Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 319

 

Ц.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Ц.Од холбогдох 1836021700009 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2008 оны 5 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О овогт Ц.О нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ог хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ог 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ц.Од Ховд аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Ц.Ог бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ог 430 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Огийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс, 2019 оны 4 дүгээр сарын 16 -ны өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ог шүүх хуралдааны танхимаас сулласугай" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжав бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь яллагдагч Ц.О нь хохирогч М.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Р.Юндэрмаагийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Отгонтөгсийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Гэтэл Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шүүгдэгчид ял завшуулж шийдвэрлэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулахаар хуульчилж өгсөн. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээрх хуульд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 заасан “садангийн хүн” байнга амьдрах зориулалттай орон байранд өөрөөр хэлбэл ах дүү хамаатан садангийнхаа гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол орон байранд нэвтэрсэн гэж үзэхгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй атал шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болжээ.

Иймд Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Ц.Од хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийг хохирогч буюу хүргэн ахындаа орох эрхтэй эсэх асуудлыг нягтлалгүй орхигдуулснаас давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Хохирогч Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... шинэ зурагт авах гэж байгаа, тэгэхээр авахгүй юу” гэж шүүгдэгч Ц.Од хэлж байсан талаар мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. Мөн Ц.О нь Б ахын гэрт зурагтыг нь авах гээд орсон чинь гэрт хүн байхгүй, хүүхэд нь унтаж байхаар нь авсан гэж мэдүүлжээ.

Хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Зурагтыг тэвэрч явж байгаад эрүүгийн мөрдөгчтэй таарч шалгагдсан ба хохирогчийн гомдлоор хэрэг нээгдээгүй байна. Мөн хохирогч М.Бд байнга орох эрхтэй, хохирогч зурагтаа өгөхийг зөвшөөрч байсан зэргээс үзэхэд гэмт хэргийн шинжгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжавын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-24 тоотод оршин суух иргэн М.Бийн байшинд байсан 400.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын 32 инчийн зурагтыг хулгайлсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ц.О нь хохирогч буюу хүргэн ах М.Бийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх эрхтэй, мөн хохирогч шинэ зурагт авсан тохиолдолд хуучин зурагтаа түүнд өгөх талаар ярилцсан боловч тухайн өдөр гэрээс нь зурагт авч явах, захиран зарцуулах зөвшөөрөл өгөөгүй болох нь хохирогч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ц.О нь манай эхнэрийн төрсөн дүү юм. Ц.О бид хоёр уулзаж байхдаа би “19 инчийн зурагт авдаг юм билүү, хөдөө зүгээр юм” гэхэд Ц.О “тэгвэл манайд хуучин зурагтаа өгчихээрэй” гэхээр нь “тэг, тэг” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хөдөө гэрт манайх 150 орчим ямаа нядалсан юм, тэгээд тэр ямаа нядлалцаж очихдоо надаас танай зурагтыг авч тавих гэсэн юм гэж асуухаар нь би манай хүүхдүүд аймгийн төвд гэртээ зурагтаа үзэж байгаа болохоор одоо авчих гэж хэлээгүй. Манай зурагт хуучраад хүүхдүүд зурагтаа голоод байгаа болохоор шинэ зурагт авах гэж байгаа, тэгэхээр авахгүй юу гэж хэлж байсан. Хулгай хийсэн өдрөө надад болон манай хүүхдүүдэд зурагт авах гэж байна гэж ямар ч зүйл хэлээгүй” гэсэн мэдүүлэг болон /хх-21/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.

Харин хохирогч М.Б гэртээ шинэ зурагт худалдаж аваагүй буюу гэрт байсан зурагтыг тухайн өдөр авч явахыг зөвшөөрөөгүй байхад Ц.О нь хохирогч М.Бд очиж, улмаар гэрт унтаж байсан хүмүүст мэдэгдэхгүйгээр, эзэмшигч нараас зөвшөөрөл авахгүйгээр зурагтыг нь авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч Ц.О нь хохирогч М.Бийн эхнэрийн төрсөн дүү, төрөл садангийн холбоотой, хүргэн ахынхаар байнга орж гарч явдаг, тэдний ойр зуурын ажилд тусалдаг байсан тул бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурор Д.Дуламжавын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжавын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН