| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0080/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 16.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
шүүгдэгч С.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр /ҮД:0288/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Гэгээн Золбоо хувийн эмнэлэгт туслах ажилтнаар ажилладаг, ам 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 17 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт С.Т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709009780250 дугаар 185/2018/0080/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Т нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс бааранд хохирогч Б.Буянхишигийг толгойн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т: 2017 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө эхнэр хоёр найзтайгаа бааранд байна гэхээр нь би эхнэрээ тосож авах гээд “Лакс” бааранд орсон. Хохирогч гэх залуу нэг охин тэвэрч зогсож байхаар нь эхнэртэйгээ андуураад хохирогчийг цохиж гэмтээсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,
хавтаст хэргээс улсын яллагч: мөрдөн байцаалтад хохирогч Б.Буянхишигийн: …08 дугаар сарын 24-ний өдөр найзуудтайгаа уулзаад Лакс баарны 2 давхарт ороод сууж байсан чинь үл таних залуу хажуугаас цохиод зугтсан. Тэгээд миний амнаас цус гарсан. Тэгээд би баарнаас гарсан чинь нөгөө залуу уг баарны хамгаалагч аваад ирж байхаар нь би урдаас нь очсон чинь нөгөө залуу уучлаарай хүн андуураад цохьчихлоо, 50 цаас аваад сал гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлээд явсан. Тэгсэн чинь хажуунаас нь эхнэр нь гэх эмэгтэй дайраад, хэл амаар доромжлоод хоолой боож гинж тасалсан. Гинжний зарим хэсэг нь алга болсон. Тэгээд би цагдаа дуудсан. Манай найз 2-3 залуу байсан. …миний баруун талын хацрын дотор талд 2-3 удаа цоорсон. Гэмтэл дээр очиж оёо тавиулсан. Шүд хөдөлсөн, толгой хатгуулж өвдөөд байна… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Маралмаагийн: …манай найз орж ирээд нөхөр чинь ирчихлээ хэдүүлээ гарая гээд байсан. Гарсан чинь бөөн хэрүүл болж байсан, тэгсэн чинь би нөхөртэйгөө уулзсан чинь юун залуутай яваад байгаан, чи сая нэг залууд тэврүүлчихсэн сууж байсан биз дээ гэхээр нь би юу яриад байгаа юм, бид хэд ерөөсөө 2 давхарт гараагүй гэж хэлсэн. Хоёр давхарт гараад намайг өөр хүнтэй андуурч зодолдсон байсан. Тэгээд нэг залуу манай нөхрийг араас нь цохиод байхаар нь болиоч гэж хэлсэн чинь миний гинж тасаллаа гээд бөөн хэрүүл болоод байж байсан чинь цагдаа хүрээд ирсэн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтангэрэлийн: …би тухайн шөнө Тэнгис, Буянхишиг, Шонхоо нартай хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лакс шөнийн цэнгээний газарт 2 давхарт сууж байсан. Тэгсэн чинь танихгүй залуу хүрч ирээд шууд Буянхишигийг цохиход Буянхишиг буйдан дээр ганцаараа сууж байсан. Би тэр залууг зугтчихаар нь араас нь гүйж гараад барьж авсан. …нөгөө залуу уучлаарай хүн андуурчихаж гээд байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10839 тоот шинжээчийн:
2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-21/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/, хохирлын баримтууд /хх-12-13/, Натур эмнэлгийн компьютерт томографийн оношлогоо /хх-22/, эд зүйлийн үнэлгээ /хх-33/,
өмнөөлөгч:шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-31/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-32/, торгуулийн хуудасны бүртгэлүүд /хх-34-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Буянхишигт 880.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө түр хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдов.
Шүүгдэгч С.Т нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс бааранд хохирогч Б.Буянхишигийн толгойн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тийн 2017 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө эхнэр хоёр найзтайгаа бааранд байна гэхээр нь би эхнэрээ тосож авах гээд “Лакс” бааранд орсон. Хохирогч гэх залуу нэг охин тэвэрч зогсож байхаар нь эхнэртэйгээ андуураад хохирогчийг цохиж гэмтээсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Б.Буянхишигийн …08 дугаар сарын 24-ний өдөр найзуудтайгаа уулзаад Лакс баарны 2 давхарт ороод сууж байсан чинь үл таних залуу хажуугаас цохиод зугтсан. …нөгөө залуу уучлаарай хүн андуураад цохьчихлоо, 50 цаас аваад сал гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлээд явсан. Тэгсэн чинь хажуунаас нь эхнэр нь гэх эмэгтэй дайраад, хэл амаар доромжлоод хоолой боож гинж тасалсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10839 тоот шинжээчийн: .Буянхишигийн биед баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун талын завьжинд язрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун дээд 4 дүгээр шүд, баруун доод 5 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдон нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Тийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн торгох ял шийтгэх нь зүйтэй шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Т анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Буянхишиг гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн нь шүүгдэгч С.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.