Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2016/0018

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотодоршин суух  Б.Н************* /регистрийн РВ.................. дугаартай/-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох "Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т************* , Т.Ө************* нарыг бүртгэсэн бүртгэлээс Т.Ө*************-ын нэрийг хасаж, шинээр Б.Н************* гийн нэрийг бүртгэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэйзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийнУлсын бүртгэл, статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М************* , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Т************* , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Б.Н*************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н*************  миний бие Г.Т************* тай гэр бүл болоод 6 жил хамтран амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр 13-20-07 тоотод хашаа байшинтай болсон. Г.Т*************  нь өөрөө дагавар охинтой бөгөөд тэр охин нь өөрийн гэр бүлийн хамт Тариалан суманд амьдардаг, тусдаа гарсан тул бид хоёрт ямар нэгэн хамааралгүй юм. Уг хашаа байшинг барих үед Г.Т*************  нь зөвхөн торхыг нь гаргасан бөгөөд би ажил хийж, хөдөлмөр эрхэлдэг тул өөрийн цалин болон хөдөө байдаг хэдэн малын үр шимээр хүн хөлслөн авч уг хашаа байшинг бариулан дээвэр, шал, таамбар зэрэг бүхий л зүйл надаас гарч уг байшинг барьсан юм. Гэтэл Төмөрхуяг нь надад мэдэгдэлгүйгээр өөрийн дагавар охин Т.Ө*************-ын нэрийг үл хөдлөхийн гэрчилгээнд оруулж хамтран өмчлөгчөөр гэрээ, гэрчилгээ гаргуулж авсан байна. Уг нь би уг эд хөрөнгийн хамтран өмчлөгч байх ёстой. Улсын бүртгэлийн хэлтэст хандан өргөдөл гаргасан чинь та хуулийн байгууллагад ханд гэсний дагуу би Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх нь энэ захиргааны хэргийн хууль бус актын улмаас таны эрх зөрчигдсөн байна, та захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн захирамж ирүүлсэн тул би уг хууль бус гарсан гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Улсын бүртгэлийн хэлтсээс уг гэрээ, гэрчилгээний эх хувь болон хэн гэдэг улсын бүртгэгч уг гэрээ, гэрчилгээг гаргасан юм лавлагааг гаргаж өгөөч гэхэд та захиргааны хэргийн шүүхийн албан тоот авчир, үгүй бол гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгч байгаа болно.

Уг хууль бус гэрээ, гэрчилгээний улмаас миний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа бөгөөд би банкинд зээл авах болон ямар нэгэн зээл хөөцөлдөх зайлшгүй шаардлагатай үед уг гэрээ, гэрчилгээнд миний нэр байхгүй байгаагаас би эрх ашгаараа хохирч байгаа тул уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Мөрөн сумын 13-20-07 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Г.Т************* , Т.Ө************* нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н*************  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Б.Н*************  миний бие Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан Г.Т************* , Т.Ө************* нарын нэр дээр бүртгэгдсэн Мөрөн сумын 13-20-07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг бүртгэлээс Т.Ө*************-ын нэрийг хасуулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Г.Т*************  болон нэхэмжлэгч Б.Н*************  миний нэрийг оруулахыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Миний бие өмнө нь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж миний нэрийг Мөрөн сумын 13-20-07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд оруулахаар хандсан боловч татгалзсан хариу өгсөн болно.

Иймд Мөрөн сумын 13-20-07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т************* , Т.Ө************* нарыг бүртгэсэн улсын бүртгэлээс Т.Ө*************-ын нэрийг хасаж, шинээр Б.Н*************  миний нэрийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723007413 дугаартай Мөрөн сумын 13 дугаар баг, 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах 54.2 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т*************  /РЖ73060719/, Т.Ө************* /РЖ96081045/ нар бүртгэгдсэн бүртгэлтэй байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлсэн байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн гэрээ, гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Бид эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн журмын 13, 14-т заасны дагуу нотлох баримтуудыг цуглуулж иргэдэд гэрээ, гэрчилгээ олгосон. Мөрөн сумын 13-20-07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Т*************  болох нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад баримтуудаар хангалттай нотлогдож байсан. Хамгийн гол нь газар эзэмшигч мөн болох нь нотлогдож байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө нь газартай салшгүй холбоотой. Бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч болно. Гэхдээ талууд нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн улсын бүртгэл өөрчлөлт оруулахыг хүссэн гэрээ байгуулж өөрсдийн биеэр ирэх шаардлагатай. Эсвэл шүүхийн шийдвэрээр гэрээ, гэрчилгээн дэх өмчлөгчийн нэрийг өөрчилж болно. Иргэн Б.Н*************  улсын бүртгэлд бүртгүүлэхээр гомдол гаргасан. Яагаад гомдлыг хүлээж авахаас татгалзсан гэхээр бид эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн журмын 13 дахь заалтыг баримталж ажилладаг юм. Бид нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлийн гэрээ гэрчилгээг гаргасан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Нэгэнт улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, түүнийг хүчин төгөлдөр үзэж байгаа учраас иргэд хоорондоо гэрээ, хэлцлээ байгуулаад баталгаажуулсан бол бид Б.Н************* г бүртгэх боломжтой байсан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Т************* , Т.Ө************* нар шүүх гаргасан тайлбартаа: Гомбо овогтой Төмөрхуяг би өөрийн охин Өлзийжаргал бид хоёр байшингийн өргөдлийг цуцлуулах үндэс байхгүй гэж үзэж байна. Б.Н************* гийн өөрийн эгч Пүжиймаа, гэргий Энхтайван хоёроор 300 000 төгрөг өгч бариулсан нь үнэн. Байшингаа барьж дээврийг нь дуусгаж өгөөд мөнгөө аваад явсан. Яагаад нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэвэл энэ хүн онц хэрцгий танхай балмад явдал гаргадаг хүн. Араншинг нь дурдахад өөрийн гэр оронд байсан мөртлөө хөөнө тууна, байшинг чинь галдан шатаана, ална хядна, хутгална, иднэ ууна гэж дарамталдаг. Ийм учир байшингийнхаа бичиг баримтанд оруулаагүй юмаа. Б.Н*************  нь хамтран амьдарч байгаа хугацаанд авсан зүйлийг товчхон дурдахад 1/ 500000 төгрөгт доторлогоо авсан, 2/ хоёр хаалга дүүгээрээ хийлгэсэн, 3/ хоёулаа мөнгөө дундаа нийлүүлж хөлдөөгч, угаалгын машин, телевизор зэргийг авсан. 4/ машин авахад 500000 төгрөг өгсөн. Ийм юм авч нийлж амьдарч байсан. Өөрийнх нь төрсөн ээж Хулганажий гэж эмээ байгаа, цуг өвөлжихөд орой ажилд яваад ирэхэд хоол, цай, унд бэлэн сайхан л байсан. Монголын цагаан сар болж байхад онц ноцтой авир гаргасан. Ийм учир байшингийн бичиг баримтанд оруулаагүй юм. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байшингийн бичиг баримтыг хүчингүй болгуулахгүй, бид хоёрын нэр дээр байлгамаар байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Т*************  шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Г.Т*************  би 2010 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шилжин орж ирсэн. Охин Т.Ө*************-ынхаа малыг бүгдийг нь зараад Мөрөн суманд шилжиж ирсэн. Байшингийнхаа торхыг 2500000 төгрөгөөр барилсан. Зуслангийнхаа байшинг 1500000 төгрөгөөр бариулсан. Мөрөн суманд оруулж ирэхдээ 2500000 авчирсан байшингаа 2013 оны 07 дугаар сарын 13-нд хүнээр хөлслүүлж барихдаа 300000 төгрөг өгч бариулсан. Түлээний авдар урт 6 метр, өргөн 4 метр. Машины гарааш барихад 1500000 төгрөг болсон. Үүнд цемент 10 уут, дээврийн төмөр 60 метр, хөдөөнөөс оруулж ирэхдээ бэлэн банз 6 куб. Дотор шал тааз бүгдийг барихад, байшин барьж хөлслүүлж өгч байхад дуустал нь би өөрөө хамтдаа барилцсан нь үнэн. Миний охин Т.Ө************* нь 2013-2015 онд Хөвсгөл аймаг Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд оёдол эсгүүрийн ангид 2.5 жил суралцаж төгссөн. Байшингийн сууринд 20 уут цемент орсон. Байшингаа барихдаа охин Т.Ө*************-ынхаа малыг бүгдийг зарж борлуулж байшинтай болсон нь үнэн. Тодруулга ийм учраас Т.Өлзийжаргал, Г.Т*************  хоёрын өмч мөн. Нямцэрэнгийн байшинд оруулсан юм: 1.өнгөт хавтан зузаавтар 20 ширхэг, 2.нимгэн өнгөт хавтан 20 ширхэг, 3.дулаалгын материал 1 боодол нийт 500000 төгрөг болсон, 4.байшингийн хаалга 80000, 5.үүдний таамбарын хаалга 80000 нийт 160000 төгрөг болсон, машин авахад 500000 төгрөг оруулсан. Энэ байшинд оруулсан хөрөнгө 1160000 төгрөг Б.Н************* гээс оруулсан.

Байшинд оруулсан хөрөнгө ийм болсон учир Г.Т************* , Т.Ө************* хоёр авах ёстой. Охин бид хоёр хөдөө байсан малаа зарж энэ маргаан бүхий хашаа байшинг барихад барагцаагаар 8 сая төгрөг оруулсан. Одоо Б.Н*************  бид хоёрын харьцаа таарамжгүй байгаа тул өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгө оруулсан хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Б.Н************* гийн нэрийг оруулахыг хүсээгүй юм.

Хэрэв гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд Б.Н************* гийн оруулсан мөнгө төгрөг эд хөрөнгийг нарийн тооцож өгөхөд бэлэн байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Т************* , Т.Ө************* нар нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Төмөрхуяг овогтой Өлзийжаргал би Хөвсгөл аймгийн МСҮ-ийн төвд оёдол эсгүүрийн ангид 2011 онд ороод 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төгссөн. Тодруулга: аав маань миний өмч болох бог мал хонь 30, ямаа 56, үхэр үнээ 3, тугал 3, эр шүдлэн үхэр 1 гэсэн ийм малыг зарж энэ байшин хашаанд оруулсан юмаа. 13-20-07 тоот хашаа авахад 2005000 авсан. Ийм учраас аав хүү хоёр байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулж авсан юм. Жич анхааруулга: Б.Н*************  гэдэг хүн хүн рүү шороо цацна, сайн сайхан амьдрахыг чинь харна, үзнэ гэж харааж зүхэж заналхийлж байдаг боллоо. Одоо яах вэ??? Т.Ө************* миний нэрийг байшин хашааны үл хөдлөх гэрчилгээнээс хас гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Б.Н*************  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Г.Т************* , Т.Ө************* нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т************* , Т.Ө************* нарыг бүртгэсэн улсын бүртгэлээс Т.Ө*************-ын нэрийг хасаж, шинээр Б.Н*************  миний нэрийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах-ыг хүссэн байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1723007413 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шалган тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах 54.2 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т************* ,  Т.Ө************* нарыг улсын бүртгэлийн Ү-1723007413 дугаарт бүртгэж, 000352358 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боловч Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгэсэн эсэх асуудлыг шийдвэрлэхдээ мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг болон мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтыг үндэслэн бүртгэх ёстой.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Г.Т************* , Т.Ө************* нарын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан өргөдөл, Г.Т************* ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зургууд, Г.Т************* ийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар ашиглах гэрээг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах 54.2 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Мөрөн сумын 13-20-07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Т*************  болох нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад баримтуудаар хангалттай нотлогдож байсан. Хамгийн гол нь газар эзэмшигч мөн болох нь нотлогдож байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө нь газартай салшгүй холбоотой гэж тайлбарлаж байх боловч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ нь газрын эзэмшигч хэн гэдгийг нотолсон баримт болохоос биш газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг нотлохгүй.

Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.1-д заасан тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг байгаа эсэхийг буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг баттай нотлох баримтыг шалгаж тогтоолгүй газар эзэмшүүлсэн баримт зэргийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үнэн зөв, бодитой ... байх, 3.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 3.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх ... зарчим болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчим, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь байшинг барих үед Г.Т*************  нь зөвхөн торхыг нь гаргасан бөгөөд би ажил хийж, хөдөлмөр эрхэлдэг тул өөрийн цалин болон хөдөө байдаг хэдэн малын үр шимээр хүн хөлслөн авч уг хашаа байшинг бариулан дээвэр, шал, таамбар зэрэг бүхий л зүйл надаас гарч уг байшинг барьсан юм. Гэтэл Төмөрхуяг нь надад мэдэгдэлгүйгээр өөрийн дагавар охин Т.Ө*************-ын нэрийг үл хөдлөхийн гэрчилгээнд оруулж хамтран өмчлөгчөөр гэрээ, гэрчилгээ гаргуулж авсан байна гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Т************* , Т.Ө************* нар энэ байшинд 1160000 төгрөг Б.Н************* гээс оруулсан гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд өмчлөлийн хувьд маргаантай байх тул эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг урьдчилан шийдвэрлэхгүйгээр маргаан бүхий захиргааны актад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, энэ талаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4-т зааснаар Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болох ба уг шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Ө************* шүүхэд гаргасан тайлбартаа Өлзийжаргал миний нэрийг байшин хашааны үл хөдлөх гэрчилгээнээс хас гэсэн байх боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эрхийг эдлэхгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан 7 дугаар зүйлийн 7.3, 7.4-т зааснаар хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болохоор заасан байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20 дугаар гудамжны 07 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болох талаар маргаантай, уг үл хөдлөххөрөнгө нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар болон хуулийн дагуу өмчилбөл зохих бусад этгээдийн дундын өмч эсэх, дундын өмч мөн бол тухайн хөрөнгийг өмчлөгч бүр ямар хэмжээгээр өмчлөх ёстой зэргийг тогтоох нь улсын бүртгэлийн талаарх маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байх тул өмчлөгчийг тогтоосныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийн асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Ү-1723007413 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н*************  оролцох боломжгүй тул өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Өлзийжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдний эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс дахин шинэ акт гартал үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723007413 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ