| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01181/И |
| Дугаар | 155/ШШ2016/00102 |
| Огноо | 2016-01-13 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2016/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У.Б-ийн хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие У.Б нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ц сумын Э нэгдэлд элсэн орж уг газартаа эцэг эхийн хамт нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан бөгөөд намайг бага балчир байх үед миний төрүүлсэн эцэг У нь нутгийн иргэн С гэдэг айлд үрчлүүлсэн боловч үрчлэлтээ албан ёсоор хийлгээгүй байснаас иргэний цахим үнэмлэх Ун Батхүү, хөдөлмөрийн дэвтэр болохоор намайг үрчлэн авч байсан Саар овоглож өдий хүрсэн учир одоо тэтгэвэрт орох болохоор бичиг баримтын овог зөрүү байгаа учир намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У-гийн Б-нь 1963 онд төрөөд 1964 онд С гэдэг хүнд үрчлүүлсэн юм билээ. Ингэж үрчлүүлэхдээ төрсний гэрчилгээн дээрх овгоо солиулаагүй явж байгаад хөдөлмөрийн дэвтрээ Сын Б-нэртэй авсан хөдөлмөрийн дэвтрээс бусад иргэний бичиг баримтууд нь Угийн Б-нэртэй тул С овогтой Батхүүд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь У овогтой Б-мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч У.Б- нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Ц сумын Э нэгдлээс 1981 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон 95 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдэд Сын Б-гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Угийн Б-мөн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: У.Б-гийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, У.Б-гийн төрсний гэрчилгээний нотаиатаар гэрчлүүлсэн хуулбар, У.Б-, Т.Ч нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, У.Б-гийн Алдарт эхийн 1 дүгээр одонгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г.Төмөрийн ....Б-нь У гэж айлын том охин юм. 1963 онд төрүүлээд 1964 онд хөх С гэж хүн байсан. Тэднийд үрчлүүлсэн юм. Тухайн үедээ орон нутгийнхаа засаг захиргаанд бүртгүүлж үрчлэлтээ хийлгээгүй байсан тул бичиг баримт, иргэний үнэмлэх гэх мэт нь Угийн Б-гэсэн нэрээр явж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Сын Б-гэсэн нэрээр нээгээд явж байсан байх.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Пүрвээгийн ...У.Б-гийн төрүүлсэн эцэг нь Т-ийн У гэдэг хүн байдаг. Одоо ч гэсэн 90 гаруй настай хүн байдаг. 1963 онд Батхүүг төрөхөд нь В-ийн С гэдэг хүн үрчиж авсан юм. Тухайн үедээ Б-г үрчилж авчихаад үрчлэлтийн бүртгэл хийгдэж, үрчлэлтийн гэрчилгээ аваагүй байсан тул бичиг баримт нь заримдаа У-гийн Б-гээд зарим бичиг баримт нь Сын Б-гэсэн нэрээр бичигдсэн байх. Би Батхүүгийн үрчилж авсан, үрчлүүлсэн эцэг эхийнх нь аль альных нь талаар сайн мэднэ.... гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Ц сумын Э нэгдлээс 1981 оны 3 дугаар сарын 15, 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд нээж олгосон 95 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Тугч овгийн У-гийн Б-/***/мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч У.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН