Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2016/0016

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Н************* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ, НИК-2 шатахуун түгээх станцуудын дунд байрлах Н************* ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалттай 500 метр квадрат газарт хийгдсэн кадастрын зургийг баталгаажуулан газрын мэдээллийн санд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н************* ХХК-ийн захирал Л.Н************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Б************* , гуравдагч этгээд П.С************* , шинжээч Х.И************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ шатахуун түгээс станцын зүүн талд Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар захирамжаар иргэн Д.Цэрэннадмидад шатахуун түгээх станцын зориулалтаар газар олгогдож газрын харилцаа анх үүссэн.

Мөрөн сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар захирамжаар иргэн Д.Ц*************-с Н************* ХХК-д тус газар эзэмших эрх шилжсэн. Тухайн үеийн газрын эрх мэдэлтнүүд газрыг гэрээ гэрчилгээг бичиж олгохгүй байснаас үндэслэн Н************* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 461 тоот магадлалаар Мөрөн сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар захирамжийн хавсралт 3-ын 4 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэхийг Мөрөн сумын Газрын даамалд даалгасан.

Шүүхээр газрын асуудал хэлэлцэж байх энэ хугацаанд Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар захирамжаар Түвшин-Ундраа худалдаа, үйлчилгээний төвийн захирал П.С************* д 800 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгосон. Энэ 133 дугаар захирамжаар П.С************* д олгосон газар нь манай шатахуун түгээх станцын газартай давхацсан тул тус 133 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2010 оноос шүүхэд хандаж хэлэлцэгдсэний эцэст 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 тоот захирамжаар П.С************* гийн газар нь Н************* ХХК-ийн газартай давхцаагүй гэсэн утга бүхий шийдвэр гарсан.

Газар эзэмшигч 2 тал Н************* ХХК, П.С*************  нар нь шүүхийн шийдвэр бүхий газартай тул газрын маргаангүй боловч Н************* ХХК-аас шатахуун түгээх станц барихад П.С************* гийн хашаа шахагдаж баригдсанаас үүдэн зай хэмжээний хувьд хүндрэл учирч байгаа болно.

Анх иргэн Д.Цэрэннадмидад 2500 метр квадрат газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар олгосны дараа Мөрөн сумын газрын даамал Б.Оюунгэрэл зөвхөн 500 метр квадрат газрыг манайд шилжүүлэхдээ шатахуун түгээх станцын ашигтай талбай 500 метр квадрат байх юм. Бусад орц, гарц, ногоон байгууламж зэрэг нь нийтийн эзэмшлийн газарт хийгдэж байгаа гэж надад ойлгуулсан. Үүнээс үүдэн 2007 оны 125 дугаар захирамжид шатахуун түгээх станцын газрыг 500 метр квадрат гэж олгосон юм.

Шатахуун түгээх станц нь 500 метр квадрат талбайд ажлын байр, түгээгүүр, шатахууны ёмкость, саравч, шатахуун буулгах талбай зэрэг байгууламжууд дөнгөж багтаадаг. Харин автомашины орох гарах гарц, үнийн самбар, ногоон байгууламж зэрэг нь нийтийн эзэмшлийн газарт хийгдэж ирсэн уламжлал онцлогтой.

Энэ онцлогоос хамааран Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ шатахуун түгээх станцын зүүн талд төв зам руу орц гарцаа гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Энэ газарт шатахуун түгээх станц барихаар нефтийн барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй MPI ХХК-аар иж бүрэн зураг төсөв хийлгэсэн.

Шатахуун түгээх станц барих дараахь мэргэжлийн болон төрийн байгууллагууд хууль, стандартад нийцүүлэн баталгаажуулсан. Үүнд:

1.Хөвсгөл аймгийн ерөнхий архитектор баталсан

2.Онцгой байдлын ерөнхий газар зөвшөөрч баталгаажуулсан

3.Зургийг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв магадлал хийж баталгаажсан

4.Зургийн дагуу шатахуун түгээх станц барих ажил эрхлэх зөвшөөрлийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авсан

Манай компанийн газрын кадастрын зургийг аймгийн кадастрын санд бүртгэн эрх зүйн баталгаажуулалт хийх албан үүргээ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хэрэгжүүлэхгүй, эрхээ хэтрүүлэн удаа дараа албан бичиг өгч уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүй манай ажлыг зогсоож ирсэн тул Н************* ХХК-д ихээхэн хохирол учруулж байна. Манай компани 2005 оноос хойш шатахуун түгээх станц барихад зориулж 25 метр кубын багтаамжтай 4 ширхэг ёмкость, бинзен түгээх 2 ширхэг түгээгүүр, саравчны металь төмрүүд худалдан авч нөөцөлсөн боловч өнөөдрийг хүртэл 10 жил үйл ажиллагаа явуулах болон газраа зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүй байгаад гомдолтой байна. Манай компани уг газарт шатахуун түгээх станц байгуулах Байгаль орчны яамны 07 тоот гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, газрын төлбөрөө төлж ирсэн.

Кадастрын зургийг баталгаажуулж өгөхийг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн боловч хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дараах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ, НИК-2 шатахуун түгээх станцуудын дунд байрлах Н************* ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалттай 500 метр квадрат газарт хийгдсэн кадастрын зургийг баталгаажуулан газрын мэдээллийн санд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н************* ХХК-ийн захирал Л.Н*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид кадастрын зургийг ГМОМОН ХХК-ийн инженер Б.Б*************-р 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин хийлгэж ирсэн учраас энэхүү кадастрын зургийг аймгийн кадастрын мэдээллийн санд бүртгэж өгөхийг хүсч байна. Ийнхүү шинээр хийлгэсэн кадастрын зургийг бүртгэж, баталгаажуулах талаар хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Б*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н************* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ГМОМОН ХХК-ийн инженер Б.Б*************-р хийлгэсэн кадастрын зураг нь гуравдагч этгээд П.С************* гийн эрх ашгийг хөндөхөөргүй, хэн аль нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд П.С*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэснээр миний эрх ашиг хөндөгдөхгүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хувааж ашиглаж байхаар тохирсон учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд татгалзах зүйгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Н************* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ, НИК-2 шатахуун түгээх станцуудын дунд байрлах Н************* ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалттай 500 метр квадрат газарт хийгдсэн кадастрын зургийг баталгаажуулан газрын мэдээллийн санд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.Б*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Б*************  нь нэхэмжлэгч Н************* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ГМОМОН ХХК-ийн инженер Б.Б*************-р хийлгэсэн кадастрын зургийг буюу Н************* ХХК-ийн

1. Х5498756.224 Ү585014.054

2. Х5498783.773 Ү585013.661

2. Х5498783.781 Ү585031.188

4. Х5498771.533 Ү585031.648

5. Х5498754.968 Ү585031.853 солбицол бүхий газрыг аймгийн кадастрын мэдээллийн санд бүртгэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байгаа болох нь гуравдагч этгээд П.С************* гийн шүүх хуралдаанд гаргасан Хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэснээр миний эрх ашиг хөндөгдөхгүй ... гэх тайлбараар тогтоогдож байгаа ба хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н************* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Н************* ХХК-ийн "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ЖАСТ, НИК-2 шатахуун түгээх станцуудын дунд байрлах Н************* ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалттай 500 метр квадрат газарт хийгдсэн кадастрын зургийг баталгаажуулан газрын мэдээллийн санд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н************* ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаархэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ