| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01031/И |
| Дугаар | 155/шш2024/01201 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 155/шш2024/01201
| 2024 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2024/01201 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Ж.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 160,650,144.65 ( нэг зуун жаран сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2023/01031/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У ХХК, хамтран зээлдэгч Ж.Б нар нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр Х Банкны Хөвсгөл салбар, Төв тооцооны төвтэй ЗГ/201944956702 тоот зээлийн гэрээ, БПҮ201944956702, БГХ201944956702 дугаартай Барьцааны гэрээ байгуулж 320,000,000 (Гурван зуун хорин сая) төгрөгийг жилийн 20,4% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд У ХХК-ийн Х аймгийн Т сумын ***-р баг Б хаягт байрлах 2321,1 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн *** дугаартай мах боловсруулах үйлдвэр мөн эрхийн улсын бүртгэлийн *** тоот дугаартай, нэгж талбарын *** тоот дугаартай, эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн үндсэн зээл, хүүгийн төлөлтийг 4 сараар хойшлуулж ЗГ201944956702-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт хийлгэсэн. 2020 оны 07 сарын 31-ний өдөр үндсэн зээл, хүүгийн төлөлтийг 5 сараар хойшлуулж, зээлийн гэрээний эцсийн хугацааг 6 сараар хойшлуулах Дугаар 201944956702-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт хийлгэсэн. 2021 оны 02 сарын 19-ний өдөр үндсэн зээл, хүүгийн төлөлтийг 6 сараар хойшлуулж, зээлийн гэрээний эцсийн хугацааг 6 сараар хойшлуулах Дугаар 201944956702-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт хийлгэсэн.
2021 оны 06 сарын 17-ны өдөр 297,789,767.13 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Ажлын байр дэмжих зээл рүү шилжүүлж ЗГ/202146474424 тоот зээлийн гэрээ, БПҮ202146474, БГХ202146474424 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдөр зээл хугацаа хэтрээд 90 хоносон тул Ажлын байр дэмжих зээл-ийн гэрээний 2.4.5.1 заалтын дагуу зээлийн хүүг 19,8 хувийн хүү рүү шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 180,509,881.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 116,677,814.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,609.8 төгрөг, нийт 297,223,305.29 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг өгч, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Иймээс зээлдэгч У ХХК, Ж.Б нараас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 139,490,118.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 20,350,874.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 809,151.67 төгрөг, нийт 160,650,144.65 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь /9011621016/ тоот улсын бүртгэлийн дугаар, /6085717/ тоот регистрийн дугаартай Х аймгийн Т сумын ***-р багт байрлан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Х банк манай компанид холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 160,650,144.65 (нэг зуун жаран сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө )-ны нэхэмжлэл гаргасныг хүлээж аваад дараах тайлбарыг гаргаж байна. 2019 оноос дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас байгууллагын үйл ажиллагаа зогсож зээл, зээлийн төлбөрийг төлж чадахгүй хугацаа хэтэрсэн. Х банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн 160,650,144.65 (нэг зуун жаран сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө )-ийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүхэд зээлийн өр төлбөрийг шийдвэрлэх явцад 2024 оны 11 сарын 19 өдөр тухайн төлбөрөөс 10,509,000 (арван сая таван зуун есөн мянга) төгрөгийг манай компанийн Х банкны *** тоот данснаас суутган байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 150,141,144.65 (нэг зуун тавин сая нэг зуун дөчин нэгэн мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг 2024 оны 12 сарын 15 дотор төлж Х банкийг хохиролгүй болгохоор ажиллаж байна гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хариад овогт Ж.Б нь Х банкны нэхэмжлэлтэй У ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал болох У ХХК бүхэлд нь зөвшөөрч үлдэгдэл 150,141,144.65 төгрөгийг бүрэн төлж барагдуулан Х банкийг хохиролгүй болгосон. Иймд миний зүгээс У ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани, Ж.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 160,650,144.65 (нэг зуун жаран сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 160,650,144.65 ( нэг зуун жаран сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,509,000 (арван сая есөн мянга) төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, үлдэх 150,141,144.65 (нэг зуун тавин сая нэг зуун дөчин нэгэн мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн талаарх баримтыг хавсарган ирүүлсэн боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эдгээрийг үндэслэн хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Ч, хариуцагч Ж.Б нар нь хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байгаа талаараа дурдсан байх тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 961,201 ( есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун нэг) төгрөгөөс 480,600.50 (дөрвөн зуун наян мянга зургаан зуун төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 480,600.50 (дөрвөн зуун наян мянга зургаан зуун төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Ж.Б нараас 480,600.50 (дөрвөн зуун наян мянга зургаан зуун төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани, Ж.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 160,650,144.65 ( нэг зуун жаран сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Ж.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 961,201 ( есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун нэг) төгрөгөөс 480,600.50 (дөрвөн зуун наян мянга зургаан зуун төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 480,600.50 (дөрвөн зуун наян мянга зургаан зуун төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Ж.Б нараас 480,600.50 (дөрвөн зуун наян мянга зургаан зуун төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА