан дээр ажиллаж байсан ийм хурал огт болоогүй.
Бид дээрх үйл ажиллагаагаа Монгол Улсын хуульд заасны дагуу зохих ёсны эрх мэдэлтнүүдийн шийдвэр гарч гэрээ, гэрчилгээ гарсны дагуу хашаагаа барьсан ба хууль зөрчиж өөрсдөө дур мэдэн хийсэн зүйл нэг ч байхгүйг баталж байна.
Бид Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан шиг нийтийн эрх ашгийг зөрчөөгүй болохыг дээрх хууль ёсны дагуу шийдвэрлэгдсэн шийдвэр, нотлох баримтуудаар хүргүүлж байна. Зохих ёсны хариу өгөхийг та бүхнээс хүсч байна.
У************* сум 2007 оноос 2012 онд Ногоон гол, Ар хэм, Хавхан голуудад 7000 нинжа нар ууланд бүгсэн, хүн амины хэрэг, хулгай, архидалт, танхайралт, хулгайн ан, хууль бус мод бэлтгэл газар авсан сум болсон байсныг улс даяар мэдэж байгаа. Эдгээр хууль бус асуудлуудыг бид нар бүрэн таслан зогсоож гайхамшигтай үр дүн гаргасан.
Ингэсний төлөө манай байгууллага байгуулагдсанаас эхлэн 2012-2015 онд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас болон Засаг даргын зүгээс тусгай хамгаалалттай газрыг татан буулгах, тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх, алт ухуулах, хулгайн ан хийх, хууль бус мод бэлтгэх, алт ухах бослого гаргах, дайрахыг турхирсан үйл ажиллагааг дэмжсэн хурлыг жил бүр хийсээр ирсэн. Үүнд төрийн байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын захирамжийн эрх мэдлээр төрийн албан хаагчдыг хууль бусаар ашиглаж ирсэн. Түүний нэг нь энэ хууль бус хурлын тэмдэглэл юм.
Дээрх нэхэмжлэл, хурлын тэмдэглэлээс харахад энэ бүхэн хуурамчаар бэлдэж зохион байгуулсан болох нь маш тодорхой байна. Тухайлбал: 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн гэх хурлын тэмдэглэл нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэнэт 3 жилийн дараа гараад ирдэг нь учиртай байна. Яагаад гэвэл 2015 оны 02 дугаар сард сумын Засаг дарга Н.Батбаяр Тусгай хамгаалалттай газрын орчны бүсээс 160 ширхэг дүнз зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсныг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн. У************* сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч М.Б*************-ын Ц************* 2015 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө авто машин согтуугаар жолоодон байгууллагын хашаа, интернетийн шонг хуга дайрч халдлага хийсний төлөө түүний эцэг М.Б************* нар хамтран хашаа буулгах гэсэн өшөө хорсол авах гэсэн ажлуудыг олон удаа хийсээр ирсэн ба түүний нэг нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл болсон гэж үзэж байна.
Ер нь тус сумын алт ухах, ан агнах, хууль бус үйлдэл гаргагч иргэдийн төлөөлөл, удирдлагаас манай явуулсан хууль ёсны үйл ажиллагааны эсрэг элдэв төрлийн гэмт халдлагуудыг удаа дараа зохион байгуулсаар ирсэн. Үүнд:
2013 оны 05 дугаар сард Өлийн давааны овооны дэргэд хийсэн самбарыг тэр шөнө нь эвдсэн. /У************* сумын байгаль хамгаалагч П.Цолмон, Ж.Эрдэнэбат нар анхлан нүдээрээ үзсэн/
Хөгийн Үхэртийн аманд хийсэн самбарыг, дараа нь отоглох цэгийг маргааш нь эвдэж алга болгосон.
2013 оны 07 дугаар сард Ж.Т*************-ийн байрны хаалтыг эвдэж, цонхыг хагалсан.
2013 оны 09 дүгээр сарын 07-нд Төгөл багийн иргэн Т.С************* согтуу ирж агсам тавьж байгууллагын цонхны түгжээ эвдсэн.
2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөх эргийн постын байр бусдын хорлон сүйтгэх үйл ажиллагааны улмаас шатсан. Бид дахин нэвтрэх цэгийг ажиллуулахаар барих санаалчлага гаргахад сумын хурлаас шинээр барих эрх, хууль зүй байгаа юм уу гэж шалгааж ирж байсан нь үнэхээр хяналтгүй байх сонирхол байгаагийн илрэл байлаа.
2014 оны 05 дугаар сард Хөх эргийн нэвтрэх цэгийн байрны цоожийг эвдэж ороод гэрлийг утастай нь хулгайлсан.
2014 оны 07 дугаар сард Үхэртийн цагаан бэлчирт отоглох цэгт байрлуулсан самбарыг байрлуулсны маргааш нь эвдэж хөлийг тас цавчиж аваад гал түлсэн байсан.
2015 оны 05 дугаар сард Я.Б************* , Т.С************* нар байгууллагын хашааг 2 удаа эвдсэн.
2015 оны 05 дугаар сард У************* сумын иргэн Н.Б************* сахиул Б.Г*************-ийг болон дарга нарыг ална гэж удаа дараа заналхийлсэн.
2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр сумын захиргаа алт руу оруулах талаар цуглаан хийх, алт руу дайрах талаар тохиролцсон ярианууд гарсан. Энэ өдөр нь Мөрөн сумаас 5 иргэн ирж Хөгийн голын Ар хэмд алт ухах гэж ирэхэд тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид саатуулж буцаасан дараа У************* сумын 2 иргэн бас очсон, түүнийг бас буцаасан.
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Засаг дарга Н.Батбаяр тусгай хамгаалалттай газрын хашааг албадан буулгахад алтны нинжа нар цагийн дараа ирж Тусгай хамгаалалттай газар татан буугдлаа, алтандаа явъя гэсэн жагсаал хийсэн.
2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хашаа буулгахтай давхцуулан 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр алт руу шууд дайран орох гэсэн зарлал сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд гарч энэ талаар сумын удирдлагуудын зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй, харин ч дэмжсэн байсан. Алт ухах хөдөлгөөн, цуглаан хийх зарлал гудамжинд олноор тавигдсан зохион байгуулалттай болсон.
2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төгөл багийн иргэн Т.С************* байгууллагын хашааны 2 үе, 8 метр дайран орж ирж конторын цонхыг хагалсан.
У************* сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч М.Б*************-ын Ц************* 2015 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө автомашин согтуугаар жолоодон байгууллагын хашааг санаатайгаар дайрч интернетийн шонг хуга дайрсан зэрэг асуудлууд ар араасаа гарсаар байна.
Дээрх бүгдээс харахад орон нутгийн засаг захиргаа байгалийн баялагаа дураараа хууль бусаар ашиглаж байсан эрх ашгаа хамгаалах, алт ухах, ан агнах, хууль бус мод бэлтгэх гэсэн үйл ажиллагаагаа чөлөөтэй болгох мөн хууль бус үйлдэл хийсний хорслоо төрийн албан тушаалын нэр барьж, төрийн албан хаагчдаа дарамталж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хувийн эрх ашиг, өс хорслоо авах барагдуулах гэсэн сэдэл үйлдэл бүхий зүйлүүд хийж байгааг анхааралдаа авна гэж найдаж байна гэжээ.
Гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурлын тэмдэглэлээс харахад хэзээ, хаана болсон, хэн хэн оролцсон нь тодорхойгүй. Энэ хурал бол миний нүдэн дээр болоогүй. Тиймээс энэ хурлын шийдвэр нь хууль бус, хуйвалдаан зохион байгуулсан шийдвэр гэж үзэж байна. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа сумын ганц өнгө үзэмжтэй хашаа юм. Морь уралдах зам хаасан зүйл байхгүй. Хилийн цэргийн заставын хашаа манай байгууллагын хашааны хооронд 100 орчим метр зайтай байгаа. Намайг бага байхад Хилийн Цэргийн хашаа, манай байгууллагын хашааны хооронд байгаа энэ газарт онгоцны буудлын хашаа гээд том газрыг хашчихсан байдаг байсан. Тэр үед хурдан морьд уралдахдаа 16 метр газрын хашааг түр зуур буулгаж авчихаад энэ зайгаар хурдан морио уралдуулж болдог байсан. Тэр үед 16 метр зайтай байхад хурдан морь уралдаж болдог байсан бол одоо 100 метр дотор хурдан морьдуралдах хангалттай талбай бий. Газар авах процессын хувьд ямар ч хуулийг зөрчөөгүй. Тухайн үеийн сумын Засаг дарга ажлынхаа өрөөний цонхоор хараад Хилийн цэргээс урагш зайд газар зааж өгч байсан. Зааж өгсөн газарт нь сумын газрын даамлыг дагуулж очоод 4өнцгийнх нь координатын цэгийг Жи-Фи-Эс багажаар хэмжиж солбицлуудыг нь тэмдэглэн авч байсан. Бид өөрсдийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж аваад, газрын даамал ч мөн өөрөө бичиж тэмдэглэж авч байсан юм. Ийнхүү анх заалгаж авсан газар маань 1 га газар хүрэхгүй газар бий. Анх зааж өгсөн газарт нь ямар ч өөрчлөлт орсон зүйл байхгүй. Хөвсгөл аймгийн У************* сумын Төгөл 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хэлэлцэх асуудалд манай байгууллагын хашааг буулгах талаар анхнаасаа байгаагүй. Бид ямар нэгэн хууль зөрчөөгүй, иргэдийн эрх ашгийг хөндөөгүй, харин ч иргэдэд эерэг эрх ашгийг бий болгосон. Манай байгууллага нь албан ёсны төрийн байгууллага. Холбогдох баримт бичгийг хууль дүрмийн дагуу цуглуулж, Газрын хуульд заасан байх ёстой бүх баримт бичгийг бүрдүүлж газрыг авсан.
Хилийн цэргийн хашаанаас урагш 150 метр зайд хашааны газар авахад модны төгөл рүү буюу ойн сан бүхий газар руу орох гээд байсан. Тиймээс модны захад зааж өгсөн газарт нь хэмжилт хийлгээд газраа авсан.
... 2013 оны улсын төсвөөр Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны барилга баригдах болсон. Яамнаас газрын асуудлаа шийдвэрлэ, барилга барих төсвийг шилжүүлнэ гэсэн бичиг ирсний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр У************* сумын Засаг даргад хандсан. Төрийн байгууллагад олгох газар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг бид шалгах үүрэггүй. Манай байгууллага саналаа өгөх л эрхтэй. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр одоо байгаа газрыг зааж өгсөн. Бид газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээгээ хууль ёсоор авсан. Манай Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдсан учраас хамгаалалтын захиргааны байр шинээр барих ёстой гэдгийг Засаг дарга мэдэж байх ёстой. Тиймээс төлөвлөгөөндөө оруулах эсэх асуудлыг Засаг дарга өөрөө мэдэрч байх ёстой. Өнөөдрийг хүртэл нэг ч хүн манай байгууллагын хашааны талаар ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй. Харин энэ хашаа барьснаар сайн зүйл боллоо гэж хэлсэн. Өмнө нь хурдан морь хадуурч давхидаг байсан. Одоо харин мод руугаа орохооргүй боллоо гэж хүмүүс ярьж байгаа.
2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгаль орчны байцаагч албан шаардлага өгсөн. Тэр улсын байцаагчийн албан шаардлагад заасан хугацаа нь дууссан хойно актаа өгсөн байсан. Яг ямар шаардлага тавьж байгаа нь тодорхойгүй байсан. Улсын байцаагчийн стандарт шаардлагад нийцэхгүй албан шаардлага байсан. Би улсын байцаагчтай өөртэй нь уулзаж байгаад гарын үсэг зуръя гэж хэлсэн. Тэгээд би байцаагчид энэ албан шаардлага чинь тодорхойгүй юм байна гэж хэлсэн чинь надад ямар ч хамаагүй юм аа, Засаг дарга намайг шахаад байсан учир би албан шаардлага өгсөн гэж хэлсэн. Байгаль орчны байцаагчийн албан шаардлагын утга нь Засаг даргын захирамжийг биелүүл гэсэн байсан.
Манай байгууллагын хашаа сумын байгаль орчин, эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Энэ талаар болон эргэлтийн өнцгүүдийн солбицол хөдөлсөн гэхмэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Газрын байршил хөдөлсөн эсэхийг дахин шалгаж үзэх нь зүйтэй. Эргэлтийн цэг үнэн зөв байгаа эсэхийг батлахын тулд дахин хэмжээд үзэхэд лболно шүү дээ. Манайхыг 8 метр хөдөлгөсөн гэж байсан. Тэгээд тухайн үеийн Засаг даргахөдөлсөн гээд байгаа буланг нь мөлийлгөөд орхичихгүй юу гэж хэлсэн. Би Засаг даргын хэлснээр хашааныхаа нэг өнцгийг мөлийлгөж барьсан.
Би хууль зөрчөөгүй үйлдэл хийснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Хууль зөрчсөн ямар нэгэн буруутай этгээд нь хариуцлага хүлээх ёстой. Улсын төсвийн хөрөнгө мөнгө зараад төрийн байгууллага хашаа барьж эд хөрөнгөтэй болсон хойно хууль зөрчлөө гэж хохироох гээд байна. Хууль зөрчөөгүй байгууллагыг хууль зөрчсөн байгууллагатай харшилдуулж иргэдийн дунд хагаралдуулах бодлого барьж байна. Засаг дарга өөрийн бүрэнэрхийн хүрээд захирамж гаргах эрхтэй. Эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж газар өгсөн гэж үзэж байна. Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр нэр нь байгаа хүмүүс бол хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн анхдагчид нь шүү дээ. Нэхэмжлэгч Ж.Б************* та ч өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Тэдгээр хууль бусаар алт ухаж байсан хүмүүс цуглаад тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа руу дайръя гэхэд төрийн байгууллага түүнийг нь дэмжиж болохгүй шүү дээ. Хуулийн дагуу газраа авсан гэж яагаад тайлбарлаад өгч яагаад болдоггүй юм бэ. Хэн нэг хүний саналаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг юм биш. Тодорхой хэмжээний баримттай бодитой шийдвэртэй байх ёстой. Газрын хэмжээгээ өөрчилсөн гэж байгаа бол шалгах нь зүйтэй. Тодорхой эрх мэдэлтэй хүн тодорхой хугацаанд захирамжаа гаргасны төлөө дараагийн дарга хүчингүй болгоод байх юм бол утгагүй. Гаргасан шийдвэр нь хууль бус байсан юм бол тухайн албан тушаалтны буруу. Аливаа албан тушаалтан буруу шийдвэр гаргасны төлөө, тухайн шийдвэрийг дагаж мөрдсөнийхөө төлөө манай байгууллагабуруудах ёсгүй. 2012 онд манай байгууллага байгуулагдаж байсныг албан тушаалтнууд мэдэж л байсан. Үүнийгээ яагаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулж өгөөгүй юм бэ? Би газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж өгөөч гэж хүсэлт гаргах эрхгүй. Энэ бол газрын даамал, Засаг дарга нарын эрх хэмжээний асуудал юм.
Би иргэний гомдлын дагуу хариуцагчийн татаж авсан модонд шалгалт хийхэд хууль бусаар бэлтгэсэн мод байсан. Прокурорын шатанд ирээд Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон. Хууль бус зүйл хийгээгүй гэж тогтоогдсон юм биш шүү дээ гэв.
Гэрч У************* сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай Б.Э************* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эзэмшиж байгаа газрыг би 2013 оны 03 дугаар сард 1 га хэмжээнд багтаан хэмжиж өгсөн. Яг нэг га гэсэн хэмжээндээ арай хүрээгүй, жаахан дутуу байгаа. Одоо хашаа баригдсан байгаа газар мөн. У************* сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгасан 50.000 га газарт Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 1 га газар ороогүй байсан. Сумын газар зохион байгуулалтын төлөлөвлөгөө баталсны дараа зарим жилд төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зүйл байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төрийн байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг нэмж оруулъя гэж санал оруулах боломжтой. Надад У************* сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал ирээгүй. Аж ахуйн нэгж байгууллагын саналыг үндэслэж Засаг даргад өргөн барьдаг. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцдэг. Сумын Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах боломжтой байсан. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтынзахиргааны эзэмшиж буй газар нь хэн нэгний газартай давхцсан, бусдын эзэмшлийн газрынорц, гарцыг хаасан зүйл байхгүй. Тухайн үед эзгүй газар шинээр газар өгч байсан. Засаг даргын захирамжид баримжаагаар 150 метр зайд гэж бичсэн байх. Тухайн үед 150 метр зайд газар олгохоор хэмжиж үзэхэд мод руу орох гээд байсан учир олгох газрын хэмжээгөргөн талаар нь биш уртыг нь сунгаж олгосон. Тэгээд эргэлтийн цэгүүдийн хөрсийг авч тэмдэглэсэн. Тэмдэглэсэн цэг дээрээс солбицолыг нь бичиж аваад 4 булангийн эргэлтийн цэгийг тогтоосон. Тэгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Т*************-ийн Жи-Пи-Эс аппаратаар газрын солбицлыг хэмжиж өгөөд би өөрөө бичиж авсан. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эзэмшлийн газрын 4 булангийн цэгийг тэмдэглэсэн энэхүү тэмдэглэл нь /ХХ-ийн 77 дугаар хуудсыг заав/ тухайн үед миний тэмдэглэж авсан цэгүүдийн координаттай тохирч байна. Эдгээр эргэлтийн цэгүүд хөдөлсөн. Тодорхой хугацааны дараа Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хашаа барих ажлаа эхлээд шонгоо суулгасан. Тухайн үед нь би очоод ойн ангийнханы багажийг гуйж аваад нүхээ малтсан цэгүүдийг хэмжсэн. Түүний дараа Мунгараг багийн иргэдийн нийтийн Хуралд явах гэж байхдаа замаараа хашаа барьж байгаа байдлыг шалгасан. Таны зааж өгсөн цэгээс хойшоо газар ухаж байна гэж иргэдээс мэдээлэл гарсны дагуу тухайн газарт нь очоод үзэхэд 1 номерийн цэг хойшоо болсон байсан. Хуучин байранд нь оруулаарай гэж шаардлага тавьсан. Доод цэг нь 50-40 градус хоёрын хооронд 27 минутад ямар хэмжээ гарахыг би мэдэхгүй. Дээд талын цэг хөдөлсөн эсэхийг би мэдэхгүй байна. Дээд талын цэг гэдэг нь Усны сав газрын захиргааны талын булан юм. Ойн ангийн Жи Пи Эс бол байнгын тохиргоо хийгдэж байдаг багаж юм. Зөрүүтэй гарах боломжгүй. Хөрсийг хуулж тэмдэглэсэн цэгээс 8 метр орчим нүүлгэсэн байсан учир би хуучин байранд нь хашаагаа барь гэдэг шаардлагыг тавьсан. Тухайн үед метргүй байсан учир нарийн мэдэхгүй байна. Онгоцны буудлын хашаа байхад хашааны доод хавиргыг аваад уралдуулдаг байсан. Хашааны хавиргын түр нурааж тухайн үед морь уралдахад гаргадаг байсан газрын зай хэмжээ, одоо байгаа хэмжээхоёрын одоо байгаа нь том гэж үзэж байна. Намайг хашаагаа дотогш тат гэсэн шаардлага тавихад биелүүлэлгүй газраа сунгаж шонгоо суулгасан байна. Намайг шаардлага тавьчихаад байхад миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй байсан учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд би саналаа өгсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааг 13-26метрээр хасах шийдвэр гаргасан. ... Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг гарч Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааны газарт нь очиж хэмжилт хийсэн. Тухайн ажлын хэсгээс дээд талаас 13, доод талаас26 метр хас гэсэн тоо гарсан учир тогтоол гаргасан. Намайг хэмжихэд 8 метр байсан ажлын хэсэг 5 метрийн зөрүүтэй хэмжсэн байсан. Иргэн, хуулийн этгээд хашаагаа дур мэдээд сунгаад барьчихсан тохиолдолд Байгаль орчны байцаагч мэднэ. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Байгаль орчны байцаагчаас удаа дараа шаардлага тавьсан байх. Засаг дарга эзэмшүүлэх газар олгохдоо өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан. Уг нь төлөвлөгөөнд тусгагдсан газраас газар олгох ёстой.Барьсан хуулийн заалт нь бол зөв. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас газар эзэмших хүсэлт өгсөн байх. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоол хэрэгжээгүй учир тогтоолыг хэрэгжүүлэхээр газар албадан чөлөөлүүлэх Засаг даргын захирамж гарсан. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа нь нийтийн эрх ашгийг хөндөж байна гэсэн ямар нэгэн гомдол саналиргэдээс гарч байгаагүй. Төгөл багийн нутагт Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эзэмшлийн газар хамаарч байгаа. Иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг үгүйсгэхгүй. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хашаагаа 13 метр, 26 метрээр татах боломжтой гэж үзэж байна ... гэв.
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал ньХөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэг. Маргааны зүйл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааныталаар
Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх шийдвэрт, хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн бөгөөд У************* сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг маргаан бүхий захиргааны акт гэж үзлээ.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс маргаан бүхий захиргааны акт болон У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот албан бичгээр[1] хандсан байх ба Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2610 тоот албан бичгээр[2] хариу ирүүлжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэн захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдснээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргахаар,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгохоор заажээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас маргаан бүхий захиргааны актыг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан албан бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга хариу өгөхдөө маргаан бүхий актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дурдаагүй, хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулжээ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулах нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлдэг.
Энэ тохиолдолд аймгийн Засаг дарга, У************* сумын Засаг дарга нар нь үүрэг хүлээсэн этгээд болох бөгөөд үүрэг хүлээсэн этгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзлээ.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын талаар
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргад холбогдуулан "Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн, сумын 2012, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмших тухай гэрээ байгуулж гарын үсэг зураагүй байхадУлаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд газар олгосон гэж маргасан байх ба гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Улаан-Уулсумын Төгөл буюу 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байр барих зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ авсан болох нь Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар[3], 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний[4] нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000434052 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар[5] зэргээр нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан.
Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ, У************* сумдын нутаг дэвсгэрт орших Тэнгис-Шишгэдийн голын сав газрыг байгалийн цогцолборт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд шинээр авсан, Улаан тайгын байгалийн цогцолборт газарт Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумдын зарим хэсгийг хамруулан өргөтгөж, ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгосонтой тус тус холбогдуулан Улаан тайгын, Хорьдол Сарьдагийн дархан цаазат газруудын болон Тэнгис-Шишгэдийн ай сав газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтыг хариуцах, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 дугаар тушаалаар[6]Хөвсгөл аймгийн У************* суманд байгуулсан ба гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар төсөвт байгууллагад хамаарч байгаа болох нь сайдын дээрх тушаал болон Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний[7]нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-д зааснаар ... нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 21.4.3-д зааснаар ... газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших хүсэлтээ Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргад гаргасан болох нь Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгийн[8] нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Улмаар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газар эзэмших хүсэлтийг нь Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга хүлээн авч 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамжаар олгосон 1 га газар нь У************* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор[9] батлагдсан тус сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэрлэн заагдаагүй боловч сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гарган Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд газар эзэмших эрх олгосон байна.
Харин төсвийн байгууллагад газар эзэмшүүлэх талаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бол сумын Засаг дарга энэ тухай саналаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх бүрэн эрхтэй.
Гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй боловч ийнхүү хүссэн газар нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах, эсхүл сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгахыг шаардах үүрэггүй.
Харин сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.1-д зааснаар сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-д зааснаар ... нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх эрх хэмжээтэй бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ... сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх юм.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу У************* сумын газрын даамал Б.Э************* Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эзэмшлийн газарт 211501288 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг нээж, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 000434052 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь 211501288 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэргийн[10] нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Ийнхүү Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Газрыг ... хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 28 дугаар зүйлийн 28.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна. 28.1.2. төрийн байгууллагын гэж зааснаар газар эзэмших эрхтэй болжээ.
Дээрх 211501288 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд[11] гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Т*************-ийн үсэг зурагдаагүй боловч газар эзэмших гэрээ байгуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас нотлох баримтаар ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний[12] нотариатаар гэрчлүүлсэн хуулбар дээр Ж.Т*************-ийн газрын үсэг зурагдсан байна.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх нь сумын газрын даамлын үүрэг бөгөөд У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамж[13] хүчин төгөлдөр байгаа, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 000434052 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[14] олгогдсон, 211501288 тоот нэгж талбарын хувийн хэрэг[15] нээгдсэн байгаа зэргээс үзэхэд У************* сумын газрын даамал, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь маргаан бүхий захиргааны актаар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Төгөл багийн нутаг дэвсгэрт 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон нь авто зам, улсын баяр наадмын хурдан морины уралдаан олон жил уламжлал болон гүйж ирсэн замд саад болж зарим хэсгийг хаасан, сумын төвийн өнгө үзэмж, эмх цэгцэд сөргөөр нөлөөлж, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж маргажээ.
Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар захирамж нь Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд газар эзэмших эрх олгосон эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм.
Энэхүү захиргааны акт нь авто зам, улсын баяр наадмын хурдан морины уралдааны замыг ямар нэг хэмжээгээр хааж, саад болох үр дагаварт хүргээгүй болох нь Хөвсгөл аймгийн У************* сумын Төгөл багийн нутаг дэвсгэрт буюу Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа, Хилийн цэргийн заставын хашааны хоорондох зайд үзлэг хийж Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааны баруун хойд үзүүрээс У************* сумын Хилийн цэргийн заставын хашааны баруун урд үзүүр хүртэл 93,7 метр, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааны зүүн хойд үзүүрээс эсрэг талд харалдаа орших хашаанд хүртэл 87,4 метр зайтай болохыг тогтоосон 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл[16], үзлэгийн үеэр авч бэхжүүлсэн гэрэл зургууд[17],
Гэрч У************* сумын морин спорт, уяачдын холбооны тэргүүн Д.Д*************-ийн Хилийн цэргийн хашаа, Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа хоёрын хоорондох зайгаар морин уралдаан явагдах боломжтой, морин уралдаанд саад болсон зүйл байхгүй гэж үзэж байна. ...Энэ хоёр байгууллагын хоорондох зайгаар морин уралдаан болж ирсэн уламжлалтай. Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа баригдсанаас хойш 2014, 2015 онд наадам хийж морь уралдуулахад ямар нэгэн хүндрэл саад учраагүй гэх мэдүүлэг,
Гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Т*************-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан Хилийн цэргийн заставын хашаа манай байгууллагын хашааны хооронд 100 орчим метр зайтай байгаа. Намайг бага байхад Хилийн Цэргийн хашаа, манай байгууллагын хашааны хооронд байгаа энэ газарт онгоцны буудлын хашаа гээд том газрыг хашчихсан байдаг байсан. Тэр үед хурдан морьд уралдахдаа 16 метр газрын хашааг түр зуур буулгаж авчихаад энэ зайгаархурдан морио уралдуулж болдог байсан. Тэр үед 16 метр зайтай байхад хурдан морь уралдаж болдог байсан бол одоо 100 метр дотор хурдан морьд уралдах хангалттай талбай бий. Өнөөдрийг хүртэл нэг ч хүн манай байгууллагын хашааны талаар ямар нэгэн гомдолсанал ирүүлээгүй гэх тайлбар,
Гэрч Б.Э*************-ийн шүүх хуралдаанд өгсөн Хашааны хавиргын түр нурааж дээр үед морь уралдахад гаргадаг байсан газрын зай хэмжээ, одоо байгаа хэмжээ хоёрын одоо байгаа нь том гэж үзэж байна гэх мэдүүлэг, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн хурдан морьдын уралдаж байгаа байдлыг харуулсан гэрэл зураг[18] зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн сумын төвийн өнгө үзэмж, эмх цэгцэд сөргөөр нөлөөлж, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн зүйл байхгүй болох нь Хөвсгөл аймгийн У************* сумын Төгөл багийн нутаг дэвсгэрт Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газарт хийсэн үзлэгийн үеэр авсан гэрэл зургууд[19], гэрч Д.Д*************-ийн ... Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа ... манай сумын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн зүйл ч байхгүй ... гэх мэдүүлэг, гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Т*************-ийн Бидний барьсан хашаа бол У************* сумын өнгө үзэмжийг муутгах биш хамгийн чанартай, материал хэмнэсэн, үлгэр жишээ болохуйц хашаа болсон гэж аймгийн удирдлагууд, орон нутгийн иргэд ярьж байдаг, үлгэр жишээ авдаг гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эзэмшил газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй, орц, гарцыг хаагаагүй болох нь нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Б************* ийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны хашаа бусдын эзэмшил газартай давхцаагүй, орц, гарцыг хаагаагүй гэх тайлбар, гэрч У************* сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай Б.Э*************-ийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эзэмшиж буй газар нь хэн нэгний газартай давхцсан, бусдын эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан зүйл байхгүй гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Улаан сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралиргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжилтийг хангуулж, гомдлыг барагдуулна уу. иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар байгаад 2-3 жил болж байна. Нутгийн өөрөө удирдах ёсонд хамгийн анхны нэгжийн шийдвэрийг тулгуурлаж шийдвэр гарах ёстой байдаг. Харин манай сумын хувьд иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хэрэгждэггүй гэж маргажээ.
Хөвсгөл аймгийн У************* сумын Төгөл буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, иргэдийн санал хүсэлтийг үндэслэн Төгөл багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа нь хурдан морины зам хааж баригдсан тул уг хашааг өөр газар бариулах, эсвэл багасгах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг сумын ИТХ-ын дарга /С.Шишгэдмаа/, сумын Засаг дарга /М.Батцогт/ нарт уламжлахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.1.9-д хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж,
Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж тус тус заажээ.
Хөвсгөл аймгийн У************* сумын Төгөл буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа буюу газартай холбоотой асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан байх тул Газрын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурал ямар эрх хэмжээтэй байхаар заасныг баримталж шийдвэр гаргах ёстой юм.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх-ийг багийн иргэдийн нийтийн Хурал эдэлнэ гэж заасныг ойлгохдоо ямар асуудлыг хэлэлцэж байгаагаас хамаарч тэрхүү харилцааг зохицуулсан хуульд багийн иргэдийн Нийтийн Хурал ямар эрх хэмжээтэй байхаар заасан байна түүнийг баримтална гэж ойлгоно.
Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1. нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах,
22.1.2. баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах,
22.1.3. газар ашиглалт, хамгаалалтын талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх гэж зааснаас үзвэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь бусдын эзэмшлийн газрыг өөрчлөх, багасгах асуудлыг шийдвэрлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад уламжлах, санал гаргах эрхгүй байна.
Нэхэмжлэгч У************* сумын Төгөл 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Б************* Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхашаанаас 1-2 хавирга хас гэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бий. Газар авах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэдэг юм бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж байх хэрэгтэй юм уу гэж, хариуцагч У************* сумын Засаг дарга Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь одоо болтол яагаадсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаартай хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэж тус тус маргаж байгаа боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж буй газрыг хүчингүй болгох, эсхүл хэмжээг нь багасгах тухай шийдвэр гаргах эрхгүй. Учир нь:
Хөвсгөл аймгийн У************* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор[20] Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаа барьсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч гомдол, шүүмжлэл дагуулж байгаа тул доод талаас 26 метр хавирга, дээд талаас 13 метр хавирга дотогш тус тус татаж барих буюу эс зөвшөөрвөл бүрэн буулгаж, өөр газар олгох арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгожээ.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1. газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх;
20.1.2. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
20.1.3. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;
20.1.4. бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах.
20.1.5.үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох гэж заажээ.
Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ... сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхийг барьж Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашааг доод талаас 26 метр хавирга, дээд талаас 13 метр хавирга дотогш татаж барих буюу эс зөвшөөрвөл бүрэн буулгаж, өөр газар олгох арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ... сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар заасан болохоос биш нэгэнт эзэмших эрх олгогдсон газрын хэмжээг багасгах,газрын байршлыг өөрчлөх, өөр газраас солих бүрэн эрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй байна. Бусдын эзэмшлийн газрыг багасгах, байршлыг өөрчлөх, өөр газраар солихыг шаардах нь ... сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж байгаа хэрэг биш.
Эрх зүйт төрийн үед захиргааны байгууллага, албан тушаалтан гагцхүү өөрт хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд л шийдвэр гаргах боломжтой ба хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй юм.
Захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргавал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасанчлан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан илт хууль бус захиргааны акт болно.
Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн нөлөөгүй буюу ямар нэгэн эрх зүйн үр дагаварт хүргэдэггүй тул иргэн, хуулийн этгээд түүнийг биелүүлэх үүрэггүй бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтан түүнийг биелүүлэхийг шаардах эрх зүйн үндэслэлгүй байдаг онцлогтой.
Иймд хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан У************* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоол, У************* сумын Төгөл багийн иргэдийн нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолууд нь тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасанчлан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан илт хууль бус захиргааны акт байх тул эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэхийг гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргаанаас шаардах хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Б************* ... Даваахүү гэж хүн одоо хашаагаа Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаатай зэрэгцүүлж барина гэж ярьдаг. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаатай барьцаж иргэд хашаагаа томруулах талаар яригдах болсон гэж маргаж байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг ба тус сумын иргэд тэр дундаа Төгөл багийн иргэд Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших боломжтой.
Харин иргэд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаатай барьцаж байгаа гэдэг нь газар эзэмшигч гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох, эзэмшиж буй газрын хэмжээг багасгах, өөр газраар солих эрх зүйн үндэслэл болохгүй юм.
Газрын тухай хуулийн 39, 40, 41, 42 дугаар зүйлүүдэд Газар эзэмших эрх дуусгавар болох, Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх, Гэрээний хугацааны дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах нөхцлүүдийг хуулиар тусгайлан тогтоосон бөгөөд хуульд заасан эдгээр нөхцлүүд үүсээгүй байгааг дурдъя.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 тоот захирамжийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1.1-д заасныг зөрчиж гаргасан байна гээд уг захирамжийг хүчингүй болгохоор Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тус сумын Төгөл багийн иргэд Нийтийн Хурлын даргын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн байх боловч хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчиж, гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг дарга нэхэмжлэлийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 тоот захирамжийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрч буй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 39, 40, 41, 42 дугаар зүйлд заасныг болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан төрөөс газрын талаар баримтлах газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж байна.
Түүнчлэн газар эзэмших эрхийг шударгаар олж авсан гуравдагч этгээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд эерэг үйлчлэл үзүүлж буй захиргааны актыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж байна.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд олгосон газар нь У************* сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа нь гуравдагч этгээдийн буруу биш бөгөөд аливаа хариуцлага хүлээх үндэслэл нь гэм буруу байх шударга ёсны зарчим байдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгохоор заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлтэй.
Харин дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 тоот захирамж нь нэхэмжлэгч У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон У************* сумын 5 дугаар багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээдийн зүгээс У************* сумын Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдаагүй бөгөөд хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж маргаж байгаа боловч тухайн өдөр У************* сумын Төгөл багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Хариуцагч, гуравдагч этгээд нар Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд олгосон газрын байршлын эргэлтийн өнцөг өөрчлөгдсөн, өөрчлөгдөөгүй гэж маргаж байгаа боловч үүнийг тогтоосон баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын буюу хашааны эргэлтийн өнцгийн байршилтай маргаагүй байна.
Харин хариуцагч, гуравдагч этгээд нарын маргаж буй хувийн ашиг сонирхол байгаа эсэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан эсэх, байгаль орчны байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байсан эсэх зэрэг бусад асуудал нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоогүй байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын "Хөвсгөл аймгийн У************* сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У************* сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] ХХ-ийн 5 дугаар хуудас
[2] ХХ-ийн 6 дугаар хуудас
[3] ХХ-ийн 3 дугаар хуудас
[4] ХХ-ийн 71 дүгээр хуудас
[5] ХХ-ийн 52, 74 дүгээр хуудас
[6] ХХ-ийн 91-92 дугаар хуудас
[7] ХХ-ийн 68 дугаар хуудас
[8] ХХ-ийн 69 дүгээр хуудас
[9] ХХ-ийн 20-46 дугаар хуудас
[10] ХХ-ийн 47-54 дүгээр хуудас
[11] ХХ-ийн 53 дугаар хуудас
[12] ХХ-ийн 71 дүгээр хуудас
[13] ХХ-ийн 3, 48, 70 дугаар хуудас
[14] ХХ-ийн 52, 74 дүгээр хуудас
[15] ХХ-ийн 47-54 дүгээр хуудас
[16] ХХ-ийн 100-101 дүгээр хуудас
[17] ХХ-ийн 102-106 дугаар хуудас
[18] ХХ-ийн 118 дугаар хуудас
[19] ХХ-ийн 102-106 дугаар хуудас
[20] ХХ-ийн 49 дүгээр хуудас