Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Г.Билгүүн, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013120368 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Хорин хоёрынхон овогт Б.Б, 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт 2 гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ИА88072301/,

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 552а тоотод Ц.Дашнямыг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 сараас би хадам эцэг, эхтэйгээ хамтран амьдрах болсон. Нөхөртэйгөө цуг очиж амьдрахад эд нар маш их архи уудаг байсан. Архи уудагт нь би үнэндээ эвлэрч чаддаггүй. Би одоо 1 ой 2 сартай хүүхэдтэй, миний нөхөр олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн нутгийн залуу байдаг. Гэтэл ар гэрийнх нь намайг өөр хүнээс хүүхэд тээж ирсэн гэж доромжилсон. Тэр болгон дээр нь би тэсэж байсан. Тэд нар 3 өдөр дараалж архи уучихаад Дашням дүүгийндээ очиж хонолоо гээд явсан. Явахдаа миний иргэний үнэмлэх, картыг бүгдийн аваад явчихсан байсан. Дашням ээждээ 100.000 төгрөг үлдээсэн байсан. Хадам ээж миний бие өвдөөд байна гэхээр нь би гэрт нь ороод нүүрс түлээ хийж галлаж өгчихөөд би өөрийн ээжийнх рүүгээ явчихаад ирье гэхэд манай хүүхдийг иртэл чи байж бай гэж хэлсэн. Би даралтыг нь  үзэх гээд  зогсож байхад янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь би ийм хэрэг хийсэн гэв.

Хохирогч Ц.Дашням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өчигдөр 19 цагийн үед хашаанд байдаг том хүү Ганболдын эхнэр нь манай гэрт орж ирсэн юм. Тэгэхээр нь би нүүрс түлээ дуусчихсан байна, нүүрс түлээ ав гэж хэлсэн. Би нүүрс түлээ аваарай гэж 2-3 хоногийн өмнө 100.000 төгрөг өгсөн юм. Миний өгсөн мөнгөнд жижиг шуудайтай нүүрс л авсан, өөр нүүрс аваагүй, мөнгийг нь яасныг нь мэдэхгүй байна. Тэгээд өгсөн мөнгө яасан бэ, нүүрс түлээ ав гэж хэлсэн чинь манай хүүгийн эхнэр болох Бадамцэцэг сууж байсан төмөр сандлаа над руу авч шидсэн. Тэгээд тэр сандал нь миний баруун гарт оноод миний баруун гар хугарсан..” гэсэн мэдүүлэг /хх-7/,

             Гэрч Ө.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед манай хадам ээжтэй хамт амьдардаг Ц.Дашням гэх хүн утсаар ярьж ээжийн чинь бие өвдлөө, хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 552а тоотод байдаг хадам ээж Нэргүйгийн гэрт ирсэн чинь хадам ээж орон дээр хэвтэж байсан. Харин Бадамцэцэг болон Ц.Дашням ах хоёр хоорондоо 100.000 төгрөг яриад хэрэлдээд байсан. Ц.Дашням ах Бадамцэцэгт хандаж чи хүүхдээ хаяад шоронгийн хүн дагаад ирээ биз дээ гэж хэлсэн чинь Бадамцэцэг орилж босоод сууж байсан сандлаараа Ц.Дашням ахын гар руу цохьчихсон. Тэгээд Бадамцэцэг гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-14/,

            Гэрч С.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Бадамцэцэг манай гэрт сууж байсан чинь манай хамтран амьдрагч Ц.Дашнямтай нүүрс түлээнээс болж маргалдсан. Өмнөх өдөр нь Бадамцэцэг нүүрс, түлээ авна гэж хэлээд Ц.Дашнямаас 100.000 төгрөг зээлсэн юм. Манай том хүү Ганболд шоронд орж ял эдэлж байхад Бадамцэцэгтэй танилцаж суусан. Түүнийг Ц.Дашням мэддэг болохоор тэгэж хэлчихсэн. Тэрнээс болж Бадамцэцэг Ц.Дашнямыг пизда, нохойгоор харааж өөрийнхөө сууж байсан жижиг төмөр сандлаар баруун гар руу нь цохьчихсон. Тэр шөнөдөө гар нь өвдөж хоноод маргааш нь гараа үзүүлсэн чинь гар нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-16х/,

              Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би хадам ээжийн бие өвдөөд байна гэхээр нь гэр рүү орсон. Гэтэл гэрт нь хадам ээж, Дашням, бэр Оюука нар байсан. Би түргэн дуудах уу гэж асуутал Дашням нь Оюука бид хоёрыг гичий, янхан гэж муухай үгээр доромжлоод байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа сууж байсан сандлаа аваад боль гэж хэлээд сандлаар цохих гэж далайтал өөрөө гүйж ирээд миний барьж байсан сандал дээр гараа цохьчихсон юм. Тэгээд би гэр рүүгээ явчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-25/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №14256 тоот дүгнэлтэд: 

          1. Ц.Дашнямын биед баруун богтос ясны ташуу зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-19/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 552а тоотод Ц.Дашнямыг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Дашням нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.