| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00182/И |
| Дугаар | 150/ШШ2024/00203 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2024/00203
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 150/ШШ2024/00203 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч *** даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***аймгийн, ***сум, * дүгээр баг, * дугаар гудамж, * тоотод оршин суух, **овогт ***ийн ***ийн /РД:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, * дүгээр баг, * дүгээр хэсэгт оршин суух, **овогт ****/**/ холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 7,912,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.**, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.**, хариуцагч Х.**, хариуцагчийн өмгөөлөгч П.**, гэрч ***, ***, ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...** би **аймагт амьдардаг. 2022 онд надад 1 тонн төмс худалдаж байсан **гэдэг залуу 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр утасдаад сайн чанарын гала сортын төмс 8 тонныг борлуулмаар байна та аваач гэж санал болгосон. Би түүнд итгээд 8 тонн төмсийг худалдан авахаар болсон, нэг шуудай төмсийг 25,000 төгрөг гэж байсан болно. Төмсийг худалдан авахаар тохиролцсон учир ****рүү явах гэж байсан жолооч **чиргүүлтэй автомашиныг 1,600,000 төгрөгөөр хөлсөлж төмсөө ачуулахаар болсон. Жолооч **нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 02 цагт **суманд ирж төмсийг ачсан байдаг. ***нь төмсний үнийг шилжүүлсний дараа машиныг явуулна гэсэн учир үүрээр 5 цагт Д.**данснаас 5,175,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд төмс ачсан машин 17-ны орой 18-19 цагийн орчимд **ирсэн. Төмсийг хүлээн авахад өмхийрч муудаж, ялзарсан, ус гоожсон хэрэглэх ямар ч боломжгүй төмс байсан тул энэ талаар **рүү утасдаж хэлэхэд мэдэхгүй зүгээр төмс байсан гэж хэлсэн. Үүнээс хойш утсаа авахаа больсон. Жолоочийн хувьд ачаад ир гэсэн төмсийг чинь ачиж энэ хол түлш, шатахуун зарцуулаад ирсэн тээврийн хөлсөө өг гэж шаардсан учир 1,150,000 төгрөгийг түүнд дансаар шилжүүлж өгсөн. Дулааны улиралд төмс 1-2 хоногийн дотор өмхийрч ялзарч муудахгүй, тээвэрлэлт даахгүй хэмжээнд хүрэхгүй юм. Анхнаасаа чанаргүй ялзарч муудсан төмсийг шөнө орой ачсан байна гэж үзэж байна. Би түүнтэй уулзахаар **аймгаас энэ сарын 20-ны өдөр ирсэн боловч уулзаж чадаагүй учир **ажилладаг өмгөөлөгч Д.**1,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирч гэрээ байгуулж түүнд итгэмжлэл олгосон. Иймд Х.**төмсний үнэ, тээврийн хөлс, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 1,000,000 төгрөг нийт 7,825,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 587,700 төгрөгөөр нэмэгдүүлж байна...” гэв.
Хариуцагч Х.**нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би өөрийн газар дээр тарьсан ногоогоо 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хурааж эхэлсэн. Эхний өдөр хураасан төмсөө шууд талбай дээрээс хураагаад Хот руу ачуулсан 100 гаруй шуудай төмс байсан. Үлдэгдэл төмсөө төв рүү оруулаад хураасан байсан. Би **эгч рүү 08 сарын 15-ны өдөр залгаад “та төмс авах уу” гэж асуусан. 200 гаруй шуудай төмс болох юм шиг байна гэж хэлсэн. Би төмсөө хурааж дуусаагүй байхдаа ярьсан. Тухайн үед шуудай төмс 30,000-35,000 төгрөг байсан. **эгч “эгч нь арай дийлэхгүй юм байна” гэж хэлсэн. Хоёулаа ярьж байгаад 25,000 төгрөгөөр тохиролцсон. Тэгээд та машинаа явуулчих дүү нь эндээс ачиж өгөөд явуулъя гэж тохиролцсон. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр над руу энэ хүн чам руу ярина гээд нэг хүний утсыг надад өгсөн. Тэр жолооч нь маргааш үдээс хойш гарна гэж хэлсэн. Машин нь 12 цагийн үед ирсэн байх. Би жолоочид төмсөө харах уу гэж хэлтэл гайгүй биз дээ гээд цонхоор төмсийг харсан. Тэгээд жолооч за за би хэсэг унтаадахъя гэж хэлсэн. Төмсийг 2 цаг ачсан байх 2 цагийн үед төмсийг ачиж дууссан. Жолооч унтаж босож ирээд хучлагаа татсан. Тэгээд таны нойр хүрээд байвал хоноод явах уу гэж асуутал үгүй би ийшээ гарч байгаад замдаа унтаж байгаад явна гэж хэлсэн. Эгчийн мөнгө шилүүлсэн хүн рүү утсаар залгаад ачаа болсон та мөнгөө шилжүүлэх үү гэж хэлтэл за гэж хэлээд би дансаа явуулсан. Над руу мөнгө орж ирсэн. Намайг утсаа авахгүй байсан гэж хэлээд байна. Би талбайд хор цацаад ажилтай байсан. Сүлжээгүй газар байсан. Тэгээд утсаа сүлжээтэй газар машин дотроо орхиод явсан. Тэгээд шөнө ажлаас бууж ирэхээр над руу баахан залгачихсан байсан. Утсаа автал эгч “чиний төмс аймар төмс байна. Төмсөө ирж ав, учрыг нь ол” гэж хэлсэн. Би “тийм төмс ачуулаагүй” гэж хэлтэл эгч өөрөө над руу баахан орилж чарлаад, уурлаад байсан. Бид хоёр утсаар маргалдсан. Цуг явсан гээд байгаа хүн нь болохоор төмс чинь жаахан өвчтэй төмс байна. Асгаад үзтэл 4-5 килограммын хоргодол гараад байна. Чи ирж төмсөө ялгах юм уу эсхүл хоргодол тооцоод ямар нэгэн арга хэмжээ ав гэж хэлсэн. Би тиймэрхүү юм байгаа бол болох байх гэж хэлсэн. **эгч хэд хоногийн дараа өөрөө төмс ачиж ирсэн. Тэгээд хартал тэр төмс арай л аймар төмс байсан. Төмсний ус гоожоод нялцайчихсан байсан. Эндээс тийм төмс ачуулаагүй. Тийм төмсийг ачих гэж хүн ойртохгүй. Төмсний үнэр танар аймар байсан. Ачлаа гэж бодоход хүний хувцас хунар ямар болох уу. Би тэр төмсийг талбай дээрээ 2 өдөр хураасан. Эхний хураасан төмсөө орой нь аваачиж буулгаад гадаа нарны голд 2 өдөр болгосон. Машин нь шөнө ирэхэд ачиж явуулсан. Яг 207 шуудай төмс ачсан. Би тэнд байдаг нутгийн дүүгээ очоод төмсийг хараадах гэж хэлсэн. Тэр дүү над руу 2 хэсэг хураасан төмс байна. Нэг хэсэг нь зүгээр байна. Нөгөө хэсэг нь муудсан төмс байна. Тэгэхдээ тэрийг ялгавал гайгүй юм байна гэж хэлсэн. Эгч би бүх хохирлыг чамаас барагдуулна гээд байсан. Бид хоёр маргаалдаад тэгвэл явдаг газраар нь яв гэж хэлсэн. Эгчийг тэгээд байхаар нь би төмсөө аймаг руу шинжилгээнд явуулсан. 08 сарын хорин гаргаад байх төмсөө шинжилгээнд өгсөн. Шинжилгээний бичиг нь ирсэн. Би эндээс зүв зүгээр төмс ачуулаад явуулсан. Аймар болсон төмс байсан бол тэр хүн ч гэсэн хэзээ ч ачаад явахгүй. Би ч гэсэн ийм аймар төмсийг хадгалаад байж байна гэж юу байх вэ. Би үгүйсгэж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Х.**нь хариуцагч Х.**холбогдуулан 7,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х.**нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Х.**худалдаж авсан төмс муудаж ялзарсан байсан тул төмсний үнэ 5,175,000 төгрөг, **аймгийн **сумаас **аймаг руу тээвэрлүүлэхэд 1,150,000 төгрөгийн зардал гарсныг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 7,325,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооны алдаа гаргаж, 7,825,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлдээ дурджээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 587,700 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба хариуцагч тухайн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүх хуралдааны шатанд гаргах боломжтой гэснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, худалдан борлуулсан төмс ялзарч муудаагүй хэвийн байсан гэж маргана.
Нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 256.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.**нь хариуцагч Х.***2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 207 шуудай төмс /25,000х207/ худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эд зүйлийг шилжүүлэн өгснөөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.
Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талууд гэрээний талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч Х.**худалдсан төмс ялзарч муудсан байсан болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
**аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08-33-05/172/11 дугаартай хяналт шалгалтын танилцуулга /хх-ийн 25/, гэрч Д.**, Ю.**нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч нар “...төмс ялзарч муудсан төмс байсан...” талаар, хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч нар “...шинэ ургацын хэвийн төмс байсан...” талаар тус тус мэдүүлж байна.
**аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08-33-05/172/11 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, тэмдэглэл зэрэг нотлох баримтаар 100 шуудай төмс ялзарч муудсан байсан нь тогтоогдсон тул гэрч Д.**, Ю.**нарын мэдүүлэг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” Мөн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан.
Талууд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй ба гэрээний зүйлийн чанарын талаар харилцан тохиролцоогүй бөгөөд тухайн гэрээний зүйл ердийн хэрэглээний шаардлагыг хангасан буюу зориулалтын дагуу ашиглагдах боломжтой бол биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Гэтэл хариуцагч Х.**нэхэмжлэгчид худалдан борлуулсан төмс ялзарч муудсан байсан байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан ба худалдан авагч гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн, түүний доголдлыг арилгах талаар арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төмсний үнэ болон учирсан хохирлоо гаргуулна гэж маргасан нь үндэслэлтэй.
**аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08-33-05/172/11 дугаартай хяналт шалгалтын танилцуулгад **сумын **-р багийн **-р гудамж ** тоотод байрлалтай 6:5 харьцаатай блокон хана, модон таазтай нүхэн зооринд цэвэрлэгээ хийсэн, ногооны үлдэгдэлгүй, автомашины гражид хадгалж буй 99 шуудай төмсөнд эрүүл ахуйн үзлэг хийхэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Хүнсний төмс, Техникийн ерөнхий шаардлага MNS 0258:2021 стандартын 5.1-ийн 1 дүгээр хүснэгтэд заагдсан мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр чанарын шаардлага хангахгүй байна. Тухайн төмс нь өнгө хэвийн ч зөөлөрч ялзарсан, шингэн ялгарсан, төмсний ялзарсан үнэртэй, дагалдах шинжилгээний бичиг байхгүй, гарал үүсэл нь тодорхойгүй байна гэж дурдсан.
02 дугаартай шалгалтын тэмдэглэлийн шалгалтын явц хэсэгт: **сумаас 2024 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 01 цагт ачуулж, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18:30 минутаас 21:30 минутын хооронд буулгаж авсан. Буулгахад муудсан байсан тул 50 шуудайг нь гахайнд өгсөн.
Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт: 100 шуудай төмс хадгалсан. Уг төмс нь мэдрэхүйн үзүүлэлтээр зөөлөрч ялзарсан, шингэн ялгарсан, өнгө хэвийн, төмсний ялзарсан үнэртэй байна. Х.**худалдан авсан мөнгөний баримттай, дагалдах гарал үүсэл, шинжилгээний бичиггүй байна гэжээ.
Дээрх шалгалтын танилцуулга болон тэмдэглэлд 100 шуудай төмс хадгалагдаж байгааг дурдсан байх тул хариуцагчаас 100 шуудай төмсний үнийг гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.**нь тухайн үед **аймагт оршин сууж байсан, **аймгийн **сумын нутаг дэвсгэрээс төмсийг худалдан авсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг төлөх үүрэгтэй” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, 100 шуудай төмсний үнэ 2,500,000 төгрөг, хохирол зардалд 417,700 төгрөг, нийт 2,917,700 төгрөгийг хариуцагч Х.**гаргуулж нэхэмжлэгч Х.**олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирэхдээ буудалд байрласан гэж 170,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид хандаж, үйлчлүүлсэн байх тул тухайн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Х.**нь тээврийн хөлс гэх гүйлгээний утгатай 1,150,000 төгрөгийг **тоот дансанд шилжүүлсэн байгаа боловч тухайн баримт нь хуулбар хувь байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдав.
Иймд хариуцагч Х.**2,917,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.**олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,995,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.**61,633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.**олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.**2,917,700 төгрөгийг гаруулж нэхэмжлэгч Х.**олгож, үлдэх 4,995,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.**61,633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.**олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.**