| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2206034912821 |
| Дугаар | 2023/ДШМ/389 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/389
Б.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Чанцалдулам,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2206034912821 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Бгийн С, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 773 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан;
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр - тоотод Ш.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлий хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /400мл/, хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Бгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Б.Сд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.515.030 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгож, хохирогч Ш.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хийсэн хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн гэмт хэрэг, ах, эгчийнхээ амьдралд мартагдашгүй хар толбо учруулсан явдалдаа маш их харамсаж, гэмшиж байна. Эрүүл мэндийн хувьд баруун нүдээ бүрэн алдаж, зүүн нүд 90 хувийн алдагдалтай ба 10 хувийн хараатай болно. Хөдөлмөр эрхлэлт, үйлд муугаар нөлөөлдөг. Хохирогчид учирсан хохирлыг надад улсын халамжаас олгогдох 288.000 төгрөгийн хуримтлал буюу бусад өөрт тохирсон боломжийн хөдөлмөрийн орлогоор барагдуулна. Одоо би 54 нас хүрч байна. Энд байх хугацаандаа маш их зүйлийг бодож, дахин элдэв хэрэг хийхгүй гэдгээ ухамсарлаж байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд орсон өдрөөсөө эхлэн тоолж, андуурсан зүйл болсон юм билээ. Шүүгдэгчийн биеийн байдал болон, хохирол, гомдол байхгүй зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Сгийн гэм бурууг нотолсон байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, эдлүүлэх дэглэм зэргийг үнэлж гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилтыг хангахуйц, мөн хуулийн хүрээнд тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял шийтгэлийг оногдуулсан нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлгүй, хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ - тоотод Ш.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлий хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /400мл/, хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ш.Бийн “...2022 оны 7 дугаар capын 03-ны өглөө 7 цагийн орчим Б.С ... бид хоёр архиа хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ...Тухайн хүн явсны дараа гаднаас хүн нэмж ирээгүй, С бид хоёр хоёулхнаа байсан. ...Надад учруулсан гэмтлийн С л учруулсан байх. ...” /хх 23-24, 26/,
гэрч Б.Мн “...2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өглөө 9 цагт төрсөн эцэг Бийн гэрт ээж Оийн төрсөн дүү С ирсэн, аавтай хамт архи ууж байсан. ...19 цаг 50 минутын орчим ... гэрт нь ороход аав Б том өрөөний орон дээр дээш харсан, цээжнээс нь цус гарч байсан. Өмсөж байсан футболкийг сөхөөд харахад цус болсон байсан ба С сандал дээр хөлөө ачаад сууж байсан. Огт юм дугарахгүй байсан. Би шууд түргэн тусламж болон цагдаад мэдэгдсэн. ...” /хх 29-30/,
гэрч Ж.Оийн “...Намайг гэртээ ирэхэд нөхөр Б орон дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан. ...Тэр өдрөөс хойш Стай утсаар холбогдож “яаж байгаа юм бэ миний дүү” гэж хэлтэл “харин тийм ээ эгчээ, согтуудаа тийм юм болчихжээ, эгчийгээ зовоочихлоо” гэж хэлээд уйлаад байсан. ...” /хх 32/,
иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын “...Б.С нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр - тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Ш.Бийг хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ш.Б 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас “эмчилгээ үйлчилгээний нийт 3.515.030 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Сгаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ..." /хх 111-114/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ш.Бийн биед хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлий хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, хэвлий хөндийн цусан хураа /400мл/, хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх хэвлийн өмнөд ханыг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан xypаa /400мл/ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хэвлийн зүүн сарвууны ар хэсгийн өнгөц хатгагдсан шарх гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 37-39/ гэсэн 710 дугаар,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...№1 гэж дугаарласан дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Б овогтой Сгийн зүүн гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон, зурагт улаан өнгийн будагчаар зурж, ижил цифрээр дугаарлан тэмдэглэсэн доорх хувийн шинжүүдээрээ тохирч байна. ...” /хх 99-107/ гэсэн 02/545 дугаар шинжээчийн дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 14/, Ш.Бийн өвчний түүх /хх 64-88/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон. даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх 118/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 61/, Б.Сгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 62/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Сгийн үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүгдэгч Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Б.Сд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Сгийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлгээс өөр хохирогчийн биеийн байдлыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хохирогч Ш.Бийн эрүүл мэндийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байгаа нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.
Хавтас хэрэгт, хохирогч Ш.Бид үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөрт 3.515.030 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн төлбөрийн баримт /хх 118/ авагдсан ба уг төлбөрийг анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сгаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохдоо нарийвчилсан зохицуулалтдаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баримталсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-т зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.515.030 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-т зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.515.030 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ