| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0094/э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Б.Гансүх, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД: 01-57/,
Шүүгдэгч С.С.А, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /00-32/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарт овгийн Сайнноровын С.Ад холбогдох эрүүгийн 1703000010142 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 33 дугаар гудамж 343 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нарт овгийн Сайнноровын С.А, /РД: ШУ91092092/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.С.А нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 17-ын уулзварын хойд талын явган хүний гарцтай замд Тоуота приус-10 маркийн 05-74 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Гансүхийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 11 цаг 30 минутын үед эхнэр хүүхэд рүүгээ явахаар 6 буудлаас гэрээсээ гараад Сансар руу явсан. Би тухайн үед хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Зургаан буудлаас доошоо арван долоо руу явж байхад зам дээр ерөөсөө хүн харагдаагүй. Би хоёрдугаар эгнээнд явж байгаад нэгдүгээр эгнээнд шилжээд явж байтал гэнэт хажуу талаас хүн гүйгээд ороод ирсэн. Тэгээд би баруун гар тал руугаа дарж зогсоод түргэн дуудсан. Тухайн үед түргэн ирж үзээд хохирогчийн гэмтлийг гайгүй байна тэгэхдээ гэмтэл рүү аваад яваа гэсэн. Гэмтэл рүү энэ хүнийг авч явах гэсэн боловч энэ хүн явахгүй, гэр рүүгээ явмаар байна гээд 1 цаг болсон…” гэв.
Хохирогч Б.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн орой би 21 цагийн үед ажлаа тараад машинаа тавчихаад 22 цагийн үед ажлынхаа хамт олонтой явж байгаад машин дотор ажлынхаа 2 залуутай 1 шил архи хувааж уусан. Тухайн үед би 17 дугаар буудал дээр буудаг шалтгаан нь орой нь нүүрс авах ёстой байсан нүүрсээ авч амжаагүй болохоор тэндээс шуудайтай нүүрс авах гэж байсан. Хэрэв шуудайтай нүүрс авсан бол ажлын залуу намайг гэрт хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд очоод авах гэтэл нүүрс байгаагүй. Тэгэхээр нь би за ах нь ингээд алхаад гэр рүүгээ явлаа гээд зам гарсан. Машинаас буугаад би гарцаар гүйж гарсан. Тэрнээс хойш юу болсныг бол мэдээгүй. Тэгээд сэргэтэл би хажуу тийшээ хараад унасан байсан. Юу болоод байгаа юм бол гэж бодоод нэг хэсэг нүүрээ дарж суугаад ойр хавиа хартал Алтан-Эрдэний машин баруун тийшээ хазайгаад, шил нь цөмөрсөн байдалтай зогсож байсан. Тэгээд өндийгөөд босч ирээд би эгч рүүгээ ярьсан. Тухайн үед би шоконд орсон байдалтай байсан...Гэмтлийн эмнэлэг дээр очоод тархины зураг авахуулаад дараа нь бусад зүйлээ үзүүлэхэд хөл хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд хөлийг маань гибисдээд явуулах юм болов уу гэж бодож байсан чинь та тархиндаа гэмтэл авсан байна. Таны тархинд цус харвалт өгсөн байна... Мөрдөн байцаалтын шатанд би 1.200.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Тэрийг С.А барагдуулсан. Үүнээс хойш гарсан зардлынхаа баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Гаргаж өгсөн баримтууд дотор миний авч амжаагүй байгаа эмийн баримтууд байгаа. Одоо надад авах гэж байгаа эм тариа болон авсан эм тарианы мөнгийг маань гаргуулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болон листийн зөрүүг маань гаргуулж өгөөчээ гэж хүсч байна…” гэв.
Эрүүгийн 1703000010142 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.С.А нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлаас 17-ны уулзвар орох замд 05-74 УБО улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин жолоодож яваад 17-ын уулзварын хойд талын МТ шатахуун түгээх станцын зүүн талын гарцаар нэг хүн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй гэнэт гүйгээд ороод ирсэн тэгээд явган зорчигч автомашинд мөргүүлээд салхины шилэн дээр унах үед би тоормосоо гишгээд баруун гар тал руугаа дараад зогссон. Би машинаас буугаад харсан чинь явган зорчигч зам дээр хэвтэж байсан... Цаашид гарах хохирлыг төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Хохирогч Б.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би ажлаа тараад хамт ажилладаг Мягмарсүрэн, Отгонжаргал нарын хамт 0.5 литрийн “Чингис” архи гурвуулаа уусан. Тэгээд би гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны 61-н буудал дээр машинаас буугаад МТ шатахуун түгээх газрын харалдаа явган хүний гарцаар замын зүүн талаас баруун зүгт чиглэлтэй хөндлөн гарах гээд алхаад явж байтал өөдөөс урагшаа чиглэлтэй орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлсэнээсээ хойш юу болсоныг санахүй байгаа. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би машин ирж байгааг анзаараагүй. Би бага зэрэг согтуу байсан. Баруун хөлний тахилзуур яс хугарсан. Жолооч ирж уулзаж эмчилгээний зардлыг төлж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар гаргаж өгнө…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч С.Байгалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…С.С.А нь миний дунд хүү юм. Миний автомашиныг унаж хааяаа таксинд явдаг байсан. Жолоочийн хариуцлагын даатгал дээр хүүгийн нэр бүртгэлтэй байдаг. Тэр өдөр миний машиныг хадмындаа очно гээд жолоодож гараад хүн мөргөсөн байсан. Бид явган зорчигчийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд 1.700.000 төгрөг зарцуулаад байгаа. Цаашид гарах зардлыг чадхаараа төлнө…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд:
“...170300370 гэсэн бичигтэй 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 19 дүгээр хуудас/
Ослын талаархи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:
"... дүрс бичлэг эхлэхэд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 17-ын уулзварын хойд зам харагдах ба бичлэгийн 00 минут 11 секунтэд замын зүүн талаас 1 явган зорчигч явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гүйж явах үед 00 минут 16 секунтэд цагаан өнгийн “Тоёота Приус-10” маркийн автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй орж ирээд явган зорчигчийг мөргөөд зогсож байна. Явган зорчигч мөргүүлээд зам дээр шидэгдээд унах ба 00 минут 32 секунтэд бичлэг дуусахад автомашин хөдөлгөөнгүй зогсож байх ба явган зорчигч зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдана…" гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12707 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Техникийн шинжээчийн ¹197 дугаартай дүгнэлт: “...
Хариулт 1. уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд тэнхлэгний дугуйн тоормосны хүч, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Дуут дохио, шил арчигч зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Автомашины зүүн, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Гэрэлтүүлэх хэрэгсэлийн хувьд улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй, бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай. Дугуйнуудын марк хэмжээс, хээ ижил, хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Автомашиныг суваг дээр өргөж үзлэг тос гоожилт байхгүй, тоормосны аппаратын битүүмжлэл, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл гэмтэлгүй байна.
Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: урд салхины шил зүүн гар талын хэсэгтээ цөмрөөд хойд хаалга зурагдсан хуучин сэвтэй, баруун гар талын жолоочийн хаалганы бариул хугархай, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, ослын зогсолтын тэмдэг байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
Хариулт 2. Урд салхины шил зүүн гар талын хэсэгт цөмрөөд цацарч хагарсан, зүүн гар талын үзүүр хэсэгт бага зэрэг хонхойсон эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн. Зүүн гар талын хойд талын хаалга зурагдсан хуучин сэвтэй, баруун гар талын жолоочийн хаалганы бариул хугархай, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, ослын зогсолтын тэмдэг байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.
Хариулт 3. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа боловч хот суурин газарт тээврийн хэрэгсэл ойрын гэрэлтэй явах шаардлагатай тул тухайн зам тээврийн осолд ач холбогдол болох зүйл болохгүй…” гэжээ /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн ¹620 дугаартай дүгнэлт:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/,
Осол, хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/,
Өвчний түүх /хх-ийн 41-48 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9/, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10/, эмчилгээний баримтууд /хх-ийн 26-33/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас ¹66153 /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, С.Алтан-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78/, жолоочийн лавлагаа /хх-ийн 79/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 80/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81/, жолоочийн албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 93/, хохирогчоос нэмж гаргаж өгсөн 7 хуудас эмчилгээний баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.С.А нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 17-ын уулзварын хойд талын явган хүний гарцтай замд “Тоуота приус-10” маркийн 05-74 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж гарцаар явж байсан явган зорчигч Б.Гансүхийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
- шүүгдэгч С.Алтан-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Гансүхийн мэдүүлэг,
- иргэний хариуцагч С.Байгалмаагийн мэдүүлэг,
- ШШҮХ-ийн шинжээчийн №12707 дугаартай дүгнэлт,
-техникийн шинжээчийн ¹620 дугаартай дүгнэлт,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч С.Алтан-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч С.Алтан-Эрдэний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч С.С.Ад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүнд хор уршиг арилаагүй/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Алтан-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү ...” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч түүнээс үүсэх хор уршиг арилаагүй /хохирогч гомдолтой/ тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийн хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Хохирогч Б.Гансүх нь гэм хорын хохиролд шүүгдэгчээс 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчээс хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 1.212.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүх хуралдаанд хохирогчоос баримтаар гаргасан эм бэлдмэл, тохойвч таяг зэргийг нэхэмжилсэн 369.200 төгрөгийг иргэний хариуцагч С.Байгалмаагаас гаргуулахаар шийдвэрлэв.
Учир нь “Тоуота приус-10” маркийн 05-74 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Байгалмаа нь шүүгдэгчид тухайн автомашиныг шилжүүлж ашиглуулсан болох нь түүний болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Байгалмаа хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний хариуцагч С.Байгалмаа нь өөрт учирсан гэм хорын талаар буруутай этгээдээс жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.
Харин хохирогч Б.Гансүх цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.С.Аэс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.С.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нарт овгийн Сайнноровын Алтан-Эрдэнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Алтан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтан-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэргийг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан гэм хорын хохирол болох 369.200 төгрөгийг иргэний хариуцагч С.Байгалмаагаас гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн 21-р гудамжны 348 тоотод оршин суух Алаг-Адуут овогт Бадарчийн Гансүхэд /ЧС70032971/ олгосугай.
7. Хохирогч Б.Гансүх нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.С.Аэс гаргуулах эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шүүгдэгч С.Алтан-Эрдэнийн №691617 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтан-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.С.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН