Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/309

 

 

 

 

 

 

    2023            3            21                                       2023/ДШМ/309

 

          А.Н, Н.Энарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ц.Д, Т.Д,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Б, Р.П,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ц.Д, Т.Д, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.П, Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Н, Н.Энарт холбогдох эрүүгийн 2202000000292 дугаар хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн  Н.Э, .............-ны өдөр ................ суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............... мэргэжилтэй, хувиараа чөлөөт уран бүтээл хийдэг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................../; 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

2. ... овгийн   А.Н, ..........-ний өдөр .............. аймагт төрсөн, .........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;   

Шүүгдэгч Н.Энь өөрийн найз болох У.Уын Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмж болох Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метанфетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9,020 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дэлгүүрийн гадаа А.Нтой уулзан, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн өдрөө тухайн бодисоо Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл хорооллын 84 дүгээр байрны 37 тоот гэртээ болон өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч А.Н нь өөрийн үеэл дүү болох У.Уын Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмж болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 16,462 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

улмаар 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр худалдаалах зорилгоор хууль бусаар нэвтрүүлсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Титан” төвийн орчмоос илгээмж авчирсан иргэн Д.Анхтуяагаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, мөн өдрөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51А байрны 88 тоотод байрлах гэртээ нийт цэвэр жин нь 7,442 грамм бодисыг 10 хэсэг болгон зиплок түгжээ бүхий уутанд грамлан савлаж худалдаалах зорилгоор бэлтгэж, 2022 оны 8 дугаар сарын 18-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70-66 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 7,442 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Э, А.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан”, шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготойгоор хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт, А.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, А.Н нарын цагдан хоригдсон 28 хоногийг хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, А.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон “99147914” гэсэн дугаар цаасан дээр бичиж наасан улаан өнгийн битүү скочтой SIFID АТК dogan koruyoruz гэсэн бичиглэлтэй уут 1 ширхэг, цагаан өнгийн зиплок уутан дотор олон тооны жижиг зиплок уутнууд, хар өнгийн “GHL Pocket scale” гэсэн бичиглэлтэй электрон жин Ирмжигч 1 ширхэг, цэнхэр өнгийн АND гэсэн бичигтэй түүний хажуугаар Солонгос бичиглэлтэй электрон жин хэмжигч 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 9,020 грамм, №1 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,430 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 37 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,757 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,753 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,738 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,800 грамм, №7 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,759 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх эршилтэй 0,748 грамм, №9 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,859 грамм, №10 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй 0,791 грамм зүйлүүд, мөн №11 гэж дугаарласан шар өнгийн мөс мэт зүйлээр бохирлогдсон төмөр сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгаж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э, А.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, А.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч А.Нид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “...шүүгдэгч А.Н нь Улсболд гэгчтэй “мөс” гэх зүйлийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг урьдчилан амлаж, үгсэн тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй ... цэвэр жин 7.442 грамм бодисыг 10 хэсэг болгон зиплок түгжээ бүхий уутанд грамлан савлаж бэлтгэсэн гэх үйлдлийг /зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг ойлгоно/ тус тус тогтоогдохгүй байна” гэж хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч миний үйлчлүүлэгч шүүгдэгч А.Нийн үйлдэлд худалдан борлуулах зорилго агуулж байсан гэж үзэх үйл баримт тогтоогдсон эсэх талаар, нэг ч дүгнэлт гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэн, А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн зүйлчлэл нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэн хөнгөрүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч А.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “Худалдан борлуулах зорилго”-ыг хэрхэн агуулж байгаа, энэхүү зорилгыг агуулж байсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан ямар ямар баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх үйл баримтыг огтхон дурдаагүй, энэ талаар дүгнэлт гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс А.Нийн үйлдэл нь худалдан борлуулах зорилготой байсан гэж үзсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” тогтоолд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэх заалтад заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “нотлох баримтад үндэслэн” зарчмыг зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй үйл баримтын талаар субьектив байдлаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчид ашиггүй байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмын эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтыг илтэд зөрчсөн гэж үзэхээр байна.

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын 12 дугаар нүүрт авагдсан хууль бус, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд А.Н нь оролцсон болох нь тогтоогдоогүй байна гэх дүгнэлт нь миний үйлчлүүлэгч А.Н нь Улсболдын хэлсний дагуу каргоноос хувцас гэх ачааг тосох, ачааг гэртээ аваачиж, задлах хүртлээ тухайн ачаанд “Мөс” гэх нэршилтэй хууль бус бодис байгааг мэдээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Мөн шүүгдэгч А.Нийн үйлдэлд олж авсан, хадгалсан “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хийгдсэн аливаа үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэнд, хэзээ худалдаалах талаар харилцаа бий болгосон, бусдад худалдахыг санал болгосон үйл баримт тогтоогдоогүй байдаг.

Шийтгэх тогтоолын 16 дугаар нүүрт авагдсан шүүгдэгч Н.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн худалдаалах зорилготой гэх шинж агуулагдаж байгаа эсэх үйл баримтыг дүгнэхдээ ч дээрх үйл баримтууд тогтоогдсон эсэхийг харгалзан, шүүгдэгч Н.Эт ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгч А.Нийн үйлдэлд ч мөн адил худалдаалан борлуулах зорилготой гэж үзэх нэг ч үйлдэл тогтоогдоогүй байхад, энэ талаар дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, түүнийг “мөс” гэх нэршилтэй бодисыг олж авсан, хадгалсан үйлдэлдээ “худалдан борлуулах зорилго”-той байсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч А.Н нь бага насны 1 ойтой, 1 сартай 2 хүүхэдтэй, түүний эхнэр Ч.Т нь 2022 оны 12 сард амаржиж, гэртээ хүүхдүүдээ асарч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.Нийн үйлдэлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг “худалдан борлуулах зорилго”-той байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг үндэслэн, А.Нид холбогдох хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Т.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч А.Н нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон,

2. А.Н нь анхан шатны шүүх хуралдаанд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх нөхцөл байдал дээр маргасан бөгөөд анхан шатны шүүх прокуророос зүйлчилсэн зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа.

3. Миний үйлчлүүлэгч А.Н 0.4 сартайгаас 11 нас хүртэлх 5 хүүхэдтэй, үүнээс өөрийн төрсөн дүүгийн 2 хүүхдийг 7 жилийн турш асран хамгаалж байгаа билээ. А.Нийн нэг өрх айлын тэргүүн, 5 хүүхдийн эцэг, асран хамгаалагч, нялх биетэй эмэгтэйн эр нөхөр зэрэг хувийн байдал, гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Р.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Миний үйлчлүүлэгч Н.Энь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон,

2. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдаалах зорилгогүйгээр хадгалсан хэмээн хөнгөрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа,

3. Шүүгдэгч Н.Энь гэр бүл болоод удаагүй, бага насны хүүхэдтэй, архи, тамхи хэрэглэдэггүй, залууст эерэг нөлөө үзүүлэх боломжтой болон энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Н.Энь 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, дээд боловсролтой , Дулааны инженер мэргэжилтэй , хувиараа чөлөөт уран бүтээл хийдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20-р хороо , Мишээл 84 байрны 37 тоотод оршин суудаг.

Шүүгдэгч Н.Эыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг, шүүх хуралдаанаар хэлэлцэж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйчлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Шүүхийн шатанд шүүгдэгч Н.Эболон өмгөөлөгч нар гэм буруу болон зүйчлэл дээр хууль зүйн онол талаас нь мэтгэлцэж оролцсон, шүүхээс Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч Н.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэгт урьд нь холбогдож байгаагүй, хувийн байдал нь чөлөөт уран бүтээлч ба орчин үеийн залуусын хип хоп чиглэлээр дуулж олон нийтийн сүлжээ болон кино урлагт олны танил болсон өсөж яваа ирээдүйтэй залуу юм.

Шүүхээс цагдан хоригдсон байх хугацаандаа гэм буруутайгаа ойлгон ухаарч энэ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна.

Н.Эын тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг оролцоог харгалзан ялыг нь хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Миний бие хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний өөрийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд, миний бие тухайн илгээмжид мөс гэх нэршилтэй зүйл байсан эсэхийг мэдээгүй, тэнд хийсэн бодисыг надад илгээсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгээс тодорхой болсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан гэм буруугийн зарчимд нийцэж байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, надад ирсэн хүүхдийн хувцас дотор бодис байсан нь миний захиалга биш бөгөөд тэр нь надад ирсэн илгээмжид байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мансууруулах бодис олж авсан хадгалсан гэмт хэрэг болдогийг шалгагдаж байх явцдаа болон шүүхийн хэлэлцүүлгээс мэдэж ойлгож авсан юм.

Би энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж байгаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа үйлдсэн гэдэгт хамаарна гэж ойлгож байна.

Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би амьдрал зохиож, хүүхдийн эцэг болсон бөгөөд өөрийн хийж буй дуу, кино зэргээр цаашид нийгэмд зөв зүйлийг хийх бүтээх, үлгэрлэх, хар тамхины хор уршигийн талаар хүүхэд залуучуудад дуу хөгжим, кино урлагаар дамжуулж ойлгуулахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлохоор заасан.

Надад тухай гэмт хэргийг хийх гэсэн зориг эрмэлзэл, хүсэл сэтгэхүй байгаагүй, гэмт хэрэг үйлдэх зорилго байгаагүй. Турк улсад амьдардаг найз өөрөө хүүхдэд нь бэлэг өгч явуулна, явуулсан гэхээр нь баярлаж, түүнийг очиж л авсан. Энэ нь хожим гэмт хэрэг болно, гэмт хэрэг гэдгийг нь ойлгож ухаараагүй явсан байна.

Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.

Би шүүхийн шатанд прокуророос ялласан хуулийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин гэм бурууд тооцсон шүүхийн дүгнэлт болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эцэг байх үүргээ биелүүлэх, залууст хар тамхины хор, хөнөөлийн талаар ойлголт өгөх, нийгмийн сайн сайханы төлөө урлагаар соён гэгээрүүлэх эцсийн боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  тул анхан шатны шүүх хуралдаанд тус зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж оролцсон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж, байгаа ба анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж, маш их зүйлийг ухаарч ойлгож ухамсарлаж байна.

Одоогоор эхнэр маань 2 сартай охин, 1 нас 8 сартай хүү, 9 настай охин, төрсөн дүүгийн маань 9 настай, 10 настай 2 хүүхэд нийт бага насны 5 хүүхэд харж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нялх биетэй гэртээ маш хүнд байдалтай байгаа. Миний бие хорих ялаар шийтгүүлэхээс өмнө ажил хөдөлмөр эрхэлж эхнэр, хүүхдүүд, дүү нараа тэжээдэг байсан.

Иймд анх удаагаа гэмт хэрэгт холбогдож өөрийн хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, харамсаж, ар гэр болон энхэр хүүхдүүд минь хэцүү хүнд нөхцөлд байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан тайлбарт “...түүнчлэн хэдийгээр мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй хэдий ч үүн дээр тухайн мансууруулах бодисын үнийн талаар мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав, баглаа, боодол жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлс орно...” гэсэн байдаг. Шүүгдэгч А.Нийн биеэс 7.442 грамм “мөс” гэх нэршилтэй бодис олдсон бөгөөд үүнийг 10 хэсэг болгон ууталсан байсан. Эд мөрийн баримтаар жижиг хэмжээтэй зиплок уутнууд болон электрон жин хураагдсан. Хар тамхитай тэмцэх газрын тандалт, судалгааны хэлтсээс ирүүлсэн судалгаанаас үзэхэд 1 грамм “мөс” гэх бодис нь 800.000-1.500.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Үүнтэй холбогдуулан А.Нийг худалдаалах зорилготой гэж яллаж ирүүлсэнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон  өөрчилсөн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.Энь өөрийн найз болох У.Уын Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмж болох Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метанфетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9,020 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дэлгүүрийн гадаа А.Нтой уулзан, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, мөн өдрөө тухайн бодисоо Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл хорооллын 84 дүгээр байрны 37 тоот гэртээ болон өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч А.Н нь өөрийн үеэл дүү болох У.Уын Бүгд Найрамдах Турк улсаас явуулсан илгээмж болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 16,462 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

улмаар 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр худалдаалах зорилгоор хууль бусаар нэвтрүүлсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Титан” төвийн орчмоос илгээмж авчирсан иргэн Д.Анхтуяагаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, мөн өдрөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51А байрны 88 тоотод байрлах гэртээ нийт цэвэр жин нь 7,442 грамм бодисыг 10 хэсэг болгон зиплок түгжээ бүхий уутанд грамлан савлаж худалдаалах зорилгоор бэлтгэж, 2022 оны 8 дугаар сарын 18-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70-66 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафетамин” бодисын агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 7,442 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Д.С-ын “... А.Н 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод карго ирсэн байна, хоёулаа очоод аваад ирье гээд бид хоёр миний эзэмшлийн 70-66 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 11 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд яармагт байрлах каргоны газрын хашааны гадаа очтол 40 гаран насны эмэгтэй хүн гарч ирээд гялгар ууттай зүйл надад өгсөн. Тэр зүйлийг машиндаа ачаад А.Нийн гэрт очоод каргог задалж үзэхэд дотроос нь хүүхдийн хувцас гарч ирсэн. Би каргог задлахад оролцож, юу байгааг асуугаагүй. Тэгээд бид 2 Тэрэлж рүү буцаад 18 цагийн байрлаж байсан газраа очоод амарсан. Тэгтэл үүрээр энгийн хувцастай хүмүүс ирсэн ба цагдаагийн газарт ирээд миний машинд үзлэг хийхэд А.Нийн үүрдэг жижиг хар цүнхнээс мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис гарч ирсэн. ...” /1хх 105/,

Н.Эын яллагдагчаар өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ороод хүүхдээ орон дээр тавьчихаад Улсбаярын өгч явуулсан хувцасыг задалж харсан чинь саарал өнгийн бойдын дотор эрхий хуруу шиг хэмжээтэй гялгар ууттай юм байсан. Би 19 цагаас тоглолтын бэлтгэлтэй байсан учир нөгөө хуруу шиг гялгар ууттай, өнгөгүй хатуу юмыг авч өөрийн паска шиг жижиг цүнхэнд хийгээд гэрээс гарсан. Орцны гадаа найз Улсбаяр луу телеграммаар залгасан чинь дуудаад байгаа мөртлөө аваагүй. Би юу ч бодолгүй машин руугаа алхаж яваад цагдаад баригдсан. ...” /2хх 63-64, 67-68/,

А.Нийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улсбаярын өгч явуулсан зүйлийг авахаар очиход 40 гаран насны эмэгтэй эрээн өнгийн гялгар ууттай, скочдож багласан бөөрөнхий зүйл гаргаж өгсөн. Би өгч явуулсан зүйлийг задалж байхдаа Улсбаяртай утсаар ярьж байсан. Тэгэхэд тэр жижиг ууттай, том ууттай хоёр нь хүнийг шүү, та дүү нарт өгч явуулсан хувцаснуудыг онгойлго доо гэхээр нь задлаад онгойлгож үзэхэд жижигхэн гялгар ууттай алт мөнгө хэмждэг жижиг хэмжигч, чигчий хуруун чинээтэй бондгор бөөрөнхий, цагаан давс шиг зүйл байхаар нь энэ юу юм бэ гэж асуухад Улсбаяр “наадах чинь эм, таны нуруу өвддөг биз дээ, нуруугаа өвдсөн үед хэрэглээрэй, их хэмжээгээр хэрэглэж болохгүй шүү, наадахаа хуваагаад жижиг жижиг болгоод жижигхэн гялгар уутнууддаа хийгээд байж бай гэхээр нь би за гэж хэлээд нөгөө хэдийг нь хэлснийх нь дагуу жижиг гялгар уутанд хийгээд өөрийн хүрэн бор өнгийн цүнхэнд хийсэн. Улсбаяр намайг бүгдийг нь биедээ аваад явж бай гэхээр нь цүнхэндээ хийгээд аваад явсан. ...Сансарбатыг 00-с гарч ирэхээр нь би нөгөө задалсан бараагаа аваад орж үргэлжлүүлж задалсан. Улсбаяр өөрөө намайг наад нэг юмаа аваад 00 ороодох гэж хэлсэн болохоор би 00 орж задалсан. Би 00-ын өрөөнд нөгөө давс шиг зүйлийг нь жинлээд гялгар уутанд хийсэн. Би цүнхээ Сансарбатын машины арын суудал дээр тавиад орхисон байсан. Тэр чигээрээ цагдаагийн газар очоод үзлэг хийхэд миний цүнхнээс 9-10 ширхэг жижиг гялгар ууттай зүйлийг гаргаж ирээд хураасан. ...” /2хх 75-77/,

“... тухайн өдөр хар өнгийн жижиг хэмжигч багажаар Улсбаярын хэлсний дагуу фэйсбүүк чатаар дүрсээ харж ярьж байхад зааж өгөөд нэг хэрэглэх дооз нь 0.7 юм уу 0.8 граммаар хэмжиж хийлгэж байсан. ...” /2хх-80/ гэсэн мэдүүлгүүд,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4094 дүгээр “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан 9,020 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин илрэв. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг.” /1хх 147-148/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4093 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн №1-10 дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс, №11 гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн төмөр сав зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. №1-10 дугаартай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлс уутны хамт нийт жин нь 11,059 грамм, цэвэр жин нь нийт 7,442 грамм байв. №1 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 0,816 грамм, цэвэр жин нь 0,430 грамм,  №2 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,175 грамм, цэвэр жин нь 0,807 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,099 грамм, цэвэр жин нь 0,757 грамм, №4 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,103 грамм, цэвэр жин нь 0,753 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,067 грамм, цэвэр жин нь 0,738 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,170 грамм, цэвэр жин 0,800 грамм,  №7 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,123 грамм, цэвэр жин 0,759 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,103 грамм, цэвэр жин 0,748 грамм, №9 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,225 грамм, цэвэр жин 0,859 грамм, №10 гэж дугаарласан зиплок ууттай “мөс” гэх зүйл гялгар уутны хамт 1,178 грамм, цэвэр жин 0,791 грамм, №11 гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн төмөр сав зэрэг зүйлд тус тус метамфетамин илрэв. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг.” /1хх 154-155/ гэсэн дүгнэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 26-30/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 31-38, 43-49/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 128/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 129/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан”, шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготойгоор хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ц.Д, Т.Д, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.П, Л.Б нараас гаргасан “... зүйлчлэлийн хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах, тэнсэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.”, 2 дахь хэсэгт “Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан.

            Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байдаг ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаардаг.

            Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан нь үндэслэлгүй шийдвэр болсон ба уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийж гүйцэтгэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч нарын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш цагдан хоригдсон тус бүр 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

7 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон ..... зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, ... “ гэснийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон ..... зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ... “ гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, А.Н нарын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                               ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ