Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Г.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овгийн Гомбосүрэнгийн Нямбаярт холбогдох эрүүгийн 1709020770424 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 40-683 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хойд овгийн Гомбосүрэнгийн Нямбаяр, /РД:УД 82050215/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчлүүлж байсан таксины жолооч иргэн Ш.Баяндэлгэртэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709020770424 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Н нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тэр хүнд гар хүрээгүй, цохиж зодсон зүйл ерөөсөө байхгүй, энэ хүн нь анх машины багаж цохилоо гэж намайг барьж авч цагдаад өгсөн. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Их хэмжээгээр согтоогүй байсан. Би энэ залуугийн машинаас хаалгыг нь савж буугаад дахиж такси бариад явсанаа санаад байгаа, яг замын голд явсан эсэхээ санахгүй байна. Би тэр залуугийн машинд сууж явахдаа мөнгөн дээрээс болж хэрүүл хийсэн байх гэж бодож байгаа. Нэг мэдсэн чинь л тэр залуутай хэрэлдэж байснаа санаж байна. Би яг юунаас болж хэрүүл болсоныг санахгүй байгаа. Гар хүрээгүй гэдгээ санаж байна. Бид хоёрын дунд хэрүүл гарах үед бид хоёроос өөр хүн байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Баяндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Машинтайгаа 32-н тойрог руу өгсөөд шинэ замын автобусны буудлын ойролцоо зам дээр нэг согтуу залуу гартаа цамцаа барьсан байдалтай зорчих хэсгийн нэгдүгээр эгнээн дээр замаар явж байсан машинууд руу гараа савчаад танхайраад байсан. Тийм учраас миний бие согтуу хүн мөргөчихвий гэж бодоод машинаа удаашруулаад хоёрдугаар эгнээ рүү шилжээд тойроод хажуугаар нь гарахад миний машины хойд хаалганы ард гараараа нэг удаа цохисон...би их зөөлөн явж байсан болохоор толиндоо хартал арын машинд гар өргөөд суугаад хажуугаар өнгөрсөн ба түүний гар өргөн суусан машин гэрлэн дохио дээр зогсохоор нь би гүйж очоод сууж байсан машинаас нь буулгасан чинь тэр согтуу залуу “гудамж руу орьё чамайг ална шулна” гээд дайраад байхаар нь би “машинд суучих” гээд ардаа суулгах гэтэл урд сууна гэсээр байгаад хажууд суусан. Тэгээд хөдлөөд явж байтал нөгөө залуу гартаа утсаа барьж байснаа "...чи муу ийм утас барьж үзсэн үү..." гэж хэлээд гар утастай гараараа нүүрний зүүн талын хацар ам хэсэг рүү нэг удаа цохисон ба би бүүр болохгүй байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очтол Сүхбаатар дүүргийн цагдаа руу дуудлага өгөөд Сүхбаатар дүүргийн цагдаа эрүүлжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14092 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ш.Баяндэлгэрийн биед дээд уруулд өнгөц шарх, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.  
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/,  

 

Гэрч С.Сайнжаргалын мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, ХААН банкны дансны хуулга /хх-ийн 42-46 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, Г.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчлүүлж байсан таксины жолооч иргэн Ш.Баяндэлгэрийг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрууллаа, автомашин гэмтээж, амгалан тайван байдлыг алдагдуулж хэл үгээр доромжиллоо” гэсэн шаардлага тавьсаныг эсэргүүцэж түүний нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь дээд уруулд өнгөц шарх, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Баяндэлгэрийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №14092 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүх шүүгдэгч Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан, хохирогч шүүгдэгчид зүй ёсны шаардлагыг зохистой байдлаар илэрхийлээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Г.Нт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Ш.Баяндэлгэрээс бичгээр гаргасан хүсэлтэд “Миний бие хохиролд 200,000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 62 дугаар хуудас/,   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Хойд овгийн Гомбосүрэнгийн Нямбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Нт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН