Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2016/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух Ч.Т*************-ын  нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдох "2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг нэгтгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т*************, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Б.С*************, Л.О*************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Д*************, түүний өмгөөлөгч Б.О*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ч.Т************* Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Мөрөн сумын хүнсний захад байрладаг Өсөх-Идэр дэлгүүрт архи, пиво, хүнсний барааг борлуулдаг. Иргэн Н.Д*************тэй 2013 оноос хамтарч ажилласан. Тэрээр манай дэлгүүрт эхлээд үйлчлэгч хийж байсан. Дараагаар нь барааг дэлгүүрээр явж борлуулагч хийж байсан. Борлуулалт хийж байгаад сүүлд нь өөрөө түгээлтийн жижиг машинаа өөрөө бариад бараа түгээдэг байв. Хөлсийг тохироод сард 300 000 төгрөг өгдөг байлаа. 2015 оны 10 дугаар сард тооллого хийх болсон чинь үлдэгдэлтэй, түүнийгээ цуглуулна гэдэг байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэнэтхэн түгээлтийн машинаа шатаах гэсэн оролдлого гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хохирлоо төлөхгүй гэсэн арга сэдэж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хандан өргөдөл гаргаж иргэн надад төлбөр төлүүлэх акт тогтоолгосон байсан.

Уг акт тавигдсанаар иргэн намайг иргэн Н.Д*************тэй хамтарч ажиллаж ирснийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Би ажил олгогч биш, тийм үүрэг хуулиар хүлээгээгүй. Тэгээд л Н.Д*************гийн бараа түгээлтийн ажил бол ажлын 8 цагаар явагддаг.

Бараагаа дэлгүүрээр тараагаад л бусад цагийг өөртөө зориулах боломжтой. Тийм ч учраас өөрөө дэлгүүр ажиллуулдаг, бас Өргөө дэлгүүрээс барааг захиалж авч борлуулдаг. Энэ талаар шүүхийн шийдвэр байдаг юм билээ. Ийм байхад улсын байцаагч үндэслэлгүйгээр зөвхөн өргөдөл гаргагчийн үгээр акт үйлдэж төлбөр тавьсанд гомдолтой байна.

Манай дэлгүүрт Н.Д*************гээс гадна хэд хэдэн хүн ажилладаг. Тэд бид хөлсөө тохиролцоод л, хөрөнгө барьцаалаад л ажиллаж байна. Тэдгээр хүмүүс мөн би өөрөө сайн дураараа нийгмийн даатгалд хамрагддаг. Ийм байдлууд байсаар байхад улсын байцаагч миний ажилд бодитой хандсангүй. Ингэснээр дэлгүүрийн эзэн нэртэй би одоо Өсөх-Идэр дэлгүүрээ ажиллуулж чадахгүй болсон. Одоо дээр нь Н.Д*************д төлбөр төлөх байдал үүсэж байна. Би иргэн Н.Д*************тэй хамтран ажиллаж ирэхдээ ямар ч маргаан байхгүй. Харин тэр хүн миний өмнө манай дэлгүүрийн барааг борлуулж явна гээд зохиомлоор үлдэгдэл үүсгэн улмаар хөрөнгө завшиж, манай дэлгүүрийн бараа, борлуулалтын машин шатаах оролдлого нь бүтээгүйд цагдаад шалгагдаж байхдаа төлбөрөө аргалахаар акт гаргуулсанд гомдолтой. Захиргааны энэхүү акт нь илтэд хууль бус байх тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С************* шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-20-12 тоотод оршин суух иргэн Н.Д************* Мэргэжлийн хяналтын газарт иргэн Ч.Т*************ын дэлгүүрт 2010 оноос хойш ажиллаад ээлжийн амралт аваагүй, амралтын цалин олгоогүй, илүү цагийн цалин олгож байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөөгүй, ажил хавсарсны нэмэгдэл олгодоггүй гэсэн гомдол ирүүлснийг газрын дарга танилцаад шалгалт хийх үүрэг өгсний дагуу Өсөх-Идэр бөөний худалдааны дэлгүүрийн эзэн Ч.Т*************т төлөвлөгөөт бус шалгалтыг хийх удирдамж гаргаж, хяналтын хуудасны хамт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт Төмөрбаатар гуайг эмчлүүлэн хэвтэж байхад нь хүргэж өгч, шалгалт хийх тухай мэдэгдсэн. Эмнэлгээс гарсны дараа шалгалт хийсэн.

1. Ч.Т************* нь Өсөх-Идэр дэлгүүрийг ажиллуулж, тэнд иргэдийг авч ажиллуулдаг бөгөөд тэдэнтэй хөдөлмөрийн болон бусад ямар нэгэн гэрээ хийлгүйгээр ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн буруу үйлдэл юм. Хөдөлмөрийн хуулийн 3.1.1 дэх заалтад ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэсэн бөгөөд этгээд гэдэгт иргэний хамруулан ойлгодог бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн хуулиар зохицуулсан.

2. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар Ч.Т************* нь Н.Д*************гээс ажил үүрэгтэй холбоотой шаардлага тавих эрх үүсэхгүй юм.

3. Иргэн Н.Д*************гийн илүү цагийн тооцоог бүртгэсэн бүртгэл байхгүй байсан, мөн өөрөө энэ талаарх нотлох баримтаа авчирч өгөөгүй тул илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан шаардлагыг хангах боломжгүй байсан.

4. Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг хамтарсан шалгалтаар нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О************* эрх хэмжээнийхээ хүрээнд шалгасан. Ээлжийн амралтын асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шалгалт хийгээд, талууд баримтаа гаргаж өгөөд, хамт байлгаж ярилцлага хийсний үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: иргэн Н.Д************* нь 2011 онд тус бөөний төвд үйлчлэгч, 2012 оноос худалдагч, 2015 оноос борлуулагч, түгээгч зэрэг байнгын ажлын байран дээр ажиллаж байхад ажил олгогч Ч.Т************* нь ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг зөрчсөн байна. Түүнийг ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтын биеэр эдлүүлж байгаагүй нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг зөрчсөн байна. Илүү цагаар ажилласан гэх боловч цагийн бүртгэл байхгүй, ажил олгогчийн зүгээс илүү цагаар ажиллуулах ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа нь илүү цагийн нэмэгдлийг тооцох боломжгүй байна. Мөн борлуулагч, жолооч, ачигч зэрэг ажлыг хавсран хийж байсан гэх боловч ажил албан тушаалын жагсаалт батлаагүй нь дээрх ажлуудыг хэдэн хүн гүйцэтгэх талаар зохицуулалт байхгүй, эмэгтэй хүний өргөх ачааны зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хэмжээний ачаа зөөж байсан эсэх нь тогтоогдоогүй болно. Ч.Т************* нь ажиллагсдын ээлжийн амралтыг заавал эдлүүлэх тухай Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 2 дахь заалтыг зөрчсөн байна. Ажил олгогч Ч.Т************* нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой үзүүлэх бичиг баримт байхгүй, ажиллуулж байгаа иргэдтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй, цалингийн цэс байхгүй, цагийн бүртгэлгүй, ээлжийн амралт олгодоггүй зэрэг зөрчил гаргасан байна гэж үзээд Өсөх-Идэр бөөний худалдааны төвд ажиллаж байсан Н.Д*************д 5 жилийн ээлжийн амралтын олговор 849999 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

5. Ч.Т*************т актыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтанд гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгсөн ба энэ хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газрын даргад гомдол гаргасан бөгөөд актыг хүлээн авахдаа Н.Д************* нь манай байгууллагад өр төлбөртэй бөгөөд үүнд нь суутгаж авна гэж ярьсан байсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тайлбарын 2 дахь зүйлд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэнэ гэсэн, мөн Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох заавар-ын 2 дугаар зүйлд ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлүүлэх бололцоогоор хангаж, эдлүүлнэ гэж үүрэг болгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тохиолдолд ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж заасан байгаа нь Д*************-д  жил бүр ээлжийн амралт олгох ёстой гэдгийг хуулиар зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангуулж, Н.Д*************д 2011-2015 оны ээлжийн амралтыг жил бүр үндсэн амралтын хоногоор тооцож, мөнгөн дүнгээр гаргаж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 23-06-025/16 тоот актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Ч.Т*************ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Д************* нэхэмжлэгч Ч.Т*************ын Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ... Н.Д************* би нэхэмжлэгч Ч.Т*************ын Өсөх-Идэр бөөний төвд ажиллаж байхдаа ээлжийн амралт авч байгаагүй мөн илүү цагаар ажилладаг байсан тул Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн байцаагчид гомдол гаргаж, улсын байцаагч Б.С************* нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 23-06-025/16 тоот актаар 2011 оноос 2015 оны ээлжийн амралтыг жил бүр үндсэн амралт 15 хоногоор тооцож, мөнгөн дүнгээр гаргаж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг гэнэтхэн түгээлтийн машинаа шатаах гэсэн оролдлого гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэжээ. Би уг машиныг шатаагаагүй галын улсын байцаагчийн актаар машин нь цахилгаанаас болж шатсан нь тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэгч Ч.Т*************ын гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************гийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т************* Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Мөрөн сумын хүнсний захад Өсөх-Идэр дэлгүүр ажиллуулдаг юм. Уг дэлгүүрийн бөөний барааг түгээгч Н.Д************* нь дэлгүүрүүдээр явж борлуулдаг байсан. Бид хоорондоо тохиролцоод л хөлс мөнгийг нь тогтоосон. Ингэхдээ сард 300000 төгрөгийн хөлс өгдөг, мөн түлш модоор хангаж, аль болохоор л дэмжиж тусалж ирсэн. Тэрээр 2013 оны 10 сараас, 3 жил орчим надтай хамтарч ажилласан. Н.Д************* нь надаас цалин хөлс авч байсан. Би боломжийн байдлаар л тусалдаг, бас итгэл хүлээлгээд унаа машинаар ажлаа амжуулах нөхцөлөөр хангаж байв.

Гэтэл Н.Д************* нь миний итгэлийг хөсөрдүүлж, манай дэлгүүрийн бараа мөнгийг ашиглан хувьдаа завшсаар л 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр унаж явсан машиныг шатаах үйлдэл гарган энэ хэрэг илэрсэн. Ингээд цагдаад шалгагдаж байхдаа хоригдсон, тэгээд гарч ирээд энд тэнд баахан өргөдөл гарган энэхүү актыг гаргуулсан байсан.

Улсын байцаагч нь актаа гаргахдаа судалгаа хийлгүй зөвхөн Н.Д*************гийн гомдолд үндэслэсэн нь уг акт хууль бус байна. Би уг актыг ахлах байцаагчид нь хандаж зөвтгүүлэхийг хүсэхэд шүүхэд ханд гэсэн гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О************* шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Д************* Мэргэжлийн хяналтын газарт иргэн Ч.Т*************ын дэлгүүрт 2011 оноос хойш ажиллаад ээлжийн амралт аваагүй, амралтын цалин олгоогүй, илүү цагийн цалин олгож байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөөгүй, ажил хавсарсны нэмэгдэл олгодоггүй гэсэн гомдол ирүүлснийг газрын дарга танилцаад шалгалт хийх үүрэг өгсний дагуу Өсөх-Идэр бөөний худалдааны дэлгүүрийн эзэн Ч.Т*************т төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамж гаргаж, хяналтын хуудасны хамт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт Ч.Т************* гуайг эмчлүүлэн хэвтэж байхад нь хүргэж өгч, шалгалт хийх тухай мэдэгдсэн. Эмнэлгээс гарсны дараа шалгалт хийсэн.

2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот актын тайлбар:

1. Ч.Т************* нь Өсөх-Идэр дэлгүүрийг ажиллуулж, тэнд иргэдийг авч ажиллуулдаг бөгөөд тэдэнтэй хөдөлмөрийн болон бусад ямар нэгэн гэрээ хийлгүйгээр ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн буруу үйлдэл юм. Хөдөлмөрийн хуулийн 3.1.1 дэх заалтад ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэсэн бөгөөд этгээд гэдэгт иргэнийг хамруулан ойлгодог бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн хуулиар зохицуулсан.

2. Иргэн Н.Д************* нь 2011 оны 4 дүгээр сараас тус бөөний төвд үйлчлэгч, 2012 оноос худалдагч, 2015 оноос борлуулагч, түгээгч зэрэг байнгын ажлын байран дээр ажиллаж байхад ажил олгогч Ч.Т************* нь ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг зөрчсөн байсан. Мөн олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Ажил олгогч Ч.Т************* нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой үзүүлэх бичиг баримт байхгүй, ажиллуулж байгаа иргэдтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй, цалингийн цэс байхгүй, цагийн бүртгэлгүй зэрэг зөрчил гаргасан байна. Өсөх-Идэр бөөний төвд ажиллаж байсан Н.Д*************д нэг сард 300 000 төгрөгөөр тооцож цалин хөлс олгож байсан ба 5 жилийн нийт цалин 16 500,0 мянган төгрөгийг олгосон байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр тооцоход ажил олгогчоос 1815,0 мянган төгрөг, даатгуулагчаас 1650,0 мянган төгрөг, нийт 3465,0 мянган төгрөг, алданги 1732,0 мянган төгрөг, нийт 5197,5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 23-06-040/17 тоот актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Ч.Т*************ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Д************* нэхэмжлэгч Ч.Т*************ын Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ... Н.Д************* би нэхэмжлэгч Ч.Т*************ын Өсөх-Идэр бөөний төвд ажиллаж байхдаа нэг сарын цалин 300000 төгрөгийн цалин авдаг байсан ба 5 жилийн нийт цалин нь 1650.000 төгрөгийг надад өгсөн байдаг ба үүнээс нийгмийн даатгалын шимтгэл огт төлж байгаагүй тул ажил олгогчоос 1815.000 төгрөг, даатгуулагчаас 1650.000 төгрөг, нийтдээ 3465.000 төгрөг, алданги 1732.000 төгрөг нийтдээ 5.197.500 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ намайг унаж явсан машинаа шатаах үйлдэл гаргасан, энэ нь илэрсэн гэжээ. Би уг машиныг шатаагаагүй бөгөөд галын улсын байцаагчийн актаар машин нь цахилгаанаас болж шатсан нь тогтоогдсон болно ... гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Д*************тэй 3 жил орчим хамтран ажиллаж байсан. ... 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг өнгөрч байх үед би машинтайгаа ирээд бараагаа буулгах байх гэж харж байтал 9454-тэй дугаараас танай машин Магнай трейд-ийн тэнд шатаж байна гэж над руу хэлсэн. Би тэр даруй очиход автомашин шатаж байсан. ... гал гарсан шалтгааныг шалгуулахад цахилгааны масс гарснаас болоогүй гэсэн. Шатаж байсан автомашинд ямар ч бараа байхгүй, хоосон байсан учраас би Цагдаагийн байгууллагад хандсан. ... 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгсөн байдаг. Мэргэжлийн хяналтын газар тэр өргөдлийг нь үндэслэн намайг шалгаж акт тавьсан. Тэр актыг би хүлээн зөвшөөрөх боломжгүй. Н.Д*************гийн надаас дутаасан барааны үлдэгдэл үнэ 30 гаруй сая төгрөг байдаг. Н.Д*************гийн өргөдлийг харахад 25-26 сая төгрөгийн өргөдөл гаргасан байдаг. ... өмнө ашиглаж идсэн барааныхаа мөнгийг надаас ийм замаар гаргуулж авахаар сэдэж Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан байна гэсэн бодол төрж байсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.С************* гэдэг хүн намайг шалгахаар баримтанд гарын үсэг зуруулж байсан. Н.Д************* бид хоёрын хувьд яг адилхан дэлгүүр түрээсэлж байгаа хүмүүс боловч нэгийг нь давамгай байдлаар хандаж хохирсон дээр нь хохироож байгаад гомдолтой байсан учраас Мэргэжлийн хяналтын байгууллагын даргад хандсан юм. Тэгээд шүүхэд ханд гэсэн хариу өгсөн учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. ... Би ажил олгогч биш. Би өөрөө Монгол тамхи-Со ХХК-тай гэрээгээр ажилладаг борлуулагч. Надад Н.Д*************г ажилд авлаа гэхэд тушаал гаргах тамга тэмдэг, баланк байхгүй. Бүх дэлгүүрүүд ийм байдлаар л явж байгаа. Зөвхөн энэ хүний өргөдлөөр ингэж авч хэлэлцэж байгаад гомдолтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улсын байцаагч Б.С*************гийн тавьсан акт 2011 онд Н.Д*************д сарын 160.000 төгрөгийн цалин олгосон гэж тооцоо хийснээс анх будлиж эхэлсэн. Би 2011 онд Н.Д*************д сарын цалин 80.000 төгрөг өгдөг байсан. Б.С************* байцаагч надаас тайлбар авахдаа 80.000 төгрөг гэж биччихсэн нь хэргийн материал дотор байсан. Хоёр хүнээс нийт 160.000 төгрөгийн цалинг Н.Д************* авдаг байсан. Үүний 80.000 төгрөгийг нь би өгдөг, үлдсэнийг нь манай дэлгүүртэй хамт байдаг дэлгүүрийн эзэн өгдөг байсан. 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл Н.Д************* хоёр заал цэвэрлэж, худалдагч нарын хоол хийж ажилласан. Тэр хугацаанд надаас 80.000 төгрөгийн цалин авч байсан. Н.Д*************д олгож байсан 80.000 төгрөгийн цалинг 160.000 төгрөг гэж биччихэж байгаа нь акт тавьсан албан тушаалтны дээрэнгүй үзлээр хандсаны илрэл гэж ойлгож байна. 2012 онд 300.000 төгрөг гэж бичсэн байгаа боловч 2012 оны 10 дугаар сар хүртэл 80.000 төгрөгөөр л цалинжуулж байсан. Үүнийг ч тодруулж чадаагүй.

Н.Д*************д 2011 оны 4 дүгээр сард 80.000 төгрөг өгч эхэлсэн. 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр анх 2.800.000 төгрөгийн түгээлтийн бараа аваад гарч байсан баримт бий. 2012 оны 12 дугаар сарыг дуустал 250.000 төгрөгийн цалин Н.Д************* авч байсан. 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 300.000 төгрөгийг өгч эхэлсэн. Бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхэд нь чөлөөтэй өгч байсан. Хамгийн гол нь итгэлцлийн үндсэн дээр явж байсан. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 2015 оны 10 дугаар сарын 27 хүртэл 300.000 төгрөгийн цалинтайгаар явсан.

2013 оны 10 дугаар сарын 27-н гэхэд Н.Д************* цалингаа урьдчилаад авчихсан байсан. Хэргийн материалын 17 дугаар хуудсанд тэмдэглэлийн дэвтрийн канондсан хуулбар байна. Энэ бол Н.Д*************д цалин олгож байсан тухай тэмдэглэл мөн. Н.Д*************д 2013 онд 5.940.000 төгрөг, 2014 онд нийт 4.300.000 төгрөг, 2015 онд 2.949.000 төгрөгийн цалин өгсөн байгаа. 80.000 төгрөгийн цалин өгч байхдаа баримт бичиж авч байгаагүй. Н.Д*************тэй 300.000 төгрөг өгч байя гэж амаар тохиролцсон. Н.Д************* 7 хоногийн 6 өдөрт ажилладаг байсан. Гэрээний асуудлаар нэг ч удаа яриа болоогүй. Гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй, анхнаасаа итгэлцлийн үндсэн дээр бараагаа өгсөн. Өсөх-Идэр дэлгүүр гэдэг нь хуулийн этгээдийн эрхгүй. Одоо үйл ажиллагаагаа зогсоочихсон ажиллахгүй байгаа. Түгээгчийн ажил нь тогтмол хийдэг ажил. Сард 300.000 төгрөгийн цалинг Н.Д*************д өгч байсан. 2012 оны 3 дугаар сараас 300.000 төгрөгөөр цалинжуулах ямар ч боломж байгаагүй. 2012 оны 10 дугаар сард анхны бараагаа авч байсан баримт надад байгаа шүү дээ. 2012 онд Н.Д*************д цалин олгож байсан тухай нотлох баримт надад байхгүй. Хяналт, шалгалт хийх гэж байна гэж өмнө нь над руу ярьсан. Би эмнэлэгт байна гэхэд танд удирдамжийг өгөх ёстой гээд очиж өгсөн. 10 гаруй хоногийн дараа шалгалт хийсэн. Н.Д************* бидний хооронд хөдөлмөрийн гэрээний асуудал нэг ч удаа яригдаагүй. Харин хөлсний асуудал байнга яригдаж байсан. Нийгмийн даатгалын талаар ойлголт байгаагүй. 2015 онд ажилчдынхаа хамт 10 хоногоор Итгэлт хамба руу явж байсан. Хавар, намар, зундаа Хөвсгөл нуур болон амралтын газарт ажилчдынхаа хамт баяр ёслолын үеэр явдаг байсан. Би Н.Д*************д амар гэж хэлдэг байсан. Амрахдаа зээл өгсөн асуудлаа цэгцлээд амраарай гэдэг байсан. Н.Д************* дүүгийнхээ төлбөрийг төлөх ёстой учраас амрахгүй ажиллаад байгаа юм байна гэж ойлгодог байсан.

Миний хувьд Н.Д*************д мөнгө хэрэгтэй боллоо гэхэд үед нь мөнгө өгчихөөд тооцохгүй яваад байсан. Маргаан гарахад тооцоод үзэхэд ийм мөнгийг өгчихсөн байсан. 2015 онд өгсөн 2.949.000 төгрөг нь эхний 10 сардаа таарч байгаа. 2014 онд 4.300.000 төгрөг өгсөн нь 700.000 гаруй мянган төгрөг илүү болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл, амралтын мөнгөнөөс илүү мөнгө авчихсан байгаа боловч 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сар хүртэл 80.000 төгрөг өгсөн гэж хэлээд байхад заавал оруулж тооцох шаардлага байхгүй юм. Надад 2011, 2012 онуудад Н.Д*************д ямар цалин өгч байсан талаар нотлох баримт байхгүй.

Би 2011 оны 4 дүгээр сараас эхлээд 80.000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сар хүртэл Н.Д*************д өгч байсан. 2012 оны 10 сараас 2012 оныг дуустал 250.000 өгч байсан. Би Н.Д*************г 2012 онд яагаад ийм хэмжээний мөнгө авсан гэж хэлээд байгаа учир нь би 2010 оны 10 дугаар сард дэлгүүрээ барьж дуусаад дараа хавар нь дэлгүүрийн үйлчлэгчээр авч ажиллуулж байсан.

Н.Д************* хэлэхдээ намайг галдан шатаасан гэж гүтгээд байцаагчийн дүгнэлт хүртэл цахилгаанаас болоогүй гэж гарчихсан юм гэсэн тайлбарыг хэрэгт өгсөн байгааг нь уншсан. Тийм учраас галын улсын байцаагчийн дүгнэлтийг няцаалт болгож гаргаж өгсөн. Хөвсгөл-Өргөө ХХК-ийн шүүхийн шийдвэрийг би Нямсүрэнтэй уулзаж сонирхсон, тэр шийдвэрт би Ч.Т*************аас Мэргэжлийн хяналтын газрын актаар мөнгө авах ёстой. Тэр мөнгөө авч байгаад төлбөрийг барагдуулна гэж шүүхийн шийдвэрт тусгуулсан хэлсэн үг нь байгаа. Тийм учраас нотлох баримт болгон гаргаж өгсөн. Л.О************* байцаагч хяналт шалгалт хийхдээ надтай огт уулзаагүй. Улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: уг актад гомдол гаргах шаардлагатай гэж үзээд Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнд гомдол гаргасан. Уг актуудын хувьд маргаантай, хууль бус гэж үзэж байгаа учраас хуульд заасан шаардлагад нийцэхгүй байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хувьд гомдол гаргаж байгаа иргэний гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ утгаараа хуульд тавигдаж байгаа шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн хүний гомдлыг шууд хэрэгжүүлдэг, тал бүрээс нь судлахгүйгээр акт гаргадаг давуу эрх байж болохгүй гэж үзсэн.

Миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, үйл ажиллагаагаа явуулж байгаа Ч.Т*************ын хувьд ажил олгогч мөн эсэхийг улсын байцаагчийн акт тодорхойлж чадаагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах заалт байдаг. Уг заалтын 9.1.7-д заасанчлан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Иргэн Н.Д*************гийн хувьд ажилдаа дутагдал гаргаад Ч.Т*************т их хэмжээний хохирол учруулаад тэр асуудлаар цагдаад шалгагдаж байх явцдаа энэ гомдлыг гаргасан байдаг. Хэдийгээр гомдол гаргах эрхтэй хэдий ч тухайн гомдлын үндэслэлтэй эсэхийг Мэргэжлийн хяналтын газар тал бүрээс нь харж үзэх ёстой боловч удирдамжид тэгж заасан байна гэсэн хандлагаар шалгасан байдаг. Өсөх-Идэр дэлгүүрт очиж Ч.Т*************ын үйл ажиллагаатай танилцсан боловч Ч.Т************* гэдэг хүн ажил олгогч мөн эсэхийг сайтар нягтлаагүй байна гэж үзэж байна. Ч.Т*************ын хувьд өөрөө Монгол тамхи Со ХХК-ийн гэрээт борлуулагчийн ажил хийдэг. Ажил олгогч нь Монгол тамхи Со ХХК байгаа. Гэрээт борлуулагч ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа борлуулалтын үйл ажиллагаандаа дэмжлэг авч Н.Д*************г ажиллуулсан байгаа. Борлуулагчийг ажил олгогч гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэж улсын байцаагч акт тавьсан байгаа боловч уг акт тавьж байгаа хууль зүйн үндэслэл нь өөрөө ажил олгогч гэж үзэж акт тавьсан байдаг. Ажил олгогч гэдгийг Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг л хэлдэг. Хуулийн нэг мөр ойлгож хэрэглэх ёстой. Хуульд заасан ажил олгогчтой холбоотой заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар болохоос биш Ч.Т*************ыг ажил олгогч гэж заасан эрх зүйн баримт бичиг байхгүй. Эрх зүйн харилцааны хувьд хөлсөөр ажиллах эрхийг нь нээгээд өгчихсөн. Тийм учраас Ч.Т************* өөрөө борлуулалтаа хийхдээ Н.Д*************тэй хамтарч ажилласан байдаг. Үүнд амаар хөлс мөнгөө тохирсон байгаа нь харагддаг. Ч.Т************* тухайн компанийн барааг борлуулж тэр орлогоосоо хувь урамшуулал авдаг үйл ажиллагаа явуулдаг. Улсын байцаагч үүнийг сайн нягталсан бол Ч.Т************* бусдын өмнөөс бараа борлуулж борлуулалтын орлогоосоо хувь авдаг асуудал байсан. Ч.Т*************ын хувьд Н.Д*************г ажилтай орлоготой болгож байгаа ойлголт болохоос биш ажил олгогч гэж үзэх нь эндүүрэл юм. Дэлгүүр ажиллуулж байгаа хүнийг ажил олгогч гэдэг утгаар авч үзсэн учраас зөрчилтэй эрх зүйн акт гарсан байна.

Ийм учраас захиргааны акт хууль бус байна. Улсын байцаагчийн эдгээр актууд хууль зүйн үндэслэлтэй гараагүй. Тийм учраас актаар хүлээлгэж байгаа хариуцлага нь ч гэсэн ойлгомжгүй харагдаж байна. Зөвхөн Н.Д*************гийн эрх, ашгийг хамгаалан гаргасан байна. Ажил олгогчийн зүгээс ийм цалин өгч байсан гэдгийг харгалзан үзэхгүй зөвхөн Н.Д*************гийн тайлбарыг үндэслэн төлбөр тавьсан нь зөрчилтэй байдлаар улсын байцаагч акт гаргасан гэж үзэж байна. Иймээс улсын байцаагчийн актыг хуульд нийцүүлэх үүднээс хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д*************гийн манай байгууллагад ирүүлсэн гомдол нь нэгдүгээрт илүү цагийн мөнгө гаргуулах, хоёрдугаарт гурван ажил хавсран гүйцэтгэж байсны цалин, гуравдугаарт ээлжийн амралт, дөрөвдүгээрт нийгмийн даатгалын шимтгэл гээд нийт 25.500.000 төгрөгийг гаргуулж олгоно уу гэсэн байсан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг бол ажлаас халагдсан гомдлоос бусад Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж байгаа бүх л шийдвэрт хяналт тавина. Үүний дагуу эдгээр асуудлуудыг шалгаж хяналтын хуудсыг хүлээлгэн өгөх гэсэн боловч Ч.Т************* эмнэлэгт хэвтчихсэн байсан. Мэргэжлийн хяналтын газар хяналтын хуудсаар хяналт шалгалт хийдэг. Ч.Т*************т энэ хүнээс ийм гомдол ирсэн, танай байгууллагад шалгалт хийх гэж байгаа гэдгийг хэлж удирдамж, мэдэгдлээ түүнийг нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж байхад нь хүлээлгэж өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн нэг сарын хугацаанд энэ хоёр хүнээс ямар нотлох баримт гаргаж ирүүлэхийг харж, би юу шалгах ёстойгоо төлөвлөж байсан. Ч.Т*************ын хувьд хөдөлмөрийн гэрээ, ажил хавсарч гүйцэтгэх тушаал, илүү цагийг тооцсон цагийн бүртгэл байхгүй байсан. Надад өгсөн баримт нь 2013-2015 онуудад Н.Д*************д өгч байсан цалингийн цэс гэх тамхины цаасан дээр биччихсэн байсан зүйлийг надад үзүүлэх баримт энэ байна гэж өгснийг өөрт нь харуулж канондаж авсан. Н.Д*************гийн хувьд манай байгууллагад ямар ямар ажил яаж хавсран гүйцэтгэж байсан гэдэг талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн зүйл байхгүй. Илүү цаг ажиллаж байсан тухай тооцоогоо гаргаж өгөөгүй. Ийм учраас өөрт цугларсан нотлох баримтын хүрээнд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн. Илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн хуулийн зүйл заалт бүрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хуулийг тайлбарласан. Үүнийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар удирдлага болгон хэрэглэж ажилладаг. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 166 дугаар тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан жилд нэг удаа заавал биеэр ээлжийн амралт эдэлнэ гэсэн зохицуулалт бий. Үүнийг мөрдөж ажилласан. Эрүүл мэндийн талаас нь дүгнээд ажилтан 12 сарын нэг сард заавал биеэр амрах ёстой гэсэн зохицуулалт хийсний үндсэн дээр 166 дугаартай сайдын тушаалыг гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ажилтанд жил бүр ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлнэ гэж хуульчлан тогтоосон. Миний хувьд хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Үүний дагуу ээлжийн амралтыг тооцож олгосон. Ингэхдээ Ч.Т************* өөрөө надад 2011 онд энэ хүн хоёр дэлгүүрийн хооронд ажиллаж байсан, 160.000 төгрөгийг 80.000 төгрөгөөр хувааж төлдөг юм гэж хэлсэн учраас би авсан цалинг нь 160.000 төгрөгөөр тооцсон. Н.Д*************гийн ажлын хоногийг амралтын хагас бүтэн сайн өдрийг хасч 24 хоногоор тооцож, нэг сард ногдох амралтын хугацаа энэ тушаалаар баталсан зааврын дагуу 1.25 байдаг учраас ажлын 15 хоногтой байна гэж үзээд 2011 онд 99.999 төгрөг, бусад онуудад 187.500 төгрөг, нийт 849.999 төгрөг гэсэн ээлжийн амралтын тооцоог 5 жилийн хугацаанд ээлжийн амралт эдэлсэн бол ийм хэмжээний олговор авах байсан гэсэн үндэслэлээр тооцсон. Хуулиар ээлжийн амралтыг нөхөн эдлүүлээгүй тохиолдолд урамшуулал олгохоор тусгасан байдаг. Ихэнх байгууллагад ээлжийн амралтыг биеэр нөхөн эдлүүлээгүй тохиолдолд авах ёстой цалингийн 1.5-2 хувиар нэмэгдүүлж олгодог хамтын гэрээ хэрэгждэг. Ч.Т*************ын хувьд заавал байгууллагын дарга, удирдлага бол ажил олгогч биш, хүнийг авч ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь ажил олгогч байна гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас Ч.Т*************ыг ажил олгогч гэж үзсэн. Яагаад вэ гэвэл энэ хүн өөрийн удирдлага дор тодорхой хэмжээний хүнийг хөлсөөр авч ажиллуулаад цалин өгч байсан. Надад Ч.Т*************ын хэлсэн тайлбар бол Н.Д************* гэдэг хүнд барьцаа хөрөнгө байхгүй учраас би ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэсэн. Хуулиар ажил гүйцэтгэх, хөдөлмөрийн гэрээ байгуулахад барьцаа хөрөнгө шаардлагатай гэсэн заалт байхгүй учраас энэ хүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй байсан. Актаа гаргаад энэ хоёр хүнийг хамт байлцуулан уулзаад тавьсан актаа Ч.Т*************т танилцуулахад Н.Д************* манай байгууллагад их хэмжээний өртэй, би өрнөөс нь суутгая даа гэж хэлээд актаа аваад явсан. Түүнээс биш төлөхгүй гэсэн гомдол, тайлбар гаргаж байгаагүй. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр актаа өөрөө гардаж аваад 3 дугаар сарын 29-нд ахлах байцаагчид гомдол гаргасан байгаа нь гомдолд гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна. Энэ хүний хувьд 30 хоногийн хугацаанд гомдлоо гаргаад хянуулах боломжтой байсан. Н.Д*************д тавигдсан төлбөрөөс миний тавьсан актын төлбөр болох 849.999 төгрөгөө суутгаж авна гэсэн тооцоотой байгаа юм болов уу гэж ойлгож байсан. Н.Д************* нэг удаа таны тавьсан акт биелэхгүй байна, актаа биелүүлж өг гэж хүссэн. Түүний дагуу Ч.Т*************тай утсаар ярихад эрүүгийн хэрэгт Н.Д************* шалгагдаж байгаа учраас актыг биелүүлэх боломжгүй байна гэсэн. Тиймээс чи эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас уг актыг биелүүлэх боломжгүй байна гэсэн тайлбарыг Н.Д*************д өгөөд буцаасан. Түүнээс биш Н.Д*************гийн эрх, ашгийг илүү хамгаалаад хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн гаргасан актаа хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Ч.Т*************ын гаргаж өгсөн цалингийн цэсээс 2013-2015 онуудад өгсөн цалин нийт 16.500.000 төгрөг болж байгаа. Үүнийг ээлжийн амралтын дундаж цалингаар бодоход сард 300.000 төгрөг байдаг юм байна гэсэн дундаж тоо гаргасан. 2012 оны цалингийн цэс байхгүй байсан учраас энэ хоёр хүн амаараа 300.000 төгрөг гэж тохирч байсан гэдгээ Ч.Т*************, Н.Д************* нар хүлээн зөвшөөрч байсан тул дунджийг нь 300.000 төгрөгөөр тооцсон. 2011 онд 160.000 төгрөгөөр тооцсон тухайгаа өмнө тайлбарласан. 2012-2015 онуудад нэг сарын дундаж цалин 300.000 төгрөг гарч байсан. 2013 оны дүн 5.940.000 төгрөг, 2014 оны дүн 4.300.000 төгрөг, 2015 оны дүн 2.949.000 төгрөг байна. Эдгээрийн нийлбэр нь 13.189.000 төгрөг, үүнд 2011 оны 3.313.000 төгрөг болсон. 2012 оны 1-12 сарыг дуустал 300.000 төгрөг авсан гэдгээ Н.Д************* өөрөө нотолсон зүйл байхгүй. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байдаг. Анх ажилд ороод сард 250.000 төгрөгийн цалин авч байсан. 2012 оноос эхлээд 300.000 төгрөгийн цалинтай болсон гэсэн тайлбарыг надад өгч байсан. Үйлчлэгчээр 2012 оны 10 дугаар сар хүртэл ажиллаад 10 дугаар сарын 10-наас эхлээд түгээгч борлуулагчийн ажил хийж байсан гэсэн тайлбарыг өгч байсан. Би 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 300.000 төгрөг өгч байсан гэж тооцсон. 2013 оны цалин 5.940.000 төгрөгийг 12 сард хувааж үзэхэд сарын дундаж цалин 500.000 төгрөг болчихоод байсан тул түүнийг 2012 он руу оруулж сарын дунджийг гаргасан.

Би Н.Д*************гийн эрх ашгийг хамгаалах үүднээс улсын байцаагчаар ажилласан бол энэ хүний хүсэлтийг хангаж 25.500.000 төгрөгийн актыг гаргах байсан байна. Гэтэл би өөрт хүлээлгэсэн үүргийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс өөрт хамааралгүй асуудлуудыг шалгаагүй. Н.Д*************гийн гаргасан гомдлын тухайд нотлох баримт байгаагүй учраас зарим зүйлийг орхиж зөвхөн 850.000 төгрөг дээр акт тавьж, энэ хүний ээлжийн амралт хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нэгдүгээрт тавьж уг актыг тавьсан. Нэгд цалин олгож байсан, хоёрт байнгын ажлын байр байсан, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан учраас Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах асуудал байна гэж үзээд энэ хүний тайлбарыг авсны дараа удирдамжийн дагуу шалгасан. Иргэн Н.Д*************гийн гомдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгаад актаа зөв тавьсан гэж үзэж байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т хөлсөөр ажиллаж байгаа иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх ёстой гэж заасан байдаг. Ч.Т*************ын цалин олгосон баримт дээр нь үндэслэж энэ цалинг олгосон юм гэдгийг Б.С************* байцаагчийн шалгалтын материалаас харсан. Цалин олгосон баримтаас үзвэл нийт олгосон цалин 16.500.000 төгрөг байгааг нийт ажилласан хугацаа 4 жил 7 сар буюу 55 сард хуваахад дунджаар 300.000 төгрөгөөр байгаа тул энэ хэмжээгээр дундчилж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх акт тогтоосон. Ч.Т*************ын хувьд намайг шалгаагүй гэж байгаа боловч Б.С************* байцаагч бид хоёрын хяналт шалгалт хийх удирдамж нэг байгаа. Б.С************* байцаагч цалин ажилласан хугацааг нь тогтоож, би нийгмийн даатгалын шимтгэлийг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д зааснаар буюу хөлсөөр ажиллаж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлнө гэсэн хуулийн заалтаар уг актыг тогтоосон гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Д************* болон түүний өмгөөлөгч Б.О************* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д************* нь Нямсүрэн гэдэг хүний компанид ажил хийх тухай гэрээ биш юм. Бараа зээлээр авах гэрээ хийсэн болохоос биш давхар ажил хийж байсан зүйл байхгүй. Гэтэл Б.Батдорж өмгөөлөгч Н.Д*************г Нямсүрэн гэдэг хүнд давхар ажил хийж байсан гэж худлаа яриад байгаа. Нэхэмжлэгч Ч.Т*************ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн болон 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан улсын байцаагчийн актууд бол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, тайлбар, шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл-Өргөө ХХК-тай хийсэн гэрээ, шүүхийн шийдвэр гэсэн баримтууд нь уг нэхэмжлэлтэй хамааралгүй байх тул нотлох баримтаас хасуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу шинжээчийн дүгнэлт, хохирогч, сэжигтнээр тооцсон тогтоол зэрэг нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах алба буюу шүүхээс өөр байгууллага шалгаж байгаа учраас эдгээр нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Хөвсгөл Өргөө ХХК-ийн гэрээ болон шүүхийн шийдвэрийг Нямсүрэн, Н.Д************* нар шүүхийн архиваас гаргаж өгөх байтал өөр хөндлөнгийн хүмүүс гаргаж өгч байгаа асуудал нь энэ хэрэгт хамааралгүй, ямар учраас гаргаж өгсөн нь тодорхойгүй байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдөл бичсэн нь гомдол гаргагч Н.Д*************гийн тайлбар юм. Уг тайлбарыг Н.Д************* бид хоёр сууж бичсэн тайлбар юм. Өөрөөр хэлбэл Н.Д************* 300.000 төгрөгийн цалинтай, нэг сард ажлын өдөр нь 24 хоног, нэг хоногт 12.500 төгрөгийн цалинтай гэж бид хоёр 25.000.000 төгрөгийг тооцож гаргасан асуудал болохоос биш улсын байцаагч өөрөө шалгаж байж ийм материал ингэж бүрдүүлж ир, энэ тайлбарыг ингэж бичиж ир гэсэн зөвлөгөө өгөхгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь тухайн актыг хүчингүй болгуулах гэж байгаа юм уу эсвэл илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ч.Т*************, ажилтан Н.Д************* нарын хооронд хөдөлмөрийн гэрээг амаар хийсэн байна гэж үзэх үндэслэл өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараас харахад тодорхой байна. Үүнд үндэслээд улсын байцаагчийн акт тавьсан гэж хувьд үзэж байна. Н.Д*************, Б.О************* нар 25 сая төгрөг гэж биччихсэн байна, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа гэсэн байдлаар нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Уг ослын акттай холбоотой дүгнэлт бол хоёр өөр дүгнэлт эрүүгийн хэрэгт явж байгаа. Энэ хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа. Нотлох баримтаар гаргаж өгч байгаа материалууд нь өөрөө хуулбар үнэн гэдэг Прокурорын байгууллагын дардас дарагдчихсан байгаа учраас захиргааны хэргийн шүүх юм уу иргэний хэргийн шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй. Ийм учраас нотлох баримтаас хасаж тооцож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Ч.Т************* нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот Ээлжийн амралтын тооцоо хийх тухай актыг хүчингүй болгуулах, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Ч.Т*************ын нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот Ээлжийн амралтын тооцоо хийх тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий, Ч.Т*************ын нэхэмжлэлтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.С************* нь нэхэмжлэгч Ч.Т************* захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/123 тоот албан бичгээр актад гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байх тул шүүхийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөе гэснээр нэхэмжлэгч Ч.Т*************ыг маргаан бүхий захиргааны актуудын талаар шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаас хойш нэхэмжлэгч Ч.Т************* Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг дурдъя.

Хэдийгээр нэхэмжлэгч Ч.Т************* нь өөрийгөө ажил олгогч биш гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгохоор заасан байна. Этгээд гэдэгт хуулийн этгээд, байгууллага, хүн хамаарч болох бөгөөд иргэн ч ажил олгогч байж болно.

Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн гол нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тохирсон байх талаар, 21.3-т хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд дээрх гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй байхаар хуульчилжээ.

Ажил олгогч Ч.Т************* нь ажилтан Н.Д*************г эхлээд үйлчилгээний танхим цэвэрлэж, ажилчдын хоол хийх үйлчлэгчээр, дараа нь дэлгүүрүүдээр явж бараа борлуулдаг борлуулагчаар ажиллуулахаар тохиролцож, үйлчлэгчийн ажилд сар бүр 80000 төгрөгийн, борлуулагчийн ажилд сар бүр 300000 төгрөгийн цалин өгөх, 10-20 орчим дэлгүүрүүдээр бараа түгээж борлуулах, борлуулалтын авто машинаар хангах хөдөлмөрийн нөхцөлтэй байхаар тохиролцсон зэргээс үзвэл хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг талууд тохиролцож, амаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үйлчлэгч, борлуулагчийн дээрх ажлын байрууд нь байнгын ажлын байр болох нь Н.Д*************г 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл үйлчлэгчээр, 2012 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл борлуулагчаар ажиллуулж байсан байдлаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11-д хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр ... торгох шийтгэл ногдуулахаар заажээ.

Үүнээс үзвэл байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа нь ажил олгогчийг үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохооргүй байна.

Гуравдагч этгээд Н.Д************* Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д хандан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч Ч.Т************* нь хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллуулж байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж, ээлжийн амралт эдлүүлж байгаагүй зэрэг асуудлаар хяналт шалгалт хийлгэх тухай өргөдөл гаргажээ.

Улмаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Даваахүү хяналт шалгалтын бүрэлдэхүүнд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О************* нарыг томилж, иргэн Н.Д*************гийн гомдлын дагуу хөдөлмөрийн харилцаан дахь хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг шалгаж, зөрчлийг арилгуулж, гомдлыг барагдуулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23-06-025/20 тоот хяналт шалгалтын удирдамж баталсан ба удирдамжийг шалгуулагч этгээдэд урьдчилсан гардуулж, хяналт шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3-д заасныг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д зааснаар Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулахаар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрх байхаар тус тус заасан бөгөөд улсын байцаагч Б.С*************, Л.О************* нар нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд акт гаргасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчмыг баримталж ажиллах нь улсын байцаагчийн үүрэг юм.

Гэвч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************гийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот Ээлжийн амралтын тооцоо хийх тухай актад Н.Д*************гийн Өсөх-Идэр дэлгүүрт үйлчлэгч, борлуулагчаар ажиллаж байсан 2011 оны сарын цалинг 160 000 төгрөгөөр бусад онуудад авч байсан цалинг сар бүр 300000 төгрөгөөр тооцсон нь, мөн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************ийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай актад Н.Д*************гийн Өсөх-Идэр дэлгүүрт үйлчлэгч, борлуулагчаар ажиллаж байсан бүх хугацааны цалинг сар бүр 300 000 төгрөгөөр тооцсон нь эргэлзээтэй байх тул энэ талаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Ч.Т*************ын шүүх хуралдаанд гаргасан улсын байцаагч Б.С*************гийн тавьсан акт 2011 онд Н.Д*************д сарын 160.000 төгрөгийн цалин олгосон гэж тооцоо хийснээс анх будлиж эхэлсэн. Би 2011 онд Н.Д*************д сарын цалин 80.000 төгрөг өгдөг байсан. Б.С************* байцаагч надаас тайлбар авахдаа 80.000 төгрөг гэж биччихсэн нь хэргийн материал дотор байсан гэх тайлбар,

Хариуцагч Б.С*************гийн хөтөлсөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 180992 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл дэх 2011 оны 4 сард Н.Д************* үйлчлэгчээр орсон. Манайхаас 80.0 мянган төгрөг авч 2012 оны 10 сар хүртэл ажилласан гэх Ч.Т*************ын тайлбар,

Хариуцагч Б.С*************гийн шүүх хуралдаанд гаргасан Ч.Т************* өөрөө надад хэлэхдээ 2011 онд Н.Д************* хоёр дэлгүүрийн хооронд ажиллаж байсан, 160.000 төгрөгийг 80.000 төгрөгөөр хувааж төлдөг юм гэж гэсэн учраас би авсан цалинг нь 160.000 төгрөгөөр тооцсон гэх тайлбар,

Гуравдагч этгээд Н.Д*************гийн шүүх хуралдаанд гаргасан эхний үед Ч.Т*************аас 80.000 төгрөг авч ажиллаж байсан. Анх 2011 оны 3 дугаар сард ажилд орсон. Борлуулагчаар 2012 оны 3 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Борлуулагч болоод эхний сард 250.000 төгрөг, дараагийн саруудад 300.000 төгрөгийн цалин авч байсан гэх тайлбар зэргээс үзэхэд Н.Д*************гийн үйлчлэгч, борлуулагчаар ажиллаж байсан хугацааны цалин буюу хэдэн онд хэдэн төгрөгийн цалинг сард авч байсныг тодруулах шаардлагатай байна.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад Ч.Т*************, Н.Д************* нар худалдагч буюу борлуулагчийн ажлын хөлс сард 300 000 төгрөг байсан гэх тайлбар гаргасан боловч цалин олгосон баримт гэх хэргийн материалын 16-17 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзэхэд энэ нь эргэлзээтэй, Н.Д*************д 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл сар бүр 80 000 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сараас эхлэн худалдагч буюу борлуулагчаар ажиллаж эхэлсэн эхний үед сар бүр 250 000 төгрөгийн, 2013 онд нийт 5 940 000 төгрөгийн, 2014 онд 4 300 000 төгрөгийн, 2015 онд 2 949 000 төгрөгийн цалин өгч байсан талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин маргаан бүхий захиргааны актуудад Ч.Т*************аас гуравдагч этгээд Н.Д*************д олгосон цалингийн хэмжээг ямар учраас дундчилж тавьсан нь тодорхойгүй, мөн хяналт шалгалтын тэмдэглэлээс үзэхэд ажилтныг долоо хоногт хэдэн өдөр ажиллуулдаг талаар нарийвчлан тодруулаагүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************гийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот Ээлжийн амралтын тооцоо хийх тухай, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************ийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай актыг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актуудыг хүчингүй болгосонд тооцохыг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т*************ын Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдуулан гаргасан "2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөг, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О************* нараас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот Ээлжийн амралтын тооцоо хийх тухай, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай актыг тус тус хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т*************ын Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С*************-д холбогдуулан гаргасан "2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөг, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*************т холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот Ээлжийн амралтын тооцоо хийх тухай, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай актыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ