Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 150/шш2024/000219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * хотын * дүүрэг *-р хороо * тоотод оршин суух хаягтай, * овогт * РД:/*/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч *  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Би 1991 оноос Сэлэнгэ аймгийн Номгон Сангийн аж ахуйн 3-р бригадад тогоочоор 1995 оны 12 сар хүртэл ажиллаж байсан юм. Тухайн үеийн тушаалууд олдохгүй эмнэлгийн хуудас, тэтгэмж авч байсан баримтууд гарч ирсэн. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлтэй байна.

1. Гэрч * Сэлэнгэ аймаг * сум *-р гудамж * тоот *

2. Гэрч * овогтой *Сэлэнгэ аймаг * сум * баг * тоот Утас *

Миний Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд 1991-1995 он хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон. 1995 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажиллахаа больсон. Номгоны сангийн аж ахуйн 3-р бригадад тогоочоор ажиллаж байсан. Шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь Сэлэнгэ аймгийн Номгон Сангийн аж ахуйн 3-р бригадад тогоочоор 1991 оноос 1995 оны 12 сар хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй… гэж хуульчилсан байна

 

Хүсэлт гаргагч *аас шүүхэд хүсэлт гаргахдаа гаргаж өгсөн * дугаартай эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 4-р хуудас/, 1991 оны 10 дугаар сарын “ажилчин албан хаагчдын хүчээ түр алдагсдад олгох тэтгэмжийн хүснэгт” /5-7 хуудас/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба эдгээр нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийг 1991 оноос 1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон САА-ийн 3-р бригадад тогоочоор ажиллаж байсныг хангалттай нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагчийн ажилласан байдалтай холбоотой нотлох баримт биш байна.

Мөн хүсэлт гаргагч  *ын хүсэлтээр гэрч * нарыг гэрчээр асуусан боловч *ын ажиллаж байсан байдлыг тодорхой гэрчилж хэлж чадахгүй, ажилласан он, сар, өдрийг таамаг маягаар “ажилласан байх”, “одоо сайн санахгүй байна” гэх байдлаар мэдүүлж байх ба гэрч үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэдэгт эргэлзээтэй байдал үүсэж байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүйг дурдах нь зүйтэй.   

 

Хүсэлт гаргагч нь “өөрийн гэрээ шатсан тул бүх бичиг баримт устсан” гэж мэдүүлж байх боловч энэ байдлаа нотлоогүй, нотлох баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ билүүлээгүй байна гэж үзэв.   

 

Иймд *ын улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч *ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН