Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/01206

 

 

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/01206

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ё.М-н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01263/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ё.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.М- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ё.М- нь З аймгийн И-У суманд 1957 онд Ёндонгийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд И-У сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 7 дугаар ангийг 1972 төгсөөд илгээлт авч мал аж ахуйн салбарт малчнаар ажиллаж байгаад 1975 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс 1972 онд ар гэрийн гачигдлийн улмаас хугацаанаас өмнө халагдсан. Цэргээс халагдаж ирээд З аймгийн И-У сумын Хүний их эмчийн салбарт 1977-1980 оны хооронд морин тэрэгчнээр ажиллаж байгаад З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус сургуулийн захирлын 1980 оны 12-р сарын 25-ны өдрийн 42 тоот тушаалаар няраваар томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тус сургуульдаа няраваар 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, дарагдсан тамга нь бүдэг, хөдөлмөрийн дэвтрийг нээсэн огноо засвартай, холбогдох байгууллагаас З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 12-р сарын 25-ны өдрийн 42 тоот тушаал олдохгүй зэрэг шалтгааны улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Ё.М- миний З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ё.М- шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 1957 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. 1975 онд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн орчим ар гэрийн гачигдлаар халагдсан. Цэргийн албанаас ирээд З аймгийн И-У суманд ажилласан. Тэгээд 1980 оны сүүлчээр 1995 он хүртэл З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд няраваар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гараад хувиараа ажил хөдөлмөр эрхэлсэн. Хөдөлмөрийн дэвтэрийн нүүр дээр 1997 он гээд засвартай, тамга тэмдэг бүдэг байна гэж хэлсэн. Мөн миний ажилд орсон тушаал байхгүй байгаа. Иймд З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний хувьд тэтгэвэр тогтоолгосон байсан чинь ниймийн даатгалын хэлтсээс шалгаад зогсоочихсон шүүхээр тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Хөдөлмөрийн дэвтрийн эхний нүүрний он нь 1977 гэж байгааг 1997 гэж байгаа юм шиг байна мөн нүүрний тэмдэг нь бүдэг гээд тэтгэврийг минь зогсоосон гэв.

 

Нэхэмжлэгчээс:Ё.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар, З аймгийн И-У сумын Ерөнхий боловсролын сургуулиас лавлагаагаар олгосон цалин оллгох картын хуулбар, Тагнуулын Ерөнхий тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.

 

  Нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Н-аас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ё.М-ын Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж, би тэтгэврээ тогтоолгон авч байсан боловч шалгалт хийгдэж миний хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсгийн тамга бүдэг, хөдөлмөрийн дэвтэр нээгдсэн он нь 1997 юм шиг харагдаад байна гэх шалтгаанаар тэтгэвэр маань зогсоогдсон учир шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

З аймгийн И-У сумын Хүний их эмчийн салбараас 1977 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ё.М нэрээр нээж олгосон

Ажлын тухай мэдээний хэсэгт:

1.1977.04.16. И-У сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн тушаалаар морин тэрэгчнээр авч ажиллуулав. И-У сумын ХИЭС-ын эрхлэгчийн 1977 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08 тоот тушаалаар,

2.1980.12.18. Өөр ажилд шилжих болсон учир И-У сумын ХИЭС-ын тушаалаар морин тэрэгчний ажлаас чөлөөлөв. И-У сумын ХИЭС-ын эрхлэгчийн 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 36 тоот тушаалаар,

3. 1980.12.25. И-У сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалаар нараваар авч ажиллуулав. И-У сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 42 тоот тушаалаар,

НД-ын дэвтэр нээх болсонтой холбогдуулан хаав. (Захиралын гарын үсэг зурагдсан) 1995.II.01

2002.06.25. Улсад 19 жил 10 сар ажилласнаар тооцов. гэж бичигдэж Нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас (хх-ийн 5-6 дугаар хуудас),

З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай 1. Ажилчдыг 7 дугаар сарын 15-наас эхлэн 15 ба 18, 26 хоногийн амралтыг олгосугай. 15 хоногоор ... 36-рт. М ... гэх бичилттэй Ажилчид амруулах тухай тушаалд З аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас, (хх-ийн 7-8 дугаар хуудас)

З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай ...2. Эрэгтэй сурагчдын байр хариуцах багш нарыг доорх хуваариар баталсугай. ... 17. Мөнхбаатар ... гэх бичилттэй Дотуур байрын тасгуудыг багш нарт хариуцуулах тухай тушаалд Завхан аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас, (хх-ийн 9-10 дугаар хуудас)

З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай 1. ...нярав Мөнхбаатар ... нарт 1981 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн ээлжийн амралтыг олгож өөрийн биеэр эдлүүлсүгэй. ... гэх бичилттэй Ажилчинд амралт олгох тухай тушаалд Завхан аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас, (хх-ийн 11 дугаар хуудас)

З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаартай ...2. Халамжлан хүмүүжүүлэгчдийн зөвлөлийн гишүүдэд залуу багш нарыг хариуцуулсан хуваарийг хавсралтаар баталсугай. ... хавсралтын 6-рт. Халамжлан хүмүүжүүлэгчдийн нэрс- Цэрэндорж, Хариуцсан залуу багш нарын нэрс М ( нярав) ... гэх бичилттэй Халамжлан хүмүүжүүлэгчдийн томилон ажиллуулах тухай тушаалд Завхан аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас, (хх-ийн 12-13 дугаар хуудас)

З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай 1. Сургуулийн ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг хавсралт хуваариар баталсугай. ... хавсралтын 1-рт. М  нярав ... гэх бичилттэй Сургуулийн ажилчдын 1987 оны ээлжийн амралтын тухай тушаалд З аймгийн И-У сумын Ерөнхий боловсролын сургуулийн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас, (хх-ийн 14-15 дугаар хуудас)

З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай ...2. Шагналд зориулсан 1000 төгрөгийн төсвийн 3-р зүйлээс гаргаж зарлага болгон, холбогдох материалиар хангахыг ня-бо Дэлгэрмаа, нярав Ё.М- нарт зөвшөөрсүгэй. ... гэх бичилттэй 1988 оны уралдааныг дүгнэж багш, ажилчдыг дүгнэх тухай тушаалд З аймгийн И-У сумын Ерөнхий боловсролын сургуулийн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас, (хх-ийн 16 дугаар хуудас)

З аймгийн И-У сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай 1. Өөрийн хүсэлтийн дагуу нярав М-ыг 1995 оны 6 дугаар сарын 24-нөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, ээлжийн амралт олгосугай. ... гэх бичилттэй Ажилчинг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Завхан аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас, (хх-ийн 17 дугаар хуудас)

Ё.М-ын З аймгийн И-У сумын Ерөнхий боловсролын сургуульд няраваар 1983 оноос 1995 онуудад ажилласан хугацаанд авсан цалин хөлсний түүвэрт З аймгийн И-У сумын Ерөнхий боловсролын сургуулийн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 9 хуудас (хх-ийн 18-26 дугаар хуудас),

Ё.М-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: И-У сумын 8 жилийн сургууль, ажилд орсон он: 1981, эрхэлдэг ажил:нярав, эрхэлж эхлэсэн он: 1981, оршдог сум, район: И-У сум ... гэж 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 32 дугаар хуудас),

Ё.М-ын Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: З аймгийн И-У сумын 8-н жилийн сургуульд нярав... гэж 1981 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ё.М нь З аймгаас НАХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, *** дүгээр ангид алба хааж байгаад Хязгаарын ба ДЦХЭГ-ын Ховд отрядын даргын 1976 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаар тушаалаар *** дугаар заставт радистаар 05 дугаар сарын 01-ний өдрөөс томилогджээ.З аймгаас 1975 онд татагдсан цэргийн хөдөлгөөний бүртгэлд Ё.М-ын нэр илрээгүй ба Хязгаарын ба ДЦХЭГ-ын даргын 1976 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 74 дүгээр тушаалд Холбооны тусгай ротын 1976-1977 оны радистын курс төгсөгч Ё.М-ын ахлах байлдагч цол олгосугай гэжээ. гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 27 дугаар хуудас),

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс лавлагаагаар авсан Ё.М-ын 1995 оноос 2000, 2010 онуудад Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 2 хуудас (хх-ийн 42-43 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч О.Н-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Ё.М- нь миний санахын З аймгийн И-У сумын Хүн эмнэлэгт хэсэг хугацаанд ажилаж байгаад манай сургуульд 1980 оны өвлөөс няраваар шилжин ирж ажиллах болсон. Тэр цагаас хойш бид хоёр хамт ажиллаж байгаад намайг Х рүү шилжин явахад тэндээ ажлаад үлдсэн. Бид хоёр байнгын холбоотой байж, Х хүүхдүүд дээрээ ирэхээрээ манайд ирж хууч хөөрдөг байсан. М-ын хувьд эхнэр О бага хүүхдээ төрүүлээд 1984 онд өөд болоход 3 сартай, 2 нас, 4 настай 3 хүүхэдтэй өнчирч үлдэж байсан. Манай байгууллагынхан байнга л гэрээр нь эргэж тойрч тусладаг байсан. Дараа нь 1989 оны сүүлээр сургуулийн халуун усны үйлчлэгч, манай нөхрийн төрөл С.Ц-эй гэр болоод хоёр хүүтэй болсон. Би З аймгийн Худалдааны техникумын 1969 онд тогооч- хоолны мэргэжилтнээр төгсөөд З аймгийн Т сумын төв гуанзанд ахлах тогоочоор анх томилогдон ажиллах болсон. Тэгээд аймгийн төв буюу У-н төв гуанзанд шилжин ажиллаж байгаад 1977 оноос З аймгийн И-У сумын 8-н жилийн дунд сургуульд ахлах тогоочоор ажиллаж байгаад 1989 оны 6 сард гэр бүлээрээ Х аймагтаа шилжин ирээд аймгийн Ойн ТМС-д тогоочоор ажиллаж байгаад 1992 онд нөхөн олговороор өндөр насны тэтгэвэрт гарсан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 45-47 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,

 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

 

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ё.М- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ё.М-ын З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д Ё.М-ын З аймгийн И-У сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА