Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ч.Л-н

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2015/01208/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч Ч.Л- нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Л- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1973 оны 2 сарын 01-нээс 1974 оны 4 сарыг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байгаад 1974 оны 6 сарын 05-наас 1977 оны 06 сарын 02 хүртэл цэргийн алба хааж ирээд 1977 оны 11 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ийг дуустал малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс дээрх хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Л- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Ч.Л- Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1973 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал, 1977 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Л-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар, Ч.Л-д Ц  сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон Диплом-ын хуулбар, 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, 1986 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгосон Талархал-ын хуулбар, 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, 1985 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Х  аймгийн Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон Одонт тугийн дурсамж-ийн хуулбар, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг-ийн хуулбар, МАХН-ийн төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооноос 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хүндэт жуух бичиг-ийн хуулбар, Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Диплом-ын хуулбар, Х  аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10/441 дугаартай архивын лавлагаа, Ч.Л-гийн Цэргийн батлахын хуулбар, гэрч С.Семеновын ...Ч.Л- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1973 онд орж ажиллаж байгаад 1974 онд цэргийн албанд татагдаж, 1977 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах үйлдвэр бригадад машинист, Шарга бригадад адуучнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1970 оноос бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1977 оноос нягтлан бодогчоор 1993 онд нэгдэл тартал ажилласан. гэх мэдүүлэг, гэрч Д.Лхагва-Очирын Ч.Л- Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1973 оноос 1974 оныг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1977 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал адуучнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1972 оноос 1990 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ч.Л-гийн Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1973 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал, 1977 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Л-ийн Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1973 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал, 1977 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ