| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2020/01074/И |
| Дугаар | 02035 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 02035
| 2020 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2020/02035 |
М.Бы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02092 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Бы хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: “Миний франчайзинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Танан шүр” ХХК болон М.Б нарт холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2018/03422 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нар хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлж чадаагүй тул иргэн М.Бы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байр. А5-502 тоот орон сууц /312 м.кв талбайтай/, 5, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012013 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээч томилох тухай 90 дүгээр тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний шинжээчээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг томилсон байна. Шинжээч М.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1 030 000 000 төгрөг гэж үнэлсэн байна. “Сэлэнгэ эстимейт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тайланг НШШГГт хэзээ хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Хөрөнгийн үнэлгээний шинжээчээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг томилсон байх бөгөөд үнэлгээчин Г.Отгонбаяраар Хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн нь хууль ёсны шинжээчээр томилогдоогүй этгээд шинжээчээр ажилласан байна. Мөн “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүргийг танилцуулаагүй. Үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн байна. Хөрөнгийн үнэлгээний зүйл нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 312 м.кв талбай бүхий А5-502 тоот орон сууц, хоёрдугаарт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 5 тоот автомашины зогсоол, гуравдугаарт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 6 тоот автомашины зогсоол буюу 3 бие даасан үл хөдлөх хөрөнгийн шинжийг агуулсан тусдаа эд хөрөнгө болно. Хөрөнгийн үнэлгээний тайланд зөвхөн орон сууцны үнэлгээнд 3 хөрөнгийг хамруулсан нь Хөрөнгийн үнэлгээг бодитой хууль заасны дагуу үнэлгээгүй байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаар тогтоол гарч шинжээчийн 1 030 000 000 төгрөгийн үнэлгээний 50 хувь болох 515 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны 2 давхар 200 тоот өрөөнд зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч М.Бд огт мэдэгдээгүй бөгөөд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайхан 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэгтэх газар очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад 1 дэх дуудлага худалдаа явчихсан болон 2 дахь дуудлага худалдааны талаар мэдсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай 101/11132020/04154 дугаар захирамж гарсан нөгөөтэйгүүр албадан дуудлага худалдаа /анхны/-г явуулах хугацаа, товыг М.Бд мэдэгдээгүй албадан дуудлага худалдаа явуулсан байгаа нь Иргэний хуульд заасан албадан дуудлага худалдаа явуулах журам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.5 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн М.Б нь үнэлгээний талаар гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан байгаа нь М.Бы хуульд заасан эрхийг зөрчсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь заалтыг зөрчин төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан байх тул анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тус тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3422 дугаар захирамжаар “Тана шүр” ХХК, М.Б нараас 950 000 000 төгрөгийг гаргуулж “Мини франчайзинг” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 3 хэсэг Зайсангийн тойруу гудамжны 62/6 байрны а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай орон сууц автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 1 030 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг томилж итгэмжлэгдсэн төлөөлөгч, үнэлгээчин Г.Отгонбаярт Шүүх шинжилгээний тухай 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулснаар эд хөрөнгөнд үнэлгээ хийж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Мөн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох “Тана шүр” ХХК, үүсгэн байгуулагч Б.Тананд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр биечлэн, төлбөр төлөгч, өмчлөгч М.Бд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр биечлэн тус тус танилцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ 1 030 000 000 төгрөгийн 70 хувь болох 721 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/17 тоот тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7863 тоот, 4/7862 тоот, 4/7861 тоот 4/7860 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Тана шүр” ХХК, М.Б нарт шуудангаар илгээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар М.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 515 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус газраас зохион байгуулагдах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020-03-31-ний өдрийн 4/13 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/11925, 4/11926 дугаар мэдэгдлийг Тана шүр ХХК-ийн улсын бүртгэлийн хаяг руу шуудангаар илгээж, төлбөр төлөгч М.Бд биечлэн мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шүүгч түдгэлзүүлнэ гэж заасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/13 дугаар тогтоолоор зохион байгуулсан нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус зааснаар, хариуцагч НШШГГт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай М.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням, өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Л.Мөнхбаатар гишүүний хуульч, өмгөөлөгчөөр Л.Ган-Очир миний бие ажиллахаар болсон. Улсьн Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихдээ 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймгаас нэр дэвшиж Улсын Их Хурлын сонгуульд оролцсон юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Мөнхбаатар гишүүний хуульч, өмгөөлөгчөөр ажиллахдаа Хөвсгөл аймагт өөрийн биеэр оролцсон болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “263” дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолд ИХШХШтХ-ийн 168.1.2 дахь хэсэгт заасан “... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэдэгт” шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн ч хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзалгүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй зэрэг тохиолдол хамаарна” гэж тайлбарласан байдаг. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг УИХ-гишүүн Л.Мөнхбаатарын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “4169” дугаар албан бичгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд хургүүлсэн байхад шүүх хүлээж авалгүй өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжоор хангаагүй бөгөөд хуульд заасан мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Н.Баярсайхан нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3422 дугаартай захирамжаар “Тана шүр” ХХК болон М.Б нараас 950 000 000 төгрөг гаргуулан, “Мини франчайзинг” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамжны 62/6 дугаар байр, а5-502, 5, 6 тоот хаягт байрлах 312 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна. /хх 54-56/
Хариуцагч байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 107 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамжны 62/6 дугаар байр, а5-502, 5, 6 тоот хаягт байрлах 312 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 167/02 дугаар тогтоолоор тус тус хураан авсан үйл баримт тогтоогдсон. /хх 61-62, 64-65/
Хариуцагч нь дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.
Төлбөр төлөгч “Тана шүр” ХХК нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлэх боломжгүй гэсэн тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууц болон авто зогсоолын үнэлгээг 1 030 000 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх71-112/
Шүүхээс шинжээчид эрх, үүрэг, хуулийн дагуу хүлээх хариуцлагыг танилцуулан тайлбарласан болох нь хэргийн 72, 73-75 дугаар талд авагдсан баримтаар нотлогдсон, хариуцагч байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6, 9 дүгээр зүйлийг зөрчөөгүй болно.
Хэргийн 71-112 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамжны 62/6 дугаар байр, а5-502, 5, 6 тоот хаягт байрлах 312 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын хамт үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах 200 м.кв талбайтай 4 өрөө, Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах 160 м.кв талбайтай 4 өрөө, Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах 200 м.кв талбайтай 4 өрөө орон сууц буюу нийт гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 1 030 000 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч М.Бд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр танилцуулж, төлбөр төлөгч нарт үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 721 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар хэргийн 131, 132 дугаар талд авагдсан мэдэгдлүүдээр /хх116,117/, хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах талаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/11927 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдсэн болох нь нотлогдсон.
Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “... зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн ...” гэжээ.
Анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 14.30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр талуудад мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсгийг зөрчөөгүй. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хуульч, өмгөөлөгчөөр оролцож буй нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш болно. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. /хх190-191/ Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2,168.1.3 дах хэсэгт заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Б.НАРМАНДАХ