Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2016/0024

 

2016 оны 7 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2016/0024

Хөвсгөл аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэн  З.Б*************-ын /РЭ................/ нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

"Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг /464780 төгрөг/ шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б************* , хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нямханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А************* , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*************, Л.С**********  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 12 дугаар сард зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн Төмөрбулаг суманд Бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 тушаалаар томилогдон ажиллаж байгаад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй, хууль бус боллоо. Энэхүү Засаг даргын Тамгын газрын даргын Б/03 тушаал нь миний хөдөлмөрийн эрхийг ноцтой зөрчлөө.

2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тушаалаараа Мал аж ахуй, үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.А************* ийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн мөртлөө гурван сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тушаалаараа намайг ажлаас чөлөөлж, Б.А************* ийг миний албан тушаалд томилсон нь үндэслэлгүй юм.

Байгууллагын бүтэц өөрчлөгдөж тухайн албан тушаал нэгдэж байгаа тохиолдолд ажиллаж байсан ажилтнуудыг сонгон шалгаруулалт явуулж, ажлын үр дүн болон бусад үзүүлэлтээр шалгаруулж сонгох байтал шууд өөрөө дур мэдэн халж, сольж чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн явдал болж байна.

Энэ нь нэг өдөр Б.А************* ийг чөлөөлж дараа сар нь З.Б************* ыг ажлаас чөлөөлж дур мэдэн аашилж байгаагаар нотлогдож байна.

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тоот энэ тушаалыг би эс зөвшөөрч 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргад гомдлоо бичгээр гаргасан. Сумын Засаг дарга Б.Ганзориг миний гаргасан гомдлыг хянаж үзээд холбогдох газарт хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.

Иймд үнэн зөвөөр хууль зөрчиж тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн явдлыг зөвтгөж шударга үнэн шийдвэр гаргаж өгнө үү. 2015 онд үр дүнгийн гэрээгээ 60 хувьтай дүгнүүлсэн гэв.

Хариуцагч Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нямханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэн Загдын Буян-Ундрахтай холбогдох нэхэмжлэлд татгалзах саналтай байна. Аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар 3001-5000 хүн амтай сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцийг 15 байхаар, Мал эмнэлэг, үржлийн тасгийг гурван орон тоотой байсныг хоёр орон тоотой болгосон. Тухайн шийдвэрээр эхлээд Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар заасан байснаа шийдвэрээ өөрчлөн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэж албан тушаалыг зааж өгснөөр тухайн ажлыг мэргэжлийн мал зүйч хийх зайлшгүй шаардлага бий болсонтой холбогдуулан Б.А************* ийг ажилд нь эгүүлэн томилсон.

Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 1/446 тоот албан бичгээр Мал эмнэлэг, үржлийн албаны тасагт ямар мэргэжлийн хүн ажиллах тухай зааж өгсөнтэй холбогдуулан Б.А************* ийг үүрэгт ажилд нь томилж хариу мэдэгд гэсэн албан бичиг ирсэн.

Аймгийн Засаг даргын 2015 оны 1/2729 тоот албан бичгээр ажлын байрны нэрэнд өөрчлөлт орсон тул бүтцийг мөрдөж ажиллах чиглэл өгсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 3/245 тоот албан бичгээр сумын хүн амын тоо, баг тосгоны алслагдсан байдал, мал аж ахуй эрхлэлтийн түвшин зэргийг харгалзан бүтцийг баталсан талаар тайлбар ирүүлсэн.

Б.А*************  нь мэргэжлийн мал зүйч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологиор мэргэшсэн, ажлын туршлагатай, төрийн албанд олон жил тогтвор суурьшил, үр дүнтэй ажиллаж байгаа, байгууллага хамт олон, нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, төрийн албаны тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч юм.

Энэ нь холбогдох хавсралт бүхий материалаар нотлогдож байгаа юм. Төмөрбулаг сум нь Эрчмийн хар ямаагаар Монголд төдийгүй дэлхийд танигдсан, иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь болдог.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор Эрчим омгийн ямаа-г үүлдрээр батлуулахтай холбогдсон ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт сумаа төлөөлж ганцхан Б.А*************  нь ажиллаж байгаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 39 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсэгт Б.А*************  нь нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Манай сум нь газар тариалан хөгжөөгүй, жижиг дунд үйлдвэрлэл байхгүй, үйлдвэрлэл үйлчилгээ зөвхөн өрхийн хүрээнд явагддаг. Нөгөө талаас орон нутагт ажлын туршлагатай, мэргэшсэн мал зүйчийг ажиллуулах зайлшгүй шаардлагатайг уялдуулан энэхүү шийдвэрийг гаргасан болно.

... Хариуцагч З.Б************* нь мал аж ахуйн мэргэжлийн ажлын дадлага туршлагагүй, ур чадваргүй учраас тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдах, ажлын цагаар архи уух зэргээр туршилтын хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байснаас төрийн албанд жинхлээгүй байсан. З.Б************* нь сонгон шалгаруулалт явуулаагүй гэж нэхэмжлэлд дурдсан байна. Энэ талаар Б.А************* ийн санал хүсэлт болон өөрийн ажил үүргийн дагуу миний бие хамт олны хурал зохион байгуулж, шалгалт авах эсэх болон хэнийг нь ажлын байран дээр нь ажиллуулбал зүйтэй вэ талаар санал асуулга явуулахад нууц санал хураалт явагдаж 24 хүнээс 13 албан хаагч Б.А************* ийг ажиллуулах, 3 хүн З.Б************* ыг ажиллуулах, шалгалт өгүүлэх гэсэн 4 хүний санал гарсан. Дийлэнх олонх нь шалгалт авах шаардлагагүйгээр Б.А************* ийг ажиллуулах санал өгч байсан. З.Б************* нь эрх бүхий албан тушаалтан болох надад нэг ч удаа гомдол гаргаагүй болно. Орон нутгийн онцлог болон ажлын байранд заасан, шаардлага, холбогдох шийдвэрүүдийг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

... Хамгийн анх аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар захирамжаар манай сумын мал эмнэлэг үржлийн тасагт Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежмент, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэж хоёр орон тоо байхаар тогтоож өгсөн. Өмнө нь гурван хүний хийж байсан ажлыг 2 хүн хийх болж орон тоог цомхтгосон тул мал зүйч мэргэжилтэй Б.А************* ийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөө аж ахуйн инженер эдийн засаг мэргэжилтэй З.Б************* ыг Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 тоот албан бичгээр өмнө ирүүлсэн Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болгон өөрчилсөн байсан. Энэхүү 1/2729 тоот албан бичгийг бид Б.А************* ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа хүлээж авсан. Учир нь орон нутагт шуудан маш их удаж очдог бөгөөд цахимаар албан бичиг солилцож эхлээгүй байсан үе юм. Ингээд Б.А************* ийг мэргэжил, туршлагын хувьд тухайн албан тушаалын шаардлагыг илүү хангаж байна гэж үзэн буцааж ажилд авч, З.Б************* ыг мэргэжил, туршлага, ур чадварыг нь харгалзан ажлаас чөлөөлсөн.

... Төмөрбулаг сумын газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан З.Б************* ын төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа нэг жилийн дотор хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн, ажилласан жил, туршлагын хувьд бага, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 2015 онд 60 хувьтай дүгнэгдсэн, улсын байцаагчийн эрхгүй, тухайн ажлын байрны тодорхойлолтод нийцэх мал зүйч мэргэжилтэй биш зэрэг байдлуудыг харгалзан үзсэн бөгөөд хамгийн гол нь мэргэжил нь таарахгүй байсан. Мөн аймгийн Засаг дарга болон дээд шатны байгууллагаас удаа дараа мал зүйч мэргэжилтэй хүн ажиллуул гэсэн үүрэг чиглэл ирж байсныг биелүүлсэн.

... мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.А************* ийн хувьд олон жил төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан, мэргэшсэн албан хаагч бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 2015 онд 83 хувьтай дүгнэгдсэн, мал үржлийн хяналтын улсын байцаагчийн эрхтэй тул Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангаж байгаа гэж үзсэн. Мөн хамт олны нууц санал хураалтаар Б.А************* ийг цаашид ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд миний бие хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг зөв хэрэгжүүлэн ажилласан гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А*************  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие тус сумын Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлэг, үржлийн тасагт мэргэжилтнээр ажиллаж байсан. Ингээд Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн дагуу орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 албан тоот нь шийдвэр гарсны дараа бичиг хэргээр дамжигдаж ирсэн байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаартай тогтоолыг үндэслэн гарсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамж нь Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил үйлчилгээг малын эмч, мал зүйч гүйцэтгэнэ, 8 дугаар зүйлийн 8.3-т заасан Орон нутгийн хяналтын алба нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, сум дүүрэгт ажиллах мал эмнэлэг болон болон үржлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ гэсэн заалтууд болон Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/231 дүгээр тушаалыг зөрчсөн тухай миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлэг, үржлийн тасагт мал аж ахуй үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Ингээд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар тоот, сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтад

8. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежмент хүнсний аюулгүй байдал

9. Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэж заасныг үндэслэл болгон намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар тушаал ажлаас чөлөөлсөн байдаг. Гэвч Төмөрбулаг суманд газар тариалан эрхэлдэггүй, хувиараа хүнсний ногоо бусад суулгац тарьж ургуулдаг айл өрх байхгүй, мөн сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөгүй, 15 хоршоо байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн малчдын ноос, арьс ширний урамшуулал авахад тодорхойлолт хийж өгдөг малчдын хоршоо байдаг зэргийг харгалзан үзэж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжид сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтандаа дараах өөрчлөлтийг оруулснаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1/2729 тоот албан бичгийн ... Мал эмнэлэг, үржлийн тасгийн 2 орон тоотойгоор батлагдсан суманд ажлын байрны нэрийг Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн байхаар өөрчлөлт оруулсныг мэдэгдье ... гэж сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт хүргүүлсэн байдаг.

Уг захирамжийн хавсралтын гол өөрчлөлт нь миний эрхэлж байсан ажил албан тушаал буюу Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болгосон байдаг.

Миний ажиллаж байсан орон тоо буюу ажлын байр маань өөрчлөгдөж, хэвээр батлагдсаар байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнөө мэдсэн даруй зохих дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо 30 хоногийн дотор гаргаж байсан. Ингээд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/446 тоот албан бичигт Төмөрбулаг сумын Засаг дарга Б.Ганзоригт Б.А************* ийг үүрэгт ажилд нь томилж, хариу мэдэгд гэсэн албан бичгийг үндэслэн намайг ажилд буцаан томилсон.

Манай сум нь нутгийн бренд Эрчим омгийн ямаатай, уг ямааг 1981 оноос хойш судлан судалгааны ажлыг хийж ирсэн. Эрчим омгийн ямааг үүлдрээр батлуулахаар ажлыг хийхэд заавал мал зүйч шаардлагатай тул миний бие мэргэжлийнхээ ажлыг хийж хамтран зохиогчоор ажиллаж байгаа. ... Эрчим омгийн ямааны цөм сүрэгт мэргэжлийн мал зүйч зайлшгүй шаардлагатай тул мэргэжлийн ажлаа хийж байна.

... Мөн нэхэмжлэгчийг зүгээс сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан гэж үзсэн нь боломжгүй зүйл юм. Яагаад гэвэл суманд ажиллах мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажил, үүргийг зөвхөн мал зүйч мэргэжилтэй хүн, улсын байцаагчийн эрхтэйгээр гүйцэтгэх хуулийн зохицуулалттай ба эдгээр зохицуулалтууд нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээг малын эмч, мал зүйч гүйцэтгэнэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан Орон нутгийн хяналтын алба нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, сум, дүүрэгт ажиллах мал эмнэлэг болон үржлийн хяналтын улсын байцаагчдаас бүрдэнэ гэсэн ... байгаа юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/231 тоот тушаалаар сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны үлгэрчилсэн загварыг баталсан байдаг ба дээрх мэргэжилтнүүдэд тавигдаж байгаа шаардлагын аль ч албан тушаалд нь мал зүйч мэргэжилтэй хүн ажиллах чухал шаардлагатай байгаа нь харагддаг ба энэ нь сонгон шалгаруулалт явуулах шаардлага байхгүй болохыг нотолж байна. ... Б.А*************  миний бие 2011 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 209 тоот тушаалаар улсын байцаагчийн эрх аван ажиллаж байна.

Мөн аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 тоот захирамжийнхаа хавсралтыг өөрчилж, 2 орон тоотой ажиллах сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн бүтцэд малын эмч, мал зүйч ажиллуулахаар шийдвэрлэснийг аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 тоот нотолж байгаа ба энэ шийдвэрээ захирамжаар нөхөн баталгаажуулсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ёсгүй ба гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

... намайг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсний дараа аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 тоот албан бичиг ирж, аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн. Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болгож өөрчилсөн байсан. Манай суманд шуудан удаж очдог учраас сүүлд ирсэн 1/2729 тоот албан бичгээс өмнө намайг ажлаас чөлөөлчихсөн. Би 2015 онд үр дүнгийг гэрээгээ 83 хувьтай сайн дүгнүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулах тухай Б/29 дүгээр захирамжаар Б.А************* ийн цаашид ажиллах эрх нь үүсэж байгаа юм. З.Б************* , Б.А*************  хоёрын хувьд хэн алиных нь эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэж бодож байна. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 тоот тогтоолын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын тоо бүтцийг зааж өгсөн байдаг. Гэхдээ Мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог цомхотго гэсэн асуудал биш байсан. Гэтэл Хөвсгөл аймагт Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуйн яамны 2010 оны А/231 дугаар тушаал, Монгол мал хөтөлбөрийн хүнсний хөтөлбөр хэрэгжүүлэлтэй холбогдуулж ойлгомжгүй шийдвэр гарган, үүнд мал зүйч нар хохирсон юм. Учир нь мал зүйч, малын эмчийн албан тушаалыг нэгтгээд, бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг тусад нь үлдээхэд З.Б************* ын ажлын байр хэвээр хадгалагдсан. Ингээд дараа нь санал, шүүмжлэлийн эцэст 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга 1/2729 тоот албан бичгээр захирамждаа тоотоор өөрчлөлт оруулсан тухай мэдэгдсэн байдаг. Захирамжид тоотоор өөрчлөлт оруулсан учраас хүчин төгөлдөр бус байсан. Эцэст нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, албан ёсны захирамж гарсан юм гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыншүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн иргэн З.Б************* нь "Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч З.Б************* нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын З.Б************* ыг ажлаас чөлөөлж, Б.А************* ийг ажилд томилох тухай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад хандаж, улмаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/58 тоот албан бичгээр[1] хариу өгсөн тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч З.Б************* ын нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Б************* нь төрийн жинхэнэ албаны албан тушаалд анх орох иргэний нөөцөөс Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар[2] 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд зургаан сарын туршилтын хугацаагаар томилогдож, Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар[3] сумын Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаар 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15 байхаар тогтоож, сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжийн орон тоог тухайн сумын газар зүйн байршил, хүн амын тоо, баг, тосгоны алслагдсан байдал, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийн түвшинг харгалзан орон тооны дээд хязгаарт багтаан тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгажээ.

Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар 3001-5000 хүн амтай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежмент, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр орон тоотой байхаар баталсантай холбогдуулан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.А************* ийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн байна[4].

Гэвч аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 тоот албан бичгээр[5] Мал эмнэлэг, үржлийн албаны тасгийн 2 орон тоотойгоор батлагдсан сумдад ажлын байрны нэрийг Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн байхаар өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн[6]байна.

Нэхэмжлэгч З.Б************* 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тушаалаараа Мал аж ахуй, үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.А************* ийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн мөртлөө гурван сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б/03 тушаалаараа намайг ажлаас чөлөөлж, Б.А************* ийг миний албан тушаалд томилсон нь үндэслэлгүй гэж маргаж буй.

Гэвч Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.А************* ийг албан тушаалаас чөлөөлсний дараа аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 дугаар бүхий Бүтцийг мөрдөж ажиллах тухай албан бичгийг Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авсан болох нь гуравдагч этгээд Б.А************* ийн ... намайг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсний дараа аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 тоот албан бичиг ирж, аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн. Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болгож өөрчилсөн байсан. Манай суманд шуудан удаж очдог учраас сүүлд ирсэн 1/2729 тоот албан бичгээс өмнө намайг ажлаас чөлөөлчихсөн гэх тайлбар,

Хариуцагч Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нямхандын Хамгийн анх аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар захирамжаар манай сумын Мал эмнэлэг үржлийн тасагт Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежмент, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэж хоёр орон тоо байхаар тогтоож өгсөн. Өмнө нь гурван хүний хийж байсан ажлыг 2 хүн хийх болж орон тоог цомхтгосон тул мал зүйч мэргэжилтэй Б.А************* ийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөө аж ахуйн инженер эдийн засаг мэргэжилтэй З.Б************* ыг Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729 тоот албан бичгээр өмнө ирүүлсэн Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болгон өөрчилсөн байсан. Энэхүү 1/2729 тоот албан бичгийг бид Б.А************* ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа хүлээж авсан. Учир нь орон нутагт шуудан маш их удаж очдог бөгөөд цахимаар албан бичиг солилцож эхлээгүй байсан үе юм. Ингээд Б.А************* ийг мэргэжил, туршлагын хувьд тухайн албан тушаалын шаардлагыг илүү хангаж байна гэж үзэн буцааж ажилд авч, З.Б************* ыг мэргэжил, туршлага, ур чадварыг нь харгалзан ажлаас чөлөөлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтын Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны нэрийг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент газар тариалан, хоршоо жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн байхаар өөрчилсөнтэй холбогдуулан З.Б************* ыг Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, Б.А************* ийг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон болох нь хэргийн материалд авагдсан Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/03 дугаар тушаал[7], Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2729[8], 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/446 тоот[9] албан бичгүүд, аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар тушаал[10], түүний 4 дүгээр хавсралт[11] болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа ба хууль зүйн үндэслэлтэй гэж байна гэж үзлээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ... сум, дүүргийн Тамгын газрын дарга ... Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ... ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс ... сонгон шалгаруулалт явуулж ажлын үр дүн болон бусад үзүүлэлтээр шалгаруулж сонгох байтал шууд өөрөө дур мэдэн халж ... хууль зөрчсөн гэж маргаж байгаа.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.А************* , Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн З.Б************* нараас сонгож Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо,

жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилох тухай шийдвэр

гаргахдаа хариуцагч нь хууль зөрчөөгүй байна гэх үндэслэлтэй байна.

Тухайлбал орон тоог цөөрүүлэхээс өмнө газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан З.Б************* ын төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа нэг жилийн дотор хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн, ажилласан жил, туршлагын хувьд бага, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 2015 онд 60 хувьтай дүгнэгдсэн, улсын байцаагчийн эрхгүй, тухайн ажлын байрны тодорхойлолтод нийцэх мал зүйч мэргэжилтэй биш зэрэг байдлуудыг харгалзан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж, харин мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.А************* ийн олон жил төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан, мэргэшсэн албан хаагч бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 2015 онд 83 хувьтай дүгнэгдсэн, мал үржлийн хяналтын улсын байцаагчийн эрхтэй зэрэг байдлуудыг нь харгалзан Мал эмнэлэг, үржлийн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангаж байгаа гэж үзсэн болох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, З.Б************* ад сахилгын шийтгэл ногдуулах тухай Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/15 дугаар тушаал, З.Б************* ад хариуцлага тооцох тухай Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/02 дугаар тушаал, Б.А************* ийн 23-02-316 дугаар бүхий Мал үржлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, З.Б************* , Б.А*************  нарын дээд боловсролын дипломын хуулбарууд зэрэг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Учир нь нэхэмжлэгч З.Б************* , гуравдагч этгээд Б.А*************  нарын дээрх үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг байдлуудыг буруу үнэлсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд хариуцагч Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцүүлэн шийдвэрлэжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-дМалын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын төв байгууллага, орон нутагт мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ,8.2-т Бүх шатны байцаагчдыг томилох, чөлөөлөх болон тэдгээрт эрх  олгох, цуцлахтай холбогдсон харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4...-д заасны дагуу зохицуулна, 8.3-т Орон нутгийн хяналтын алба нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, сум, дүүрэгт ажиллах мал эмнэлэг болон үржлийн хяналтын улсын байцаагчдаас бүрдэнэ гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т ... хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Б.А************* т Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 209 дүгээр тушаалаар Төмөрбулаг сумын Мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгожээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар[12] аймгийн Засаг даргын Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежмент, хүнсний аюулгүй байдал, хариуцсан мэргэжилтэн гэсний ард /Улсын байцаагч/ гэж нэмж өөрчилсөн байгаа дурдах нь зүйтэй байна.

Дээрх байдлуудаар гуравдагч этгээд Б.А************* ийг Мал эмнэлэг, үржлийн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч З.Б************* нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон болох нь аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас нотлох баримтын шаардлага хангуулан авсан Засаг даргын 2015 оны Б/57 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт, аймгийн Засаг даргын 2015 оны 1/2729 тоот албан бичиг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байгааг дурдъя.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тулЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Ар тогоруутан З.Б*************-ын "Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг /464780 төгрөг/ шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 28 дугаар хуудас

[2] Хэргийн 15 дугаар хуудас

[3] Хэргийн 17 дугаар хуудас

[4] Хэргийн 69 дүгээр хуудас

[5] Хэргийн 45 дугаар хуудас

[6] Хэргийн 81-82 дугаар хуудас

[7] Хэргийн 17 дугаар хуудас

[8] Хэргийн 80 дугаар хуудас

[9] Хэргийн 79 дүгээр хуудас

[10] Хэргийн 81 дүгээр хуудас

[11] Хэргийн 82 дугаар хуудас

[12] Хэргийн 136 дугаар хуудас