Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/329

 

 

 

 

 

  2023         3        28                              2023/ДШМ/329

            

    Б.Бт холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Т,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Э, Б.Ж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бт холбогдох эрүүгийн 2203005330542 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А  овгийн  Б.Б, ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Тэс Петролиум” ШТС-ын зүүн замд “Тоуоtа Рrius” маркийн УБО 89-54 улсын дугаартай, ойрын гэрэл бүдэг асдаг болсон буюу стандартын щаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Ц.Быг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеээс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Бийн жолоочийн В, С, D, Е ангиллын 755977 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, “сэтгэл санааны хохирол, тэжээн тэтгэхтэй холбоотой” болон хохирлын бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд “... Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн “...баруун гар талын их гэрлийн тусгалын чанар баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6300 сd, хол дээрээ 20900 сd, зүүн талын их гэрэл ойр дээрээ 5100 сd, хол дээрээ 22100 сd /стандарт 10.000-225.000 сd/ байна. 1. Тоёота Приус 20 маркийн 89-54 УБО улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь ... ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй ... эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна ...” гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.Бийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогджээ. ... Өөрөөр хэлбэл, гэрэл нь бүдэг асдаг болсон буюу тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэлтэй, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь бүрэн дүүрэн, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ” гэж үзэж Б.Бийг Эрүүгийн хуулийн тусай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийжээ. Тухайлбал,

Гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэрэг юм.

Б.Б нь хэрэг учрал болсон 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Тэс Петролиум” ШТС-ын зүүн замд, Тоёота Приус маркийн УБО 89-54 улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч Ц.Быг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Тээврийн прокурорын газраас Б.Бт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг нь шийдвэрлэсэн.

Энэхүү хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон, хүнд хор уршиг учирсан гэдгийг Б.Бийн хувьд ойлгож, ухамсарлаж байгаа, анхан шатны шүүх хурлын явцад ч үүнийгээ илэрхийлсэн байдаг.

Гэвч тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэм буруугийн хэлбэр”-ийг бүрэн шалгаж, тогтоогоогүй болно.

Хэрэг учрал болоход амь хохирогчийн зүй бус, буруутай үйлдэл нөлөөлсөн, амь хохирогч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч явахдаа зам тээврийн осолд өртсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд осол гарах үеийн нөхцөл байдлыг Б.Б нь шууд үнэлэх, ойлгох боломжгүй байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үилдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэсэнтэй нийцнэ.

Б.Бийн үидлийг хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэм буруугийн асуудалтай холбоотой нэг чухал асуудал бол хор уршгийг гэм буруугүйгээр учруулах явдал бөгөөд түүнийг тохиолдолд буюу КАЗУС гэж нэрлэдэг.

Тохиолдол буюу КАЗУС гэдэг нь тодорхой этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдэх ёсгүй, мэдэх бололцоогүй тохиолдолд мэдэлгүйгээр хор уршиг учруулахыг хэлнэ. Тохиолдлын улмаас хор уршиг учруулсан этгээдийг гэм буруугүй, өөрөөр хэлбэл хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үздэг. Учир нь, нийгэмд аюултай үйлдэл, гэмт этгээдийн сэтгэхүйн үйл ажиллагаа хоёрын хооронд тодорхой хэлбэрийн харьцаа байхгүй бол гэм буруугүй гэж үзнэ. Учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх ойлголт бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд гэм буруугийн зарчмын агуулгад хамааруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуульчлан оруулсан байдаг.

Нотлох баримтын талаар, мөрдөн шалгах ажиллагаан явцад авагдсан нотлох баримтуудаас дурдвал:

2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АТҮТ, ТӨҮГ. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “... Т.П-20, 2008 онд үйлдвэрлэсэн, 89-54 УБО, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун талын дугаарын гэрэл асахгүй, салхины шил нэлэнхүйдээ хагарсан, зүүн талын толь байхгүй, зүүн талын их гэрлийн дээд шинж хугарсан, каподны зүүн урд ирмэгээр бага зэрэг хонхойсон, иж бүрдэл байхгүй байлаа. ... баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6300 сd, хол дээрээ 20900 сd, зүүн тапын их гэрэл ойр дээрээ 5100 сd, хол дээрээ 22100 сd /стандарт 10,000-225,000 сd/

Хариулт 3. “Баруун талын дугаарын гэрэл асахгүй, ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй зэрэг нь хуучин гэмтэл, салхины шил зүүн хэсгээр нэлэнхүйдээ хагарсан, зүүн талын толь байхгүй, зүүн талын их гэрлийн дээд шинж хугарсан, каподны зүүн урд ирмэгээр бага зэрэг хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл шинэ гэмтэл гэж үзэж байна.” гэх дүгнэлт: /хх 79-82/,

Эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн байхад:

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1203 дугаар мөрдөгчийн магадлагаа нь:

1. ... жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.

4-р хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон. /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон/. мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Осол, хэрэг үйлдэгдэх үед Тоёота Приус-20 маркийн 89-54 УБО улсын дугаар автомашины жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. 4-р хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон. /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон./ мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн мөрдөгчийн магадлагаа болон Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, нэгэн нөгөөгөө үгүйсгэсэн, эргэлзээ бүхий байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор нь өөрийн санаачлагаар шинжээч томилох шаардлагатай байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйг анхан шатны шүүхээс үүнийг зөвтгөж, “...няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл” болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Б.Б нь өөрийн гэм буруутай үйлдэлд огтхон ч дүгнэлт хийж чадахгүй, үйлдлийнхээ хор уршгийг ойлгож чадахгүй болох нь дараах байдлаар харагдаж байгаа юм.

Энэ нь миний ганц хүүгийн амь насыг хохироочихоод хөдөлмөрийн ямар ч чадваргүй өвчний улмаас эмнэлгийн байнгын хяналтанд эмчлүүлдэг боловч зардалд зарцуулах ямар ч орлогын эх үүсвэргүй ганц хүүгээрээ тэжээн тэтгүүлж явсан би эмчийнхээ бичсэн эмчилгээ ч хийлгэж чадахгүй байгаа надад өөрийн санаачлагаараа, сайн дураараа дэмжиж туслалцаа үзүүлэх, сэтгэлээрээ хандаж чадаагүй нь түүний дүр төрөхөөр тодорхойлогдож байна.

Хэдийгээр шүүхээс уг гэм хорын холбогдолтой хохирол төлбөрийн асуудал, тухайлбал:

Тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг бусад зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж зааж орхигдуулсан боловч энэ төлбөрийн асуудалд шүүхийн энэхүү эцсийн шийдвэрийг миний хүүгийн аминд хүрч, эцэст нь өндөр настан эх намайг харж хандах хүнгүй, голомт залгах ч эзэнгүй болгож нэг айлыг сөнөөсөн хор уршиг нь Б.Бтой холбоотой учирсан нь ойлгомжтой учраас энэ бүгдэд хэргийн холбогдогч Б.Бийн санаачлага асар их дутагдсаныг онцолж үзэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Тиймээс Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаад байгаа учрыг би сайн ойлгохгүй байна. Б.Бт оногдуулсан 2 жилийн хорих ял нь түүний надад учруулсан хор уршгийн үр дагавартай харьцуулахад харин ч дэндүү хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байгаа. Залуу хүн хугацаатай энэ ялыг биечлэн эдлэхэд үсрээд 1 жилийн дараа суллагдах нь ойлгомжтой юм. Харин энэ хэргийн улмаас амиа алдсан миний хүү хэзээ ч босож ирэхгүй шороон дор үүрд булагдсан, амь насыг нь юугаар ч нөхөж болохгүй болсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-ын 3 гэдэг зүйл ангийн 1-5 жилийн ялын 3 жил нь гэм буруугаа амиараа төлөөд байгаа үүрд босохгүй болсон миний хүүд оногдчихдог ямар ч гээч харгис хууль вэ? Гэж гомдож сууна. Нөгөө Үндсэн хуулийн хүний амьд явах эрхтэй гэдэг худлаа юм уу? Гэтэл Эрүүгийн хууль нь хүн алаад амьд үлдсэнийг нь харж үзээд аль болохоор дахин дахин хөнгөрүүлэн өршөөх талаас нь өмөөрөөд, үхсэн хүнд ямар ч хэрэг тохсон босож ирээд заргалдаж чадах юм биш гэсэн юм шиг ямар төр нийгэмд ямар улсын батлаад байгаа хуулийг яаж гүйцэтгээд байна вэ? Нөгөө хүн нь яачихаад төрийн хамгаалалтаас үхвэл л гаргаад хаячихдаг заалт байдаг юм уу? Энэ хүний оронд миний хүү энэ хүнийг дайрчихсан бол хамгаалагдаж хөнгөлөгдөөд 7 хоногт 1 удаа амьд мэнд уулзаад байсан болоосой ч гэж бодоход хүрч байна. Тэгвэл бид хоёр хамгаалагдсаар байгаад төлбөрч үгүй, ял ч үгүй гарч болох байсан ч юм уу? Хүний амийг ингэж үнэлдэг болсон үхсэний хохь, амьдын зол гэдэг болдогт маш их харамсаж гомдож байна.

Энэ хэргийн улмаас нас барсан хүүгийн минь амь насыг яаж нөхчихөөд хохирол барагдуулсан гээд байгаа юм. Уул хэргийн уршгаар ар талд нь хорвоог ганцаар туулах болоод байгаа өнчирч хоцорсон эх миний сэтгэл зүй, эрүүл мэнд, цаашид амьдрах амьдралын баталгаагүй байдал зэрэг нь юутай ч зүйрлэшгүй маш хүнд хор уршиг болохыг өндөр настай би та бүхэнд зөв зүйтэй ойлгуулахыг хүсэж, зүрх минь шимширч, хоолой минь зангирч, нулимс минь бүрхэж нулимсаа дуслуулан, дуслуулан бичиж байгаа эх намайг зөв зүйтэй ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн өмгөөлөгч Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв зүйтэй дүгнэсэн. Шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Юуны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д.Цгаас уучлалт гуймаар байна. Хэдийгээр миний бие сүүлийн 10 гаруй жил Онцгой байдлын байгууллагад иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар гал түймэр, гамшиг ослын голомтод ажиллаж ирсэн боловч одоо ийм байдалд орсон байгаадаа маш их гэмшиж, ухамсарлаж ойлгож, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д.Ц эгчийн төрсөн хүүг орлож чадахгүй ч үлдсэн амьдралдаа Б.Д.Ц эгчийг яасан ч хаяхгүй. Бүхэл боломж, бололцооныхоо хэрээр түшиж, тулж амьдарна гэдгээ дахин амлаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш ар гэрийнхэнтэйгээ ярилцаж, аль болох боломжоороо туслахыг хичээсээр ирсэн. Мөн миний төрсөн хүүгийн эрүүл мэнд хүнд байгаа. Энэтхэг улсад эмчилгээнд явсан гэдэг нь үнэн. Гэхдээ эмчлэгдэж чадаагүй ирсэн. Одоо Эх нялхасын Үндэсний төвд дахин хагалгаанд орох гээд хүлээлгэнд байгаа. Б.Д.Ц эгчээсээ дахин дахин уучлалт гуймаар байна. Надад цаашид тусалж, дэмжих чин хүсэл байгаа. Миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт Замын хөдөлгөөний дүрэм талаас биш, зөвхөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн дүгнэлт юм. Зам тээврийн ослоос болж тээврийн хэрэгслийн зүүн талын гэрэл нь хагарсан байсан. Баруун талын гэрэл нь гэмтэлтэй байсанд шинжээч шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээгээр гэрлийн тусгал муу гарсанд маргаагүй. Мөрдөгчийн асуултын дагуу шинжээч хариулахдаа “...энэ гэрлийн тусгал бүдэг байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлснийг тогтоох боломжгүй...” гэсэн. Хагарсан байгаа гэрэл нь хэвийн тусгалтай байсан эсэхийг тогтоох ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, хоёр гэрэл хоёулаа муу байсан гэдгийг нотолж чадахгүй. Шинжээчээс “...гэрэл бүдэг байсны улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх боломжтой гэж дүгнэсэнд яагаад санал, хүсэлт гаргаагүй вэ гэхээр тухайн үед өөр өмгөөлөгч оролцож байсан. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар мөрдөгч, шинжээч нараас гэрчээр мэдүүлэг авсан. “…Зам тээврийн ослыг шийдвэрлэхдээ анх мөргөсөн гэх А цэгт хэн нь давуу эрхтэй, хэн нь зам тавьж өгөх ёстой вэ гэх гомдлоор шийдвэрлэдэг үү…” гэж асуухад мөрдөгч “тийм” гэж хариулсан. Дараа нь “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр осол гарсан А цэгт хэн нь давуу эрхтэй, хэн нь зам тавьж өгөх ёстой вэ...” гэж асуухад мөрдөгчөөс “... та надаар явган зорчигч зам тавьж өгөх ёстой байсан, тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байсан гэж хэлүүлэх гэж байна. Тийм учраас би хариулж чадахгүй...” гэхэд нь “...та гэрчээр дуудагдсан учраас хуулийн дагуу хариулах үүрэгтэй ...” гэж хэлсэн. Гэвч мөрдөгч хариулаагүй. Зам тээврийн ослыг шалгасан асуудлын хувьд шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй нөхцөл байдал байсан. Нөгөө талаас тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал хэвийн байсан, стандартын шаардлага хангаж байсан эсэхийг үгүйсгэх ямар ч боломж байгаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн төрсөн эцэг Батбаярыг дарамталсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ойлгож байгааг буруу ойлгосон гэж үзэж байна. Захиалгатай гэмт хэрэг гэж үзсэнд тайлбар хэлэхэд хүнд байна. Шүүгч Д.Очмандахаас асуухдаа “...нүдний шилтэй юм чинь хараа муу байгаа...” гэх агуулгатай асуулт асуулаа. Шууд хараа муу гэж дүгнэх нь буруу болов уу гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Бийн нүдний хараа тээврийн хэрэгсэл жолоодоход хэвийн. Гал түймэр унтраах мэргэжлийн хүрээнд өндөр түвшинд ажил, үүргээ биелүүлдэг болох нь байгууллагынх нь удирдлага, хамт олонтой нь уулзахад дурддаг. Харааны ямар нэгэн бэрхшээл байдаггүй. ...” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Бт холбогдох хэргийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан. Тухайн үед Хандсүрэн гэх өмгөөлөгчтэй байсан. Хэргийн зүйлчлэлийн хувьд анхнаасаа маргахгүй явсан. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхийн шатанд шилжүүлэх явцад өмгөөлөгч солигдсон байсан. Энэ үеэс өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж, дүгнэн дүгнэлтээ гаргасан байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Зам тээрийн ослын талаар Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн Үндэсний төвөөс гаргасан дүгнэлтэд шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж оролцдог. Үүнд нь хүний амь нас ямар байдлаас хохирдог вэ гэхээр дүгнэлт гаргадаг шиг тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрэмд заасан бүрэн, бүрэн бус тээврийн хэрэгсэл байна уу гэдэгт дүгнэлт гаргаж байгаа. Уг дүгнэлтээр “...тээврийн хэрэгслийн гэрэл стандарын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрлийн 50 хувь нь ажиллахгүй байна...” гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв шаардлага хангасан тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол үзэгдэх орчин ямар байх вэ. Шинжээчээс гаргасан дүгнэлтэд “гэрлийн тусгал муу байна” гэж дүгнэсэн болохоос шинжээч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж хариулах боломжгүй. Үүнд үндэслэн мөрдөгч магадлагаа гаргахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэлтэй буюу замын хөдөлгөөнд оролцох ёсгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...харанхуй үед үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгсэл зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Учир нь, Замын хөдөлгөөний дүрмийн заалттай гэрлийн тусгал нь хамаарч байгаа учраас хурдаа тохируулж яваагүйгээс болж явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байгаа. Мөн явган зорчигчийн буруутай буюу Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд заасан “...үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай, гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, эсхүл зам хөндлөн гарах...” заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Мөрдөгчийг гэрчээр оролцсон гэж байна. Мөрдөгч нь шинжээчийн байр сууриас шүүх хуралдаанд оролцож, хангалттай асуултыг асуусан байгаа. Шинжээч өөрийнхөө мэдлэгийн хүрээнд дээрх заалтыг тайлбарлаж хэлсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны орой 21 цаг 10 минутын үед  Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Тэс петролиум” шатахуун түгээх станцын зүүн замд “Тоуоtа prius” маркийн УБО 89-54 улсын дугаартай, ойрын гэрэл бүдэг асдаг болсон буюу стандартын щаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Ц.Быг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн “... 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн үед цагдаагаас залгаад осол болсон талаар хэлсэн. Ганц хүүгээ алдчихлаа, гомдолтой байна. Буяны ажлын болон цаашид гарах бусад зардлыг нэхэмжилнэ. ...” /1хх 23-24/,

иргэний нэхэмжлэгч Д.Б-ын “... Тоёото приус маркийн 89-54 УБО улсын дугаартай автомашиныг би өөрийн нэр дээрээ худалдан авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цаг 20 минутын үед бэр Сумъяа над руу залгаад Б.Б зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлсэн. Надад автомашины эвдрэл, хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх-32/,

гэрч П.О-ийн “... 2022 оны 9 дүгээр сарын 6-ны орой 21 цаг 10 минутын үед өөрийн эзэмшлийн Daewoo маркийн, 12-80 УАР улсын дугаартай бохирын автомашиныг жолоодоод гэр лүүгээ харихаар Баянхошууны хөтөл рүү өгсөөд телевизээс Баянхошуу чиглэлтэй, зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Өгсөөд явж байхад эсрэг урсгалын голын тасархай шугаман дээр нэг согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн миний талаас харахад цаашаа хараад зогсож байсан. Тэр үед эсрэг урсгалын автомашинууд 2 эгнээгээр явж байсан бөгөөд тэр машинууд явган зорчигчийн 2 талаар нь гараад явсан. Тэр үед би энэ хүн машинд мөргүүлчих вий дээ гэж бодож байтал эсрэг урсгалд 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд 1 дүгээр эгнээ рүү дараад зогссон. Явган зорчигч автомашинд мөргүүлэх үедээ миний явж байсан эгнээ чиглэлтэй нэг алхам алхах шиг болоход хойноос 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин мөргөсөн. Тэр үед явган зорчигч миний машины урдхан хэсэгт үргэлжилсэн хос шугаман дээр унасан. Би шууд машинаа зогсоогоод буугаад очиход мөргөсөн машины жолооч нэг эрэгтэй бууж ирсэн. Би тэр хүнд хандаад чи хараагүй юм уу, дуудлага өгөөрэй гээд би цагдаа руу тэр хүн эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн. Намайг ослын газарт байхад түргэн тусламжийн автомашин ирээд эмч нь машинд мөргүүлсэн хүнийг үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. ... би тэр явган зорчигчийг 10 орчим метрийн зайнаас харсан гэж бодож байна. Би 30 орчим км цагийн хурдтай явсан. Би тэр жолоочоос чи хэр хурдтай явж байсан юм бэ гэж асуухад 40 км цагийн хурдтай гэж хэлсэн. Машинд мөргүүлсэн эрэгтэй мөргүүлээд агаар дээр 2, 3 эргээд газарт унасан. ... автомашины хөдөлгөөн миний явсан чиглэлд сийрэг, эсрэг урсгалын хөдөлгөөн бага зэрэг ачаалалтай байсан. Явган зорчигчийг замын голд зогсож байхад 2, 3 автомашин хоёр талаар нь тойроод гарч байсан. Цас бороо ороогүй, зам халтиргаа гулгаагүй, цаг агаар хэвийн, замын гэрэлтүүлэг бүдэг асаж байсан. ...” /1хх 46/,

шинжээч Ө.С-ийн “... амь хохирогч Ц.Бын цусанд 3.1, ходоодны шингэнд 7.1 спиртны зүйл илэрсэн. Шинжээчийн дүгнэлтэд илрээгүй гэж оруулсан байна. Химийн шинжилгээний 7253 дугаартай хариуг бичих гэж байгаад андуурч байсан байна. Энэ хариунд хорт бодис, эмийн бодис илрээгүй гэж бичих байсан юм. Энэ хариу нь мөн дүгнэлтэд хавсаргагдсан байгаа. Цусанд 3.1, ходоодны шингэнд 7.1 спиртны агууламж гэсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2582 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн куртиканд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн 65мм хэмжээтэй шинэ ханзралт, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн 25мм хэмжээтэй зүсэгдэлт байна. ...” /1хх 67-69/ гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2382 дугаар “Талийгаач гавлын суурь ясны салсан хугарал, их болон бага тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний зүүн талын олон хавирганы хугаралууд, зүүн, баруун уушгины уг, дэлбэн хоорондын цус хуралт, няцрал, уушгины авчийлт, зүүн өвдөгний үеийн салсан хугарал, хэлэн доорх яс, төвөнхийн мөгөөрсний хугарал, нүүрний яснуудын салсан ил хугаралууд, нэг шүдний булгаралт, дух, зүүн хацар, зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун эгэм, бугалганд цус хуралт, баруун ташаа, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн мөргөгдөх үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, амь насанд аюултай шинэ гэмтлүүд байна. Шууд үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Ходоод шинжлэхэд 20,0-30,0 мл хар сааралдуу өнгийн өтгөндүү агууламжтай байна. Талийгаачийн цусанд 3.1, ходооны шингэнд 7.1 промилл спиртийн зүйл илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэдл нөлөөлөх бодис илрээгүй. ...” /1хх 90-96/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “... Баруун талын дугаарын гэрэл асахгүй, ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй, салхины шил зүүн хэсгээр нэлэнхүйдээ хагарсан, зүүн талын толь байхгүй, зүүн талын их гэрлийн дээд шинж хугарсан, каподны зүүн урд ирмэгээр бага зэрэг хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Баруун талын дугаарын гэрэл асахгүй, ойрын гэрэл стандарын шаардлага хангахгүй зэрэг нь хуучин гэмтэл, салхины шил зүүн хэсгээр нэлэнхүйдээ хагарсан, зүүн талын толь байхгүй, зүүн талын их гэрлийн дээд шинж хугарсан, каподны зүүн урд ирмэгээр бага зэрэг хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь шинэ гэмтэл гэж үзэж байна. Эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. ...” /1хх 79-84/ гэсэн дүгнэлтүүд,  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-17/, автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 61-62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.-ийн “... Б.Бт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол, тэжээн тэтгэхтэй холбоотой зардал болон бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Мөн Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цд 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад 5.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цд төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

              ШҮҮГЧ                                                  Д.ОЧМАНДАХ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ