Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 0018

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.А

Цагаатгагдсан этгээд                                 Г.Б

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч     Б.Д

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З овогт Г-н Б,

 

Г.Бнь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ш.Б-н эзэмшлийн         аймгийн       сумын         багийн нутаг дэвсгэрт байрлах    төмөр гражийн эзэмших эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буюу өөртөө захиран зарцуулах эрх олгогдсон мэтээр хохирогч Т.М-т 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулж 9.500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт,

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр        аймгийн        сумын         багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-н эзэмшлийн       төмөр гражийг “манай найзын граж, зарна гэсэн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.М-г төөрөгдөлд оруулж, хуурч 2.200.000 төгрөгийг бэлнээр авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-т овгийн Г-н Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Бг цагаатгаж,

 

Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол “Хулгайлах” гэмт хэрэг гэж хуульчилсан ба хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийн эрхийг хүч хэрэглэлгүйгээр, нууц, далд аргаар авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон, захиран зарцуулсныг, хүч хэрэглэлгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авснаар энэхүү гэмт үйлдлийн шинж хангагдсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт төлөхгүй, эсхүл хагасыг нь төлнө гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний эрх зүйн маргаанаас ялгагдана. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох,... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон үйл баримт, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хавтаст хэрэг бэхжүүлсэн нотлох баримт болон шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн хулгайлах болон залилах гэмт үйлдэл, хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Шүүгдэгч Г.Бнь хохирогч Ш.Б-г огт танихгүй, мөн Ш.Б нь шүүгдэгч Г.Бг огт танихгүй ба хохирогч, шүүгдэгч нарын хооронд граж худалдан борлуулах талаар хэлцэл, яриа хийгдээгүй нь нотлох баримтуудаар тогтоогдсон.

Харин хохирогч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бус шүүхийн хэлэлцүүлэгт гражийн өмчлөгчийг эрж хайсан талаар мэдүүлсэн нь хохирогч Ш.Б, шүүгдэгч Г.Б нар бие биеэ танигддаггүй, төлбөрт авсан 1,500,000 төгрөгөөс хохирогч Ш.Б-д шилжүүлэн өгөөгүй нөхцөл байдлаас дүгнэхэд хоорондоо зөрүүтэй, бодитой бус байна.

Г.Бнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, улмаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж буюу худалдан борлуулж байгаа мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Т.М-т шилжүүлэн өгч төлбөрийг өөртөө авч “залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байтал Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр буюу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолд Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоолд дүгнэж, тусгаагүй буюу шүүгдэгчийн хоёр үйлдэл бүхий хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байхад хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/57 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б тайлбартаа: ... Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй, эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Бусдад худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах аргаар эд хөрөнгө ба уг хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн арга юм.

Залилах гэмт хэрэг нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж болдог.

Шүүгдэгч Г.Бнь         аймгийн        сумын        багийн нутаг дэвсгэрт байрлах        хэмжээтэй төмөр гаражийн эзэмшигчийг “өөрийн найз” мэтээр Т.М-т анх ойлгуулсны улмаас хохирогч түүнд итгэж гаражийн мөнгөнд тооцож 1.500.000 төгрөгийг түүнд өгч, талууд энэ талаар баримт үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.М  “...миний бие тухайн гаражин дээр бичсэн гар утас руу залгаж танд зарах гараж байна уу, надад гаражны хэрэг болоод гараж хайгаад явж байна гэж хэлсэн. Тэгтэл Б би бол гаражаа зарахгүй, харин манай нэг найз наана чинь гараж зарна, тэр гараж нь онгорхой байгаа гэж хэлсэн. ... тухайн гаражны эзний талаар асуухад манай найз зарна гэсэн би чамд эзнийг нь олоод зуучилж өгье гэж хэлсэн ... та яагаад найзынхаа гар утасны дугаарыг мэдэхгүй байгаа юм бэ гэж асуухад Б уг нь миний гар утас дээр дугаар нь байсан, би гар утсаа хаяад дугаар нь алга болсон гэж хэлсэн ...” гэж,

мөн гэрчээр мэдүүлэхдээ “ ... нэг жилийн өмнө гараж асуухад манай найзын гараж байгаа, хотод байдаг юм. Холбоо барьж байгаад зарах эсэхийг нь тодруулж байж болно гэсэн ... би тухайн гаражийг авахдаа Бах манай найзын гараж гэхээр нь авсан юм. Надад зарна гэж яриад 1 жилийн дараа зарсан болохоор янз бүрийн юм бодоогүй юм ...” гэж,  

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Манай найзын гараж гэж хэлсэн ... ” гэж тухайн гаражны эзэмшигчийг Г.Бнь өөрийн найз гэж түүнд хэлсэн талаар удаа дараа, тогтвортой мэдүүлсэн байна.

Шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавчинд тооцдог бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Г.Бнь уг гаражны эзэмшигчтэй найз /танил/ биш атлаа хохирогч Т.М-т “ ... манай найз ... ” гэж хэлсэн, Т.М түүнд итгэж мөнгө өгсөн үйлдэл нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан атал анхан шатны шүүх түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн прокуророос Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж үзэж “хулгайлах” , “залилах” гэсэн хоёр өөр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг явцыг баталгаажуулсан дуу-дүрс бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шүүгч цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж уншиж сонсгосон атлаа прокурор, оролцогч нарт гардуулсан цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “...17.1 дүгээр зүйлийн 1...”  дэх заалтыг бичилгүй орхигдуулжээ.

Тодруулбал: Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй, уншиж сонсгосон тогтоох хэсгээс зөрүүтэй бичсэнээс гадна цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт мөн “ ... 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Г-н Б-д  холбогдох хэргийг ... ” гэж дутуу дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагатай бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8, 1.10-д тус тус заасан ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд прокурорын “ ... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ