Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/01199

 

 

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/01199

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Ц.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ү-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01282/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч А.Ү-тай *** компанийн нисэх буудалд 2024 оны 02 дугаар сард хамт ажиллаж байхдаа А.Ү-ыг манай ээж ирэх 4 дүгээр сард хагалгаанд орох боллоо, одоо хагалгааны төлбөрийг урьдчилж төлөх шаардлагатай байна мөнгө зээлдүүлээч гэхээр нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 (нэг сая) төгрөг зээлүүлж, өөрийн интернет банкаар А.Ү-ын ХААН банкин дахь *** тоот дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр иргэд хоорондын зээлийн гэрээг амаар харилцан тохиролцож, мөнгө зээлүүлсэн. Зээлсэн мөнгөө төлөхгүй болохоор нь нэхэмжлэгч олон удаа утсаар болон чат хаягаар А.Ү-тай харилцаж зээлээ төлөхийг шаардсан боловч сарын эхэнд эсвэл сарын сүүлчээр өгнө гэж ярьсаар өнөөг хүрч, утсаар нь залгахаар ажилтай байна гээд таслаад ярьдаггүй, 2024 оны 10 дугаар сарын 20-ны үед нэхэмжлэгч шүүх дээр уулзая гэсэн чат А.Ү-т бичсэн түүнээс хойш огт холбогдоогүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн иргэд хоорондын зээлийн 1.000.000 (нэг сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжпэлийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч А.Ү- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.Ү- миний бие Ц.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ц.Чгээс 1,000,000 төгрөгийг өөрийн *** данс руу шилжүүлүүлж, зээлж авсан нь үнэн.Иймд би нэхэмжпэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- нь хариуцагч А.Ү-аас зээлийн төлбөр 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ү- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 1.000.000 (нэг сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 ( хорин найман мянга таван зуун тавь) төгрөгөөс 14,275 ( арван дөрвөн мянга хоёр зуун далан тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14,275 ( арван дөрвөн мянга хоёр зуун далан тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Ү-аас 28,550 ( хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 14,275 ( арван дөрвөн мянга хоёр зуун далан тав ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ү-т холбогдох зээлийн төлбөр 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.Ү- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 1.000.000 (нэг сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ц.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 ( хорин найман мянга таван зуун тавь) төгрөгөөс 14,275 ( арван дөрвөн мянга хоёр зуун далан тав ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14,275 ( арван дөрвөн мянга хоёр зуун далан тав ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Ү-аас 28,550 ( хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 14,275 ( арван дөрвөн мянга хоёр зуун далан тав ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА