Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/334

 

 

 

 

 

 

    2023          3             29                                         2023/ДШМ/334

 

  Б.Б-д холбогдох эрүүгийн

                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос,     

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2206012013707 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн ....................-ын ..........., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..................... төрсөн, .. настай, э..эгтэй, .................... боловсролтой, мэргэжил........., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .................. нарын хамт ............. дүүргийн .. дугаар хороо, ................ дугаар гудамж, .. тоотод оршин суух, /РД: ................./;

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 471 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 28 хоногийн хугацаагаар хорх ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны ойролцоо хохирогч Ц.Х-ын “Редми нөүт 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр сургуулийн урд байрлах “Мөнхийн давалгаа” дэлгүүр дотор насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн халааснаас “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 474.050 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19-ийн автобусны буудлын явган хүний гарцаар гарч байсан хохирогч Б.Ш-гийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 3 жил 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн биечлэн эдлэх 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс нийт 1.294.050 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Х-д 320.000 төгрөг, Б.Э-д 474.050 төгрөг, хохирогч Б.Ш-д 500.000 төгрөг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсгийн 2.4-т шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцүүлэн үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон байдал нь миний эрх зүйн байдлыг дордуулсан заалт болсон. Энэ тогтоолоор ял шийтгүүлсэн хулгайн 3 удаагийн үйлдлийн 1 болох Ц.Х хохирогчтой, хохирол нь 320.000 төгрөг буюу тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа нь эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлийг бүрдүүлээгүй байхад үргэлжилсэн гэмт хэргийн ангилалд тооцсоноор оногдуулах ялыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд нөлөөлсөн нь эсрэгээрээ миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа учир хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг үйлдэл тус бүр журамлан дээрх 320.000 төгрөгийн хохирол бүхий 1 удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэн ялтан шүүхээс оногдуулсан ял эдлэх хугацаанаас өмнө буюу шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрвэл хэрхэн шийдвэрлэх талаар ямарч хуульчилсан заалт байхгүй байхад 2 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялын дээд хэмжээнээс илүү хугацаагаар ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Мөн прокурор төрийг төлөөлөн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа байдал нь Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин шүүгдэгчийн хувийн байдлыг хуульд зааснаар эcрэг, сөрөг бүх талаас нь судалж тогтоолгүй зөвхөн урьд өмнө ял эдэлж байсан байдлыг харгалзан хуулийн хүчингүй болсон заалтыг дахин хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдал болгон олон жилийн хорих ялын санал оруулж, шүүхийн шүүн таслах ажиллагаанд шууд нөлөөлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа байдлыг сайтар хянаж өгнө үү. Жишээлбэл, улсын яллагч урьд олон удаа ял шийтгэгдэж байсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4-5 жилийн хорих ялын саналыг шүүхэд оруулсанаар шүүхийн ажиллагаанд нөлөөлж, энэ зүйл, хэсэгт заасан бусад албадлагын чанартай хөнгөн ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулах боломжгүй болгож байгааг анхаарч үзнэ үү.

Миний бие өмнөх хэргийн шүүн таслах ажиллагаанаас өмнө мөрдөгч болон прокурорт хэлж нэг мөр нэгтгэн шийдвэрлүүлэхийг хүссэн боловч үүнийг хүлээн аваагүйгээс болж миний эрх зүйн байдал дараах байдлуудаар хохироод байна.

Дахин шүүхээр шийтгүүлэхээр дуудагдаж ирсэнээр хорих ангидаа тодорхой ажил хөдөлмөр эрхлэн буюу 1 сард шагналын 10 хоног авдаг байсан маань хязгаарлагдаж, ингэснээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо хорих ангид хөдөлмөрлөсөн хөлсөөрөө төлөх боломж хаагдсан. Мөн ялтан би шагналын тогтмол хоногоо алдсанаар миний шууд асрамжинд байдаг, одоо өндөр настан аав дээр минь байгаа 4-8 насны 2 хүүхэд дээрээ очих хугацаа маань хойшлогдож миний эрх зүйн байдал маш ихээр дордож байна.

Хууль хэрэглээний дээрх алдаанаас үүдэн миний хуулиар олгогдсон эрх маш ноцтой зөрчигдөж байгааг анхааралтай хянаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сараас 5 жилийн хорих ялтай, гэтэл би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 удаа шийтгүүлж уг ялуудыг нэмж нэгтгэснээр 5 жил 8 сар 9 хоног буюу ялын дээд хэмжээнээс 8 сар 9 хоногийн илүү ял эдлэхээр тогтоогдоод байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа ялтан уг ялыг эдэлж дуусахаас өмнө дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд дахин ял шийтгэл оногдуулж нэмж нэгтгэхийг маш тодорхой хуульчилсанаас биш өмнө нь үйлдсэн гэмт хэрэг ял эдлэхээс өмнө илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх заалт Эрүүгийн хуульд огт тусгагдаагүйг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдолд тайлбар байхгүй. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн хувьд түүнд 1 жилийн хорих ял буюу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлтийг хэлж байсан. Б.Б-гийн давж заалдах гомдлоос харахад ялын хэмжээ нэмэхэд нөлөөлсөн гэхээр цаад санаа нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан гэж ойлгож байна. ...” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч давж заалдах гомдол гаргахдаа хууль сайн судлаагүй, өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөгүйгээр гаргасан гэж үзэхээр байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээний асуудлыг 2002 оны Эрүүгийн хуульд тусгасан. Одоо бидний мөрдөж байгаа хуулиар буюу 300.000 төгрөг буюу бага хэмжээний хохирлын асуудал яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 2020 онд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, ял шийтгүүлэхээс өмнө өөр хэрэг үйлдсэн нь илэрвэл нэмж нэгтгэх талаар зохицуулалт орсныг анзаараагүй гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйлгүй. Тухайн хүнд ял оногдуулахдаа прокурор дотоод итгэлээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэнэ. Шүүгдэгч Б.Б өмнө нь 7 удаа ял шийтгүүлж байсан. Төрөөс өршөөл үзүүлж байхад дахин гэмт хэрэг үйлдсэн. Иймээс прокурор шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол нөхөн төлөх байдалд санаачилга гаргасан зэргийг тус тус харгалзан ялын саналыг тавьсан. Шүүх үнэн зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны ойролцоо хохирогч Ц.Х-ын “Редми нөүт 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Х-ын “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Кино урлагийн дээд сургуулиас хичээлээ тараад, найз Отгоннямтай уулзаад, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Голомт банк хүртэл алхаад, тус банкны урд явж байхад эгчтэйгээ гар утсаар ярих гээд шалгасан чинь байхгүй болчихсон байсан. ...Миний алдсан утас “Редми нөүт 8” цэнхэр өнгийн ууссан өнгөтэй, ард талыг таг дээрээ сэв зураас байхгүй, шилэн наалт байхгүй, ард кейс дотор карт, манай найз залуугийн зураг байсан. ...” /1 хх 24/,

гэрч С.Г-гийн “...Тухайн камерын бичлэг дээрх этгээдийхэн болохыг олж тогтоох чиглэлээр ажиллахад халаасны хулгайн гэмт хэргийн сэжигтний бүртгэлд байдаг Батбаярын Б гэгч нь мөн болох нь тогтоогдсон. Тухайн этгээд нь бусад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдээс явдал болон биеийн хэлбэрээрээ содон шинж тэмдэгтэй бөгөөд баруун хөл нь доголон, явахаараа хазганаж явдаг тэр шинж тэмдэг болон камерын бичлэгт бичигдсэн царай зүсээр нь Б 100 хувь мөн болохыг олж тогтоосон. ...” гэсэн /1 хх 47-48/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БЗД2- 22-380 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 26-27/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-17/,

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр сургуулийн урд байрлах “Мөнхийн давалгаа” дэлгүүр дотор насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн халааснаас “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 474.050 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн “...Би 2022 оны 3 дугаар сарны 01-ний өдөр 13 цагийн үед хичээлээ тараад, найз Маралмаа, Номин-Эрдэнэ хоёртой хамт явж байсан. 39 дүгээр сургуулийн урд талын “Мөнхийн давалгаа” гэдэг нэртэй хүнсний дэлгүүр дотор орж ирээд халаасандаа гараа хийсэн чинь миний “Самсунг А12” загварын гар утас байхгүй болчихсон байхаар нь цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 39-40/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ЧД2-22-201 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 58-59/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 63-65/,

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19-ийн автобусны буудлын явган хүний гарцаар гарч байсан хохирогч Б.Ш-гийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Ш-гийн “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Өнөр цогцолбор сургуулиас хичээлээ тараад, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын явган хүний гарцаар зам гарах гэж байгаад гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн байсан “Айфоне 8 плас” загварын гар утсаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 173/,

“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Ц-761 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 175-176/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 163-165/, Б.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /1 хх 41-44, 131-135, 239-243, 2 хх-73-76, 117-120/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.Б-гээс “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Б-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хор хохирол болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж Б.Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 3 жил 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн биечлэн эдлэх 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

 

          ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР