Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02009

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02009

 

 

О.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02186 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Оийн хариуцагч А.Э ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 965 852 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Нэхэмжлэгч О.О нь А.Э ХХК-ийн Ачтан эмнэлэгт 2008 онд эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгооны эмчээр ажилд орсон бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа халагдсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 102/ШШ2020/01190 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Шийдвэр гарснаас хойш намайг ажилд авахгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаар хөнгөвчлөх, мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний жижүүр эмчээр ажилд авсан тухай надад мэдэгдэж биечлэн уулзаад тулгасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь  мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний жижүүр эмчээр нарийн мэргэшээгүй учир алдаа гаргаж хүний амь эрсдэхэд хариуцлага хүлээх байсан. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 72/20 тоот тушаалаар намайг эмэгтэйчүүдийн эмчээр эгүүлэн ажилд авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд орсон 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө яах вэ гэхэд ажил олгогч шүүхэд хандаад ав гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Нийт ажлын 42 хоног байгаа ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 46 806 төгрөгөөр бодоход 1 965 852 төгрөг болно. Иймд А.Э ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1 965 852 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эмч О.Оийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу Жижүүр эмчээр ажиллуулах тухай мэдэгдлийг гардуулан, ажилд авах тушаал гарсан. Мөн энэ хугацаанаас хойш ажилдаа ирэх, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдлийг танилцуулсан боловч 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар Мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эмэгтэйчүүдийн эмчээр дахин тушаал гаргаж ажилд авч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1190 дугаартай шийдвэрийг бүрэн биелүүлсэн учраас О.Оийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1 216 956 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 748 896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг А.Э ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33 757 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдсөн бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Үүний дагуу О.Оийг жижүүр эмчээр ажиллуулах тушаал шийдвэр гарсан. Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, тушаалд нь эгүүлэн тогтоож түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч нь олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Түүнчлэн талуудын өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцааг шүүх дуусгавар болсон гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч дахин 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 42 хоног ажилгүй байсан хугацааны цалинг дахин нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд ажил олгогч удаа дараа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг харилцан шинэчлэн батлахаар мэдэгдэл өгсөн боловч татгалзаж явсаар өнгөрүүлсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарах тул ажил олгогчийн шийдвэр болон ажилтны татгалзал нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Мөн нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэрийг ажил олгогч нь гаргаж хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн тул А.Э ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар дахин эгүүлэн ажилд оруулж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн дагуу харилцаа юм. Нэхэмжлэгч нь урьд ажиллаж байсан ажил, албан тушаалтай адил, ижил цалин бүхий ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэснийг тохирохгүй гэж татгалзаж байгаагаа нотлоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу хэрвээ нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон бол түүнийг хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эсхүл ойролцоо түвшний ажлын байр, албан тушаалд ажил олгогч нь томилох үүрэгтэй байсан түүнийг хэрэгжүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийн төв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч А.Э ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 965 852 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ажил олгогч шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлсэн бол цалин хөлсөөрөө хохирохгүй байсан гэж тайлбарладаг бол хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авах тушаал гаргасан боловч нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй тул энэ хугацааны цалин хөлсийг өгөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01190 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Оийг А.Э ХХК-ийн Ачтан клиникийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 387 106 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх6-8/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг журамтай.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 07805 дугаар захирамж гарч, 599 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн талаар баримтууд хэргийн 4-5 дугаар талд авагдсан байна.

Ажил олгогч ашиг орлогогүйн улмаас Эмэгтэйчүүдийн кабинетийн үйл ажиллагааг зогсоосон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч О.Оийг жижүүр эмчээр ажиллуулах тушаал гаргасан нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Харин 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. /хх3,16/ Хэдийгээр нэхэмжлэгчийг ажилд томилсон хариуцагч байгууллагын дээрх тушаал эх хувиараа, хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй боловч зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал байхгүй болсноос түүнийг эмэгтэйчүүдийн эмчээр томилох боломжгүй байсан учир Жижүүр эмчээр томилж, тушаал гаргасан гэх боловч Эмэгтэйчүүдийн эмчийн ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон болохыг нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй болно.

Иймд хариуцагч байгууллагаас ажилтны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэх юм.

Шүүх ажилтанд олгох олговрыг тооцохдоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт тогтоогдсоны дагуу түүний нэг өдрийн цалинг 46 806 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг заасан журмыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэж тооцоолон 1 965 852 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хариуцагчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоолохдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг талууд гардан авснаас хойш дээд шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дуусгавар болсон өдрөөр буюу буруу тооцоолон хариуцагчаас 1 216 956 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчимд үндэслэж явагддаг бөгөөд нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байхад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 757 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД  Д.БАЙГАЛМАА

 

  Б.НАРМАНДАХ