Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0031

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр           

Дугаар 221/МА2018/0031

Улаанбаатар хот

“Зб” ХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

           

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, хариуцагч Т.Э, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Зб” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт, шалгалтын газрын татварын улсын байцаагч Т.Э, Ц.Э, Т.З нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.11 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Зб” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210022533 тоот актаар “Зб” ХК-ийн 2015, 2016 онуудын 1,485,546,481.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 333,910,817.90 төгрөгийн торгууль, 268,859,818.20 төгрөгийн алданги нийт 602,770,636.00 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Маргаан бүхий улсын байцаагчийн 210022533 тоот актаар 2015, 2016 онуудын 2,016,026,469.89 төгрөгийн зөрчил буюу зээлийн эрсдлийн сангийн буцаалтанд ногдуулсан 122,608,493.90 төгрөгийн нөхөн татвар, 36,782,548.10 төгрөгийн торгууль, 26,100,308.90 төгрөгийн алданги нийт 185,543,687.20 төгрөгийн төлбөр тооцсон талаар” (шүүхийн шийдвэрийн 6-7 нүүр) дүгнэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.6 дахь заалт, 12.4 дэх хэсэг, 8 дугаар зүйл 8.1, 81.1.11-ийг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “Зб” ХК дахь эрх хүлээн авагч нь 2009 оноос хойш банкийг татан буулгах хуульд заасан үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилж, улмаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гаргах өгөх төлбөрийн чадваргүй болж, өөрийн хөрөнгөө алдсан тул 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар “Зб” ХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн билээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны үндсэн үйл ажиллагааг зогсоож тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж зөвхөн хуульд заасан татан буулган ажлыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгаа тул зээлийн төлбөр төлөгдөж зээлийн эрсдлийн санг буцаасан орлого нь Татварын улсын байцаагчийн актад дурьдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх заалт “үйл  ажиллагааны орлого” биш гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон дээр дурдсан татварын холбогдох хууль тогтоомж нь яг одоо үндсэн болон туслах үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй, ашиг орлого олж байгаа аж ахуйн нэгжид татвар ногдуулах заалт байна.

Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө” гэж заасныг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн байна. Энэ заалт нь татан буугдаж буй хуулийн этгээдийн нэгэнт төлөх нь тодорхой болсон, ямар нэгэн эрх зүйн маргаан байхгүй болсон татварыг төлүүлэхтэй холбоотой заалт байтал анхан шатны шүүх маргаан бүхий актад хамааруулан өөрөөр хэлбэл төлүүлэх эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа татварт холбогдуулан хэрэглэсэн байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдийн 795 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтыг хангасан эсэхэд эргэлзэж байгаа тул хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Зб” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210022533 дугаартай актаар “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь заалтыг үндэслэн 122,608,493.9 төгрөгийн нөхөн татвар, 370,693,365.9 төгрөгийн торгууль, 294,960,127.1 төгрөгийн алданги нийт 788,261,986.9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр” тогтоосныг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Зб” ХК-ийн 2015, 2016 оны 1,485,546,481.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 333,910,817.80 төгрөгийн торгууль, 268,859,818.20 төгрөгийн алданги нийт 602,770,636.00 төгрөгтэй холбогдох хэсгийн хувьд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлтэй, “Зб” ХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагчаар оролцсон иргэний хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоол нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа нь тогтоогдсон тул мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтуудыг үндэслэн өршөөлд хамруулж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Татварын улсын байцаагчийн 210022533 актаар зээлийн эрсдлийн сангийн татвар ногдох орлого бууруулсан зөрчилд 122,608,493.90 төгрөгийн татвар, 36,782,548.10 төгрөгийн торгууль, 26,100,308.90 төгрөгийн алданги тооцож, нийт 185,491,350.9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгчээс Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болгож, эрх хүлээн авагчийг томилсон, эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн эрсдлийн сангийн буцаалтын орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасан үйл ажиллагааны орлого биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлсон байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”,  8.1.1 “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасан бөгөөд “Зб” ХК-ийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үед олгогдсон зээлийн төлөлт 2015 онд 1,325,011,551.89 төгрөгийн, 2016 онд 691,014,918.00 төгрөгийн зээлийн эрсдлийн сангийн буцаалтын орлого орж ирсэн байна.

Зээлийн эрсдлийн сан нь банкнаас олгосон зээл төлөгдөхгүйд хүрэх эрсдлийг тусгай журмаар тооцож, тэр хэмжээгээр олох орлогыг тухайн жилд олохгүй хэмээн тооцож, бүрдүүлсэн тодорхой мөнгөн дүн бүхий сан бөгөөд нэхэмжлэгч уг хэмжээний зээлээс орлого олохгүй гэж урьдчилан тооцсон тул тэр хэмжээгээр орлогын албан татварт төлөх дүнгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16-д зааснаар хасч татварын тайлан гаргадаг байна. Харин уг төлөгдөхгүй байх эрсдэлтэй гэж үзсэн зээл төлөгдөх үед уг хэмжээний зээлийн хүүгийн орлого банкинд орж ирэх бөгөөд энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасан үйл ажиллагааны орлогод хамаарна. Учир нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 24 дүгээр зүйлд зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхэлж зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн хүү авдаг нь банкны үйл ажиллагааны үндсэн орлогын нэг юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16-д зааснаар банк зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон боловч зээл эргэн төлөгдөж, зээлийн эрсдлийн сан буцаагдсан тохиолдолд уг орлогод аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулах нь зүйн хэрэг байна.  

Нэхэмжлэгчийн Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө” гэж заасныг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь татан буугдсанаас хойш олсон орлогоо биш харин үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх үед явуулсан үйл ажиллагааны орлого тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш орж ирсэн тул Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу төлөх татварт хамаарна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ