| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01135/И |
| Дугаар | 155/ШШ2024/01073 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/01073
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/01073 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Э.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ц-д-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Илүү олгосон тэтгэвэр болох 575,600 (таван зуун далан таван мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01153/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.М- нь Х аймгийн Ч сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Х аймгийн Ч сумын 1 дүгээр багийн иргэн Н.Ц-д илүү олгосон тэтгэвэр болох 575,600 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Ц- миний бие Э.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э.М- нь Н.Ц- надаас 575,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч Н.Ц-гаас илүү олгосон тэтгэвэр болох 575,600 (таван зуун далан таван мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ц- нь нэхэмжлэлийн шаардлага болох илүү олгосон тэтгэвэр болох 575,600 (таван зуун далан таван мянга зургаан зуу) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,918 ( арван долоон есөн мянга есөн зуун арван найм) төгрөгөөс 8,959 ( найман мянга есөн зуун тавин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8,959 ( найман мянга есөн зуун тавин ес)төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ц-гаас 17,918 ( арван долоон есөн мянга есөн зуун арван найм) төгрөгийн тал хувь болох 8,959 ( найман мянга есөн зуун тавин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Э.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ц-д холбогдох илүү олгосон тэтгэвэр 575,600 (таван зуун далан таван мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Ц- нь нэхэмжлэлийн шаардлага болох 575,600 (таван зуун далан таван мянга зургаан зуу) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,918 ( арван долоон есөн мянга есөн зуун арван найм) төгрөгөөс 8,959 ( найман мянга есөн зуун тавин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8,959 ( найман мянга есөн зуун тавин ес)төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ц-гаас 17,918 ( арван долоон есөн мянга есөн зуун арван найм) төгрөгийн тал хувь болох 8,959 ( найман мянга есөн зуун тавин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА