Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/330

 

 

 

 

 

  2023         3        28                              2023/ДШМ/330

            

    Б.Сид холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Т,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Т, Ш.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Сид холбогдох эрүүгийн 2208026131637 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.С, 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... оюутан, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт ................... тоотод оршин суух, /РД: ................/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-ийн эзэмшлийн “Samsung Galaxy A51” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэн довтлон авч бусдад 578.300 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өөрт эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу иргэн Г.Бийн эзэмшлийн “Samsung Galaxy A51” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг авахаар хүч хэрэглэн довтлох явцдаа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах “эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг баримтлан Б.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Сид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Б.Сийн цагдан хоригдсон 30 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Сийн хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болсныг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Сид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр мэдүүлж байсан. Шүүхийн шатанд арай өөрөөр илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. Харин агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. Мөн би ХААИС-ийн ЭЗБС-ийн нягтлан бодох бүртгэлийн 2 дугаар курсын оюутан. Ам бүл 5, эгч болон дүү маань тусдаа гарсан. Ээж, дүү хоёрын хамт амьдардаг. Аав маань 2004 онд өөд болж хагас өнчин болсон. Би хичээлийн бус цагаар цагийн ажил, хүнд ажил, ачаа бараа ачих, буулгах, зөөх ажил хийж ар гэрийнхээ амжиргааг залгуулдаг. Манайх амжиргааны доогуур түвшингээр тодорхойлогдсон амьдралтай. Ээжийнхээ тэтгэврийн зээл авч сургуулийнхаа төлбөрийг төлж, суралцаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдан хоригдож эхэлсэн. Ээж маань нохойд бариулж хөдөлмөрийн чадвараа алдсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага тооцохдоо цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршино гэсэн байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Цаашид сургуулиа төгсөж, зөв хүн болж төлөвших боломж өгөхийг гуйж байна. Иймд би өөрийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, ар гэрийнхээ амжиргааг залгуулдаг, оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Г.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ анхнаасаа маргадаггүй бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарсан байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан Б.Сийн сэжигтнээр өгсөн “... би араас нь дагаж явж байгаад Баянхошууны эцсийн Боса худалдааны төвийн ар талын гэр хорооллын гудамж орчим очих үед нь гараараа 2 удаа цохисон чинь газар уначихсан. Гартаа барьсан байсан гар утсыг нь аваад зугтчихсан. ...” /хх 26-27/, Б.Сийн яллагдагчаар өгсөн “... би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрэмдэж авсан утсаа цагдаад хураалгасан. Үлдсэн эд зүйлийн үнэлгээ хийж гарсан хохирол болох 178.000 төгрөгийг барагдуулна. ...” /хх-43/, хохирогч Г.Бийн “... дээрэмдсэн залуугаар цагдаа утас хураан авч өгсөн. 178.300 төгрөгийг холбогдогч залуу миний данс руу шилжүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлгүүд, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар үйлдсэн гэмт үйлдэлдээ маргадаггүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлсэнд маргасан. Шүүгдэгч Б.С ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн ХААИС-ийн 2 дугаар курсын оюутан тул дээрх хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Р.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Сийн хувьд бусдын хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сид холбогдох хэргийг хэлэлцэх явцад 30 хоногоор хойшлуулсан. Шүүгдэгч Б.Сийн хувьд “...дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй...” гэж маргадаг. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулах санал гаргаж оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сид 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тохирч байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Бийн эзэмшлийн “Samsung Galaxy A51” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэн довтлон авч бусдад 578.300 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өөрт эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу иргэн Г.Бийн эзэмшлийн “Samsung Galaxy A51” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг авахаар хүч хэрэглэн довтлох явцдаа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бийн “... 2022 оны 7 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах Стар нэртэй караокед найз Мятав, Солонго нартай уулзсан. ... тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад Солонгоог хүргэж өгөх гээд Баянхошууны эцэс орох гээд төв зам дагуу явж байсан чинь араас нэг танихгүй эрэгтэй хүн ирээд шууд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохиод би газарт унасан чинь миний гар утас, хар өнгийн үүргэвч аваад зугтаасан. ... би гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. ...” /хх 18/,

Б.Сийн сэжигтнээр өгсөн “... би 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Стар караоке бааранд орсон. Тэгээд 5-6 ширхэг рэд касс нэртэй пиво авч уусан. Тэгээд 04 цагийн үед баарнаас гарч ирээд гадаа зогсож байтал тухайн караокенаас нилээн согтчихсон байдалтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байсан бөгөөд эрэгтэй нь гартаа гар утас барьчихсан байхаар нь би араас нь дагаж явж байгаад Баянхошууны эцсийн Боса худалдааны төвийн ард талын гэр хорооллын гудамж орчимд эрэгтэйг нь гараараа 2 удаа цохисон чинь газарт уначихсан бөгөөд би гартаа барьсан байсан утсыг нь аваад зугтчихсан ба шууд гэртээ харьсан. ...” /хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10621 дугаар “Г.Бийн биед тархи доргилт, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгараллт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 29-30/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22/066 дугаар хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх 34-35/ гэсэн дүгнэлтүүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 9/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах “эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг баримтлан Б.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Соос “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хойшлуулж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Г.Т, Ш.Б нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Сийн хувьд тухайн зүйл хэсгийг хэрэглэх үндэслэл бүрдэхгүй байна. Учир нь, тэрээр урьд шүүхээр торгох ял шийтгүүлж байсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхээс заавал хэрэглэх зохицуулалт биш бөгөөд түүний үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан үйлдэлд тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба ял тохирсон гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх ял”, 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “хорих ял”-ын тодорхойлолтыг заасан хэсгийг журамлан хэрэглэсэн нь үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Т, Ш.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Сийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй, ... “ гэснийг,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй. ... “ гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                         Д.ОЧМАНДАХ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ЗОРИГ