| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2023/0287 |
| Дугаар | 2023/ДШМ/378 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/378
2023 04 06 2023/ДШМ/378
М.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батсүх,
яллагдагч М.Тгийн өмгөөлөгч Т.Балжинням,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр М.Тд холбогдох 2210005990332 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М.Т, 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан электроник мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 45 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УЮ99090111/;
М.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 45 тоот гэртээ байхдаа “1хbet” нэртэй олон улсын хэмжээнд бооцоо тавих үйлчилгээ үзүүлэн тоглоомд бооцоо тавих зорилгоор хохирогч А.Анужингийн харилцах данс, нууц дугаарыг мэддэг байдлаа ашиглан түүний данснаас 43.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.Анужинд 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 45 тоот гэртээ байхдаа А.Анужингийн фейсбүүк хаягаар Э.Ундрахбаяр, Ж.Тайванжаргал, С.Цэнд нартай холбогдож, Хаан банкны 5431049531 тоот дансандаа 255.000.000 төгрөгтэй мэтээр хуурч, бодит байдлыг нууж, удахгүй буцааж өгнө, гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Э.Ундрахбаяраас 20.000.000 төгрөг, Ж.Тайванжаргалаас 93.000.000 төгрөг, С.Цэндээс 45.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний нэгжийг өөрийн 154820763 дугаартай тоглогчийн дансанд тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 158.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Тайванжаргал, Э.Ундрахбаяр, С.Цэнд нар нь мэдүүлэхдээ “1хbet” бооцоот тоглоомын сервер Орос улсад байрладаг. “1хbet” нэгж авахдаа долларын ханшнаас шалтгаалаад янз бүрийн шимтгэл төлдөг ба 4,5-5,5 хувийн шимтгэл төлдөг. “1хbet” бооцоот тоглоомын 1 нэг нэгж нь 1 төгрөгтэй тэнцэнэ” гэжээ.
Бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, бодит байдлыг нарийвчлан тогтоох нь тухайн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлох, тухайн хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмаар тодорхойлсон шаардлага юм.
Гэвч хавтаст хэрэгт “1хbet” бооцоот тоглоомын 1 нэгж нь Монгол Улсын төгрөгтэй тэнцэх ханшийг тогтоосон баримт авагдаагүй байна. Иймд прокуророос яллагдагч М.Тгийн үйлдлийн улмаас хохирогч нарт их хэмжээний буюу 158.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр, хэмжээг бодиттой тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Яллагдагч М.Тд холбогдох эрүүгийн 2210005990332 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч М.Тд хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдал нотлогдсон бөгөөд хохирогч Э.Ундрахбаяр, Э.Тайванжаргал, С.Цэнд нарын мэдүүлгээр тус тус “1хbet” нэгж авахдаа долларын ханшнаас шалтгаалаад янз бүрийн шимтгэл төлдөг, “1хbet” бооцоот тоглоомын нэг “нэгж” нь нэг “төгрөг”-тэй тэнцдэг болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Мөн дээрх мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Тгийн 154820763 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс зөрүүгүй, хэргийн оролцогч нар нь учирсан хохирлын хэр хэмжээтэй маргадаггүй, хохирогч нар нь нэгжийг төгрөгөөр худалдаж авсан, нэг төгрөг нь “1хbet”-ийн нэг нэгжтэй тэнцүү хэмжээтэй, нэгжийг төгрөгөөр үнэлсэн баримтууд хэрэгт авагдсан, прокурор яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах талаар санал гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч нарын хувьд өөрсдийн залилуулсан эд хөрөнгийн шинж, тоо, хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон зэрэг үйл баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг үндэслэн шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотолбол зохих байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой хэд хэдэн ажиллагааг хуульчилсан байдгаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахад шинжээч, мэргэжилтэн, бусад гэрчийг оролцуулж болно” гэж заасан байх тул прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор С.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэхэд ойлгомжтой, тодорхой байх ёстой бөгөөд хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Бооцоот тоглоомын нэг нэгж нь Монгол мөнгөөр хэдэн төгрөгөөр үнэлэгддэг талаар шалгах ёстой гэж үзсэн бөгөөд энэ нь мэдүүлгүүдээр тогтоогдсон. Үнэ ханшийг Монгол банк дээр эсхүл арилжааны банк, бусад үнэт цаасны газарт бүртгэлгүй байгаа учраас өөр байдлаар тогтоох, лавлагаа авах боломжгүй юм. Хэргийн оролцогч нар хохирлын тал дээр маргадаггүй бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байдаг. Тухайн бооцоот тоглоомыг тоглох үед дунд нь зуучилж байгаа агент болон худалдан авч байгаа этгээдүүд л үнэ ханшийг мэдэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хүлээн авна уу. ...” гэв.
Яллагдагч М.Тгийн өмгөөлөгч Т.Балжинням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. “1хbet” гэх нэртэй хаяг байдаг гэх бөгөөд иргэнд учирсан эд хөрөнгийн хохирол мөн эсэх дээр эргэлзээтэй. Эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа бөгөөд эдгээрийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч М.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Шүүгчийн захирамжид заасан “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр, хэмжээг бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно. ...” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; ...” гэж, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ. ...” гэж, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “...Шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах. ...” гэж, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт. ...” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “...Хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл. ...” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэрэгт хохирогч нарын мэдүүлгээр хохирлын үнэлгээг тогтоох нь эргэлзээтэй бөгөөд “1хbet” бооцоот тоглоомын 1 нэгж нь 1 төгрөгтэй тэнцэнэ гэсэн нь үндэслэлгүй, тодорхойгүй байна.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “...нэгжийг төгрөгөөр үнэлсэн баримтууд хэрэгт авагдсан. ...” гэх боловч хангалттай баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ