Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/шш2025/00033

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00033

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Ж.И-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,600,000 ( нэг сая зургаан зуун мянга ) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01355/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.И- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Б- нь хайнагийн ферм байгуулах гэж байгаа гээд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хайнагийн тугалтай үнээг 1,300,000 төгрөгөөр үнэлж, 2,600,000 төгрөгөөр 2 хайнагийн тугалтай үнээ худалдан авахаар тохирч, тухайн өдрөө аваад явсан юм. Тугалтай үнээ худалдаж авсан мөнгөө төслийн мөнгө хэд хоногоос орчихно, мөнгө орохоор шилжүүлээд өгье гээд явсан. Гэтэл Г.Б- нь худалдаж авсан үхрийнхээ үнийг төлөхгүй өдийг хүрч байна. Мөнгөө өгөхгүй байхаар нь А сумын хэсгийн төлөөлөгчид хандаж байж 1,000,000 төгрөг авсан. Одоо үлдсэн мөнгөө авъя гэхэд тэр үхэр чинь үхчихсэн, алдчихсан гээд өгөхгүй байна. Иймд Г.Б-аас 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.И- нь Г.Б- надаас 1,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.И- нь хариуцагч Г.Б-аас 1,600,000 ( нэг сая зургаан зуун мянга ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга)төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.И-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 (дөчин мянга таван зуун тавь) төгрөгөөс 20,275 ( хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,275 ( хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б-аас 20,275 ( хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ж.И-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Б- нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.И-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 (дөчин мянга таван зуун тавь) төгрөгөөс 20,275 ( хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,275 ( хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б-аас 20,275 ( хорин мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА