| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01280/И |
| Дугаар | 155/ШШ2024/01212 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2024/01212
| 2024 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2024/01212 | Х-аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ц-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.П-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э-,
Хариуцагч: Г.Ц-,
Гэрч: Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.П- нь Их Мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Х аймгийн М суманд байрлах 68 зээлийн төвд ажилладаг. 2023.11.05-ны өдөр Х-аймгийн Т сумын иргэн Г-ын Ц- нь Iрhоnе-14 рrоmах гар утсыг барьцаанд тавьж зээл авахаар ирсэн ба би тухайн утсыг нь шалгаж авахдаа урьд нь манайд мөн утсыг барьцаанд тавьж, зээл авсан, зээлээ хугацаандаа төлсөн байдлыг харгалзаж үзээд зээл олгосон. Гэтэл манай дээд газраас шалгалт ирж Г.Ц-гийн барьцаанд тавьсан утас нь Iрhоnе-14 рrоmах маркын гар утас биш болох нь тогтоогдож, хуурамч утас барьцаанд авсан гэж үзээд тухайн зээлийг нь надаас авах авлагаас бүртгэсэн. Ингээд би сар бүр цалингаасаа 200,000 төгрөгийг Г.Ц- гуайн зээлэнд суутгуулдаг болж, одоо ч тус мөнгийг төлж дуусаагүй байна. Ийм үйл явдал болсны дараа Ц- гуайтай холбогдож, утсаа буцааж аваад надад 2,000,000 төгрөг өгөхийг гуйж, тайлбарлаж хэлсэн боловч тэгж байгаад авна гэсээр одоог хүртэл төлөөгүй. Би хэдийгээр Ц- гуайн барьцаанд тавьсан утсыг хуурамч гэдгийг таньж чадаагүй ч, Г.Ц- гуай иргэн хүнийхээ хувьд хуурамч утас барьцаалж, барьцааны зүйлээс өндөр зээл авч болохгүй байсан. Би түүний зээлсэн 2,000,000 төгрөгийг авч ашиглаагүй мөртлөө түүний зээлийг төлж, Г.Ц- гуай мөнгийг авч ашигласан атлаа зээлээ төлөхгүй байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй, үндэслэлгүйгээр мөнгөжсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.П- надад Х-аймгийн Т сумын 6-р багийн иргэн Б.Ц-гаас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.П- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой П- нь Их Мөнх наран барьцаалан зээлдүүлэх газрын Х-салбарт 68 зээлийн төвд ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х-аймгийн Тсумын иргэн Г-ын Ц- нь IPhone14 Pro max гар утсыг барьцаанд тавьсан. Уг утсыг шалгаж авахдаа өмнө нь манайд тавиад хугацаандаа зээлээ төлсөн гэдгийг нь хараад зээл олгосон. Үүнээс хойш 12 дугаар сард манайд төвөөс шалгалт ирж энэ утас хуурамч утас гэж мэдэгдсэн. Манай байгууллага хуурамч барьцаа авсан тохиолдолд зээл олгосон ажилтан өөрөө төлдөг дотоод журамтай учраас үүний дагуу надад авлага үүсгэж 2,000,000 төгрөгийг би сард 200,000 төгрөгөөр одоо болтол төлж байгаа. Шалгалт ирэхэд хугацаа хэтэрсэн байсан. Манайд зээл 14 хоногийн хугацаатай гардаг. Хугацаа хэтрээд 60 хоног болсноос хойш манайх төв рүүгээ барьцаа нь явдаг журамтай учраас барьцааны утас төв рүү явсан. Хариуцагч 2,000,000 төгрөгийг авч ашиглачихаад төлөхгүй би 2,000,000 төгрөгийг нь төлж байгаа учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Одоо хэрвээ энэ хүн тохиролцоно гэж үзвэл утсыг нь буцааж өгнө. Хоёр хүн энэ хүний утсыг авахаар ирсэн гэсэн. Би тэр үед нь ажил дээрээ байгаагүй гэв.
Хариуцагч Г.Ц- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х-аймгийн Тсумын 6 дугаар багийн иргэн Гапбадрахын Ц- би иргэн Б.П-гээс тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би анх 2023 оны 10 дугаар 28-ны өдөр Х аймгийн М суманд байдаг Их Мөнх наран нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн Iphone 14 promax загварын гар утсыг барьцаалж 2 сая төгрөгийн зээл авсан юм. Би тухайн үед арьсны хорт хавдрын улмаас эмчилгээнд явах гэж байсан тул мөнгө шаардлагатай болоод тухайн зээлийг авсан. Гэтэл товлосон хугацаандаа эмчилгээнд явж чадаагүй тул хэд хоногийн дараа тус зээлээ төлөөд утсаа буцааж авсан юм. Тэгээд дараа нь эмчилгээндээ явах болоод мөнгө шаардлагатай болсон тул 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн тухайн Их Мөнх наран нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн Iphone 14 promax загварын гар утсаа барьцаалж дахин 2 сая төгрөгийн зээл авсан юм. Зээлийг 14 хоногийн хугацаатай буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай авсан юм. Тэгээд уг мөнгөө хотод байх хугацаандаа зарцуулж дууссан бөгөөд мөнгөгүй болсон тул утсаа авч чадаагүй юм. Над руу барьцаалан зээлдүүлэх газраас яриад зээлээ төл, эсхүл утсыг чинь зарлаа шүү гэдэг байсан бөгөөд би би утсаа авах боломжгүй болчихлоо зарвал зарж болно. гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 02 сард тэтгэврийн зээл аваад үүнээс 2.500.000 төгрөгийг нь өөрийн бэр Мягмарсүрэнгийн Төрийн банкны 200200083612 дугаарын данс руу шилжүүлж нөгөө барьцаалан зээлдүүлэх газраас утсаа авахуулах гэсэн чинь утсыг чинь зарах гээд хот руу өгөөд явуулсан гэж хэлсэн байсан. Тэгээд миний утсыг барьцааны гэрээний дагуу худалдсан юм байна гэж ойлгосон. Мөн 2024 оны 02 дугаар сарын 24, 25-ны үед 86983737 дугаарын утаснаас Барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан П- гэгч хүн залгаад таны утсыг зарлаа шүү. Та янз бүрийн юм ярихгүй юм байгаа биз дээ гэхээр нь би нэгэнт зээлээ төлж чадахгүй юм чинь зарж болно оо л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл миний Их Мөнх наран барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээ барьцааны эд зүйлийг худалдаж үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулсан гэж ойлгосон.
Би иргэн Б.П-гийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1.Тухайн Iphone 14 promax гар утсыг 2024 оны 6 дугаар сард манай нөхөр Л.М явуулын хүнээс 3 сая төгрөгөнд тооцож хонь өгч худалдаж авсан юм. Хэдийгээр би гар утасны тухай нарийн сайн мэдлэггүй ч гэсэн энэ гар утсыг хуурамч утас гэж бодохгүй байна. Хэрвээ хуурамч байсан бол би энэ талаар огт мэдээгүй. Мөн барьцаалан зээлдүүлэх газарт одоо байгаа утас миний барьцаалсан утас мөн эсэх, тухайн газартаа солигдох ч юмуу эсхүл сэлбэгдсэн ч байх боломжтой шүү дээ. Б.П-гээс уг гар утсыг ямар баримтаар хуурамч болохыг нь нотолж байгаа баримт байгаа эсэх нь ойлгомжгүй байна.
2.Тэгээд ч тухайн зээлдүүлэх газрын хүмүүс надаас хоёр ч удаа барьцаанд тухайн утсыг авахдаа үзэж харж шалгаж л авч байсан. Утасны талаар ямар нэг доголдол огт яригдаагүй.
3.Мөн би ***" нэртэй барьцаалан зээлдүүлэх газартай гэрээ байгуулж утсаа барьцаалан зээл авсан. Гэтэл Б.П- гэгч хүн нэхэмжлэл гаргасан байгаа нь ойлгомгүй байна. Б.П-г тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т сумын иргэн Г-ын Ц- байна. Би утсаа авч чадахгүй байсан нь үнэн. Би зээл авсан мөнгөөрөө хими эмчилгээ хийлгэхээр хот руу явах гэж байтал эмчилгээ маань хойшилсон учраас хотод байх хугацаандаа мөнгөө хэрэглэж дууссан. Тэгээд Т-д ирээд тэтгэврийн зээл аваад утсаа авъя гэсэн чинь тэтгэврийн зээлээ түрүүлээд авчихсан болохоор хугацаа нь болохгүй байсан. Хугацаа болохоор нь тэтгэврийн зээлээ авч өөрөө ирэх гэтэл эмчилгээнд ороод даарч болохгүй гэсэн учраас ирж чадаагүй өөр хүнд мөнгөө өгөөд явуулсан. 1,000,000 төгрөгөөр нэг, 1,500,000 төгрөгөөр нэг хийсэн баримтаа би хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тэгэхэд утас чинь зарагдахаар хот руу явсан гэж хэлсэн байсан. Гэрээнд зааснаар мөнгөө хугацаандаа төлж чадахгүй бол зарна гэснийг надад сайн уншиж ойлгуулж өгсөн. Тэгээд би хугацаа нь хэтэрсэн учраас зарагдсан юм байна гэж ойлгоод үлдсэн мөнгөөрөө цагаан сарын юмаа бэлдсэн. Шинийн 4-ний өдөр би н.Пүрэвдорж гэдэг айлд цай уугаад сууж байхад Б.П- залгаад хугацаа нь хэтрээд удсан учраас таны утсыг зарлаа шүү. Та янз бүрийн юм ярихгүй юм байгаа биз дээ гэхээр нь би гэрээний дагуу авч чадахгүй учраас зарагдана гэсэн байсан учраас зар зар гэж хэлсэн. Би өөр юм хэлээгүй. Дараа нь дахиад нэг залгахдаа энэ утас чинь халдаг юм байна гэсэн зүйл ярьсан. Хэзээ тэгж ярьсныг нь би сайн санахгүй байна. Энэ утсыг надад манай нөхөр эмнэлэг, төв суурин газраар явж байгаа юм чинь гээд малаа зараад 3,000,000 гаруй төгрөгөөр авч өгсөн. Малынхаа томоос нь зарчихсан учраас дараа нь эмнэлэгт явахдаа жижиг малаа зарах гэтэл махны газрууд авахгүй байсан болохоор аргагүйн эрхэнд утсаа тавьсан. Эхлээд утсаа ломбардад тавиад эмчилгээнд явах гэсэн чинь таны эмчилгээний хугацаа хойшлогдсон гэхээр нь хий дэмий хүү бодуулаад яах вэ, мөнгийг нь аваачиж өг гэж нөхөр маань хэлэхээр нь 2,000,000 төгрөгөө өгч утсаа буцааж авсан. Гэтэл хими эмчилгээний эмч над руу таны эмчилгээний хугацаа боллоо шүү гээд ярихаар нь утсаа буцааж ломбардад тавиад эмчилгээндээ явсан. Хотод байх хугацаандаа мөнгө дуусаад тэтгэврийн зээлээ авсан. Манай нэг орон гаран хүү маань айлд мал хардаг байсан чинь айлын хүмүүс нь хүн нас барсан, мөнгийг нь өгч чадахгүй боллоо гэхээр нь би тэтгэврийн зээлээ аваад утсаа авхуулахаар мөнгөө хүнд 1 сая, 1 сая 500,000 төгрөг гээд хоёр тасалж шилжүүлээд, өгөөд явуулсан чинь хот руу зарагдахаар явсан гэж хэлсэн байсан. Удсан юм чинь хүү нь лав 500,000 төгрөгөөр нэмэгдсэн байх гээд 2,500,000 төгрөг өгч явуулсан юм. Миний А5 гэдэг утас дээр Б.П-гийн явуулсан мессеж байсан боловч тэр утасны дэлгэц шатчихсан. Утсыг чинь зарлаа шүү, гомдол юм байхгүй биз дээ гээд зөндөө л мессеж бичиж байсан. Би боломжгүй учраас юу ч хэлээгүй байсан. Айлд цагаан сараар цай уугаад сууж байхад энэ охин өөрөө залгаад таны утас зарагдсан гэхэд нь би тэр айлын хүмүүст миний утас зарагдсан гэнэ гэхэд тэр хүмүүс ч намайг мэдэх юм болохоор за яахав нэг юм тэгээд дуусаж байгаа бол яахав дээ гэсэн. Би ч за одоо би авч чадалгүй зөндөө удсан учраас зарсан юм чинь миний буруу гээд л өнгөрсөн. Гэтэл чимээгүй байж байгаад гэнэт л шүүхийн 103 тоотод ирнэ үү гээд би ирсэн. Утсаа авах гээд хүн явуулах үед миний иргэний үнэмлэхийг аваад үлдсэн байсан. Одоо энэ утсыг сольчихсон ч юм уу одоо би утсыг аваад яах вэ дээ. Тухайн үед утсаа авах гээд ирэхэд миний утсыг зарахаар явуулсан байсан. Би иргэний үнэмлэхгүй байж байгаад сонгуулиас 14 хоногийн өмнө сонгуулийн хүмүүс ирэхээр нь миний иргэний үнэмлэхийг хураагаад авчихсан, ав гээд ярих байх гээд хүлээж байгаад ярихгүй байхаар нь иргэний үнэмлэхээ дахиж захиалж авсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагч Г.Ц- нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Х-аймаг дахь салбараас IPhone 14 Pro max маркийн утсыг барьцаанд тавьж 2,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын ярьж байгаа тайлбараар тогтоогдож байна гэж үзэж байна. Түүний барьцаанд тавьсан утас оригнал IPhone 14 Pro max биш болох нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн иж бүрэн шалгалтаар илэрсэн байна. Энэ талаар Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 861 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна. Тухайн шалгалтаар хуурамч буюу барьцаанд авч болохгүй эд зүйл авсан бол тухайн зээлийн ажилтнаар төлүүлэх шийдвэрийг тухайн байгууллага гаргадаг юм байна. Үүний дагуу Г.Ц- гуайн авсан 2,000,000 төгрөгийн зээлийг зээлийн ажилтан Б.П-гээр төлүүлэхээр шийдвэрлэснээр Г.Ц- гуай тухайн компанийн зээлийн үүргээс чөлөөлөгдсөн. Харин зээлийн ажилтан Б.П- сард 200,000 төгрөг, 150,000 төгрөг гэх зэргээр Г.Ц- гуайн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулж байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байсан. Нэхэмжлэгч Б.П- нь хариуцагч Г.Ц- гуайн Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газраас авсан 2,000,000 төгрөгийн авлага Б.П- рүү шилжсэнээр уг зээлийг төлж 1,100,000 гаруй төгрөгийг төлчихсөн байгаа нь хэргээс харагдаж байна. Тийм учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасны дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр утсаа барьцаанд тавьснаа хүлээн зөвшөөрч байна. 2,000,000 төгрөгийг аваад хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн зээлээ төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар Их мөнх наран компанийн зүгээс Г.Ц- гуайд өр авлага үүссэн мөнгөө төл гэж шаардаж байгаа зүйл байхгүй. Ингээд Г.Ц- гуай зээлийн үүргээс бүрэн чөлөөлөгдсөн, мөнгийг авч ашигласан болох нь нотлогдож байна. Зээлээ төлөхгүй гэж байгаа шалтгаанаа эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ... гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, хариуцагч Г.Ц-гийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Их Мөнх Наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК, Г.Ц- нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан LO-0212542 дугаартай Зээлийн гэрээ 1 хуудас, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №БГ/LO-0210779 дугаартай Барьцааны гэрээ 1 хуудас, дансны хуулга 1 хуудас, Тооцооны карт 1 хуудас, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан 1 хуудас, Их Мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-аас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 861 дугаартай албан бичиг 1 хуудас, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч Б.Э-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг,
Хариуцагчаас: Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, хариу тайлбар 2 хуудас, дансны хуулга 1 хуудас, Г.Ц-гийн *** дугаартай Төрийн банкин дахь Иргэдийн халамжийн нэрийн дансны 2024.02.02-2024.02.04 өдрүүдийн харилцах дансны харилцагчийн хуулга 1 хуудас, Г.Ц-гийн *** дугаартай Төрийн банкин дахь Тэтгэврийн нэрийн дансны 2024.02.01-2024.02.08 өдрүүдийн харилцах дансны харилцагчийн хуулга 1 хуудас зэргийг тус тус ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, түүнд хадгалагдаж байсан гар утсанд үзлэгийг хийсэн, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж гэрч Б.М-ээс гэрчийн мэдүүлэг авсан зэрэг болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.П- нь хариуцагч Г.Ц-гаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна.
Үүнд: Би барьцаалан зээлдүүлэх төвд ажилладаг. Г.Ц- нь манай байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гар утсаа барьцаанд тавьж, 2,000,000 төгрөгийг авсан бөгөөд манай байгууллагад 2023 оны 12 дугаар сард барьцаа хөрөнгийг шалгах шалгалт ирж үүгээр Г.Ц-гийн барьцаалуулсан гар утас хуурамч болох нь тогтоогдож шалгах ажиллагааг дутуу явуулж хуурамч эд зүйлийг барьцаанд авсан ажилтан хохирлыг барагдуулдаг манай байгууллагын дотоод журмын дагуу намайг уг хохирлыг төлж барагдуулах шийдвэр гарсан. Би одоо уг хохирлыг төлж байгаа. Г.Ц-гаас барьцаалан зээлдүүлэх газар уг мөнгийг нэхэхгүй байгаа. Г.Ц-гийн авсан мөнгийг би төлж байгаа учраас Г.Ц- нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул түүнээс 2,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.П- сард 200,000 төгрөг, 150,000 төгрөг гэх зэргээр Г.Ц- гуайн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулж байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байсан. Нэхэмжлэгч Б.П- нь хариуцагч Г.Ц- гуайн Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газраас авсан 2,000,000 төгрөгийн авлага Б.П- рүү шилжсэнээр уг зээлийг төлж 1,100,000 гаруй төгрөгийг төлчихсөн байгаа нь хэргээс харагдаж байна. Тийм учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасны дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
3. Хариуцагч Г.Ц- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан.
Үүнд: Барьцаалан зээлдүүлэх газар гар утсаа барьцаанд тавьсан нь үнэн. Уг утсаа би авах гээд чадахгүй явсаар 2024 оны 2 дугаар сард цагаан сараас өмнөхөн Б.М-ээр ломбарданд байгаа утсаа авахуулахаар түүний данс руу 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгөөр хоёр удаа нийтдээ 2,500,000 төгрөгийг шилжүүлж явуулсан боловч ломбарданд миний гар утас байгаагүй. Хот руу заруулахаар явуулчихсан гэж хэлсэн байсан.
Дараахан нь буюу шинийн дөрөвний өдөр би айлд цай уугаад сууж байхад энэ нэхэмжлэгч охин өөрөө миний утас руу залгаад ...таны утсыг зарсан шүү ямар нэгэн гомдол санал юм байхгүй биз дээ... гэж хэлсэн.
Хэдэн сарын дараа ...нөгөө утас чинь халдаг юм байна энэ тэр гэж юм хэлээд энэ охин утсаар ярьсан.. Тэгж байж байчихаад сая шүүхийн 103 тоотод ир гэж дуудтал ийм нэхэмжлэл гаргасан байна. Утсыг хот явууллаа л гэсэн, дараа нь зарлаа л гэсэн. Тийм учраас доторхыг нь сольсон ч юм бил үү би яаж мэдэх юм бэ нэг жилийн дараа ингэж нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед нь би мөнгө өгч явуулаад утсаа авахуулах гэхэд зарах гээд хот явуулсан гэж байсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Төрийн банк харилцах дансны харилцагчийн хуулга, гар утсанд хийсэн үзлэг, гэрчээс авсан мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.
Хариуцагч Г.Ц- нь 2023 оны 11 дүгээр сарыни 06-ны өдөр *** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Х аймгийн М суманд үйл ажиллагаа явуулдаг 68 зээлийн төвд өөрийн эзэмшиж байсан гар утсыг барьцаалбар болгон 2,000,000 төгрөгийн зээлийг авсан, зээлийг хугацаанд эгүүлэн төлөөгүй, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Мягмарсүрэнд 2,500,000 төгрөгийг шилжүүлж, гар утсаа авахуулахаар явуулсан боловч 68 зээлийн төвийн ажилтан тухайн утсыг заруулахаар Улаанбаатар хот руу явуулсан гэх хариуг өгсөн, мөн оны 02 дугаар сард тухайн зээлийг олгосон ажилтан хариуцагч Г.Ц- руу утсаар ярьж гар утсыг зарсан талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчээс хариуцагчийн барьцаалуулсан гар утас гэж шүүх хуралдаанд үзлэг хийлгэсэн гар утас гаднах байдал хадгалалт хамгаалалтын хувьд ямар нэгэн битүүмжгүй ( гялгар уутанд хийж өнгийн наалт наасан байх боловч наалт нь хуучирч тоосонцор тогтсон) зэрэг болно.
5. Зохигч дээрх үйл баримтад маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ц- хуурамч гар утас 2,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авсан, барьцаа хөрөнгө болох гар утас хуурамч байсныг шалгаж аваагүйгээс эрсдлийг надад хариуцуулж зээлийн төлбөр 2,000,000 төгрөгийг зээлийн төв нь надаар төлүүлж байгаа. Үндэслэлгүйгээр 2,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж байгаа учир уг мөнгийг гар утасны эзэмшигч болох Г.Ц-гаас гаргуулна гэж, хариуцагч уг зээлийн төлбөрийг төлж барьцаа хөрөнгө болох гар утсаа авах гээд очиход худалдан борлуулахаар хот руу явуулсан, удалгүй утсыг худалдсан талаараа хариу мэдэгдсэн. Үүнээс хойш 2-3 сарын дараа утас халаад болохгүй байгаа талаар утсаар надтай ярьж байсан. Энэ хугацаанд тухайн гар утас солигдсон эсэх, засвар үйлчилгээнд орсон ч байх боломжтой учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тус тус гэж маргасан.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ц- үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна, би түүний зээлийг төлж барагдуулж байгаа гэж тайлбарлан хэрэгт энэ талаар тооцооны карт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан (хх-ийн 7,8 дугаар тал), (хх-ийн 22 дугаар тал) гэх баримтуудыг ирүүлсэн ба эдгээр баримтуудын эх сурвалж тодорхойгүй, тооцооны карт гэх баримтыг хаанаас гаргасан, төлбөр тооцоог хаана, хэнтэй нийлж хийж байгаа эсэх тодорхойгүй, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан баримтад ерөнхий нягтлан бодогч, Ерөнхий захирал, тайлан гаргасан ажилтны чухам хэний гарын үсэг зурагдсан нь ойлгомжгүй, эдгээр хүмүүсийн гарын үсэг дутуу, хэн гэдэг харилцагчаас хаана юунд зориулж авлага үүсгэж, төлөлт хийгдэж, үлдэгдэл тооцогдсон зэрэг нь тодорхойгүй. Энэ баримтаар нэхэмжлэгч Б.П-г хариуцагч Г.Ц-гийн авсан гэх зээлийн төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.
8.Түүнчлэн нэхэмжлэгч нь *** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал О.Нансалмаагийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 861 дугаартай 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийсэн шалгалтаар Г.Ц-гийн тус барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалбар болгосон гар утас нь .... дугаар зөрсөн, мөн утасны дэлгэц сольсон камер угсарсан хуурамч утас илэрсэн. Тухайн зээлийг зээлийн ажилтан Б.П- олгосон тул тус ажилтанд төлүүлэх арга хэмжээ авч ажиллах зөрчлийн хуудас хүргүүлсэн. гэх бичилт бүхий албан бичгийг нотлох баримтаар ирүүлжээ.
Дээрх бичилт бүхий албан бичиг нь хэргийн үйл баримттай нийцэхгүй, тодруулбал хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Төрийн банк, харилцах дансны харилцагчийн хуулгаар 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000, 1,000,000 төгрөгийг lamward, lamw гэсэн утгаар хариуцагч өөрийн данснаас бусдад буюу гэрч Б.М-д 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрч Б.М-ийн ...манай хадам ээж ломбарднаас утсаа авахуулахаар миний Төрийн банкны *** дугаарын данс руу нийтдээ 2,500,000 төгрөгийг хийсэн, би тухайн үед цагаан сарынхаа юмыг бэлтгэхээр Мөрөнд ирсэн байсан. Тэгээд тухайн газар нь очиход гар утсыг заруулахаар Улаанбаатар хот руу явуулсан гэж хэлсэн. Нэгэнт гар утас нь байхгүй юм чинь гээд мөнгийг нь өгөөгүй явсан. Хадам ээжийн бичиг баримтыг харин ломбардны хүн аваад үлдсэн гэх мэдүүлэг, хариуцагчийн ...цагаан сарын шинийн 4-ний өдөр (Пүрэвдорж ахынд би тэр айлд жил болгон шинийн 4-ний өдөр очдог ) Над руу энэ охин залгаж яриад утсыг чинь зарсан шүү ямар нэгэн хэл ам байхгүй юм байгаа биз гэсэн. Тэр айлын хүмүүст би ломбард миний утсыг зарсан гэнээ гэж хэлж байсан. За яахав чи нэг юмнаас салж байгаа юм бол яахав, яахав орхи гэж хэлсэн. ... гэсэн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ажилладаг байгууллагад хийсэн шалгалтаар хариуцагчийн барьцаалбар болгосон гар утас хуурамч гэж тогтоогдсоноос хойш 2 сарын дараа хариуцагч Г.Ц- гар утсаа авахуулахаар явуулахад гар утас нь тухайн газарт байгаагүй, түүнээс хойш хэд хоногийн дараа зарагдсан гэж мэдэгдсэн үйл баримттай тохирохгүй байна.
Иймээс хариуцагч Г.Ц-гийн *** зээлдүүлэх газар ХХК-д төлөх зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.П-д төлөх үүрэг хуулиар үүсэхгүй, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх шалгуурын нэг нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх ба хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх шалтгаан тайлбарлах, боломжгүй байх нөхцөлийг ойлгоно.
Зүй нь хариуцагчтай*** зээлдүүлэх газар нь зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр *** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хууль болон гэрээнд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.П- нь Г.Ц-гийн *** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний дагуу авсан 2,000,000 төгрөгийг төлсөн учир шаардах эрхтэй гэжээ.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй гэж шаардлага гаргаж болохгүй гэж хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.П- нь өөрийн гаргасан зардлыг нотлоогүй, хэргийн үйл баримтаар барьцаа эд хөрөнгө буюу гар утас нь хуурамч болох нь тогтоогдсон, гэрээний дагуу төлбөрийг төлөх талаар мэдэгдэх, өөрийн буруутай үйл ажиллагаанаас Г.Ц-гийн бусдад төлөх төлбөрийг төлж, өөрт зардал гарсан зэргийг 2023 оны 12 дугаар сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагчид мэдэгдээгүй нь тогтоогдсон болно.
Энэ талаарх холбогдох баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргаж ирүүлээгүй тул хариуцагчийн ...утсаа авахуулахаар Б.М-ийн данс руу 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгөөр хоёр удаа нийтдээ 2,500,000 төгрөгийг шилжүүлж явуулсан боловч ломбарданд миний гар утас байгаагүй. Хот руу заруулахаар явуулчихсан гэж хэлсэн байсан.
Дараа нь цагаан сарын шинийн дөрөвний өдөр би айлд цай уугаад сууж байхад энэ нэхэмжлэгч охин өөрөө миний утас залгаад таны утсыг зарсан шүү ямар нэгэн гомдол санал юм байхгүй биз дээ гэж хэлсэн.
Хэдэн сарын дараа нөгөө утас чинь халдаг юм байна энэ тэр гэж юм хэлээд энэ охин утсаар ярьсан.. Тэгж байж байж байснаа сая шүүхийн 103 тоотод ир гэж дуудтал ийм нэхэмжлэл гаргасан байна. Утсыг хот явууллаа л гэсэн, дараа нь зарлаа л гэсэн. Тийм учраас доторхыг нь сольсон ч юм бил үү би яаж мэдэх юм бэ нэг жилийн дараа ингэж нэхэж байгааг зөвшөөрөхгүй.... гэж маргасныг шүүх буруутгах үндэслэлгүй юм.
9. Иймд нэхэмжлэгч Б.П-д хариуцагч Г.Ц-гаас гар утасны төлбөрт төлсөн гэх 2,000,000 төгрөгийг гаргуулах шаардах эрх үүсэхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.П-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.П-гийн хариуцагч Г.Ц-гаас гар утасны төлбөрт төлж байгаа 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х-аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА