| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01210/И |
| Дугаар | 155/ШШ2024/01205 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2024/01205
| 2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2024/01205 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Х-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай, 155/2024/01210/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:Г.Х,
Гуравдагч этгээд: Ц.Б-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.Х нь Ц овогтой Б-тай 1999 онд танилцан дотносож, 2000 оны 04 дугаар сарын 01-ны өдрөөс одоог хүртэл хамтдаа амьдарч байна. Бид өдийг хүртэл хамтран амьдрахдаа гэрлэлтээ батуулаагүй юм. Одоо тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл одоо гэрлэлтээ батлуулж болохгүй хууль бусаар гэрлэлт батлуулсан болох гээд байгаа учир хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардпага үүсэж байна. Ц.Б- бидний дундаас хүү Б.Э, охин Б.Б тус тус төрсөн.
Иймд Г.Х намайг Ц.Б-тай 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Малчин даатгуулагч нөхцлөөр 55 настай тэтгэвэрт орох гэж байгаа. Өрхийн тэргүүн биш учраас мал тооллогын баримт миний нэр дээр гарч ирээгүй. Манай нөхрийн нэр дээр байгаа мал тооллогын баримтаар малчин байдлаа тогтоолгох гэтэл нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэхдээ бид хоёр 20 гаруй жил хамт амьдарсан. Нөхөр бид хоёр 1999 онд үерхэж танилцаад 2000 онд тусдаа гарсан. 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү н.Э-, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин Б нар төрсөн. Бид хоёр өнөөдрийг хүртэл Х аймгийн Ц сумын 4 дүгээр багт хамт амьдарч байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Манай нөхөр өмнө гэрлэлтээ батлуулсан байж байгаад цуцлуулсан гэж хэлсэн. Иймд 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр бид хоёрыг хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Б- нь Г.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гардаж авлаа. Нэхэмжлэгч Г.Х бид хоёр 2000 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэвч бидний дундаас төрсөн хүү Б.Э-, охин Б.Б нар нь миний төрсөн хүүхдүүд мөн бөгөөд хоёулаа эцэг Ц.Б- надаар овоглодог. Иймд Г.Х-ын 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Ц.Б- надтай хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1997 онд М гэдэг хүнтэй гэр бүл болж байсан. Тэгээд 1999 онд салаад 2002 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. 2003 онд эхнэр Г.Х бид хоёр гэрлэлтээ батлуулах гээд М сум руу орж ирсэн чинь өмнөх гэрлэлт чинь цуцлагдаагүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулж чадаагүй явж ирсэн. Эхнэр бид хоёр 2000 оноос хойш хамт амьдарсан. Г.Х бид хоёр хамтран амьдраад 2 хүүхэдтэй болсон. Би өмнө 2 хүүхэдтэй байсан бөгөөд 1 хүүхдээ өөр дээрээ авч өсгөсөн. Өмнөх эхнэр маань 5-6 хүүхэдтэй алдарт эхийн одонтой учраас 1 хүүхэд маань ээжийнхээ нэр дээр бүртгэлтэй байдаг. Одоо хүүхэд маань 26 настай, алтаны уурхайд ажиллана гээд явсан. Г.Х бид хоёрын дундаас гарсан том хүүхэд маань 22 настай, Цагаан-Уул суманд Онцгой байдлын газар ажилладаг. Бага охин маань 13 настай. Г.Х бид хоёрыг 2000 оноос 2024 он хүртэл хамт амьдарч байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Ц сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт, охин Б.Б, хүү Б.Э- нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.Х-ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Ц.Б-гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Х банк ХК-ийн Х Ц тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б-, хамтран зээлдэгч Г.Х нарт зээл олгож байгуулсан ЗГ201743322204 дугаартай зээлийн гэрээ, БГХ201743322204 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-, хамтран зээлдэгч Г.Х нарт зээл олгож байгуулсан ЗГ/201843835885 дугаартай зээлийн гэрээ, БГХ201843835885 дугаартай барьцааны гэрээ, Х банк ХК-ийн Х, Ц тооцооны төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Б-, хамтран зээлдэгч Г.Х нарт зээл олгож байгуулсан ЗГ/202455628741 дугаартай зээлийн гэрээ, БГХ/202455628741 дугаартай барьцааны гэрээний хуулбар, хүүхдүүдийн хамт авахуулсан гэрэл зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Г.Г, Ц.Б нарыг гэрчээр асуусан.
Шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Х, Ц.Б- нарын гэрлэлт бүртгэлтэй байсан эсэх, гэрлэлт дуусгавар болсон эсэх лавлагааг, Г.Х, Ц.Б- нарын дундаас төрсөн Б.Э-, Б.Б нарын төрсний бүртгэлийн лавлагааг, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас Г.Х, Ц.Б- нарт холбогдох хүн амын тооллогын лавлагаа тус тус бүрдүүлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Г.Х нь Ц.Б-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох тул Ц.Б-тай 2000 оны 4 дүгээр сарын 01-нитй өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь Ц.Б-тай 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь:
Ц.Б-, Г.Х нарын гэр бүлд 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х аймгийн Ц сумын эмнэлэгт төрсөн Б овогтой Э- (***)-д Х аймгийн М сумын Улсын бүртгэлийн ажилтанаас олгосон *** дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон Төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас ( хх-ийн 7, 37 дугаар хуудас),
2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Х аймгийн Ц сумын эмнэлэгт төрсөн Б овогтой Б (***)-д Х аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтанаас олгосон ИБД677237968467 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон Төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас ( хх-ийн 6, 36 дугаар хуудас) нар тус тус төрсөн.
Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-01/6388 дугаартай Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын Х аймгийн Ц сумын Уранхайрхан багийн бүртгэлийн 159 дүгээр хуудсанд: Дундах Хярын өвөлжөөнд оршин суугч, Ц.Б, ***, эрэгтэй, малчин. Эхнэр Г.Х ***, эмэгтэй, малчин, хүү Б.Б *** төрсөн, 13 настай хүү, хүү Б.Э-, ***төрсөн, 8 настай гэж бүртгэгдсэн бүртгэгдсэн байна. гэх бичилттэй Архивын лавлагаа 2 хуудас( хх-ийн 67-68 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Г овогтой Х нь ам бүл 5, 4-р баг, регистрийн дугаар ***, Говогтой Х нь нөхөр Ц овогтой Б ( ***) тай 2000 онд гэрлэн, гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байгаа болно. гэх тодорхойлолт 1 хуудас ( хх-ийн 3 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон Г.Х, Ц.Б нарын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа 3 хуудас ( хх-ийн 8-9, 38 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон Дархан Ц.Б, Муна Б.М нарын гэрлэлтийг 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 912 дугаартай шүүхийн шийдвэрээр цуцласныг Х аймгийн Ц сумын 0002 дугаарт 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн талаарх Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа 1 хуудас, ( хх-ийн 39 дүгээр хуудас),
Хаан банк ХК-ийн Ц тооцооны төвтэй байгуулсан Зээлдэгчийг төлөөлж Ц.Б-, хамтран зээлдэгч Г.Х нарын гарын үсэг зурагдсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201743322204 дугаартай зээлийн гэрээ, БГХ201743322204 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201843835885 дугаартай зээлийн гэрээ, БГХ201843835885 дугаартай барьцааны гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/202455628741 дугаартай зээлийн гэрээ, БГХ/202455628741 дугаартай барьцааны гэрээний хуулбар бүхий баримт 15 хуудас, ( хх-ийн 45-59 дүгээр хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Г.Г-ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Г.Х, Ц.Б- нарыг хамт амьдарч байсан талаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. Миний дүү Г.Х нь 2000 онд Ц.Б-тай гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. Тэдний дундаас Э-, Б нар төрсөн бөгөөд Д-г миний төрсөн дүү Г-д өргүүлсэн. Би тэдний хүүхдүүдийг аав Б-аа овоглодог учраас гэрлэлтээ батлуулсан л гэж боддог байсан. Яагаад өнөөдрийг гэрлэлтээ батлуулаагүй байгааг учрыг нь мэдэхгүй байна. хүргэн Ц.Б- өмнө нь нутгийнхаа Б.М гэх эмэгтэйтэй гэр бүл болон амьдарч байгаад салсан бөгөөд салахдаа 2 хүүхэдтэй байсныг нэг нэгээр авч салсан гэдэг. Манай хүргэн Б нь миний дүү Х-тай гэр бүл болох хүү Б нь 3 настай дагавар ирж байсан. Х-ын хувьд бол том хүү Б-ийн хойд ээж гэх боловч хар нялхаас нь өсгөсөн бөгөөд Х-ыг ээж гэж дууддаг. Одоо Х аймгийн Ц сумын 4 дүгээр багийн Булнай гэх газарт малаа маллан амьдарч байгаа. Б, Э- хоёр нь хоёулаа эхнэртэй бөгөөд бага охин нь сургуульд сурдаг. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 61-63 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: .Халтар, Ц.Б- нарыг хамт амьдарч байсан талаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. Миний дүү Б- нь өмнөх эхнэрээсээ салаад одоогийн эхнэр Х-тай 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүл болон хамт амьдарч байгаа юм. Тэдний дундаас 2002 онд хүү Э-, 2011 онд охин Б нар төрсөн. Манай дүү Ц.Б- өмнө нь М гэдэг хүнтэй гэр бүл болон амьдарч байгаад 1997 онд салсан бөгөөд тэр хоёрын дундаас хүү Үнэнбат төрсөн юм. Б-г нь эхнэрээсээ салахад хүү Ү-ын нэг ой гарантай аав дээрээ үлдэж байсан. Том хүү Ү-ыг 5 настайгаас нь хойш бэр Г.Х маань өсгөсөн бөгөөд Х-ыг ээж гэж дууддаг. Одоо Х аймгийн Ц сумын 4 дүгээр багийн Булнай гэх газарт малаа маллан амьдарч байгаа. Том хүү Ү нь Могойн голын уурхайд гагнуурчин, дунд хүү Э- нь Онцгой байдлын газрын Цагаан-Уул дахь хэсэгт гал сөнөөгчөөр, бага охин Б сумын төвд сургуульд сурдаг. Г.Х, Ц.Б- маань хөдөө хоёулахнаа байдаг. Хоёр том хүү нь тусдаа гарцгаасан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 64-66 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.,
135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: ...135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч Г.Х нь шаардах эрхтэй.
5. Иймд нэхэмжлэгч Хөх нохой Г.Х -ыг Дархан Ц.Б-тай 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Г.Х-ыг Ц.Б-тай хамтын амьдралтай байсан гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Харин 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Ц.Б- нь Муна Б.М-эй хууль ёсны гэр бүл байсан нь 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан талаарх Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр лавлагаагаар ирүүлсэн Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийг Ц.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Дархан Ц.Б, Хөх нохой Г.Х нарын 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Г.Х, гуравдагч этгээд Ц.Б-тай хамтын амьдралтай байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА