Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2016/0009/З |
Дугаар | 126/ШШ2016/0022 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 126/ШШ2016/0022
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.В************* , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал нарын нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын дарга Д.А*************-д холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд 2109786 тоот регистрийн дугаараар бүртгэгдсэн Шанд тариа ХХК-ийг хууль ёсоор татан буугдаагүй болохыг тогтоолгох, 2109786 тоот регистрийн дугаартай Шанд тариа ХХКомпанийн бичиг баримтыг улсын бүртгэлийн материалд оруулах, Компанийн анхны буюу 2109786 тоот регистрийн дугаараар дахин гэрчилгээ олгох, тус компанийг 2012 оны 02 сарын 03-ны өдөр 4129857 тоот регистрээр улсын 1711004144 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг тус тус хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.В************* , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч болох В************* нь анх Шанд тариа ХХК-ийг 250 000 төгрөгийн дүрмийн сантайгаар 1998 оны 07 сарын 16-ны өдөр байгуулж, 2109786 тоот регистр авч Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Уг компанийг үүсгэн байгуулагч, цор ганц хувьцаа эзэмшигч нь болох Дэндэвийн В************* өөрийн компанийхаа бичиг баримтыг шинэ хуулийн дагуу бүрдүүлэх гэж өөрийн дүүг эрх бүхий байгууллага болох Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандуулахад компанийн бичиг баримт Улсын бүртгэлийн албанд ирээгүй болох, татан буугдсан, буулгасан эсэх баримт архивт байхгүй талаар мэдэгдэж 2012 оны 02 сарын 03-ны өдөр дахин 4129857 тоот регистр олгож 1711004144 дугаарт бүртгэж шинэ гэрчилгээ олгосон байна. Хөдөө орон нутгийн боловсрол нимгэн дүү нь энэ үйлдлийн хууль зүйн ач холбогдлыг бүрэн гүйцэд ойлгохгүйгээр шинэ регистртэй компани бүртгүүлж, шинэ гэрчилгээ авчээ. Гэтэл энэ байдал нь уг компанийн түүх, дараа дараагийн үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй дэмжлэг тусламж, иргэн бүр нь орлоготой байх төрийн бодлогод компани хамрагдах боломжийг хаах, компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцлийг бий болгож, давхар регистр, давхар бүртгэлтэй компани бий болж Шанд тариа ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж байна. .... Иймд 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд 2109786 тоот регистрийн дугаараар бүртгэгдсэн Шанд тариа ХХК-ийг хууль ёсоор татан буугдаагүй болохыг тогтоолгох, 2109786 тоот регистрийн дугаартай Шанд тариа ХХКомпанийн бичиг баримтыг улсын бүртгэлийн материалд оруулах, Компанийн анхны буюу 2109786 тоот регистрийн дугаараар дахин гэрчилгээ олгох, тус компанийг 2012 оны 02 сарын 03-ны өдөр 4129857 тоот регистрээр улсын 1711004144 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг тус тус хариуцагчид даалгахыг хүссэн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол Шанд Тариа ХХК 1997 онд үүсгэн байгуулагдаад 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 2109786 регистрээр бүртгүүлсэн байдаг. Уг компанийг үүсгэн байгуулагч Дэндэвийн В************* өөрийн компаниа шинэ хуулийн дагуу бүртгүүлэх гэж бичиг баримтаа бүрдүүлж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад компанийн бичиг баримт Улсын бүртгэлийн албанд өгөөгүй, татан буугдсан эсэх баримт байхгүй, энэ талаар 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин шинээр гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байна гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Мөн миний үйлчлүүлэгч хөдөө багт амьдардаг, 1998 онд үүсгэн байгуулагдсан компани нь 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин шинээр үүсгэн байгуулсан байдлыг тухайн үед мэдээгүй, өөрөө энэ эрх зүйн үр дагаварыг ойлгоогүй байсан. Өөрөө үйл ажиллагаа явуулах гэтэл регистр зөрүүтэй дахин шинээр үүсгэн байгуулагдсан байдлыг тодорхой болгох зорилгоор холбогдох эрх бүхий төрийн байгууллагад хандсан боловч 2012 онд Д.В************* эд өөрийн чинь нэрээр ийм компани үүсгэн байгуулсан байна, 1998 онд үүсгэн байгуулагдсан компани чинь татан буугдсан байна гэсэн хариу өгсөн байдаг. 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр Татварын хэлтэс улсын бүртгэл хөтөлж байх явцад татан буугдсан бүртгэл байна, энэ бүртгэлээр татан буугдсан байна гэж Улсын бүртгэлийн хэлтсээс мэдэгдсэн байдаг. Дахин 2012 онд шинээр компани үүсгэн байгуулсан байна гэсэн. Энэ байдлыг Д.В************* мэдээгүй, ойлгоогүй. Тухайн үед В************* нь эрүүл мэндийн хувьд тааруу байсан. Харин түүний дүү Б.Алтантулга нь компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, ахынхаа нэрээр 2012 онд шинээр компани үүсгэн байгуулж хууль бусаар хүсэлт гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж шинээр компани үүсгэн байгуулж Д.В************* ийн эрх ашгийг зөрчсөн байдаг. Энэ байдал нь компанийн түүх, төрөөс үзүүлж байсан удаа дараагийн тусламж дэмжлэг авах, орлоготой байх, төрийн байгууллагад компани хамрагдах боломжийг хаасан, компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг 2012 онд үүсгэн байгуулсан компанийн байдал 1998 онд үүсгэн байгуулсан компанийн эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэх болж давхар регистрийн дугаартай, давхар бүртгэлтэй компани бий болгож байгаа. Ийм учраас хуучин регистрээр бүртгүүлэх, бичиг баримтаа цэгцлэх гэхээр энэ талаарх баримт аймгийн Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн бичиг хэргийн архиваас олдохгүй байна гэсэн тайлбарыг удаа дараа Улсын бүртгэл болон Татварын хэлтсээс мэдэгдэл ирүүлж байгаа. Ийм эрх зүйн зөрчилтэй үйлдлээс болж Улсын бүртгэлийн албанд хандсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/137 тоот албан бичгээрээ Шанд Тариа ХХК-ийн дээрх регистрийн дугаарыг хүчингүй болгуулах талаараа холбогдох албан тушаалтанд ханд гэсэн албан ёсны хариу өгсөн. Энэ захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг таслан зогсоох зорилгоор зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Шанд Тариа ХХК-ийн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4129857 тоот регистрээр улсын 1711004144 дугаартай улсын бүртгэлийг Д.В************* ийн зөвшөөрөлгүй хууль бусаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөрчиж бүртгүүлсэн байгаа учраас энэ бүртгэлийг хүчингүй болгуулах, 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд 2109786 тоот регистрээр бүртгэгдсэн Шанд Тариа ХХК-ийг хууль ёсоор татан буугдаагүй болохыг тогтоож, 2005 оны 11 дүгээр сарын 02 өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд Шанд Тариа ХХК 2109786 гэсэн дугаартай татан бууулгасан бүртгэлийг хүчингүй болгуулах, 2109786 регистрийн дугаартай Шанд Тариа ХХК-ийг бичиг баримтыг улсын бүртгэлд 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан энэ регистрээр бүртгэж улсын бүртгэлд оруулахыг даалгах, компанийн анхны буюу 2109786 дугаартай регистрээр дахин хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгуулж өгнө үү гэсэн эдгээр шаардлагуудыг гаргаж байна Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Д.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2109786 гегистрийн дугаартай Шанд тариа ХХКомпани нь 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан байна. Иргэн Дэндэв овогтой В************* нь компани үүсгэн байгуулах хүсэлтээ 2012 оны 05 сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргаж Шанд тариа гэсэн нэрээр ганц гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай 4129857 регистрийн дугаартай улсын бүртгэлийн 1711004144 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан бүртгэлтэй.
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас татан буугдсан гэсэн лавлагаа 2012 оны 09 дүгээр сарын 20-нд авсан, Татварын хэлтэс нь 2013 оны 12 дугаар сарын 12-нд 2109786 дугаартай Шанд тариа ХХК нь 2005 онд татан буугдсан талаар албан бичиг хүргүүлж байсан байна. Иймд 2005 онд татан буугдсан 2109786 дугаартай регистрээр дахин гэрчилгээ солих боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шанд Тариа ХХК нь 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2109786 гэсэн регистрийн дугаараар гэрчилгээ авч байсан байна. Иргэн Дэндэв овогтой В************* нь компани үүсгэн байгуулах хүсэлтээ 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргаж Шанд Тариа нэрээр нэг гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай, 4129857 регистрийн дугаартай, улсын бүртгэлд 17114144 дугаартай гэрчилгээ авсан бүртгэлтэй байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албанаас татан буугдсан гэсэн лавлагааг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Татварын хэлтэс нь 2013 оны 12 дугаар сарын 12-нд 2109786 дугаартай Шанд Тариа ХХК нь 2005 онд татан буугдсан байгааг албан бичгээр тус тус манай хэлтэст хүргүүлж байсан байна. Иймд 2006 татан буугдсан 2109786 дугаартай регистрийн дугаараар дахин гэрчилгээ олгох боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт холбогдуулан Д.В************* , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал нар 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд 2109786 тоот регистрийн дугаараар бүртгэгдсэн Шанд тариа ХХК-ийг хууль ёсоор татан буугдаагүй болохыг тогтоолгох, 2109786 тоот регистрийн дугаартай Шанд тариа ХХКомпанийн бичиг баримтыг улсын бүртгэлийн материалд оруулах, Компанийн анхны буюу 2109786 тоот регистрийн дугаараар дахин гэрчилгээ олгох, тус компанийг 2012 оны 02 сарын 03-ны өдөр 4129857 тоот регистрээр улсын 1711004144 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг тус тус хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд 2109786 тоот регистрийн дугаараар бүртгэгдсэн Шанд тариа ХХК-ийг хууль ёсоор татан буугдаагүй болохыг тогтоолгох шаардлагын хувьд Шанд Тариа ХХК-ийг 2005 онд татан буугдсан гэх бүртгэлийг хүчингүй болгож, Шанд Тариа ХХК-ийн 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2109786 регистрийн дугаараар бүртгэгдсэн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах гэж тодорхойлжээ.
Шанд тариа ХХКомпани нь нэг гишүүнтэй ХХК-ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан, уг компанийг үүсгэн байгуулагч Д.В************* , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал нар нь Шанд тариа ХХКомпаний тамга, тэмдэг олдохгүй болсон шалтгаанаар иргэнээс нэхэмжлэл гаргахдаа өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар захиргааны хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.В************* нь Шанд тариа ХХКомпанийг үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд буюу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн /хуучнаар/ даргад хандан өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хүсэлт гаргасан байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/137 тоот албан бичгээр түүнд ...2109786 регистрийн дугаартай Шанд тариа компани нь 1998 оны 07 сарын 16-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан бөгөөд Улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн этгээдийн хувьд буруу ташаа нотлох баримт бүрдүүлсний улмаас шинээр Шанд тариа ХХК-ийг үүсгэн байгуулсан байх талтай. ...Шанд тариа ХХКомпаний дээрхи хүчин төгөлдөр байгаа регистрийн дугаарыг хүчингүй болгох эрхгүй тул холбогдох албан тушаалтанд хандан уу гэж хариу өгсөнөөр нэхэмжлэгчид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэнээр 2016.3.11-ний өдөр тус шүүхэд хандсан нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
Хэргийн үйл баримтын талаар: Шанд тариа ХХК нь 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн 17/0221 дугаарт регистрийн 2109786 дугаартайгаар үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагчаар /удирдлагын нэр/ Дэндэвийн В************* гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх-4 дүгээр хуудас/ бөгөөд тус компани нь Татвар төлөгчийн хувийн хэрэгт /хх-84-115 хуудас/ компаний дүрэм, компаний эзний анкет зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар Хөвсгөл аймгийн Тариалан суманд оршин, мал аж ахуй, үр тариа, тариалан, төмс, хүнсний ногоо тариалах, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан байна. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгчээс Шанд тариа ХХК нь 1998 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн 17/0221 дугаарт регистрийн 2109786 дугаартайгаар бүртгэлтэй байхад үүсгэн байгуулагч Д.В************* ид мэдэгдэлгүйгээр үндэслэлгүйгээр татан буулгаж, улмаар 2012 оны 02 сарын 03-ны өдөр дахин шинэ регистрийн дугаар, гэрчилгээ олгосон хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр,
Хариуцагчаас иргэн Д.В************* нь компани үүсгэн байгуулах хүсэлтээ 2012 оны 05 сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргаж Шанд Тариа гэсэн нэрээр бүртгүүлсэн, 2005 онд татан буугдсан 2109786 гэсэн дугаараар дахин гэрчилгээ солих боломжгүй хэмээн тус тус маргажээ.
Иргэний хууль (2002 оны)-ийн 32 дугаар зүйлд өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан, дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан, үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан, хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэсэн үндэслэлүүдээр хуулийн этгээдийг татан буулгахаар зохицуулжээ.
Түүнчлэн Компанийн тухай (1999 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль болон энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана. 26.2-т Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, компанийг татан буулгах шийдвэрийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, үүсгэн байгуулсан этгээд эсхүл, шүүхийн шийдвэр гарснаар татан буулгахаар заажээ.
Мөн Компанийн тухай (1999 оны) хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т бүртгэх байгууллага компанийн үйл ажиллагаа дуусгавар болсныг компанийг татан буулгах замаар дуусгавар болгож байгаа тохиолдолд компанийг татан буулгах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын буюу шүүхийн шийдвэр, дуусгалтын балансын хуулбарыг үндэслэн бүртгэнэ. гэж заажээ.
Гэтэл Шанд тариа ХХК-ийг татан буулгах шийдвэрийг үүсгэн байгуулагч Д.В************* ийн болон шүүхээс татан буулгах талаар шийдвэр гараагүй байхад үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагч татан буугдсан гэж улсын бүртгэлээс хассан, уг компанийн үйл ажиллагаа дуусгавар болгосон нь дээр дурдсан хуулиудын заалтуудад нийцээгүй улсын бүртгэл болжээ.
Энэхүү улсын байцаагчийн үйлдлийг захиргааны албан тушаалтан хуульд заасан эрхээ хэтрүүлэн захиргааны үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснийг хийх, хуульд үндэслэх үндсэн зарчмыг зөрчсөн хуульд нийцээгүй үйлдэл болсон гэж шүүх дүгнэв.
Шанд тариа ХХК-ийг хуульд нийцээгүй үндэслэлээр үйл ажиллагааг нь дуусгавар болгосныг бүртгэж, хууль зөрчсөн улсын бүртгэгчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн эрхийг шүүх сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна. Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2013.12.12-ний өдрийн 515 тоот албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Хасагдсан татвар төлөгчдийн жагсаалт /хх-37-38/-аар тухайн компанийг үйл ажиллагаа явуулаагүйн улмаас гишүүдийн шийдвэрээртатан буугдсан болно гэж тэмдэглэснээс өөр баримт байхгүй байхад уг компанийг татан буулгах, хасагдсан бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцээгүй байна.
Түүнчлэн Хуулийн этгээдийг өөрийнх, эсхүл өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын болон шүүх зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 32 дугаар зүйлд татан буулгахаар заасан, Компанийн тухай хуулийн /1999 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгахаар, Бүртгэлийн байгууллага гагцхүү тухайн баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд компанийн үйл ажиллагаа дуусгавар болсныг бүртгэх байжээ.
/Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.11, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйл/ дагуу татан буугдсан эсэхийг тодруулахаар холбогдох баримтуудыг Татврын хэлтэс болон аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас шалгахад Шанд тариа ХХК-д холбогдох баримтууд тухайн хариуцагч байгууллагын архивт хадгалаагүй тул тухайн үед ажиллаж байсан татварын байцаагч Ш.Пүрэвжаваас ... татан буулгах хүсэлтийг тухайн сум хариуцсан байцаагчаар дамжуулан гаргадаг байсан, 2005 онд Шанд тариа ХХК нь сум хариуцсан С.Мөнхөө гэдэг хүнээр дамжуулж ирж байсан...гэж, Тариалан сумын Татварын байцаагчаар ажиллаж байсан С.Мөнхөө ... манай суманд тайлан мэдээгээ гаргаж өгдөггүй олон аж ахуйн нэгжүүд байсан.энэ олон аж ахуйн нэгжийн нэг байх, ...В************* компаниа татан буулгах тухай яриа ч үгүй, шийдвэр ч өгөөгүй, өөрөө ч энэ талаар мэдэхгүй байх, би тайлан мэдээгээ гэхээр бие муу байна. Алтантулга мэднэ гэдэг байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг болон тус компанийг татан буулгасантай холбоотой баримтуудыг хариуцагч байгууллагын архиваар хязгаарлахгүйгээр уг компанийг татан буулгах асуудал, мөн уг компаний үйл ажиллагаа явуулж, оршин байрлаж байсан Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн шүүхийн үзлэгээр тус компаний хувийн хэрэгт үзлэг хийхэд үүсгэн байгуулагдсан баримтууд байсан бөгөөд харин татан буулгах талаархи хүсэлт, шийдвэр тухайн сумын Татварын байцаагчид гаргаж байгаагүй болох нь үзлэгээр болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн түүнчлэн тухайн асуудлыг харьяалан шийдвэрлэх боломжтой байсан шүүхийн шийдвэрээр Шанд Тариа ХХК-ийг татан буулгасан эсэх талаар лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016.06.27-ны өдрийн 10/408 тоот албан бичгээр тус аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны иргэний хэргийн шийдвэрт Шанд тариа ХХК-ийг татан буулгасан талаархи шийдвэр байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэсэн лавлагаа ирүүлсэн тул дээр дурьдсан Иргэний хууль болон энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр шүүх татан буулгана гэсэн хуулийн заалтуудтай зөрчиж, Шанд Тариа ХХК-ийг 2005 онд татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан гэх бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйлд болон 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг баримтлана гэсэн зохицуулалттай бөгөөд 15 дугаар зүйлд Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг нарийвчлан заасан байх ба 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана, 15.1.1-д тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 15.1.2-д тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, 15.1.3-д тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг, 15.1.4-д хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 15.1.5-д хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, 15.1.6-дитгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэж өргөдөл гаргах эрхтэй этгээдийг тодорхой зааж өгсөн байхад энэ хуулийн заалтыг хариуцагч байгууллагын Улсын бүртгэгч зөрчиж, дээрхи хуульд заасан эрхгүй этгээд Шанд тариа ХХК-ийг шинээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Д.В************* ийн нэрээр өргөдөл, бусад баримтууд бүрдүүлэн өгснийг үнэн, зөв эсэхийг шалгалгүйгээр 2012 оны 02 сарын 03-ны өдөр 4129857 тоот регистрээр, улсын 1711004144 дугаарт Шанд тариа ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан гэж бүртгэсэн бүртгэлийг хийсэн нь хууль бус байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Улсын бүртгэл нь үнэн зөв байх, Улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн үндсэн зарчим алдагдсан байх тул нэхэмжлэгчийн 2109786 тоот регистрийн дугаартай Шанд тариа ХХКомпанийн бичиг баримтыг улсын бүртгэлийн материалд оруулах, Компанийн анхны буюу 2109786 тоот регистрийн дугаараар дахин гэрчилгээ олгох, тус компанийг 2012 оны 02 сарын 03-ны өдөр 4129857 тоот регистрээр улсын 1711004144 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1,70.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15,16 дугаар зүйл, 25, 26 дугаар зүйлийн 22.2, Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Компанийн тухай (1999 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны акт болох 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шанд тариа ХХК-ийг үйл ажиллагаа эрхлээгүй, гишүүдийн шийдвэрээр гэсэн үндэслэлээр улсын бүртгэлээс татан буугдсан гэж хассан бүртгэл-ийг хүчингүй болгож, зохих журмын дагуу 2109786 тоот регистрийн дугаартай Шанд тариа ХХКомпанийн бичиг баримтыг улсын бүртгэлийн материалд оруулах, Компанийн анхны буюу 2109786 тоот регистрийн дугаараар дахин гэрчилгээ олгох, тус компанийг 2012 оны 02 сарын 03-ны өдөр 4129857 тоот регистрээр улсын 1711004144 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар /дарга Д.Ариунаа/-т тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН