Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/336

 

 

 

 

  2023            3              29                                       2023/ДШМ/336

 

 О.Т, М.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

         Нийслэлийн Эрүүгийн хэn ргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         прокурор Г.Баярмаа,

         нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/196 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баярмаагийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.Т, М.М нарт холбогдох эрүүгийн 2209000002041 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............... овгийн ................-гийн Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, .............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ................ хамт ............ аймгийн .......... сум, .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... дүүргийн .. дүгээр хороо, ....... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../,

2. ............... овгийн .............-ны М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, э..эгтэй, ........ боловсролтой, ............. мэргэжилтэй, “........” ХХК-д .... ажилтай, ам бүл .., .............. хамт ............ дүүргийн .. дүгээр хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн .. дугаар хороо, .......... дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../.

Яллагдагч О.Т нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Т ш” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын хаалганы цоожийг өрөмдөж хууль бусаар нэвтрэн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 1.350.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 427.560 төгрөгийн үнэ бүхий “Саnоn” брэндийн принтер 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 2.462.560 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч М.М нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Т ш” ХХК-ийн барилгын оффист хулгай орж 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг принтер хулгайд алдагдсаныг О.Т хулгайлан авсныг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа захиран зарцуулах боломжийг бий болгож хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцүүлж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаав.

1. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч О.Т-ыг 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Т ш” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын хаалганы цоожийг өрөмдөж хууль бусаар нэвтрэн эд хөрөнгийг хулгайлсан гэж ялласан байх ба улмаар яллагдагч М.М-ыг яллагдагч О.Т-ын хулгайлан авсан эд зүйлийг мэдсээр байж захиран зарцуулах боломжийг бий болгож хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэсэн тус тус гэмт хэрэгт холбогдуулан ялласан боловч М.М нь хэзээ, хаана гэмт хэрэг үйлдсэн эсэх, төгссөн газар нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудлыг тусгасан бөгөөд 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотолно гэж хуульчилсан бөгөөд яллагдагч М.М-т холбогдох хэрэгт хуулийн дээрх заалт хангагдаагүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж шүүхийн харьяаллыг тухайлан заасан бөгөөд яллагдагч М.М-ыг яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд түүний хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа, төгссөн газар тодорхойгүйгээс шүүхийн харьяаллыг мөн тодорхойлох боломжгүй байх тул дээр дурдсан ажиллагааг хийх шаардлагатай.

2. Прокурор яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд яллагдагч О.Т-ыг “Т ш” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын хаалганы цоожийг өрөмдөж хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэсэн атлаа хохирогчоор хуулийн этгээдийг бус иргэн М.Ш-ыг тогтоосон зөрчилтэй /хх 50-52/. Хуулийн этгээдийн олгосон итгэмжлэл нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхийг олгож байгаа баримт бичиг бөгөөд хохирогчоос татгалзах үндэслэл биш тул хуульд заасны дагуу хохирогч, түүний төлөөлөгчийг зөв тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах, мөн яллах дүгнэлтийн хавсралтад иргэн М.Ш-д 2.462.560 төгрөгийг олгохоор заасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3. Хэрэгт авагдсан эд мөрийн баримтад үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл буюу О.Таас гаргаж өгсөн дриллэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг авагдсан /хх 124-125/ байх ба прокурор яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтдээ /хх 72/ яллагдагч О.Т-ыг ажилчдын оффисын хаалганы цоожийг өрөмдөж хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд өрөмдөж нэвтэрсэн талаар буюу обьектод нэвтэрсэн үйлдлийн шинж байдалд огт дүгнэлт хийлгүй ирүүлсэн байна. Иймд дээрх хуулийн зүйл хэсэг заалт, хэргийн зүйлчлэлд дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хэргийн жинхэнэ байдалтай нийцүүлэх нь зүйтэй.

Мөн хэрэгт үзлэг хийгдсэн, хэргийн хамт ирүүлсэн дриллийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзнэ.

4. М.М-аас сэжигтнээр 2022 оны 6 сард билүү дээ Т надад 11 боодол цахилгааны утас өгч заруулсан гэж мэдүүлсэн байх ба /хх 64/ уг мэдүүлэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж яллагдагч нарт байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоох.

Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Т, М.М-т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг сиди, гар дрилл зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баярмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/196 дугаар шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч О.Т, М.М нар болон өмгөөлөгч Д.Батбаяр нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад заасан үндэслэлээр буюу “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт” гаргасны дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан.

Мөн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцээгүй болно.

Тодруулбал, шүүгчийн захирамжийн “Тодорхойлох” хэсгийн 2, 3, 4 дэх үндэслэл болгон хэргийг прокурорт буцаасан асуудлуудыг урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар огт хэлэлцүүлээгүй ба харин гэмт хэрэг төгссөн газрыг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдаагүй гэх асуудлыг шүүх хуралдаан даргалагчийн зүгээс прокуророос тодруулж асуусан. Прокуророос хэрэгт авагдсан баримтын хүрээнд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу яллагдагч М.М нь өөрийн гэртээ хулгайн эд зүйл болох компьютерын кодыг дуудлагын засварчнаар тайлуулсан талаар мэдүүлсэн, түүнээс энэ талаар тодруулах байдлаар буюу нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой талаар тайлбарлаж, хэргийн оролцогч нараас ч прокурорын тайлбарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Гэтэл шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр огт хэлэлцэгдээгүй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн мэтээр захирамжид тусган хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан яллагдагч О.Т, М.М, өмгөөлөгч Д.Батбаяр нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд огт дүгнэлт хийгээгүй, захирамжид тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, ...дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...”, мөн хуулийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт...” гэснийг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Хэргийн оролцогч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан.

“Т ш” ХХК-ийн хүсэлт, албан бичгийн дагуу /хх 43/ хохирогчоор М.Ш-ыг тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасны дагуу яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нотлох баримтад үндэслэн тусгаж, хохирогчоор тогтоогдсон этгээдийг нэрийг нэрлэн зааж, яллагдагч нар эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй талаар тусгасан байхад “иргэн М.Ш-д 2.462.560 төгрөгийг олгохоор заасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

3. Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

О.Т нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Т ш” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын хаалганы цоожийг өрөмдөж хууль бусаар нэвтрэн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Дэлл” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 1.135.000 төгрөгийн үнэ бүхий “Асус” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 427.560 төгрөгийн үнэ бүхий “Канон” брэндийн принтер 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 2.462.560 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол прокурорт буцаах зохицуулалт нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхэд хамааралгүй юм.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.

М.М-ын сэжигтнээр, өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг үндэслэн О.Т-ын заруулсан гэх 11 боодол цахилгааны утсыг гэмт хэргийн замаар олсон эд зүйл байж болзошгүй мэтээр таамаглал дэвшүүлж, хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судлах, яллагдагч нараас асууж тодруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

О.Т-ыг 11 боодол цахилгааны утас хууль бусаар авсан талаар болон бусад байдлаар хэрэгт холбогдуулан шалгасан, шалгаж буй эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүх захирамждаа “...хэргийн хамт ирүүлсэн дриллийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзнэ...” гэжээ.

Тухайн дриллийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 123/ авагдсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/196 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т, М.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос О.Т-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, М.М-ыг О.Т-ыг эд зүйл хулгайлан авсныг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа захиран зарцуулах боломжийг бий болгож хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, яллагдагч нарын гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, хэргийг шүүх хуралдаандаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” талаар дүгнэж, О.Т, М.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж, 1.4 дэх заалтад “...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж тус тус заажээ.

Дээрх хэм хэмжээний агуулга нь мөрдөгч тодорхой нэг үйлдэл, үйл баримтын талаар шалгах ажиллагаа эхлүүлсэн бол дээр заасан асуудлуудын хүрээнд тухайн үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлж өгөх учиртай.

Мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг ажиллагаа хийгдээгүй, тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Дээрх ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн бол мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/196 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор прокурор Г.Баярмаагийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Т, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                         ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР