Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02016

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ф.К  ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01811 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Ф.К  ХХК-ийн хариуцагч Т.Чад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 39 295 370.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, Д.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: “...Иргэн Т.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 5-ны өдөр  Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаан хуаран /13301/ Улаанхуарангийн гудамж 520 дугаар байр, 103 тоот хаягт байршилтай 50.23 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2204093726 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалан 34 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээлдэн авахаар ЖМ06205793 тоот зээлийн гэрээг байгуулсан. Зээлээ хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж уулзаж байсан. Зээлдэгч Т.Ч нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр төлөлт хийснээс хойш өөр төлөлт хийгээгүй, зээлээ төлөх эрмэлзэлгүй гэж үзэн 2019 оны 9 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан. Үүнээс хойш 2 удаа төлөлт хийсэн боловч зээлийн үндсэн төлөлт хийгдээгүй. Иймд иргэн Т.Чаас зээлийн гэрээний үүрэгт 39 295 370.33 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийг би ганцаараа аваагүй. Т.Чингэс нь өргөдөл бичиж хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурж зээл авсан, 34 000 000 төгрөгийг хамтран төлнө гэж гарын үсэг зурсан. Би дангаараа зээлийг хариуцах үндэслэл байхгүй. “Нэткапитал финанс” ББСБ 34 000 000 төгрөг өгөх ёстой байтал дундын данснаасаа нийт 33 990 000 төгрөг гаргаж өгсөн. Т.Чингэс бид хоёр зээлийг хамтран төлж байсан нь миний Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулгаас харагдана. Зээлийн гэрээний 2.1-д зааснаар 34 000 000 төгрөгийг Т.Чингэс, Т.Ч нарт олгох үүрэгтэй байсан боловч 33 990 000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 206.1 дэх хэсгийг ноцтойгоор зөрчсөн. Зээлийн гэрээний хугацаанд нийт 10 955 445 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2019 оны 10 сарын 09-ний өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 10 сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн. Зээлийн гэрээний үндсэн дүнгээс нийт 22 953 445 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 224.2.3-д зааснаар хүү, анз авах эрхээ алдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүрэг 34 000 000 төгрөгийг бүрэн гаргаж өгөөгүй. Зээлийн гэрээний үлдэгдэл 11 034 555 төгрөг болж байгаа. Дансны хуулгын ар талд төлбөрүүдийг шилжүүлсэн огноо, мөнгөн дүн харагдана. Би 22 666 610 төгрөг төлсөн нь дансны хуулгаас харагдана. Иймд 39 295 370 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Чаас зээлийн гэрээний үүрэгт 39 265 370.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ф.К  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Ч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093726 дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 520 дугаар байрны 103 тоот хаягт байрлах 50,23 м.кв талбайтай 3 өрөө орон сууцныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 354 276 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-тай 106205793 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр миний ах Т.Чингэс гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу ББСБ-аас 34 000 000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч зээлийг 2 хувааж шилжүүлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 19 790 000 төгрөгийг, 13 860 000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкин дахь 456082671 дугаарын дансанд тус тус шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх зээлдэгчийн МОСТ МОНИ банк дахь 106205792 дугаартай депозит дансанд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2 хуваан шилуүүлсэн гэж дүгнэжээ. Миний хувьд 106205792 дугаартай данс эзэмшдэггүй бөгөөд ийм данс эзэмшихээр аливаа банктай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй болно. Зээлийн гэрээний дагуу ББСБ-аас 34 000 000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлж 33 990 000 төгрөгийг олгосон байдаг. 33 990 000 төгрөг ашигласан, үр шимийг нь хүртсэн байх боломжтой байна. Харин үлдэх 10 000 төгрөгийг зээлдэгч нараас хэн нь ч хүлээн авч ашиглаагүй буюу үр шимийг нь хүртээгүй байна. Иймээс Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан байхад хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаанд 10 955 445 төгрөгийг төлсөн байна. Харин зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 10-р сарын 9-ний өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 10-р сарын 22-нд 6 000 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт тус тус төлсөн байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг үл ойшоон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Т.Ч миний бие Зээлийн гэрээний үүрэгт нийт 22 955 445 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гаргасан үндсэн зээлэнд 2 сая гаруй төгрөг төлсөн гэх тайлбарыг үндэслэн дахин 32 705 240.21 төгрөгийн үндсэн зээл, үндсэн хүү 6 560 130.12 төгрөг, нийт 39 265 370.33 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илтэд шудрага бус шийдвэр болжээ. Зээлийн гэрээний үлдэгдэл 11 034 555 төгрөг болж байна. Зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн төлбөрөөс 11 034 555 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад төлбөрийг үндэслэлгүй нэхэмжилснийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Зээлдүүлэгч мөнгөө шилжүүлэлгүй гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна. Нөгөө талаас зээлийн гэрээ 2018 оны 3-р сарын 05-ны өдөр байгуулагдсан боловч гэрээнд заасан мөнгийг тухайн өдрөө зээлдэгчид шилжүүлээгүй байдаг. Иймээс зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Харин 2018 оны 3-р сарын 09-ний өдөр 33 990 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзнэ. Иймээс 106205793 дугаартай зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй байна. Мөн түүнчлэн 2018 оны 3-р сарын 09-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл талууд ямар нэгэн хүү тохиролцоогүй, хүү төлөх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн тооцоолол алдаатай, ойлгомжгүй, талууд маргаж байхад анхан шатны шүүх түүнийг хүлээн авч ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал хугацаа хэтэрсэн үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу тооцон авахаар хуульд заасантай үл нийцэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл шийдвэрт өөрчлөлт оруулан 11 034 555 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Ф.К  ХХК нь хариуцагч Т.Чад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 295 370,33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Н.Ф.К  ХХК нь Т.Чтай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 106205793 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 34 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-1, 6-10/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

            Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “...нэхэмжлэгч Н.Ф.К  ХХК нь анх зээл олгохдоо 34 000 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоогүй, иймээс хүү төлөх үүрэггүй гэж...” тайлбарласан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан. Хэргийн 22 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагчид 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 34 000 000 төгрөгийг зээл олгов гэж шилжүүлсэн, харин Т.Чын Худалдаа хөгжлийн банкин дахь хугацаагүй хадгаламжид 33 660 000 төгрөгийн орлого хийгдсэн бөгөөд хариуцагчийн 34 000 000 төгрөгийг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар, гомдол үндэслэлтэй байна.

Харин Н.Ф.К  ХХК үйлчилгээ үзүүлж, зээлийн гэрээ байгуулж, хүүгийн хэмжээг тодорхой заасан, талууд харилцан тохиролцсон учраас уг хугацаанд хариуцагч мөнгийг ашигласан гэж үзэн хүү шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар зохицуулсан тул зээлдүүлэгч нэг зээлдэгчээс мөнгийг шаардсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Зээлийн гэрээ нь хүү тооцсон хариу төлбөртэй гэрээ юм. Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний 2.15-д зээл олгосны шимтгэл 1 хувь буюу 340 000 төгрөг төлөх талаар тохиролцсон гэх боловч хариуцагч уг шимтгэлийг зээлдэгч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх тул зээл олгосон шимтгэлийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч олгогдоогүй 340 000 төгрөгт хүү тооцож шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлийн гэрээгээр 33 660 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Нөгөө талаар зээлийн гэрээгээр хариу төлбөртэй хүү тогтоосон атлаа давхар үйлчилгээний хураамж, шимтгэл авахаар тогтоосон уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус болно. 

Зээлдүүлэгч нь зээл олгосон шимтгэлд 340 000 төгрөг суутган авсан болон зээлийн гэрээний дагуу зээлдэгч 22 955 445 төгрөг буцаан төлсөн талаар маргаагүй болно.

            Иймээс зээлийн гэрээний үүрэгт 33 660 000 төгрөгийн 18 сарын хүү, нийт 57 289 320 /1 312 740*18=23 629 320+33 660 000/ төгрөгийг төлөх учиртай. Үүнээс хариуцагчийн төлсөн 22 955 445 төгрөгийг хасч /57 289 320-22 955 445/ 34 333 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Ф.К  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 961 495.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан Т.Чын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 520 дугаар байрны 103 тоот хаягт байрлах 50,23 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01811 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “39 265 370,33”  гэснийг “34 333 875,33” гэж, “30 000” гэснийг “4 961 495.33” гэж, 3 дах заалтын “354 276” гэснийг “329 619” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 299 105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                       Б.НАРМАНДАХ